| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0304/Э |
| Дугаар | 666 |
| Огноо | 2018-08-03 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 666
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Б.Г даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Д.Ганчимэг,
Хохирогч /иргэний нэхэмжлэгч/ “ААА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Гт холбогдох 1708025790317 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Г нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ААА” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 13.899.216 /арван гурван сая найман зуун ерэн есөн мянга хоёр зуун арван зургаа/ төгрөгийн үнэ бүхий бараа материал, бэлэн мөнгө дутагдуулж, бусдын итгэмжпэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Б.Г нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ААА” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 13.899.216 төгрөгийн үнэ бүхий бараа материал, бэлэн мөнгө дутагдуулж, бусдын итгэмжпэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан болох нь:...
Хохирогч /иргэний нэхэмжлэгч/ “ААА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ГЭгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Г нь 2017 оны 03 дугаар сард тус компанид худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. Манай компани нь гадаадаас импортын бараа оруулж ирж харилцагч байгууллагууддаа түгээдэг. Үүнийг Б.Г хийдэг байсан ба бараагаа харилцагч байгууллагуудад өгөөд мөнгийг нь бэлнээр авдаг байсан. Б.Г тухайн үедээ мөнгөө бэлнээр авсан мөртлөө санхүүгийн анхан шатны баримтыг бичиж өгөхдөө уг харилцагч байгууллага нь мөнгөө дараа дансаар шилжүүлнэ гэж бичиж өгдөг болсон. ...Б.Г нь манай компанид ажилд орсон эхний хэдэн сар мөнгөө тушааж байсан ба ажиллах хугацаандаа санхүүгийн зөрчил гаргаж арга хэмжээ авахуулж байсан. Сүүлийн хэдэн сарын зарим нэг харилцагч нарын мөнгийг өөрийнхөө хувийн данс руу хийлгүүлж хувьдаа завшсан. Дархан О гэдэг харилцагчид 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нийт 2.368.970 төгрөгийн 20 гаруй нэр төрлийн хүнсний бараа өгсөн, зарлагын баримт бичээд нэхэмжлэх бичээгүй зарлагын доод талд зээл дансаар гээд Б.Г нь манай байгууллагын дансыг бичих байтал өөрийнхөө хувийн дансаа бичээд үлдээсэн байсан. Уг зарлагын баримтан дээр Дархан О гэсэн нэр байх боловч харилцагч байгууллагын нэр байхгүй, холбогдох утсыг бичээгүй байсан тул холбогдож чадаагүй. Б.Гаас уг О гэгчийн дугаарыг асуухад манай харилцагч Амар дэлгүүрийн худалдагчийн дугаарыг өгсөн байсан. ...Тухайн үед уг дугаар луу залгахад “маргааш мөнгийг чинь шилжүүлнэ” гэж хэлээд утсаа салгаад байсан. 2 хоногийн дараа дахин залгаад төлбөрөө барагдуулах талаар шаардлага тавихад “би наад харилцагч чинь биш ээ. Улаанбаатар хот, 7 буудалд байрлах Амар дэлгүүрийн худалдагч байна, Б.Г намайг энэ дугаараас залгавал маргааш мөнгийг чинь шилжүүлнэ гэж хэлээд өгөөч гэж гуйсан болохоор тэгж хэлсэн юм” гэж хэлсэн. ...Б.Г нь Дархан О гэдэг харилцагчид 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2.875.360 төгрөгийн хүнсний бараа өгсөн зарлагын баримтыг нэхэмжлэхийн хамт бичиж өгсөн байсан. Уг нэхэмжлэх дээр манай байгууллагын данс байсан боловч манай байгууллагын данс руу уг мөнгө ороогүй. Дархан Э гэгчид 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 665.000 төгрөгийн бараа өгч зарлагын баримт бичиж өгөөд баримтанд данс бичээгүй мөртлөө дансаар гээд хуурамч баримт бичсэн байсан. Дархан Э гэдэг баримтанд мөн холбоо барих утас, байгууллагын нэр байхгүй байсан. Б.Гаас уг дугаарыг асуухад нэг дугаар хэлээд тэр нь холбогдохгүй байсан. Смарт нэртэй Улаанбаатар хотод байдаг дэлгүүрт 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1.049.280 төгрөгийн бараа нийлүүлсэн баримт бичиж өгсөн байсан. Уг баримтын дагуу Смарт дэлгүүрт би өөрөө очиж уулзахад Смарт дэлгүүр нь дээрх зарлагын баримтанд тусгагдсан бараа ерөөсөө аваагүй гэсэн. Мөн уг дэлгүүрт 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 321.590 төгрөгийн бараа өгөөд мөнгийг нь тухайн үедээ бэлнээр авсан байсан. Ф нэртэй Улаанбаатар хотод байдаг дэлгүүрт 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 459.400 төгрөгийн бараа, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1.330.000 төгрөгийн бараа өгсөн зарлагын баримт нэхэмжлэхгүй, утас, байгууллагын нэр байхгүй хоосон баримт бичиж өгсөн. ...Б.Г нь манай байгууллагад худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд нийт 22 сая гаран төгрөгийн хохирол учруулаад өнгөрсөн хугацаанд төлж барагдуулаад одоо манай байгуулагад 13.899.216 төгрөгийн хохирод үлдээд байгаа. Б.Г нь 09, 10 дугаар сарын цалин урамшуулал, амралтын мөнгөнд 948.294 төгрөг, анх ажилд ороход барьцаа гэж 1.000.000 төгрөг зэрэг нийт 1.948.294 төгрөгийг манай байгууллагын зүгээс Б.Гт өгөх ёстой. Үүнийг Б.Гын манай байгууллагад төлөх ёстой мөнгөн дүн болох 13.899.216 төгрөгөөс хасаж, 11.950.922 төгрөгийн хохирлыг Б.Г нь учруулсан бөгөөд өөрөө үүнийг хүлээн зөвшөөрч манай байгуулагад хүсэлт гаргаж, тооцоо нийлсэн акт үйлдэн баталгаажуулсан... гэх мэдүүлэг /хх-46-48, 49-50/
