| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0697/Э |
| Дугаар | 718 |
| Огноо | 2018-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 718
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ц-ын Д-д холбогдох 1808034380882 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 16-нд шилжих шөнө үсчин гоо сайхны газрын гадна иргэн Ө.У-ыг “архины шил хагалахаа боль, эндээс яв” гэж хэлсний улмаас түүнийг зодож, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 16-нд шилжих шөнө үсчин гоо сайхны газрын гадна иргэн Ө.У-ыг “архины шил хагалахаа боль, эндээс яв” гэж хэлсний улмаас түүнийг зодож, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч Ө.У-ын мөрдөн байцаалтад өгсөн:... Би гоо сайхны салон ажиллуулдаг. 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн үед дэлгүүрийн гадна согтуу хүмүүс орилолдоод шил шидэж, хагалах чимээ гарсан. Дахин шил шидэж хагалах чимээ гарахаар нь машины цонх хагалчих вий гэж санаа зовоод гарахад довжоон дээр шил хагалчихсан 2 эрэгтэй хүн сууж байсан. Энд архи ууж, тамхины иш хаяж болохгүй, би энэ газрыг түрээслэж байгаа, одоо яв гэсэн. 2 эрэгтэй том биетэй эрэгтэй нь миний нүүр лүү гараараа цохисон...гэх мэдүүлэг /хх-6-7/
- гэрч Г.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 07 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед дэлгүүрийн гадна согтуу хүмүүс орилолдоод шил шидэж, хагалах чимээ гарсан. Дахин шил шидэж хагалах чимээ гарахаар нь машины цонх хагалчих вий гэж санаа зовоод гарахад довжоон дээр шил хагалчихсан 2 эрэгтэй хүн сууж байсан. У эгч “битгий энд суугаад архи дарс уугаад, архины шилээ хагалаад бай” гэсэн. Тэгсэн жижиг биетэй эрэгтэй нь “хөөлөө” гэж уурласан. Том биетэй эрэгтэй нь У эгчийн нүүр лүү буюу баруун нүд рүү гараараа цохисон...гэх мэдүүлэг /хх-10-11/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8824 дугаартай:...Ө.У-ын биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-14/
- ял шалгах хуудас /хх-25/
- “Каркас” ХХК-д ажилладаг болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх-30/
- шүүгдэгч Ц.Д-йн мөрдөн байцаалтад өгсөн:... Би 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 15-16 цагийн үед хүргэн ах М-ын гэр очиж тэндээ 0.5 литр архи хувааж уусан. 21 цагийн үед гэртээ харихаар явж байхдаа нэг настай ахтай танилцаад архи уухаар болсон. Би 5 шарын угсармалын байрны тэнд дэлгүүрээс 0.5 литр архи аваад байрны хажуугийн үсчингийн шатан дээр суугаад архиа уусан. Үсчин хаалттай байсан. Архиа уугаад дуусаад байхад нөгөө ах архины шилээ шидээд хагалчихаад, бид 2 тамхи татаад сууж байтал үсчингийн хаалга онгойгоод нэг хүүхэн гарч ирээд хэл амаар доромжлоод гуйлгачин түүлэгчин, архичид гээд байсан. Миний өөдөөс архины шилний хагархайг өшиглөх шиг болохоор нь нөгөө эмэгтэйг цохисон. Би согтуу байсан болохоор нүүр лүү нь цохисон. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдрийн маргааш нь уулзаж эмнэлэгт үзүүлэн томографикийн зураг авахуулж, өвчин намдаах эм, тосны мөнгө төгрөгийг өөрт нь гаргаж өгсөн...гэх мэдүүлэг /хх-22-24/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Д-йг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Д нь хохирогч Ө.У-ын биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Д нь хохирогч Ө.Уын эрүүл мэндийн хохирол, төлбөр гэж түүнд 180.000 төгрөг төлсөн болох нь мөнгө хүлээлгэж өгсөн баримт /хх-33/-аар тогтоогдсон бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Бусад асуудал
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Ц-н Д-йг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-йг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.