| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Бямбаахүү |
| Хэргийн индекс | 301/2026/00156/И |
| Дугаар | 301/ШШ2026/00221 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 301/ШШ2026/00221
301/ШШ2026/00221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бямбаахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Э сум, ......... дүгээр багт байрлах А аймгийн Ц газар /РД:.... /-ын хүсэлттэй,
“Б.Сыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, гуравдагч этгээд Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч А аймгийн Ц газар нь “Б.Сыг архины албадан эмчилгээнд явуулах тухай” хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Бн С /....../ нь ...........багийн иргэн Бн С нь байнга архидан согтуурч, бүлэг бөөгнөрөл үүсгэж өөрийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл байдал үүсгэж байгаа бөгөөд согтуурах донтой нь эмнэлгийн магадлагаагаар 3 дугаар зэргийн донтолттой байх тул Б Сыг архины албадан эмчилгээнд явуулах саналтай байна. Архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг ар гэрийнх нь зүгээс буюу Б.Сын төрсөн дүү нь Ц газарт гаргасан. Хүсэлтийн дагуу тухайн иргэнийг эмнэлгийн байгууллагад үзүүлээд донтох өвчтэй эсэхийг шалгуулахад 3 дугаар зэргийн буюу хамгийн өндөр эрсдэлтэй гарсан. Эргүүлээр явж байхад тухайн иргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдол цөөнгүй байдаг байсан. Худаг, гудамж, дэлгүүрийн үүдэнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ сууж байдаг. Б.Сын ээж гэртээ ганцаараа байх нь байдаг, түүнийг албадан эмчилгээнд явчихвал хоёр эмэгтэй дүү ээжийгээ асарч тойглоод байж байх боломжтой, энэ тал дээр ямар асуудалгүй гэдгээ хэлж, хоорондоо ярилцаж байсан. Архины эмчилгээнд яваад ирвэл бие нь сайжраад ирэх байх гэж бодож байна. Б Сыг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
2. Гуравдагч этгээд Б.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ээж Д.Х 74 настай хөл, гар өвддөг, архаг хууч өвчтэй. Би заавал архины албадан эмчилгээнд явалгүйгээр өөрөө архи уухгүй байж чадна. Архины гэм хорыг сайтар ухамсарлаж байна. Би уурхайд ажилладаг. Ээжийн бие тааруу байгаа болохоор ээжийгээ харах гээд энд байгаа. Хүсэлт гаргасан хүн бол манай төрсөн дүү. Манай төрсөн дүүгийн хүүхэд манайд байдаг. Гэр бүлийн дотор асуудлаас болоод бас зөрчилдөөн үүсдэг, үүнээс болоод намайг эмчилгээнд явуулах гээд байна ойлгож байна. Би ээжийгээ харж ханддаг. Намайг явчихвал харж хандах хүнгүй. Манай ээж гэрээсээ өөр газарт байх боломжгүй, дүүгийнд ч байх боломжгүй. Ар гэрийн хүсэлт гэвэл албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг манай ээжээс авах хэрэгтэй гэж бодож байна. Намайг албадан эмчилгээнд явуулахгүй байж өгнө үү гэв.
3. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
Хүсэлт гаргагчаас:
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар хувь,
- М.Сын албаны үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар хувь,
- Б.Дийн Архангай аймгийн Ц газарт гаргасан өргөдөл,
- Архангай аймгийн ........ өрхийн эрүүл мэндийн төвийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 тоот албан бичиг,
-Б.Сын “миний бие архины албадан эмчилгээнд явахгүй” гэх Ц газарт гаргасан хүсэлт,
Гэрч Б.Дийн “Би 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн төрсөн ах Б.Сын талаар цагдаагийн байгууллагад хандсан. Миний төрсөн ах Б.С нь сүүлийн 10 орчим жил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байна. Нэг уухаараа олон хоног үргэлжлүүлэн уудаг, өөрийн амь нас эрүүл мэндийг хайхардаггүй, гэр бүл ах дүү нарын зүгээс ах Б.Сыг архинаас гаргах эмчилгээнд удаа дараа хамруулж байсан. Одоогоор архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсээр байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж архины албадан эмчилгээнд хамруулах талаар хүсэлт гаргасан. Би өмнө архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргаж байгаагүй. Ямар нэгэн хууч өвчин байхгүй. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Архинаас гаргах эмчилгээ 1 удаа хийлгэж байсан. Харин архины хордлого тайлах эмчилгээ 6-7 удаа хийлгэж байсан. Манай төрсөн ах Б.С архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсноос хойш гадуур дэмий тэнэж бүлэг бөөгнөрөл үүсгэдэг архидан согтуурдаг иргэдтэй нийлдэг болсон. Энэ хүнийг ар гэр ах дүү нар нь хүчирхээ больсон. Иймд архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг
Холбогдогч Б.Сын “Би архи согтууруулах ундааны зүйлийг сүүлийн 10 жил гаран ууж байна. 2013 онд эхнэрээсээ салсан тэрнээс хойш архи нэлээн уудаг болсон. Тэгээд найз нөхөдтэйгөө нийлж уудаг. Би нэг охинтой хааяа охиноо санаад архи уудаг. Ер нь миний архи уудаг гол шалтгаан нь гэр бүл салалт болон найз нөхдийн хүрээлэл надад их нөлөөлж байгаа. Би өмнө нь архинаас гаргах тариа нэг удаа хийлгэж байсан. Би сүүлийн үед архинаас гарах бодол төрдөг болсон. Би өмнө нь сайн дураараа архинаас гаргадаг тариа хийлгэж байсан. Тэр тариаг хийлгээд бараг 1 жил архи уугаагүй. Тэрнээс хойш архинаас гарах оролдлого хийж байгаагүй. Манай ах дүү нар намайг архинаас гаргах оролдлого олон удаа хийж байсан. Эмнэлгийн байгууллагад архины хордлого тайлах эмчилгээ хийлгэж байсан. Би өмнө цагдаагийн байгууллагад 3-4 удаа эрүүлжүүлэгдэж байсан. Би архи уугаад гудамж талбайд тасарч унаж байсан тохиолдол хэд хэд гаргаж байсан. Би нэг уухаараа 2-3 хоног дараалан уудаг. Би архины албадан эмчилгээнд явахгүй” гэх мэдүүлэг,
- 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б Сын согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтэнд: бодит үзлэг-мичиган сорилд архины хараат байдлын тест 38 оноо III үе, эмнэлзүйн онош, хүндрэл F 10.2 архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг даслын хамт шинж,
- Б.Сын “М” оношилгооны тест
- 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл,
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 тоот тодорхойлолт,
- Б.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа,
- Хэсгийн байцаагчийн тэмдэглэл,
- Б.Сын иргэний үнэмлэхийн мэдээлэл,
- Б.Сын гэмт хэрэг зөрчлийн лавлагаа, мэдээллүүд зэрэг баримтыг гаргаж өгсөн болно.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А аймгийн Ц газар нь Б.Сыг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж заасан.
А аймгийн Ц газар нь Б.Сыг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг түүний төрсөн дүү Б.Дээс хүлээн авч, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Засаг дарга, өрхийн эмч нараас мөн хүсэлтүүд ирүүлжээ. Хүсэлт гаргагч Архангай аймгийн Ц газар нь хүсэлтийг хүлээн авч, ......... нэгдсэн эмнэлэгт эмчийн үзлэг, шинжилгээ хийлгэж, архинд донтох эмгэг өвчтэй болохыг тогтоолгосон, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4-8 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хийж, зохих баримт бичгүүдийн бүрдүүлж шүүхэд ирүүлсэн байна. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчлэхийг хориглох нөхцөл тогтоогдоогүй.
Гуравдагч этгээд Б.С нь байнга архидан согтуурч, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ удаа дараа зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан болох нь ЦЕГ-ын гэмт хэрэг зөрчлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул согтуурсан мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзэх үндэслэлтэй.
Мөн гуравдагч этгээд Б.С нь согтуурах донтой, III үе, F 10.2 архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг даслын хамт шинж гэсэн дүгнэлтийг Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлэг гаргасныг нь танилцаад сайн дураараа архины эмчилгээ хийлгээгүй бөгөөд түүний шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар сайн дураараа эмчлүүлэхээс татгалзаж байгаа нь тогтоогдож байна.
Иймд гуравдагч этгээд Б.Сыг архины албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна гэж үзэж А аймгийн Ц газрын хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч А аймгийн Ц газрын хүсэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар Х овгийн Б С /ИБД:.........../-ыг архины албадан эмчилгээнд явуулсугай.
2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс Б.Сыг албадан эмчилгээнд хүргэх ажиллагааг А аймаг дахь .... газарт даалгасугай.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар гуравдагч этгээд Б.Сыг албадан эмчлэх шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүд, төрөл садан хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг А аймгийн Ц газарт даалгасугай.
4. Хүсэлт гаргагч А аймгийн Ц газрын хүсэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БЯМБААХҮҮ