Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/111

 

 

                                         Б.*******т холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Н.Бадам /цахим/

Шүүгдэгч Б.******* /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа /цахим/, Э.Гомбо нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, шийдвэрлэн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Б.*******т холбогдох эрүүгийн 2333000000125 дугаартай, 150/2025/0027/Э/208/2025/0089 индекстэй, 5 хавтас хэргийг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт гийн ******* Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хот дүүргийн 5 дугаар хороо ын **** дугаар байрны **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, (РД: )

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор Овоо 3 дугаар багийн нутаг “Өлзий нуга” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдэж байгаль орчинд 26,052,520 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардал 7,699,766 төгрөгийн хохирол учирч Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 72,522,913 төгрөг буюу нийт 106,275,199 төгрөгийн хохирол учруулсан,

-2023 оны 09 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор Овоо 3 дугаар багийн нутаг “Өлзий нуга” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдэж байгаль орчинд 27,077,276 төгрөгийн нөхөн сэргээлтийн зардал 13,997,875 төгрөгийн хохирол учруулан байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 71,885,642 төгрөг буюу нийт 112,960,793 төгрөгийн хохирол учруулсан,

-2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 3 дугаар багийн нутаг “Өлзий нуга” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж байгаль экологид 154,532 төгрөг нөхөн сэргээлтийн зардал 607,602       төгрөгийн хохирол учруулан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдэж Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 309,064 төгрөг буюу нийт 1,071,198 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Б.******* нь 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2023 оноос 2024 оны 06 дугаар сарын хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, байгаль орчин экологи эдийн засагт нийт 198,001,947 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 22,305,243 төгрөг, нийт 220,307,190 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Б.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч овгийн гийн *******ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 01 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол 198,001,947 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 22,305,243 төгрөг нийт 220,307,190 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.*******ийн эзэмшлийн алт угаах төхөөрөмж, ОС115К цахилгаан үүсгүүр, РС165К цахилгаан үүсгүүр зэргийг хураан авч хохирол нөхөн төлөхөд зарцуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нэр бүхий үнэлгээгээр тогтоогдсон техник хэрэгслийн үнэ нийт 195,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, 

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1,0749 грамм жинтэй алтны металлыг улсын орлогод оруулж, хавтаст хэрэгтэй хамт ирсэн 3 ширхэг СD бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөгдөөгүй үлдсэн 1 сая төгрөгийг гаргуулж “Нуман алтай” ХХК-д олгон,

Шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгч Б.Гантулгад техник түрээсэлсэн төлбөрт 10,000,000 төгрөгийг өгнө гэсэн болохыг дурдаж, мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч нарын нэр бүхий техник хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч нарт буцаан олгож,

Шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ...шийдвэрийг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Хонгор-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлзий нуга” гэх газарт байгаль орчин буюу экологи эдийн засагт нийт 198,001,947 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 22,305,243 төгрөг нийт 220,307,190 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын хувьд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй.

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог ба бидний үйлчлүүлэгч хийсэн гэмт хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд төлөхөө илэрхийлж байсан.

Мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:”, 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус заасан байдаг бөгөөд шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд “....бичиг баримтыг нь бүрэн шалгалгүйгээр ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулсан нь миний буруу би буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч...” байна хэмээн гэм буруугаа хүлээж, харин хохирлын хувьд “иргэний хариуцагч нартай хувааж төлмөөр байна” гэсэн санал болон мэдүүлгийг гаргаж оролцсон ба иргэний хариуцагч нартай хохирлыг хувааж төлөх тухай санал гаргаснаас хохирол төлөхгүй байх талаар огт дурдаагүй.

Шүүхээс Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хор хохирлын хэмжээ, учруулсан хохирлоо төлөхөд санаачилга гаргаагүй байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхээс иргэний хариуцагч нартай хохирлыг хувааж төлөхийг даалгаагүй тул миний үйлчлүүлэгч сайн дураараа хохирлоо нөхөн төлж, санаачилга гарган тодорхой хэмжээнд хохирлыг нөхөн төлсөн.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, байгаль орчинд учруулсан хохирлыг төлүүлэх, нөхөн сэргээлт буюу зөрчигдсөн эрхийг сэргээх үндсэн зарчимтай ба миний үйлчлүүлэгч хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн тохиолдолд эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн төлөх боломжтой ба давж заалдах шатны шүүх хурал хүртэлх хугацаанд нийгмээс тусгаарлагдаж гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар хатуу хариуцлага хүлээлгэдэг болохыг бүрэн ухамсарлаж ойлгосон.

