Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 128/2019/0781/З |
Дугаар | 190 |
Огноо | 2020-05-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 190
Г.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн
авто замын хөгжлийн газрын
даргад холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/77 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0016 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 159 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Хариуцагчийн өмгөөлөгч О.А,
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0016 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/77 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Б-ыг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу тооцон гаргуулж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 159 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Хариуцагч Б.И хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 182/ШШ2020/0016 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 159 дүгээр магадлал зэргийг хариуцагч Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална”, 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.3-т “төрийн албанаас халах”, 48.4.Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заажээ.
5. Түүнчлэн 2019 оны 4-р сарын 04-ний өдрийн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах журам”-ын 1.4-т“төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах зарчмыг баримтална”, 1.4.2-т “хууль зүйн үндэслэлтэй байх”, 1.5-д “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь мэдэгдсэн байна”, 22-т “...албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгж... шалган тогтооно...”, 2.5-д “...шалгаад сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар ... дүгнэлт гаргаж, томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулна, 6.1-д албан хаагч сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол ...төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэж тус тус нарийвчлан зохицуулсан байна.
6. Мөн Давж заалдах шатны шүүхийн тогтоох хэсэгт Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын Б/77 дугаар тушаалыг үндэслэл болгон хүргүүлсэн баримт зэргийг давж заалдах шатны нотлох баримтаар үнэлээгүй, Гэтэл Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын дэргэдэх даргын зөвлөлийн 2019 оны 08-р сарын 23-ны өдрийн 06 дугаар хурлаар зөвхөн шалган бүртгэх товчооны асуудлыг хэлэлцээгүй, Налайх-Улаанбаатарын чиглэлийн авто зам, Яармагийн гүүрний асуудал зэргийг хэлэлцсэн шийдвэрлэсэн байхад ганцхан шалган бүртгэх товчооны асуудлыг хэлэлцсэн, зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
7. Түүнчлэн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг “...удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” зөрчил гаргасан гэж үзэж байгаа нөхцөлд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзах, улмаар зөрчилд холбогдогчийг төрийн албанаас халах шийтгэл хүлээлгэх нөхцөлд урьд нь 3 ба түүнээс дээш удаа зөрчил гаргаж түүндээ шийтгэл хүлээсэн байхыг шаардах бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Г.Б- урьд өмнө нь ямар нэг сахилгын шийтгэл хүлээж байсан нь нотлоогүй ...” гэж үзсэн нь хуульд нийцээгүй гэж үзнэ.
8. Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 48.2-т “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй” гэж заасныг үндэслэл болгон Г.Б-ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
10. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “төрийн албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална:” гээд 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:” гээд 48.1.З-д “төрийн албанаас халах;” гэж; Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.4-т “төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа дараахь зарчмыг баримтална”, 1.4.2 “хууль зүйн үндэслэлтэй байх”, 1.5-д “...сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь мэдэгдсэн байна”, 2.2-т “...албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгж...шалган тогтооно..., 2.5-д “...шалгаад сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар...дүгнэлт гаргаж, томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулна”, 6.1-д “албан хаагч сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол...төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэж тус тус зохицуулсан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах, эсхүл зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа удаа дараа албан үүргээ биелүүлээгүй болон зөрчил гаргасан үйлдлийг зохих журмын дагуу шалган тогтоож, тухайн захиргааны актын үндэслэлд энэ тухай зайлшгүй тусгах шаардлагатай.
11. Маргаан бүхий Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/77 дугаар тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны ”Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын 1.1 дэх заалт, тус газрын дүрмийн 2.4.3, Даргын зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн “... тус газрын орлогч дарга Г.Б- нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг болон албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн ...” гэж үзэж ажлаас халсан; уг захиргааны акт нь хэдийгээр “Г.Б-ыг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” гэсэн боловч Төрийн албаны тухай хуулийн 47, 48 дугаар зүйлийг давхар баримталсан нь эрх зүйн зөрчилтэй байхын зэрэгцээ хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч нь ямар үүрэг даалгавар өгч биелэлтийг хэрхэн тооцсон талаар баримтгүй, нэхэмжлэгч Г.Б- ажлын байрны тодорхойлолт заасан ямар чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн талаар тодорхойгүй, тухайн тохиолдолд Г.Б-ыг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж буруутгаж буй үндэслэл нь холбогдох нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
12. Түүнчлэн, хариуцагч нь нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/77 дугаар тушаалын үндэслэл, бодит нөхцөл байдлыг хэрхэн тогтоосон болохоо тодорхойлж, нотолж чадаагүй, тушаалын үндэслэлд холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул маргаан бүхий акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “Захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв юм.
13. Хэдийгээр Төрийн албаны тухай хуулийн 48.2-т “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй” гэж заасан боловч энэ нь зөрчлийг зохих журмын дагуу шалган тогтоосны дараа тухайн зөрчил нь мөн хуулийн 48.1-д зааснаар ямар төрлийн зөрчил болох (ноцтой, ялимгүй), анх удаа, эсхүл давтан үйлдсэн эсэхээс хамаарч шийтгэл ногдуулахад баримтлах зарчим бөгөөд нэхэмжлэгч Г.Б-ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа нэгэнт зөрчлийг бүрэн шалгаж тогтоогоогүй энэ тохиолдолд дээрх зарчим хамаарахгүй, энэ үндэслэлээр гаргасан хяналтын гомдол няцаагдана.
14. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0016 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 159 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ М.БАТСУУРЬ