| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0634/Э |
| Дугаар | 667 |
| Огноо | 2018-08-03 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 667
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,
шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Д нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808012960618 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол Улсын иргэн
Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б, А.Д нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Зын Скай Вега А-860 маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.Б, А.Д нар бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Зын Скай Вега А-860 маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Л.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчим дэлгүүр орчихоод зам гараад гэр лүүгээ утсаар ярьж байтал нэг залуу миний...Скай Вега А-860 маркийн...гар утсыг шүүрээд зугтаасан...гэх мэдүүлэг /хх-8/,
- А.Д нь Скай Вега А-860 маркийн гар утсыг 2018.03.08-ны өдөр барьцаанд тавьсан байх тул “Бг барьцаат зээлийн газрын №8674 дугаартай баримтыг эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-48/,
- эд зүйлийн үнэлгээ /хх-67/,
- мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны:... Уг газраас чанх урагш 200 метр газрыг зааж уг газар эмэгтэйн гар утсыг булааж зугтаасан ... тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-35-36/,
- гэрч Т.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ажил дээрээ байхад орой 20 цаг өнгөрч байхад танихгүй залуу ганцаараа орж ирээд Скай Вега А-860 маркийн хар өнгийн утсыг 40.000 төгрөгөөр барьцаалсан. Би гар утсыг барьцаанд авахдаа тухайн хүний өөрийн бичиг баримтыг шалгаж үзэж авсан...гэх мэдүүлэг /хх-63-64/,
- шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... А.Д бид хоёр уулзаад тамхи татаад зам дагуу хамтдаа алхсан ба урд талд танихгүй эмэгтэй хүн гар утсаараа яриад явж байгаа харагдсан...бид хоёр ярилцаад урд явж байгаа эмэгтэй хүний гар утсыг булаая гэж ярилцсан...би булааж зугтаагаад гэр хорооллын гудамжаар А.Д бид хоёр хамт гүйсэн...Скай Вега маркийн гар утас байх шиг байсан…барьцаалан зээлдүүлэх газарт А.Дын бичиг баримтаар 40.000 төгрөгөөр барьцаалсан…мөнгийг бид хоёр дэлгүүрээс ундаа, тамхи аваад таксинд өгөөд дууссан...гэх мэдүүлэг /хх-33/,
- мэдүүлгийг газар нь шалгасан ажиллагааны ... танихгүй эмэгтэй хүн гар утасаараа яриад бид хоёрын урдуур алхсан. Тэгсэн манай найз Б.Б гар утсыг булаагаад зугтаая гэж хэлээд эмэгтэй хүний гар утсыг булаагаад зугтаасан...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-46/
- шүүгдэгч А.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Б.Б надад: би утсыг шүүрээд зугтаая, чи араас гүйгээрээ гэж хэлсэн. Удалгүй Б.Б урд явж байсан эмэгтэйгийн гар утсыг булаагаад гэр хорооллын гудамжаар орсон. Би араас нь гүйсэн…бид хоёр гэр хорооллын автобусны буудал дээр миний бичиг баримтаар уг дээрэмдсэн гар утсыг 40.000 төгрөгөөр барьцаалж, тамхи ундаа авсан…гэх мэдүүлэг /хх-44/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтооггдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б, А.Д нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг нотолж буй нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эргэлзээ, зөрүүтэй байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул гэмт хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 150.000 төгрөгийг төлсөн тухай мэдүүлсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн /хх-122-123/ байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 154 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх боловч уг асуудлыг дараах үндэслэлээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэв. Үүнд:
1. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тухайн оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаа нь нэгэн зэрэг ялтай байдлыг тооцох хугацаа болж байсан буюу Б.Бгийн тухайн гэмт хэргийнх нь ялтай байдлын хугацаа 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тоологдож байсан.
Гэвч 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн ба тус 2015 оны Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн ялтай байдлын талаарх 78 дугаар зүйлийг бүхэлд нь хассан, тийнхүү хассан нь өмнөх Эрүүгийн хуулийн ялтай байдлын зохицуулалт насан туршид нь хугацаагүй үргэлжлэх биш харин түүний эрх зүйн байдлыг дордуулан хэрэглэхгүй байх үндэслэл болох тул шүүгдэгчийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан тухайн гэмт хэрэгт ялтай байдалгүй болсонд тооцох үндэслэлтэй.
2. Мөн Б.Б 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан буюу ялтай байдал тоологдож эхэлсэн өдрөөс хойш 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдсөн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байсан нь 2015 оны Эрүүгийн хуулийн дагуу шүүгдэгчийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан гэмт хэрэгт ялтай байдалгүй болсонд тооцох үндэслэлийн шалгуурт нэгэн адил хамаарч байна.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар: хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн хувьд “тухайн оногдуулсан хорих ялыг тэнсэж” байсан, харин 2015 оны хуулиар зөвхөн “хөнгөн” ангиллын гэмт хэрэгт анх удаа үйлдсэн этгээдийн хувьд “хорих ял оногдуулахгүй”-гээр тэнсэж болохоор зохицуулсан байх тул тэнсэх тухай 2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуулийн зохицуулалтыг адилтгах буюу төсөөтэй хэрэглэх боломжгүй.
4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхэд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийг хэрэглэх, тайлбарлахад эргэлзээ гарвал тухайн асуудлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Иймд 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр шүүгдэгчийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ялтай байдалгүй болсонд тооцох үндэслэлтэй, харин өмнөх тухайн гэмт хэрэгт оногдуулсан эрүүгийн хариуцлагыг сэргээх үндэслэлгүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Б.Бд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, харин шүүгдэгч А.Дт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Бусад асуудал
Уг хэрэгт бимтүүлжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болох 1 хуудас бичсэн баримт бичгийг хэрэгт хавсаргасан, шүүгдэгч А.Д 7 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б, А.Д нарыг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 8 сар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Бгийн эдлэх 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Дт зан үйлээ засах сургалтанд хамрагдахыг үүрэг хүлээлгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
7. Уг хэрэгт бимтүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болох 1 хуудас бичсэн баримт бичгийг хэрэгт хавсаргасан, шүүгдэгч А.Д 7 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Б.Бг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тооцсугай.
9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих, шүүгдэгч А.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР