| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/04442/И |
| Дугаар | 192/ШШ2026/02201 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2026/02201
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргын шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *************** Г.О /рд: ************/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *************** Ү.М /рд: ************/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 144,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Т хөтлөв.
/Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.О- нь хариуцагч Ү.М-ад холбогдуулан 144,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн ****УКО, SAIC-MGRX8 машинаа нотариатын гэрээгээр итгэн эрхээ шилжүүлсэн болно. Гэтэл гэрээний дагуу төлбөр тооцоогоо шилжүүлээгүй бөгөөд удаа дараа утсаар холбогдон мөнгөө нэхсэн ч тухай бүрт маргааш, ирэх 7 хоногт, өнөөдөр гэсээх өдийг хүрлээ. Сүүлдээ утсаа авахгүй гэрт нь очиж уулзаж байсан. Гэрээг 95,000,000 төгрөгөөр гэрээ хийснээс 5,000,000 төгрөгийг 2025.02.17-ны өдөр өгсөн. Гэрээний үлдэгдэл төлбөр 90,000,000, гэрээний дагуу хоногийн 0,5 хувийн алданги тооцож 54,000,000 төгрөг, нийт 144,000,000 төгрөгийг Ү.М-аас гаргуулна. Машиныхаа мөнгийг өсгөж ашиг олохоор хэд хэдэн хүнтэй ярилцсан боловч товлосон хугацаа өнгөрч мөнгөө өсгөж чадаагүй хохирсон гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: О- нь анх надтай машин зарагдахгүй байна зараад өгөөч гэхээр нь тухайн үед над дээр ажил гүйцэтгэж байсан хүнд 95,000,000 төгрөгөөр SAIC MGRX8 маркийн автомашиныг худалдсан. Гэтэл худалдан авсан хүн автомашины төлбөрийг төлөөгүй өдий хүрсэн. Миний бие автомашины төлбөрөөс 5,000,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 458070665 тоот данснаас Г.О-ын Хаан банкны ************тоот дансанд шилжүүлэн төлсөн байдаг. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан 144,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 3-4/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 5, 52-61/, Худалдах, худалдан авах гэрээ /хх 6-7/, итгэмжлэл /хх 27/, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, хавсралт /хх 47-51/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар /хх 29/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ /хх 35-36/,
5. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Хариуцагчийн хүсэлтээр Хаан банкны 29/235 тоот албан бичгээр нэхэмжлэгч Г.О-ын дансны хуулгыг гаргуулсан /хх 66-92/,
ҮНДЭСЛЭХ нь:
2. 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Г.О- нь хариуцагч Ү.М-ад холбогдуулан 144,000,000 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шүүхэд гаргасан шаардлагын хэмжээг 135,000,000 төгрөг болгон багасгасан.
Нэхэмжлэгч Г.О- нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Ү.М-тай 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулсан тул гэрээний үлдэгдэл төлбөрт 90,000,000 төгрөг, алданги төлбөрт 45,000,000 төгрөг, нийт 135,000,000 төгрөг гаргуулна.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Тухайн үед над дээр ажил гүйцэтгэж байсан хүнд 95,000,000 төгрөгөөр SAIC MGRX8 маркийн автомашиныг худалдсан. Гэтэл худалдан авсан хүн автомашины төлбөрийг төлөөгүй өдий хүрсэн гэж тайлбарласан.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Г.О- болон хариуцагч Ү.М- нар 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ. Уг гэрээгээр худалдагч буюу Г.О- нь ****УКО улсын дугаартай, SAIC MGRX8 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авагч буюу Ү.М-ад 95,000,000 төгрөгөөр худалдах, урьдчилгаа төлбөрт 2025.01.10-ны өдөр 15,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөрийн 40,000,000 төгрөгийг 2025.02.14-ний өдөр, эцсийн үлдэгдэл төлбөр болох 40,000,000 төгрөгийг 2025.03.25-ны өдөр төлөхөөр, тээврийн хэрэгслийн төлбөрийг бүрэн төлж дуусахаас өмнө бүртгүүлэн гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх, гэрээнд заасан хугацааа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна.
4.2. Хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн шүүхэд гаргасан тайлбартай харьцуулан судлахад тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч Г.О-, хариуцагч Ү.М- нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
4.3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч нь гэрээний дагуу тээврийн хэрэгслийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч нь гэрээний үнээс 5,000,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа баримтаар тогтоогдсон ба дээрх үйл баримтад зохигч маргаагүй.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг үгүйсгэх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн уг үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар үгүйсгэж чадаагүй байхаас гадна өөрийн татгалзлаа мөн зүйлд зааснаар баримтаар нотлоогүй.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэрээний үүрэгт үлдэгдэл 90,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.
4.4. Талууд гэрээний 3.5-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алдангийг хариуцагчаас шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ.
Гэрээний хариуцлага буюу алдангид 45,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасантай нийцнэ.
5. Дээрх үндэслэлээр хариуцагч Ү.М-аас нийт 135,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
6. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 832,950 төгрөгийг нөхөн төлүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ү.М-аас 135,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.О-ад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 877,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.М-аас 832,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.О-ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН