| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0706/Э |
| Дугаар | 725 |
| Огноо | 2018-08-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 725
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч М.Б нарыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц овогт М Б-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808034290892 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр иргэн Ч.Г-тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
- Ч.Г-ээс цагдаагийн байгууллагад гаргасан гомдолд:...- Ч.Г хүнд зодуулчихлаа... гэх /хх-2/
- хохирогч Ч.Г-лийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Б бид хоёр хамт явж байтал найз Б Сонсголонгийн оройлцоо үл таних хоёр хүнтэй зодолдоод байхаар нь салгаад нөгөө хоёр хүнийг явуулсан. Б хашаандаа юм яриад зүгээр сууж байснаа гэнэт л миний нүд рүү цохисон... гэх мэдүүлэг /хх-11-12/
- гэрч Ч.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед манай ахын гэрт манай ах Ч.Гийг хүнд зодуулсан байдалтай авчирч өгөөд нөгөө хоёр хүн нь “бид хоёр зодоогүй, Т Б гэх хүн зодсон” гэсэн. Ах хүнд зодуулсан байдалтай нүүр хэсэг нь хөх туяатай, цус болсон, хавдсан байдалтай ирсэн... гэх мэдүүлэг / хх-8-9, 10/
- гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай хүү Б найз Г-тэй уулзана гээд гарсан. Тэгээд 19 цагийн үед найз Г-ийг дагуулж ирсэн. Г надтай золгоод би цай хоол хийж өгөөд бид нар юм яриад суусан. Манай хүү Б найз Г-ийн хамт нойл орно гээд гарсан. Би хөл муутай болохоор араас нь гараагүй, юунаас болж зодолдсон талаар мэдэхгүй бас яагаад зодолдсоныг нь хараагүй. ...манайд тэр хоёр 1 шил архи уусан. Г-ийг хүү Б-тай хамт би гэрт нь хүргэж өгсөн. Б-ыг Т, Б гэж дууддаг. Г-ийг гэрт нь хүргэж өгөхөд хамар, амнаас нь цус гарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-13/
- гэрч М.Б-н мөрдөн байцаалтад өгсөн:... манай ах Б “ах нь цагдаа дээр асуудалтай болчихлоо, ах нь Г-тэй хамт архи ууж байгаад Гийг зодсон байна” гэсэн... гэх мэдүүлэг /хх-15-16/
- гэрч Н.М-н мөрдөн байцаалтад өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай хүү Б найз Г-ийн хамт манайд ирсэн. Г ирэхдээ 1 шил архи, сүү, чихэр, боов барчихсан ирсэн. Тэгээд хоол хийж өгөөд тэр 1 шил архийг бид гурав хувааж уусан. Б, Г хоёр нойл орлоо гээд гараад явсан, Тэр хоёрыг гараал би унтчихсан. Зодолдсон талаар би мэдэхгүй. Манай хүүг найзууд нь Т, Б гэж дууддаг...гэх мэдүүлэг /хх-20-21/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн::...Ч.Г-ийн биед нь тархи доргилт, зүүн нүдний дотор хананы хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүрний зөөлөн эдийн няцрал, баруун дээд, 1,2 дугаар шүд булгарал, угийн буйлны цус хуралт, дээд уруулын язарсан шарх, хэвлий, баруун гуя,шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх дүгнэлт /хх-22/,
- шүүгдэгч М.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр найз Г бид хоёр уулзалдаад дэлгүүр орж архи, ундаа, сүү, чихэр, боов гэх зүйл худалдаж аваад манай аавынд очсон. Тэгээд манай аавынд очоод манай ээж бид хоёрт хоол хийж өгөх зуур Г, манай аав бид гурав 0.75 литрийн “Соёрхол” нэртэй 1 шил архи хувааж уусан. Тэгээд бид хоёр хоол идчихээд манайд орж унтах гээд аавынхаас гарсан. Г бид хоёр манайд ороод юм ярьж сууж байгаад маргалдсан. Тэгээд би Г-ийг зодсон...гэх мэдүүлэг /хх-34-35/ болон шүүхийн хэлэлцүүлэг “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол төлбөрт 3.500.000 төгрөг төлсөн, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-60/ гэжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч М.Б нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 750 нэгж буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримт зэргээр тогтоогдох тул түүнд прокурорын саналын дагуу 750 нэгж буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж, оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудал
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт М-ийн Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 750 нэгж буюу 750.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-од оногдуулсан 750 нэгж буюу 750.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.