| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0227/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/245 |
| Огноо | 2018-09-17 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Г.Сэндсэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ахолбогдох эрүүгийн 1738002660201 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.А нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутгаас иргэн Б.Бшар хээр зүсмийн морийг хулгайлж 600.000 төгрөгний хохирол, иргэн Н.Бхээр зүсмийн морийг хулгайлж 600.000 төгрөгний хохирол, иргэн Э.Сцайвдар зүсмийн морийг хулгайлж 600.000 төгрөгний хохирол, иргэн Б.Пморийг хулгайлж 600.000 төгрөгний хохирол нийт 2.400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.А нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутгаас иргэн Б.Бшар хээр зүсмийн морийг хулгайлж 600.000 төгрөгний хохирол, иргэн Н.Бхээр зүсмийн морийг хулгайлж 600.000 төгрөгний хохирол, иргэн Э.Сцайвдар зүсмийн морийг хулгайлж 600.000 төгрөгний хохирол, иргэн Б.Пморийг хулгайлж 600.000 төгрөгний хохирол нийт 2.400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Нэг ногттой, эм тамга байхгүй туранхай хээр морь явж байхаар нь тэр морийг барьж аваад унаад шууд Их-Уул сум руу гараад Их-Уул сум, Тосонцэнгэл сум 2-ын дундуур гараад гол захлаад Рашаант сумруугаа харих гээд явж байсан чинь голын эрэг дээр 7-8 тооны азарга адуунууд байсан. Тэр адуунуудаас би 2 хээр морь нэг цавьдар морь барьж аваад Тосонцэнгэл сумын агт авдаг Ченж Ганбаатартай очиж уулзаад та агт авж байгаа юм уу? гэхэд агт авж байна гэсэн. Тэгээд би 4-н адуугаа зарахаар болоод унаж явсан туранхай хээр морио 350,000 мянгаар бодож, нөгөө үлдсэн 3 морио нэгийг нь 500,000 мянган төгрөгөөр бодож нийт 1 сая 850 мянган төгрөгийг бэлнээр авсан. Тэгээд би тэр өдөртөө замын унаагаар Мөрөн орж ирээд автобусаар хот руу явсан...Ганбаатар надтай уулзахаар нь би хохирлынх нь мөнгө болох 1.850.000 мянган төгрөгийг бэлнээр өгсөн ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 09 дүгээр сард Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр баг Хөх хошуу гэх газар өөрийн 8 тооны морьд дотроос 1 тооны зөв талын гуян дэрээ А үсгэн тамгатай хээр зүсний морь алга болсон. Агтны адуун дундаас өөрийн адуугаа олж авсан...Одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-45, 51-52 дугаар хуудас/,
Хохирогч Н.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр адуугаа үзэхэд хээр зүсмийн морь маань алга болсон байсан. Сургийг нь дуулаад байхад 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зэргэлдээ хэдэн сумдаас адуунууд хулгайлагдсан байсан. Би адуугаа Тосонцэнгэл сумын хэсгийн төлөөлөгчөөс очиж хүлээж авсан. Миний адууг Анхаа гэдэг залуу хулгайлж Ганбаа гэх ченжид зарсан байсан...Одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 49-50 дугаар хуудас/,
Хохирогч Э.Смөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…манай адуу Их-Уул сумын хөх хошуу гэх газар бэлчиж байх үед 2017 оны 09 дүгээр сарын 06-ны үед адуугаа үзэхэд зөв талын гуяндаа саран дэвсгэртэй хас тамгатай цавьдар зүсмийн морь алга болсон байсан. Тосонцэнгэл сумын хэсгийн төлөөлөгчийн дуудснаар очиж агтнаас адуугаа зүсээр нь буцааж авсан. Би адуугаа авсан учраас одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 56-59 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Пмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2017 оны 09 дүгээр сарын 06-ны үед Их-Уул сумын 1 дүгээр баг шивээ гэх газар өөрийн 23 тооны морьд дотроос 1 тооны зөв талын гуян дээрээ чандмань тамгатай шар хээр зүсмийн морь алга болсон. Тэр үед Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар нутаг дэвсгэрээр агтны адуу дайран өнгөрч байсан ба тэр адуунаас өөрийн адуугаа олж авсан...Би адуугаа авсан учраас одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 63-66 дугаар хуудас/,
Гэрч Д.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байсан би Тосонцэнгэл суманд адуу авч байсан чинь Рашаант сумын Анхаа буюу А гэх нэртэй залуу ирээд адуу авахуу гэхээр нь авна гэсэн. Тухайн үед би хулгайн адуу байна гэж бодоогүй, А надад 4 тооны адууг 1 сая 850 мянган төгрөгөөр зарсан. Тэр адуунуудыг зүсэлбэл 1 цавьдар морь 3 хээр морь байсан. Анх-Эрдэний утсыг нь бичиж аваад мөнгийг нь бэлнээр тоолж өгсөн...Тэгээд адуугаа аваад удаагүй байж байтал сумын хэсгийн төлөөлөгч хүрч ирээд энэ адуу хулгайн адуу байна гэж хэлээд тэр адуунуудыг эзэд нь ирж авцгаасан. Саяхан А хотоос цагдаа нарт баригдаж ирээд надад 1.850.00 төгрөгийг бэлнээр өгсөн...Одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 67-68, 73-74 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлсэн тайлан /ХХ-ийн 79 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1738002660201 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч С.А нь урд 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар, 2011 онд Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж 2014 онд ялын хугацаа дуусаж суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 125, 126-130 дүгээр хуудас/-аар тогтоогдож байх боловч шинэчлэн найруулсан 2017 оны Эрүүгийн хуулиар ялтай байдал байхгүй болсон тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 2 дүүгийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгчид тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1738002660201 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 64 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.А бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч С.А 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч С.Ад хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Эрүүгийн 1738002660201 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 64 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР