Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 301/ШШ2026/00117

 

 

 

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 301/ШШ2026/00117

Архангай аймаг

        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС            

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “С ББСБ” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А аймгийн ....... тоотод оршин суух Э.Эд холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: “900,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.            

                                                                                                                                                                                                                                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч  “С ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь өөрийн “S” буюу “С аппликейшн” нэртэй цахим программ хангамжаараа дамжуулан үйлчлүүлэгч, харилцагч нартаа худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнг тодорхой хугацаанд хүүгүй, шимтгэлгүйгээр хуваан төлөх нөхцөлийг санал болгож, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Хэрэглэгч Э овогтой Э нь “С аппликейшн”-аар дамжуулан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын төлбөрөө хувааж төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоо илэрхийлж Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн. Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг4 хувааж 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх эсхүл 3 хувааж, 30 хоногийн зайтайгаар 60 хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр /торгууль/ болон алданги төлөхөөр үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн. Хугацаа хэтрүүлсний төлбөр нь хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч тооцогддог ба уг хуваарьт төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа нэмж бодогддог. Харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги нэмж тооцогдоно. Хэрэглэгч нь “С аппликейшн”-аар дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн боловч худалдан авалтын төлбөрөө хуваарийн дагуу төлөөгүй. Үүнд: Худалдан авалтын дугаар 936416, худалдан авалтын огноо 2023-12-06, худалдан авалт хийсэн дэлгүүр, салбар Zary.mn online, худалдан авалтын дүн 800,000 төгрөг, төлбөр төлөх сүүлийн хугацаа 2024-01-20, нийт төлсөн төлбөр 200,000 төгрөг, үлдэгдэл төлбөр үндсэн төлбөр 600,000 төгрөг, торгууль 20,000 төгрөг, алданги 280,000 төгрөг нийт 900,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Э.Э нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай С аппликейшнийг ашиглан худалдан авалт хийсэн. Түүний төлбөр төлөх сүүлийн хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дууссан. Тус өдрөөс хойш төлөлтөө хийхийг сануулж өдөр бүр мессеж очдог байсан. Улмаар 2025 оны 01 дүгээр сард авлага барагдуулахаар хуулийн хэлтэст шилжиж, авлага барагдуулах ажиллагаа эхэлсэн. Э.Этэй холбоо барихаар төлнө гэдэг байсан. Түүний аппликейшнд бүртгүүлсэн хаягаар мэдэгдэх хуудсыг явуулахад шуудан буцаж ирээгүй буюу хариуцагч хүлээж авсан байх тул хаягаар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Иймд авлагаа барагдуулах хүсэлттэй байна. Факторингийн үйлчилгээтэй холбоотой тайлбар хэлье. Манай байгууллага 2023 онд хариуцлагатай хувьцаат компаниар үйл ажиллагаа явуулж байсан. Улмаар Санхүүгийн зохицуулах хорооноос манай байгууллагыг банк бус санхүүгийн байгууллагын эрх аваагүй байж факторингийн үйлчилгээ явууллаа гээд торгууль ноогдуулсан. Манай талаас Захиргаан хэргийн анхан шатны шүүхэд манай байгууллага факторингийн үйлчилгээ үзүүлдэггүй, одоо аваад дараа төл гэсэн олон улсын гүйлгээний үйлчилгээ үзүүлдэг гээд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед манай байгууллагаас өөр энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага байгаагүй. Тиймээс тус шүүхээс танай байгууллага шинэ төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд одоогоор үүнийг зохицуулах эрх зүйн зохицуулалт байхгүй тул факторингийн үйлчилгээ үзүүлдэг гэж үзнэ, тиймээс банк бус санхүүгийн байгууллагын эрх авах шаардлагатай гэж үзсэн. Үүний дагуу манай байгууллага 2024 оноос хойш банк бус санхүүгийн байгууллагын эрхээ авч үйл ажиллагаа явуулж байгаа...” гэв.

 

2.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ,

“С ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас Санхүү эрхэлсэн захиралд олгосон итгэмжлэл, 

“С ББСБ” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирлаас Д.Ад олгосон итгэмжлэл,

Үйлчилгээний нөхцөл №394104,

Бүртгэл баталгаажуулсан тодорхойлолт,

Худалдан авалт, эргэн төлөлтийн график

Худалдан авалтын гүйлгээний баримтын задаргаа зэрэг нотлох баримтыг гаргасан.

 

3. Шүүхээс хэрэгт А аймгийн ..... багийн Засаг даргын тодорхойлолт, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийг бүрдүүлсэн. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК нь хариуцагч Э.Эд холбогдуулан “900,000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн  хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. Хариуцагч Э.Э нь худалдан авч буй бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг “С” аппликейшнээр дамжуулан үйлчилгээний нөхцөл заасан хуваарийн дагуу хуваан төлөх үйлчилгээг хүсэл зоригоор үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрч, хугацаа хэтрүүлсний төлбөр нь хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч торгуул, алданги бодогдох нөхцөлтэй үйлчилгээг зөвшөөрч, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 800,000 төгрөгийн худалдан авалтыг хийж, төлбөрөө 4 хувааж, 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд төлөхөөр үйлчилгээ авчээ.

Улмаар эхний төлбөрт 200,000 төгрөгийг төлсөн, төлбөр төлөх эцсийн хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байсан боловч гэрээний үүргээ зөрчиж, худалдан авалтын төлбөрөө төлөөгүй байна.

“С ББСБ” ХХК  нь худалдан авалтын үлдэгдэл 600,000 төгрөг, торгууль 20,000 төгрөг, алданги 280,000 төгрөг нийт 900,000 төгрөгийг хариуцагч Э.Эөөс нэхэмжилсэн.

4. Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг тул иргэний хэрэг үүсгэсэн.

Хариуцагч Э нь 800,000 төгрөгийн худалдан авалтын төлбөрөөс 200,000 төгрөгийг төлжээ.

5. Хариуцагч Э.Э нь “С ББСБ” ХХК нарын хооронд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг “S” аппликейшнээр дамжуулан хуваарийн дагуу хуваан төлөх  үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой гэрээний эрхийг нээлгэн баталгаажуулжээ.

Хариуцагч Э.Э нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 800,000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг “S” аппликейшнээр дамжуулан хуваарийн дагуу хуваан төлөх үйлчилгээг 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хуваан төлөх нөхцөлтэй гэрээ байгуулжээ.

6. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, үйлчилгээний нөхцөл №394104, бүртгэл баталгаажуулсан тодорхойлолт, худалдан авалт, эргэн төлөлтийн график, худалдан авалтын гүйлгээний баримтын задаргаа зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...манай компани “Store pay” аппликейшнээр дамжуулан факторингийн үйлчилгээ үзүүлдэг...” гэж тайлбарладаг.

Банк бус үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “... “факторингийн үйлчилгээ” гэж зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхээ гуравдагч этгээдэд бүхэлд нь худалдах /шилжүүлэх/, энэхүү эрхийг хүлээн авагч нь эрхээ хэрэгжүүлэх болон үүсэн гарах үр дагаврыг бүрэн хариуцах үйл ажиллагааг…” тодорхойлсон.

Хуульд зааснаар Банк бус санхүүгийн үйл ажиллагаанд зээл, факторингийн үйлчилгээ хамаарч байна.

 Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд зээл, факторингийн үйлчилгээг банк бус санхүүгийн үйл ажиллагаанд хамааруулан ойлгохоор хуульчилжээ.

Хэрэгт авагдсан “С ББСБ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 64300 факторингийн үйлчилгээ, 64920 зээлийн үйл ажиллагааны явуулах чиглэлээр бичигджээ.

 

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар банк бус санхүүгийн байгууллагын Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийн үндсэн дээр явуулахаар хуульчилсан.

 

Хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд “С ББСБ” ХХК-д Банк санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч, гэрчилгээ олгожээ.

 

Монгол Улсын Иргэний хуульд факторингийн үйлчилгээ /зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхээ гуравдагч этгээдэд бүхэлд нь худалдах /шилжүүлэх/, энэхүү эрхийг хүлээн авагч нь эрхээ хэрэгжүүлэх болон үүсэн гарах үр дагаврыг бүрэн хариуцах үйл ажиллагааг/-ны харилцааг нарийвчлан зохицуулаагүй байна.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн зохицуулалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж хуульчилсан.

 

Мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т зээлийн гэрээг бичгээр хийхээр заасан ба Э.Э нь “С ББСБ” ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 800,000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг “S” аппликейшнээр дамжуулан хуваарийн дагуу хуваан төлөх  үйлчилгээг цахимаар авч, цахим гарын үсэг зурсан болох нь тогтоогддог.

 

  Иргэний хуулийн 42дүгээр зүйлийн 421.1 дэх хэсэгт “...Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно...” гэж, 421.2 дахь хэсэгт “...Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд  хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно...” гэж тус тус хуульчилсан.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлцэл үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан хэлцэл нь хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан факторингийн үйлчилгээний гэрээ нь Иргэний хууль болон тусгайлсан хуулиар зохицуулагдаагүй бөгөөд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан үйл ажиллагаа байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан эрх зүйн зохицуулалтаар тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ.

 

“С ББСБ” ХХК-ийн хариуцагч Э.Эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаагаар шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлох боломжтой байна.  

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болох бөгөөд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй байхаар хуульчилсан.

 

Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг “S” аппликейшнээр дамжуулан хуваарийн дагуу хуваан төлөх  үйлчилгээний гэрээний  7 дугаар зүйлийн 7.1-д “...худалдан авалтын төлбөрөө хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээнэ...”, 7.2-т “..тус үйлчилгээг ашигласнаар хүү, шимтгэл бодогдохгүй төлбөргүй үйлчилгээ авах бөгөөд зөвхөн төлбөр төлөлтийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлөх ёстой төлбөр дээр хугацаа хэтрүүлсний төлбөр, алданги нэмэгдэж бодогдоно...” гэж заажээ.

 

Гэтэл тухайн төрлийн харилцааг зохицуулах хэм хэмжээнд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “...Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй...” гэж хуульчилсан тул  “С ББСБ” ХХК-ийн хариуцагч Э.Эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас торгууль 20,000 төгрөг, алданги 280,000 төгрөг нийт 300,000 төгрөгийн анзыг хариуцагч Э.Эөөс гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч Э.Эөөс 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.  

7. Хариуцагч Э.Э нь Хайрхан сумын 5 дугаар баг Өгөөмөр, дэнж 2-18 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй талаар багийн Засаг даргын тодорхойлолт хэрэгт авагдсан.

Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаагаар Э.Э нь ....... дугаар баг ...... тоотод бүртгэлтэй болох нь тогтоогдсон.

Шүүхээс 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлд бичигдсэн хариуцагч Э.Эийн [email protected] цахим шууданд мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүрэг тайлбарласан баримт зэргийг илгээсэн, цахим шуудангийн хаягт алдаа заагаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйл, 754.4-т тус тус зааснаар хариуцагч Э.Эийг мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувийг гардаж авсанд тооцож  хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

          8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эөөс 18,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

          9. Шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарлаж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйл, 7511 дүгээр зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч Э.Эөөс 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300,000/гурван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эөөс 18,650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-д олгосугай.

3. Шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай.

4. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                П.ДОНИДДОЛГОР