Мөн анхан шатны шүүх хохирлын хэмжээг тооцохдоо байгаль орчин буюу экологи эдийн засагт нийт 198,001,947 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 22,305,243 төгрөг нийт 220,307,190 төгрөгийн хохирол учруулсан гэж буруу дүгнэсэн байх бөгөөд шүүгдэгчийн хувьд шинжээчийн дүгнэлтээр байгаль орчин экологи эдийн засагт 72,522,913₮ + 71,885,642₮ + 309,064₮ = 144,717,619₮ нөхөн сэргээлтийн зардал 7,699,766₮ + 13,997,875₮ + 607,602₮ = 22,305,243₮ нийт 167,022,862 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон.

Иймд бидний үйлчлүүлэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг тодорхой хэмжээнд төлж барагдуулж санаачилга гаргасан, сахрын өвчинтэй, бага насны хүүхэдтэй зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг Давж заалдах шатны шүүх харгалзан үзэж энэрэнгүй хандан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хохирлын хэмжээг зөвтгөн анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Гомбо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр хохирлын хэмжээг байгаль орчинд учруулсан хохирол 198,001,947 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 22,305,243 төгрөг, нийтдээ 220,307,190 төгрөг гэж тогтоосон. Үүнд анхан шатны шүүх тооцооллын алдаа гаргасан юм болов уу гэж өмгөөлөгчдийн зүгээс үзэж байна. Учир нь 3 удаагийн үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Байгаль орчны тухай хуулиар 3 дахин үржүүлээд нийт дүгнэлтээр тооцохоор байгаль орчинд учруулсан хохирол нь 134,717,6119 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 22,305,243 төгрөг буюу нийтдээ 167,022,862 төгрөгийн хохирол учруулсан гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тооцооллын алдаа байгаа учраас давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хохирлын хэмжээг зөвтгөж өгнө үү хэмээн хүсэж байна. Тийм учраас миний үйлчлүүлэгч Б.*******ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг тодорхой хэмжээнд төлөхөөр санаачилга гаргасан, хэдий хүлээлгэж өгөөгүй ч гэсэн нөхөн сэргээлтийг хийсэн. ...Таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдөхөд сахарын өвчтэй гэдгээ хэлсэн. Шүүгдэгчийн ар гэрээс аппаратыг нь авч өгөөд хорих дээр тодорхойлоход сахарын хоёрдугаар зэрэгтэй. Сахарын өвчтэй хүн хоолны дэглэм барьдаг. Хорих дээр байхад хоолны дэглэм алдагдаж байгаа учраас даралт ихсэх өвчин нэмэгдсэн гэдэг байдлаар эмчийн тодорхойлолт авагдсан. Мөн бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 2 жилийн хугацаанд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Шүүгдэгчийн хувьд шүүх хуралдааны шатанд бичиг баримтыг бүрэн шалгахгүйгээр ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулсан нь миний буруу, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг. Хохирлын хувьд иргэний хариуцагч нартай хувааж төлмөөр байна гэх санал болон мэдүүлгийг гаргаж оролцсон. Түүнээс биш хохирлыг нөхөн төлөхгүй гэсэн талаар дурдаагүй. ...Б.*******ийн хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгаа арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзаж 5 жил хүртэлх хугацаагаар тэнсэж болно гэж заасан байдаг. Тийм учраас давж заалдах шатны шүүх хувийн байдал, өвчний байдал зэргийг харгалзан үзэж 2 жилийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хохирлын хэмжээг зөвтгөж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Өмгөөлөгч нарын гомдолд дурдсанаар хохирлын хэмжээг буруу тооцсон талаар үгүйсгэхгүй. Техникийн алдаа гарах боломжтой байгаа. Б.******* гэм буруу дээр маргадаггүй. Гэмт хэрэг үйлдсэн талаар чин санаанаасаа гэмшдэг. Хохирол төлбөр төлөх талаар илэрхийлж байгаа учраас өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, шүүгдэгчээс гаргасан гомдол зэрэгт  тусгайлан гаргах санал байхгүй гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.*******т холбогдох эрүүгийн 2333000000125 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор Овоо 3 дугаар багийн нутаг “Өлзий нуга” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 2023 оны 09 сарын 22-ноос 26-ны өдрийн хооронд  0,57 га газарт олборлолт явуулж байгаль орчинд  71.885.642 төгрөгийн хохирол, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 0.21 га газарт олборлолт явуулж байгаль орчинд 72.522.913 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 0,12 га газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 309.064 төгрөгийн хохирол нийт 3 удаагийн үйлдлээр байгаль орчинд нийт 144.717.619 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар   ашигт малтмал олборлох  үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан

-2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  бүдүүвч зураг, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7, 8-13-р тал/

-Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК -ны 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №1/119, 2023 оны 10 сарын 06-ны өдрийн №1/104, 2024 оны 06 дугаар сарын 25-ны 1/45 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1хх-ийн 33-63, 208-235/,

-Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №01-29-02 /282/ 109 дугаартай, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №01-29-02 /282/ 98 дугаартай, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 01-29-02/279 дүгнэлтүүд, /1хх-ийн 248-249-р тал, 3 хх-ийн 173-р тал / 

-Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн физикийн лабораторийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5536 дугаартай .. шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78-82-р тал/

-Хохирогч О.******* “...Би Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын засаг даргын тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар  2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажиллаж байгаа. Урьд өмнө нь Орхонтуул сумын байгаль орчны мэргэжилтэн албан тушаалд 2022 оны 04 дүгээр сарын 01-ээс хойш ажиллаж байна. Би тухайн газарт 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр очсон.  Маргааш өглөө нь цагдаа нар ирээд тухайн аж ахуйн нэгжийг шалгаад ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайг хэтрүүлэн ажилласан байна гэсэн. Урьд өмнө нь  тухайн газарт ямар нэгэн аж ахуй нэгж иргэн үйл ажиллагаа явуулж байгаагүй...” гэх мэдүүлэг

-Гэрч Ч.ын “...2023 оны 10 дугаар сарын 22-ны өглөө намайг гэртээ байхад // над руу залгаад түрээсээр нөхөн сэргээлтэд явах ажил байна. Та Орхонтуул сум руу яваад оч хүн тосно гэж хэлсэн. Тэгээд би замын унаанд суугаад Орхонтуул сум ороод давааны наана ******* гэдэг хүнээр тосуулаад ирсэн. Намайг ирэхэд / /-ийн хоёр машин түрээсээр ажиллана гээд байж байсан би цагаан өнгийн хово-г нь унахаар болсон. ... 3 хүнд даацын машин, 2 экскаватор байгаагаас нэг нь ажиллаж байгаа, 2 ковш, 1 усан буу, дизель мотор ашиглаж байгаа. Үүнээс 2 хүнд даацын тээврийн хэрэгсэл нь гэх залуугийнх бусдыг нь мэдэхгүй байна. Бид нарыг ******* гэдэг хүн хариуцаж ажиллаж байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 128-р тал/

-Гэрч П.******* “... бид хоёр хамт Орхонтуул суманд ирээд ******* гэдэг залуутай уулзаад түрээсээр ажиллах болсон. Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ирээд шороо зөөх ажлыг *******гийн зааварчилгаагаар хийж буулга гэж заасан газарт нь буулгаж байсан. Намайг ирэх үед экскаватор нь голын хажууд ажиллаж байсан. Усан буу нь хэд хоног засвар үйлчилгээ хийж байгаад өнөөдөр өглөөнөөс шороо буудаж эхэлсэн. Одоо уг газарт 6-7 хүн ажиллаж байна. ...Бид нарыг ******* гэдэг хүн хариуцаж ажиллаж байгаа. Бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна ... “гэх мэдүүлэг /хх-ийн 130-р тал/

-Гэрч Н.Төрмөнхийн “... Би анх удаа уурхай дээр ажиллаж байгаа болохоор хаана юу болоод байгааг нь мэдэхгүй байсан. Ямар ч байсан манай уурхайг ******* гэдэг хүн хариуцаж хүмүүсийн хийх ажлыг зааж өгч ажиллуулж байсан. Усан бууны засвар үйлчилгээ хийж байгаад 2023 оны 10 дугаар сарын 23-ны орой дуусгаад 2023 оны 10 дугаар сарын 24-ний өглөө усан буугаа шалгасан ...Одоо ашиглаж байгаа 1 усан буу, дизель мотор, 1 ковш. 1 экскаватор ажиллаж байсан. Усан буун дээр байсан болохоор бусад нь техникүүд нь ажиллаж байсан эсэхийг хараагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 132-р тал/

-Гэрч Б.*******н “...Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд ирсэн. Би ирээд усан буун дээр бэхэлгээний гагнуур хийсэн, редакторын араа сольсон тэгээд засварын ажил өчигдөр орой дуусгаад 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр усан буугаа шалгаад 08 цагаас шороо угааж буудаж эхэлсэн. Тэгээд буугаа шалгах гэсэн хүн байхгүй болохоор би найзынхаа хүү *******тэй хамт ажилласан байсан. ...Миний ажиллаж байгаа уурхайг ******* гэх хүн хариуцаж удирдлага зохион байгуулалтаар хангаж үйл ажиллагаа явуулдаг юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 134-р тал/

