| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2532000690062 |
| Дугаар | 2025/ДШМ/114 |
| Огноо | 2025-11-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/114
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Б.Хишигсувд,
Шүүгдэгч Л.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганболд,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шийдвэрлэн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/88 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Л.*******д холбогдох эрүүгийн 2532000690062 дугаартай, 149/2025/0084/Э/208/2025/0079 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт *******ын *******, Монгол улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрх **** дүгээр баг **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай (РД:)
Шүүгдэгч Л.******* нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг холбоотолгой 1708 тоотод урьд хамтран амьдарч байсан Ж.*******тай “хүүхэд С.******* эмээтэй нь хонуулахгүй байна” гэх шалтгаанаар маргалдаж, гараараа нүүр, нуруу руу зодох, үсдэх зэргээр Ж.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: Л.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 2532000690062 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Л.*******ыг цагаатгаж,
Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, Л.*******ын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдан,
Л.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн цагаатгах тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдан,
Цагаатгагдсан этгээд нь цагаатгагдсан үндэслэлд гомдол гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдан,
Шүүхийн цагаатгах тогтоолыг улсын яллагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хишигсувд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай прокурорын эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
...Цагаатгах тогтоолыг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэрт заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Анхан шатны шүүх шүүгдэгч Л.*******ыг хохирогч Ж.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдохгүй байна. ...гэрч М.*******, Л.*******т нарын мэдүүлгээр хохирогч Ж.*******гийн мэдүүлэг няцаагдаж байна... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.******* нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй... Шүүх шинжилгээний дүгнэлт хооронд зөрүүтэй өөр өөр /хөнгөн хохирол учирсан, учраагүй/ гэж гаргасан нь эргэлзээ бүхий байгаа шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлтэй байна... гэж дүгнэж, шүүгдэгч Л.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган шийдвэрлэсэн.
Хэрэв шүүх дээрх дүгнэлтэд хүрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж нотлоогүй, хэрэгт мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянаагүй, тогтоогоогүй байна гэж үзсэн бол хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүх хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий байна гэсэн нь хоорондоо зөрчилтэй эрх зүйн дүгнэлт хийжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зохицуулсан. Энэ нь тухайн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан байхыг шаардах ба шалгасны эцэст шүүгдэгч гэм буруутай эсэх нь эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн ойлголт.
Шүүх ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөр өөр зохицуулалтыг нэгэн зэрэг баримталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгчийг цагаатгасан нь шүүхийн шийдвэр тодорхойгүй, эргэлзээтэй гарсан, хохирогчийн зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх ажиллагааг орхигдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхийн цагаатгах тогтоолд шүүгдэгч Л.*******ын гэр бүлийн гишүүн болох түүний ээж М.*******, хүргэн Л.*******т нарын мэдүүлгийг үнэлж, хохирогч Ж.*******гийн удаа дараа тогтвортой өгсөн 2 удаагийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн тайлбарыг үгүйсгэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогч Ж.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт дурдсан асуудал нь тус сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р тал/, гэрч Ж.*******гийн мэдүүлэг /хх- ийн 36-р тал/, шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаартай "хүний биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт" /хх-ийн 49-50-р тал/, 2025 оны 04 дүгээр сарын 29- ний өдрийн 1306 дугаартай "гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох" дүгнэлт /хх-ийн 59-60-р тал/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогддог тул хохирогчийг мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй гэж дүгнэх нь үндэслэлгүй бөгөөд дээрх нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан 6 шинжийг шалган тогтоосон.
Мөн гэрч Ж.*******гийн мэдүүлэг нь анхдагч нотлох баримтын шинжийг шууд хангахгүй боловч дамжмал нотлох баримтын шинжийг хангах бөгөөд шүүх цагаатгах тогтоолд гэрч Ж.*******гийн мэдүүлгийг ямар нотлох баримтаар үгүйсгэсэн талаар дурдаагүй байгаа нь тодорхой бус байна.
Хэрэгт авагдсан Ж.*******гийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтэст холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан зөрчлийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р тал/, хохирогч Ж.*******гийн “...Л.******* уурлаад надаас цүнхийг нь булааж аваад цаад том өрөө рүүгээ орсон. Би тухайн үед араас нь дагаж ороод цүнхийг авах гээд булаацалдах үед намайг үсдэж, цохисон. ...Л.******* тухайн үед гараараа миний нүүрэн тус газар, нуруу, чих рүү цохиж бас үснээс зулгаасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/, гэрч Ж.*******гийн “...00 цаг өнгөрч байхад Ж.*******гийн... нүд нь улайсан байдалтай нүдний доод хэсэгт бага зэрэг харласан байсан. Тэгээд надад “хамар болон толгой өвдөөд байна” гэж хэлсэн. Надад тухайн үед тодорхой зүйл хэлж яриагүй. Хадам ээжийнхээ гэрээс хүүхдээ авах гэж очоод ийм зүйл болсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаартай “Ж.*******гийн биед хамар ясны зүүн хажуу хана зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдсон. ... Шинэ болон хуучин хавсарсан хугаралтай болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.... Хамрын ясны шинэ хугарал гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-ийн 49-50-р тал/, нэмэлт шинжилгээ хийсэн 46 дугаартай дүгнэлтийн үндэслэлийг тодруулсан шинжээчийн мэдүүлэг /хх-ийн 48-р тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн анхдагч шинжээчийн дүгнэлтээр “Ж.*******гийн биед гэмтэл шарх тогтоогдоогүй” гэж дүгнэсэн дүгнэлтийн хувьд хохирогч Ж.******* нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гадна биедээ үзлэг хийлгэсэн болох нь тус дүгнэлтийн тэмдэглэл хэсэгт тусгагдсан байдаг бол 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаартай нэмэлт дүгнэлтээр хохирогч Ж.*******гийн толгойн томографын шинжилгээ хийлгэсэн баримтыг үндэслэн түүнд тухайн цаг хугацаанд буюу 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хөнгөн хохирол учирсан болохыг дүгнэсэн байна.
Гэтэл анхан шатны шүүх нь шүүх шинжилгээний дүгнэлтүүдийг хөнгөн хохирол учирсан, учраагүй гэж зөрүүтэй байгаа нь “эргэлзээ үүсгэсэн” гэж дүгнэсэн атлаа цагаатгах тогтоолд шинжээчийн дүгнэлтүүдийн аль нэг дүгнэлтийг нь эн нотлох баримтаар үнэлж, дүгнэсэн эсэх, эсхүл ямар нотлох баримтаар үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй, тодорхой бус байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэж хуульчилсныг зөрчсөн байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолд заана" гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Шүүх хэргийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2.5, 36.6, 36.9, 36.10, 37.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгосон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Үүнд:
“Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1 дэх хэсэг...” нь хуульд байхгүй зүйл, заалт хэрэглэсэн байх ба Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг нь “Давж заалдах шатны шүүхийн шүүгч энэ хуулийн 31.1-д зааснаас гадна анхан шатны шүүхэд шүүгчээр зургаагаас доошгүй жил ажилласан байна” гэсэн шүүгчид тавигдах болзол, шаардлагын агуулгыг илэрхийлсэн зохицуулалт байх тул хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.
Мөн Шүүх цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 2532000690062 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Л.*******ыг цагаатгасугай” гэж тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэн, илтэд үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Тухайлбал, шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн аль нэг заалтыг баримтлан цагаатгах талаар дүгнэх байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэж заасан шүүхийн шийдвэрийн эрх зүйн хэлбэрийг тодорхойлсон хуулийн зохицуулалтыг баримталж шүүгдэгч Л.*******ын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн байна.
Дээрх байдлуудаас дүгнэж үзэхэд анхан шатны шүүх ямар үйл баримтыг ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаа талаарх үндэслэлийг тодорхой дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагыг хангаагүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэж гэмт хэрэгт холбогдсон этгээдэд ял завшуулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй болно.
Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/88 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд дэмжиж оролцож байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...нотолбол зохих байдал мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг бүхий л нотлох баримтыг шалгасан боловч эргэлзээтэй гэх үндэслэлүүдийг зэрэгцүүлж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Эрх зүйн зохицуулалт зөрчилдөж байна гэж эсэргүүцэл бичээд уг үндэслэлээр шүүхийн шийдвэр тодорхойгүй байна, эргэлзээтэй байна гэж дүгнэсэн. Өмгөөлөгч үүнийг их ойлгомжгүй дүгнэж байна гэж үзэж байна. Дүгнэлтийн агуулга нь хэргийг дутуу шалгасан гэж шүүх дүгнэчхээд эцэслэж шийдвэрлэж байгаа нь буруу гэх байдлаар дүгнээд байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Прокурор гэмт хэргийн дуудлага мэдээлэл хүлээж авснаас хойш хяналтаа тавьсан. Мөрдөгчийн санал гаргасан. Уг саналыг прокурор хүлээж аваад яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Шүүх эцэслэн шийдвэрлэж байгаа нь буруу гэсэн байдлаар эсэргүүцэл бичиж болохгүй гэж ойлгож байна. Тодруулбал шүүх прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд шийддэг эрх зүйн зохицуулалттай. Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл нотолбол зохих байдал, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бүхий л нотлох баримтыг шалгасан боловч эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж эсрэг, өөр, өөр агуулгатай зохицуулалт биш гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Шүүгдэгч Л.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай, учир дутагдалтай байна гэж үзэж байна. Тухайлбал хохирогч Ж.******* анх мэдүүлэг өгсөн. Би Л.*******той 8 жил хамт амьдарсан. Том хүү ******* хөлд орсноос хойш намайг зодох болсон. Олон удаа зодож байсан. Зодохдоо дандаа толгой, нүүр лүү цохидог. Хамгийн сүүлд зоддог өдөр чих шуугиад юм сонсохгүй байсан. 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Л.******* нь миний нүүр лүү гараараа цохисон гэж тогтвортой мэдүүлсээр ирсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч үүнийг тогтвортой мэдүүлсэн. Мэдүүлгийнхээ эх сурвалжийг сайн мэдүүлж байгаа учир хохирогчийн мэдүүлэг нотлох баримт болно гэж үзэж байна. Мөн хавтаст хэргийн 59 дүгээр талд авагдсан 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ж.*******гийн биед хамар ясны хажуу хана зөрүүтэй, шинэ ба хуучин хугаралтай гэсэн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг нотолж байна гэж үзэж байна. Хавтаст хэргийн 29, 30 дугаар талд авагдсан насанд хүрээгүй гэрч Тулгын мэдүүлэг байна. Тулгын мэдүүлгээр 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр аав ээжийн нүүр, нуруу руу цохисон гэж товч тодорхой мэдүүлсэн. Өөрийн харсан зүйлийг үнэнээр нь мэдүүлгийг үгүйсгэх боломжгүй гэж бодож байна. Ж.*******гийн мэдүүлгээр Ж.*******гийн нүд нь улайчихсан байсан, нүдний доод хэсэгт нь бага зэрэг харалчихсан байсан. Надад хамар толгой өвдөөд байна гэж хэлж байсан. Тухайн үед өөр тодорхой зүйл яриагүй. Хадам ээжийнхээ гэрээс очиж хүүхдээ авах гэж байгаад ийм зүйл боллоо гэж мэдүүлсэн байдаг. Дээрх нотлох баримтуудаар Л.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Хэргийн нотлогдсон байхад хохирсон хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Тийм учраас цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Л.*******д холбогдох эрүүгийн 2532000690062 дугаартай хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын удиртгал хэсгийн Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтуудыг хасч, тогтоох хэсгийн хууль хэрэглээний заалтад өөрчлөлт оруулан бусад хэсгийг хэвээр үлдээж улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хангах хуулийн үндэслэлгүй гэж үзлээ.
2. Шүүгдэгч Л.******* нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг холбоотолгой 1708 тоотод урьд хамтран амьдарч байсан Ж.*******тай “хүүхэд С.******* эмээтэй нь хонуулахгүй байна” гэх шалтгаанаар маргалдаж, гараараа нүүр, нуруу руу зодох, үсдэх зэргээр Ж.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байх ба Сэлэнгэ аймгийн Мандал сумын Прокурорын газраас Л.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлууд болон шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь бүрэн дүүрэн нотлогдоогүй, гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд байсан бага насны хүүхэд болох С.Тулгаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хууль сануулан мэдүүлэг авсан тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй тул нотлох баримтаас хасч тооцсон байна.
Түүнчлэн хохирогч Ж.*******гийн мэдүүлэг нь эх сурвалжаа зааж чадаагүй, бусад нотлох баримтаар нотлогдоогүй, тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч М.*******, Л.******* нарын мэдүүлгээр түүний мэдүүлэг үгүйсгэгдсэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй хууль зүйн үндэслэлтэй, тухайн хэрэгт гаргасан шинжээчдийн хоёр удаагийн дүгнэлт нь эрс зөрүүтэй гарсан, сүүлчийн дүгнэлтээр хохирогчийн хамар ясны хугарал нь хуучин болон шинэ хугарал гэмтэлтэй гэж гарсан ба шинэ гэмтэл нь тухайн цаг үед учирсан гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, тухайн гэмт хэрэг гарсан байдал бүрэн нотлогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
3. Иймд Прокурорын газраас шүүгдэгч Л.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзээгүй тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.
Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удирдлага болгон тогтоох хэсэгтээ Шүүхийн тухай хуулийн холбогдолгүй зүйл заалтыг баримтлан шийдвэрлэснийг хасч, Тогтоох хэсгийн нэг дэх заалтанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 буюу “цагаатгах тогтоол” гарах заалтыг баримтлаж шийдвэрлэснийг мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 буюу “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх” хуулийн заалтыг баримтлан өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
1 дэх заалтыг:
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Шүүгдэгч ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 2532000690062 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Л.*******ыг цагаатгасугай” гэж өөрчлөлт оруулан бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