Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2019/01062

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00900 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Т”ХХК, хариуцагч “А” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 124 396 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: “Т” ХХК нь “А” ХХК-тай 2016 оны 10 сарын 04-ний өдөр “арматур нийлүүлэх” худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нийлүүлэгч буюу “А” ХХК нь 1 тонн нь 1 050 000 төгрөгийн үнэтэй 380 тонн 952 кг, нийт 400 000 000 төгрөгийн армартурыг 2016 оны 10 сарын 04-ний өдрөөс 2016 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл 40 хоногийн хугацаанд нийлүүлэхээр тохиролцсон. Тус гэрээний захиалагч нь бараа буюу арматурын төлбөр болгож гуравдагч этгээдээс авах ёстой байсан Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Хүнсчдийн гудамж, 26 байр, 24 тоот, 46,76 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг 70 140 000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Өнөр хороолол гудамж, 58 байр, 6 тоот, 45.3 м2 талбайтай 1 өрөө орон сууцыг 77,010,000 төгрөг, 33-33 улсын дугаартай, Лексус-570 маркийн автомашиныг 85 000 000 төгрөгөөр тус тус бодож шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлэхдээ ямар нэг баримт үйлдээгүй ба нийлүүлэгч хүлээн авснаа зөвшөөрдөг. Нийлүүлэгч нь гэрээнд заасан хугацаанд 102 тн 622 кг арматур нийлүүлээд үлдэгдлийг удаа дараа шаардахад удахгүй нийлүүлнэ гэж байгаад алга болсон тул “А” ХХК, А.Нямхишиг нар цаашид гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхгүй нь ил байгаа тул гэрээг цуцалж, илүү шилжүүлсэн 124 396 900 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт: Миний бие “А” ХХК-ийг 2011 онд аялал жуулчлалын үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулж, гүйцэтгэх удирдлагаар нь бүртгүүлсэн. Үүсгэн байгуулсан цагаас хойш ямар нэг худалдааны үйл ажиллагаа явуулаагүй. Манай компани нь “Т” ХХК-тай арматур худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй бөгөөд хэрэгт хавсаргасан гэрээ нь компанийн үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл байна. Манай компани ямар нэгэн эд хөрөнгө бусдад худалдах, худалдан авах худалдааны үйл ажиллагаа явуулдаггүй. Дээрх байгуулагдсан гэрээний төлбөрт хэдэн төгрөг авсан, хэрхэн зарцуулсан зэргийг би огт мэдэхгүй ба хэн нэгэнд гэрээ байгуулах эрх олгож, зөвшөөрөл өгөөгүй. Би “Т” ХХК гэж хаана байдаг, ямар үйл ажиллагаа явуулдаг талаар мэдэхгүй, компанийн хүмүүстэй нь уулзаж байгаагүй, ямар нэг эд хөрөнгө, мөнгө авч байгаагүй. А.Нямхишигтэй 2016 онд танилцаж, хувийн харилцаатай байснаас гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй. А.Нямхишиг энэ асуудлыг бүрэн хариуцна гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Иймд А.Нямхишигийн байгуулсан дээрхи худалдах, худалдах авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус тул гэрээ байгуулсан буруутай этгээд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх ёстой. Нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь “А” XXК биш болох нь хуулийн этгээдийн лавлагаа, А.Нямхишигтэй тооцоо нийлсэн баримтаар тогтоогдож байна. Иймд гэрээний дагуу нэхэмжлэлийг хариуцах ёстой этгээдийг үнэн зөв тодорхойлж, шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 779 950 төгрөгийг орлогод үлдээж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэгийн давж заалдах гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрт маргааны үйл баримтыг зөв дүгнээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцлэн тохиролцсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулжээ. Гэрээний агуулга, нөхцлөөс дүгнэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах харилцаа үүссэн байгаа боловч хэрэгт авагдсан “А” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Б. Буянчимэг болох нь тогтоогдож байна. Тухайн тохиолдолд “Т” ХХК-тай дээрх гэрээг А.Нямхишиг байгуулсан, “А” ХХК-аас төлөөлөн гэрээ байгуулах эрхийг олгоогүй, Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт эрхгүй этгээд бусадтай хэлцэл хийсэн нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаалах бөгөөд “А” ХХК зөвшөөрөөгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхээр байна” гэх дүгнэлтийг хийсэн байдаг. Хэргийн материалд авагдсан талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гүйцэтгэх захирлаар А.Нямхишиг, “А” ХХК-ийн албан ёсны тамга дарагдсан байдаг. Энэ нь А.Нямхишиггэй биш, “А” ХХК-тай дээрх гэрээг байгуулсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг миний бие хэргийн материалтай 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр танилцсан ба 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр авагдсан А.Нямхишигийн тодорхойлолт гэх баримттай танилцаагүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийг эдлүүлээгүй, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Т” ХХК, хариуцагч “А” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 124 396 900 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хэргийн материалтай танилцсан баримт 35 дугаар талд авагдсан байх ба түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл талуудаас ирүүлсэн болон шүүхээс хийгдсэн ажиллагааны баримтыг нэхэмжлэгч талд танилцуулаагүй байна. Давж заалдах гомдолд бичигдсэн А.Нямхишигийн тодорхойлолт гэх баримт хэргийн 53 дугаар талд авагджээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар хэргийн оролцогч нь эсрэг талын тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах эрхтэй бөгөөд энэ нөхцөлийг шүүх бүрдүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэв шинээр ирүүлсэн баримттай танилцсан бол үүнтэй хамааралтай тайлбар, нотлох  баримтыг гаргаж өгөх байсан гэх гомдлыг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00900 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 779 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

 

                  

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

      ШҮҮГЧИД                             Ч.ЦЭНД

 

                 А.МӨНХЗУЛ