-Гэрч Л.*******ийн “... 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ******* ах над руу залгаад Орхонтуул суманд хүрээд ир ажиллаа эхэлье гэж хэлсэн. Тэгээд би 2023 оны 10 дугаар сарын 21-ний шөнө ******* ахын уурхай дээр ирсэн. Тэгээд ******* ах голын хажууд очоод энэ газрыг ухаад гаргачих гэхээр нь би болох юм уу? гэхэд ******* ах зүгээрээ болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би 520 маркийн экскаватороор 2023 оны 10 дугаар сарын 21-ний шөнө болон 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хоёр хоног ухаад гаргасан шороогоо бууны арагшаа зөөсөн. Би хоёр хоног орчим ажиллаад голын хажууд нүх ухсан. Тэгээд өчигдөр усан буун дээр засвар үйлчилгээ хийгээд өнөөдөр өглөөнөөс угааж эхэлсэн. ...2 ковшоор шороо зөөж усан буун дээр ажиллаж байсан. Мөн 1 усан буу, 1 дизель мотор зэрэг эд зүйл ашиглаж үйл ажиллагаа явуулж байсан ...Өдөр тутмын үйл ажиллагааг ******* ах зааварчилж хаана ямар ажил хийх талаар зааж өгдөг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 138-р тал/

-Гэрч Р.*******ын “... Би Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор Овоо 3 дугаар багийн нутаг өлзий нуга гэх газарт мал маллан амьдардаг. Манай 2 талд *******, ******* гээд хоёр залуу уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа. Манайх 2 уурхайн кемпийн яг дунд нь нам дор газар мал маллаж амьдардаг. ******* бол өдрийн цагаар бол шороо зөөгөөд нүх булаад байгаа харагддаг. *******гийн компани бол өдрөөр хүн харагдахгүй байгаа. Харин оройн цагаар *******, ******* хоёрын уурхай ажиллаад техникүүд нь дугараад яваад байдаг. Шөнө болохоор юу хийгээд байгааг нь харж чаддаггүй. *******, ******* хоёрынх нэлээн дээр техник хэрэгслүүд ирсэн. ******* ирээд 7 орчим хонож байна ******* бол эрт ирсэн. Энэ хоёр шөнөөр ажиллаад байх шиг байна...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 187-р/  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

3.Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч нарын гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал,  шүүгдэгч нарын хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн нь хууль зөрчөөгүй, эрүүгийн хариуцлага нь тэдний гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. 

4.Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс Б.******* нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, шийтгэх тогтоол гарсны дараа хохиролд 40,000,000 төлсөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид  оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх талаар  хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдлийн улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учирсан, байгаль экологид учруулж байгаа хор хөнөөл болон хохирлоос тодорхой хэмжээгээр төлсөн боловч үлдэх төлбөрөө хэрхэн төлөх талаархи илэрхийлэл нь бодитой эсэх нь   эргэлзээтэй  байх тул давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялын хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй  шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэх тул шүүгдэгч түүний  өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5.Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүх хохирол тооцохдоо тооцооллын алдаа гаргасан гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.  

Хэрэгт шинжээчээр томилогдсон Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ны шинжээчийн дүгнэлтээр  байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргасан байх ба түүний дүгнэлтийг үндэслэн Сэлэнгэ аймгийн  Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч нарын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар газрын хэвлийд учирсан хохирлыг 2 дахин, хөрсөн бүрхэвчид учирсан хохирлыг 3 дахин, ургамлын нөмрөгт учирсан хохирлыг 5 дахин, усан орчинд учирсан хохирлыг 3 дахин тус тус нэмэгдүүлсэн дүнгээр гаргасан дүгнэлтээр  хохирлыг тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрийн хооронд 0,57 га газарт олборлолт явуулж байгаль орчинд 71,885,642 төгрөгийн хохирол,  2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 0.21 га газарт олборлолт явуулж байгаль орчинд 72,522,913 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр  0,12 га газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 309,064 төгрөгийн хохирол нийт 3 удаагийн үйлдлээр нийт 144,717,619 төгрөгийн хохирол  байгаль орчинд учруулсан  гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

4 дэх заалтад:

“4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол 144,717,619 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 22,305,243 төгрөг нийт 167.022.862 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.” гэсэн өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн ял хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Б.*******өөс давж заалдах шатны шүүхэд хохиролд 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг Байгаль орчны уур амьсгалын санд төлсөн болохыг дурьдсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан  хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                           

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                        ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН