| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0274/Э |
| Дугаар | 662 |
| Огноо | 2018-08-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 662
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Нт холбогдох 1808010050304 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, .... тоотод иргэн Н.Цтай “...гар утас авчихлаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газар нь хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, .... тоотод иргэн Н.Цтай “...гар утас авчихлаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газар нь хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-49х/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-44-47/
Хэргийн газраас хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-41-43/
Хохирогч Н.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ...Д бид гурав хоол унд идчихээд нэг шил 0,75 литрийн Чингис архи хувааж уугаад архийг нь талд нь оруулчхаад явъя гэж бодоод байж байтал Дын ах араас гараад ирээрэй, би тамхи татаад байж байя гэж хэлсэн. Тэгээд араас нь удалгүй гарсан бөгөөд Д хашааны гадаа байх шиг байсан, би 00 орж бие засаж байтал Н.Н араас ирж байгаа харагдсан бөгөөд би бие засаад зогсож байтал зүүн бөөр хэсэг рүү цохиод авах шиг болохоор нь би эргээд хартал миний баруун тал руу халуун оргиод ирэхээр нь би гараараа дараад гараа хартал цус болсон байсан. Тэгээд би шууд хашааны хаалгаар гарахад Д ах зогсож байхаар нь Н.Н намайг хутгалчихлаа гэж хэлтэл хаана чинь вэ үзье гэж хэлсэн. Тэгээд Д хараад байж байтал ...Н.Н гарч ирээд би одоо яах юм бэ гэж хэлээд Н.Н хутгаар өөрийнхөө өвдөг рүү хутгаар хатгах гээд байхаар нь Н.Нийн барьж байсан хутгийг гараас нь булааж аваад цас руу шидчихсэн юм...гэх мэдүүлэг /хх-07-09/
Гэрч Д.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Н.Ц бид хоёр ...Н.Нийн гэрт ороход Н.Н гэртээ ганцаараа байсан бөгөөд Н.Н ...нэг шил хар Чингис архи гаргаж өгсөн юм. Тэрнийг нь Н.Ц, Н.Н бид гурав талд нь ортол хувааж уусан. Тэгээд би одоо боллоо явъя гэж хэлээд тэр хоёроос түрүүлж гараад тамхи татаад хашааны гадаа байж байтал Н.Н, Н.Ц хоёр гэрээсээ гараад жорлон руу явж байгаа харагдсан бөгөөд би хашааны гадаа байж байтал Н.Ц хашаанаас гүйж гарч ирээд намайг хутгалчихлаа гэж хэлсэн. ...Тэгээд би зогсож байтал Н.Н хашаанаас гарч ирээд Н.Н эмнэлэг рүү залгаад хаягаа хэлээд, хүн цус алдаад байна гэж эмнэлэгт дуудлага өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-14-15/
Гэрч Н.Бийн:...Н.Нийн гэрийг заалгаад очиж явтал баруун салааны эцэс орчим манай ах Н.Ц ганцаараа явж байхаар нь би машинаа зогсоогоод наашаа суу гэж хэлсэн чинь манай ах Н.Ц доошоо суугаад уйлахаар нь би явж очоод юу болсон талаар асуусан чинь Н.Н намайг хутгалчихлаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-16-18/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2859 дүгнэлтэд:...Н.Цын биед хэвлийн гялтангийн ар зайд 10-11-р хавирганы түвшинд зүүн талын суганы арын шугамаар хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, зүүн бөөрний гадна хажуу хэсгийн гялтангийн ар зай дахь цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэжээ. /хх-28-29/
Шинжээч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Уг гэмтэл нь нэг удаагийн хурц үзүүртэй зүйлээр үүсгэгдэх гэмтэл. Хэвийн гялтангийн ар зайд 10-11-р хавирганы түвшинд зүүн талын суганы арын шугаманд гэдэг нь зүсэгдсэн газрыг зааж өгч байгаа бөгөөд бөөрийг гэмтээсэн зүйл байхгүй. Бөөрний хажууд бөөрний гадна цус хурсан гэмтэл байсан...гэх мэдүүлэг /хх-23-25/
Н.Нийн хувийн байдлын талаар:
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-50/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-51/
Тэрээр урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 531 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял шийтгэгдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-54-55/,
Шүүгдэгч Н.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Н.Ц, Д бид гурав манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод архи хувааж уусан бөгөөд архи ууж байх үед миний гар утсаа алга болгосон байсан. Тэгээд л Н.Цыг гар утас авчихлаа гэж бодоод маргалдсан. Түүнээсээ болоод би хашаан дотор, гэрийн гадаа Н.Цыг айлгах гэж очоод нэг хутгалчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-85-87/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Н.Н нь хохирогч Н.Цын биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн №2859 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон гэх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Н нь хохирогч Н.Цын эрүүл мэндийн хохирол, төлбөр гэж түүнд 1.000.000 төгрөг төлсөн болох нь мөнгө хүлээлгэж өгсөн баримт /хх-92/-аар тогтоогдсон бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Бусад асуудал
Шүүгдэгч Н.Нийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нийг 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нт оногдуулсан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР