Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1074

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, иргэн Г.Г-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдад холбогдох “Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г***** нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Миний бие Г.Г***** Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын даргаар ажиллаж 2016 оны 9 сарын 12-ны өдрийн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны сайдын тушаалыг хүчингүй болгохоор өргөдөл өгсөн билээ. Миний бие нь тус шүүхэд өгсөн нэхэмжлэлээ татаж авч байгааг уламжлая” гэжээ.

   ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч иргэн Г.Г***** нь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно.    

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Г.Г***** “Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                          Л.БАТБААТАР