Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 169

 

Ү.Э, О.А, С.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1123 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 75 дугаар магадлалтай, Ү.Э, О.А, С.Б нарт холбогдох 1808032820840 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ү.Э, О.А нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал Овоогийн 33 дугаар гудамжны 6 тоотод оршин суудаг гэх боловч Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, нийтийн байр түрээслэн амьдардаг гэх,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасны баримтлан 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

мөн шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаартай шүүгчийн захирамжаар суллагдсан Б овогт Үын Э,

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал Овоогийн 33 дугаар гудамжны 6 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, нийтийн байр түрээслэн амьдардаг гэх,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

мөн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жил хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 307 дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөгдөн суллагдсан, Б овогт Оын А,

3. Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, нийтийн байр түрээслэн амьдардаг гэх,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 447 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1231 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 26 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 5 жил 1 сар  27 хоногийн хугацаагаар тогтоож байсан, Б овогт Сгийн Б.

Ү.Э нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоо 33 дугаар гудамжинд иргэн Э.Д хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар цээжин тус газарт 4 удаа хутгалж, алахыг завдсан,

мөн ганцаараа болон О.А, Б.А нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 33 удаагийн үйлдлээр Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур, Налайх дүүргүүд, Төв аймгийн Зуун мод сумын нутаг дэвсгэрт хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 40,054,212 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

О.А нь Ү.Э, С.Б, С.А нартай бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд 28 удаагийн үйлдлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур, Налайх дүүргүүдийн нутаг дэвсгэрт хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 77,588,473 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

С.Б нь ганцаараа болон О.А, Б.А нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд 4 удаагийн үйлдлээр Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 2,606,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ү.Эгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд,

О.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд,

С.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Ү.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 6 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жил хорих ял,

шүүгдэгч О.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жил хорих ял,

шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.4 дэх заалтыг тус тус журамлан шүүгдэгч Ү.Эт оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх 14 жилээр тогтоож

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Э, О.А нарт оногдуулсан хорих ялыг хаалттай, шүүгдэгч С.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.Э, О.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ү.Э гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч холбогдох хүсэлт, гомдлыг нягтлан судлалгүй орхигдуулснаас надад сөргөөр нөлөөлөх хүчин зүйл тулгарч байна. Миний бие Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор 6 сар баривчлах ял шийтгүүлж байсан боловч цаг хугацааны хувьд зөрүүтэй болох хохирогч Дгийн гэрээс эд зүйлс хулгайлсан гэмт хэргийг хууль бусаар хүлээлгэн тогтоож байгаа нь хууль зүйн талаасаа учир дутагдалтай байгаа болно. Нөгөөтээгүүр мөрдөн шалгах ажиллагаанд хууль зөрчсөн болох нөхцөл байдлууд ил байхад нэг бүрчлэн шинжлэн судлаагүй, бодит асуудлыг илт орхигдуулж, шууд үнэлж дүгнэн, яллах талыг урьтал болгож байгаад гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг шалгалгүй охигдуулснаар эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж байгааг анхааран үзэж, шүүхээс шударга ёсны хүрээнд надад холбогдох хэргийг тал бүрээс нь судалж, хуульд нийцсэн шийдвэрийг эрх тэгш байдлын хүрээнд гаргаж өгөхийг хичээнгүйлэн хүсч, чин санаасаа хүсэлт-гомдлыг гаргасан болно. Хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү. Надад хамааралгүй хэрэг тулгасан түүнчлэн хохирлын хэмжээ зөрүүтэй, мөн хэрэгт ач холбогдолтой баримт сэлт бүрийг нэг бүрчлэн хянуулах хүсэлтүүдтэй байна. Мөрдөн шалгах ажиллагаа нь удаа дараа хууль зөрчиж, хууль бус нөхцөл байдал үргэлжилж байсны үр дүнд хохироод явж буй бодит асуудлыг хуулийн хүрээнд нягтлан авч үзэн шийдэж өгөхийг хүсэж байна. Мөн нэмж шалгуулах хэргүүд байдаг, нэг шийтгэх тогтоолоор шийдэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч О.Ариунболд гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүх хуралдаанд орохдоо хохирогч Дгийн гэрээс алдагдсан эд зүйлийн талаарх маргаан, хохирлын хэмжээг гаргахдаа хэт нэг талыг барьж хохирогчийн амаар тогтоосон. Шинжээчийн дүгнэлт зэрэг нь зөрүүтэй байдаг. Анхан шатны шүүх гэм буруугийн талаар хэлэлцэхдээ хуульд заасны дагуу хоёр талын аль нэгийг хохироолгүй эрх тэгш байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх гэж байхад мөрдөгч, прокурорын ажлын үзүүлэлт зэргээр гаргасан материалаар яллах чиглэлийг барьж байгаад гомдолтой байна. Хэрэгт холбогдолтой хавтаст хэргийн материалыг шинжлэн судлуулах хүсэлтэй байна. Учир нь нийт хавтаст хэргийн материалд авагдсан 51 үйлдлээс маргаантай 8 үйлдэл буй тул тус үйлдлийг шинжлэн судалж өгнө үү. Яллах дүгнэлтэд бичигдсэнээр 4 дүгээр хуудасны 11, 5 дугаар хуудасны 17, 19, 7 дугаар хуудасны 32, 37, 38, 8 дугаар хуудасны 46, 27 дугаар хуудасны 19 зэрэг үйлдлүүдийг шинжлэн судалж хэргийг болон хохирлын хэмжээг үнэн зөв тогтоож өгнө үү. Миний бие анхан болон давж заалдах шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж буй учир дээд шатны шүүхэд өөрийн зүгээс итгэл өвөрлөн бичгээр гомдол гаргаж буй тул гомдлыг хянан шийдвэрлэж өгнө үү ” гэв