“ААА” ХХК-ийн зарлагын баримтууд /хх-9-17/
Тооцоо нийлсэн акт /хх-18/
“ААА” ХХК-ийн захирлын “Б.Гын ажилд авах тухай” тушаал /хх-24/
“ААА” ХХК-ийн худалдааны төлөөлөгчийн ажлын байрны тодорхойлолт /хх-25-29/
“ААА” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ /хх-30-31/
“ААА” ХХК-ийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-32/
Б.Гын хувийн байдлын талаар:
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 59х/
Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 64х/
Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-60/
Шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би “ААА” ХХК-д 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс үндсэн ажилтнаар худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Би харилцагч байгууллагуудад бараа түгээж баримт бичиж зарим нэг байгууллагаас тухайн бүрт нь заримаас нь мөнгийг зээлээр бараа өгдөг байсан. Миний хувьд Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүргийн нутагт байрлах хүнсний дэлгүүр, зарим нэг жижиг захуудад бараа нийлүүлдэг байсан. Мөн Дархан, Говьсүмбэр аймаг руу тухайн аймгийн унаанд бараа өгч явуулдаг байсан. Би 2017 оны 09, 10-р саруудад байгууллагаасаа бараа болон мөнгөн тооцооны алдагдалд орсон уг нь манай байгууллага нь сар бүрийн 01-05-ны хооронд өмнөх сарынхаа үлдэгдэл тооцоо болон худалдааны төлөөлөгч нарын ажпыг дүгнэдэг байсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сард барааны дутагдал гэж 541.670 төгрөгийн хохирол учруулсан. Мөн оны 10 дугаар сард барааны дутагдал 194.576 төгрөгийн хохирол учруулж, мөн 10 дугаар сардаа харилцагч 7 байгууллагаас 9 удаагийн үйлдлээр нийт 11.950.922 төгрөгийн хохирлыг учруулсан. Энэ хохирлыг учруулахдаа харилцагч байгууллагуудад хуурамч падаан баримт бичин өгсөн байсан юм. Мөн үүнээс өмнө зарим нэг харилцагч байгууллагуудаас бэлэн мөнгө авсан байсан юм. 2017 оны 10 дугаар сарын сүүлээр байгууллагын санхүүгийн албатай тооцоо нийлэхэд миний нэр дээр 20 гаран сая төгрөгийн дутагдал гарсан байсан юм. Үүнээс зарим нэг байгууллагуудаас мөнгийг нь авч өгч одоо 11.950.922 төгрөгийн хохирол учруулсан байгаа. Үүнийгээ хугацаа тохирч төлөхөөр болсон байгаа...гэх мэдүүлэг /хх-76/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Гыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Г нь “ААА” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан худалдааны төлөөлөгчийн ажилд томилогдон ажиллахдаа байгууллагын эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад анхааралтай хандаж, хувийн зорилгодоо ашиглахгүй байх талаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй тухайн эд хөрөнгийг бусдад хохирогч байгууллагын зөвшөөрөлгүй, нууцаар зарж борлуулан өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан болох нь хохирогч/иргэний нэхэмжлэг/ “ААА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ГЭгийн мэдүүлэг, “ААА” ХХК-ийн зарлагын баримтууд, тооцоо нийлсэн акт, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсоноос гадна шүүгдэгч Б.Г нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч /иргэний нэхэмжлэгч/ “ААА” ХХК-д 13.899.216 төгрөгийн хохирол учруулсанаас 1.450.922 төгрөгийг төлсөн бөгөөд үлдсэн 10.500.000 төгрөгийг цаашид төлж барагдуулах талаар эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул 10.500.000 төгрөгийн хохирлыг түүний хувийн байдал, хөрөнгө орлого, бусад нөхцөл байдлыг харгалзан Б.Гаас 8 сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч /иргэний нэхэмжлэгч/ “ААА” ХХК-д төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэсэн болно.
Бусад асуудал
Шүүгдэгч Б.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Гыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гаас 10.500.000 төгрөгийг 8 сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч /иргэний нэхэмжлэгч/ “ААА” ХХК-д олгосугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Г