| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2532000000115 |
| Дугаар | 2025/ДШМ/109 |
| Огноо | 2025-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/109
Г.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Г.Тунгалаг /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа /цахим/ нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж, шийдвэрлэн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Г.*******д холбогдох эрүүгийн 2532000000115 дугаартай, 149/2025/0124/Э/208/2025/0092 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт *******ын *******, Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2000 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 2 дугаар баг спиртийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай (РД:*******)
Шүүгдэгч Г.******* нь 2025 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 03 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мандал төвийн хойд талын гудамжинд иргэн Н.*******ийг баруун гуяны ар хэсэгт хутгаар нэг удаа хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: Г.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.*******г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.*******г нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.*******д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдан,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн ... хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:
...2025 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч ******* овгийн *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Г.******* нь гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шитгэснийг үл зөвшөөрч гомдол гаргаж байна.
Шүүгдэгч Г.*******д ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй харин ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд байна. Шүүгдэгч Г.******* нь 1-д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхаа шүүхийн шатанд амласан, 2-д Шүүгдэгч Г.******* нь урьд өмнө нь ямар нэг гэмт хэрэгт холбогдож шалгагдаж шүүхээс ял шийтгэл хүлээж байгаагүй, 3-д хохирогчид учирсан эмчилгээний болон сэтгэл санааны хохирлыг бүрэн төлсөн энэ талаар хэрэгт авагдсан нотлох Баримт байхгүй ч хохирогч Н.******* мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө миний хохирлыг барагдуулж өгнө гэсэн надад гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-10 хуудас/ шүүхийн шатанд шүүх хуралд оролцохгүй гомдол саналгүй гэсэн хүсэлтүүдээр нотлогдож байгаа, 4-д шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ч одоо ч Улаанбаатар хот Шангри-ла хотел ХХК-д бармен ажилтай шүүгдэгч Г.*******г 2025 оны 08 дугаар сарын 19-ны өдөр яллагдагчаар мэдүүлэх авахад Шангрила-д бармен ажилтай гэдгээ мэдүүлж байсан /хх-31-р хуудсанд/
Улсын яллагчаас эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. хохирогчийг хөөж очоод хутгалаад байгаа үйлдэл нь нийгмийн хор аюулын шинжээрээ өндөрт тооцогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгуулийн ял оногдуулаад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар 10 хувааж хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан Шүүгдэгч Г.******* нь 2000 оны 08 дугаар сарын 21-ны өдөр төрсөн 25 настай, залуу, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, тодорхой эрхэлсэн ажилтай иймд цаашид ажлаа хийх боломжоор нь хангаж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 126 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүгдэгч Г.******* гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч Г.*******д ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаагүй. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ шүүхийн шатанд амлалт өгсөн. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож я ял шийтгэл хүлээж байгаагүй. Хохирогчид учирсан эмчилгээ болон сэтгэл санааны хохирлыг бүрэн төлсөн. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн зүгээс 1000 нэгжээр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан байдаг. Анхан шатны шүүх хурал шүүгдэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Тухайн гэмт хэргийн хувьд шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилтай гэдгийг шүүхийн хэлэлцүүлгийн үед хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Улсын яллагчийн зүгээс торгуулийн ял оногдуулах бүрэн боломжтой гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Г.*******д холбогдох эрүүгийн 2532000000115 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
2.Шүүгдэгч Г.******* нь 2025 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 03 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мандал төвийн хойд талын гудамжинд иргэн Н.*******ийг баруун гуяны ар хэсэгт хутгаар нэг удаа хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.*******гийн өгсөн “...Тэгээд орж ирээд юу болсныг санахгүй байна. Хаана яаж хутгалснаа ч санахгүй байна...” гэх мэдүүлэг, хохирогч Ч.*******ийн болон гэрч Б.*******ын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.
3.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.*******г дээрхи гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч Г.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэдий ч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан бодит хохирол төлбөрийг нөхөн төлсөн, анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон болон хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
5.Иймд шүүгдэгч Г.******* болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2, 3, 4 дэх заалтуудад өөрчлөлт оруулж, 5 дахь заалтыг хүчингүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
2 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгуулийн ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай” гэж,
4 дэх заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.******* торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15,000 төгрөгийг хорих ялын 01 хоногоор тооцож хорих ял оногдуулахыг анхааруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулан тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгон бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