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон, хэргийн зүйлчлэл, ял шийтгэл тохирсон байна. Шүүгдэгч Ү.Э нь “цаг хугацааны хувьд зөрүүтэй болох хохирогч н.Дгийн гэрээс эд зүйлс хулгайлсан гэмт хэргийг хууль бусаар хүлээлгэн тогтоож байгаа нь хууль зүйн талаасаа учир дутагдалтай” гэж гомдол гаргасан. Шүүхийн шийтгэх тогтоол болон яллах дүгнэлтэд н.Дэжидмаагийн гэрээс эд зүйл алдагдсан үйлдэлд Ү.Эгийг гэм буруутайд тооцсон зүйл байхгүй. Шүүх прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд зөвхөн зарим зүйлийг аваагүй гэж гомдол гаргадаг. Шүүгдэгч нар нь өөрсдөө авсан гэж мэдүүлсэн мэдүүлгээсээ гомдол гаргахдаа буцсан нөхцөл байдал ажиглагдсан. Мөн хохирогч нарт хууль сануулж мэдүүлэг авсан бөгөөд алдагдсан эд зүйлийн тоо, хэмжээ, шинж байдал зэргийг дурдсан. Тийм учраас шүүгдэгч нарын зарим эд зүйлийг хулгайлаагүй гэдэг нь үгүйсгэгдэж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учир шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ү.Э, О.А нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Ү.Э, О.А, С.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ү.Э нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоо 33 дугаар гудамжинд иргэн Э.Дтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар цээжин тус газар нь 4 удаа хутгалж, алахыг завдсан,

Мөн ганцаараа болон О.А, Б.А нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 33 удаагийн үйлдлээр Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур, Налайх дүүргүүд болон Төв аймгийн Зуун мод сумын нутаг дэвсгэрт хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 40,054,212 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

О.Ад нь Ү.Э, С.Б, С.А нартай бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 28 удаагийн үйлдлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур, Налайх дүүргүүдийн нутаг дэвсгэрт хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 77,588,473 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

С.Б нь ганцаараа болон О.А, Б.А нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд 4 удаагийн үйлдлээр Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 2,606,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын  гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ү.Энхзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан,  шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан, шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийг зөв зүйлчилсэн байна.

Шүүгдэгч Ү.Э, О.А нарын үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу шүүгдэгч нарыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчилснийг буруутгах үндэслэлгүй болно.

Мөн шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч тус бүрт хорих ялыг ялгамжтай оногдуулж шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ү.Э нь хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо хохирогч Ш.Дийн гэрээс эд зүйлс хулгайлсан гэмт хэргийг хууль бусаар хүлээлгэн тогтоож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй талаар дурдсан байх бөгөөд хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудыг шинжлэн судлахад дээрх үйлдэлд түүнийг гэм буруутайд тооцсон нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй болно.

Түүнчлэн хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.Эийн “...мөрдөн шалгах ажиллагаа хууль зөрчсөн, шүүхэд гаргасан гомдол, хүсэлтүүдийг шинжлэн судлаагүй, ...хэргийг тал бүрээс нь бодит байдалд нийцүүлэн шийдвэрлээгүй...” гэсэн, шүүгдэгч О.Аын “...хохирлын хэмжээг үнэн зөв тогтоогоогүй, ...хэрэгт ач холбогдолтой материалуудыг шүүх шинжлэн судлаагүй, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн...” гэсэн агуулгаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1123 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 75 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.Э, О.А нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН