| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2531001640236 |
| Дугаар | 2025/ДШМ/115 |
| Огноо | 2025-11-11 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/115
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Д.Номин-Эрдэнэ,
Иргэний нэхэмжлэгч Ө.*******,
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг,
Шүүгдэгч Н.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.******* нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Н.*******д холбогдох эрүүгийн 2531001640236 дугаартай, 316/2025/0132/Э/208/2025/0085 индекстэй, 3 хавтас хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
***** овогт ийн *******, Монгол улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн ***** сум 3 дугаар баг, ******* ******* **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай (РД: *******)
Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг А0402 дугаартай авто замын тужийн нарсны хэсэгт Тоёота харриер маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдол эсрэг урсгал сөрөхийг хориглоно” , 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас Ө.*******гийн жолоодож явсан Тоёота альфард маркийн 88-85 СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч С.*******гийн эрүүл мэндэд зүүн 2,4,5,7 дугаар хавирганы хугарал, цээж, хэвлий, зүүн ташаа, хоёр гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Н.*******ын эрүүл мэндэд зүүн 5,6 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн хажууд талд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Н.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******* ургийн овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Дархан-Уул аймгийн Дархан сум дотор болон эдгээр сумдын хооронд зорчихоос бусад газарт зорчих эрхийг 8 /найм/ сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор солихыг анхааруулан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял шийтгэснийг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тоолон,
Шүүгдэгч Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******аас 44,155,000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ө.*******д олгон,
Хохирогч С.*******, Н.*******, иргэний нэхэмжлэгч Б. нар нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс, иргэний нэхэмжлэгч “Нэт капитал" ХХК-ний зээлийн ахлах эдийн засагч М. нь 8.030.000 төгрөг тус тус нэхэмжилснийг холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдан,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалган,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 Хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:
...Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦГ/184 дугаар тогтоолыг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шуудангаар хүлээн аваад эс зөвшөөрч, доорхи үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Номин-Эрдэнэ нь яллагдагч Н.*******д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчилж, 2025 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр 88 дугаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зорчих эрхийг хязгаарлах эрхийг 8 сарын хязгаарлах ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх цагаатгах талын нотлох баримтыг хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнээгүй орхигдуулсан. Тухайлбал:
Нэг. Цагаатгах талын нотлох баримтыг үнэлээгүй талаар:
Гэрч М. анхны мэдүүлэгтээ: “... Зам эвдрэлгүй байсан... Өөдөөс ирсэн жолооч мөргөсөн гэж бодож байна” гэж мэдүүлэг өгсөн. / ХХ-16/
Ө.******* анхны мэдүүлэгтээ “өөдөөс жижиг том 2 машин ирж явсан. Урд талын машин нь хажуугаар гараад явсан. Арын машинтай нь мөргөлдөөд миний машин ямар ч жолоодлогогүй, тоормос ажиллахгүй болоод өнхөрч явж байгаад мод мөргөөд хажуу талаараа нэлээн хазайгаад зогссон... миний машинтай мөргөлдсөн жолоочийн хэнэггүй анхааралгүй, байдлаас үүдсэн гэж бодож байна.” гэжээ. /23-24/
Хохирогч С.******* анхны мэдүүлэгтээ “жолоочийн арын суудалд суугаад явж байтал өөдөөс ирж байсан машин манай машин руу ямар их шахаж явж байна за гэж бодоод явж байтал тус тас гээд мөргөлдөөд ард багажид ачсан байсан ном бусад зүйлс толгой дээгүүр нураад орж ирсэн... бид нар мөргөлдсөн машиныг яг ямар хүн жолоодож явсан бэ сайн шалгаасай гэж бодож байна” гэжээ. /ХХ 26-27/
С.******* хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “Миний хувьд хурд хэтрүүлээгүй бил ажлаас гарахын өмнө хэдэн км цагийн хурдтай явах, зорчигчдоо хэрхэн тээвэрлэх талаар аюулгүй байдлын зааварчилгаа өгсөн. Тийм учраас хурд хэтрүүлээгүй явсан 80 км цагийн хурд дотроо багтаж явсан... Миний зорчиж явсан машин замын зурвас давсан үйлдэл 142 хийгээгүй яг өөрийнхөө эгнээнд явж байсан. Харин эсрэг урсгалын Альфард бидний зорчиж байсан эгнээ рүү шахаж орж ирсэн.”
Хохирогч Н.******* анхны мэдүүлэгтээ “жолоочийн хажуугийн сандалд суугаад явж байтал гэнэт өөдөөс машин шахаж орж ирээд мөргөлдөөд манай машин явж байгаад зогсохоор нь би машинаас буугаад... Бид нартай мөргөлдсөн машинд явж байсан настай ахыг машин барьж явсан хэвийн бус гэж бодож байна.” / ХХ-28-29/
Н.******* хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...эсрэг урсгалаас гэнэт хар Альфард загварын машин бидний зорчиж байсан эгнээ рүү шахаад ороод ирсэн. Тэгээд энэ чинь одоо солиотой согтуу юм биш үү гээд хэлэхийн завдалгүй ослын дэр дэлгэгдээд зам тээврийн осол гарсан. Тухайн осол маш хурдан бол өнгөрсөн.... Манай жолооч яг өөрийнхөө эгнээ байрандаа явж байсан. Тэгэхэд эсрэг урсгалаас хар альфард манай зөрөхөөр ойртох мөчдөө маш шахаж орж ирсэн. Тэгээд манай толь машины хажуу талыг хамаад аваад явчихсан... Альфард загварын зам руу шахаад ороод ирсэн. Тэгэхэд би дотроо ямар аймаар зам шахаж орж ирдэг юм бэ гээд дотроо бодтол түр тар гээд мөргөлдөөд зам тээврийн осол гарсан юм.” гэжээ. / 1-р XX-/
Хохирогч Б. “Миний бодлоор тухайн хар өнгийн альфард загварын машин замын цагаан зураас даж орж ирээд манай машиныг мөргөсөн гэж бодож байна. Яагаад гэвэл тэр машины явж байсан замын урсгалд 2 том нүх байсан бөгөөд тухайн машин нүх тойрч байгаад манай машиныг мөргөсөн гэж бодож байна...” гэжээ.
2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Хэргийн газрын нөхөн үзлэгээр “А” цэгээс 11,75 метр зайд 0,65м*0,95 метр диаметртэй, 5см гүнзгий нүх, “А” цэгээс 7,90 метр зайд, 0,56 м*0,85 метр диаметртэй, 4 см гүнзгий хурц ирмэг бүхий, дараалсан байрлалтай 2 нүх жолооч Ө.*******гийн жолоодож явсан Альфард маркийн тээврийн хэрэгслийн эгнээнд байсан нь тогтоогдсон. /1-р ХX-21-27/
Хэргийн газрын анхны үзлэгт дээрх том хэмжээний 2 нүхийг тусгаагүй орхигдуулсан талаараа цагдаагийн ажилтан Ж. гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэл өөрчлөхгүй, осол гарахад нөлөөлөхгүй, гүнзгий биш асфальтан өнгөн хэсэг нь бага зэрэг хууларсан байсан учир тусгаагүй” гэсэн нь замын эвдрэлийн бодит байдалтай нийцдэггүй ба анхнаасаа нэг талыг барьж, ослын газрын үзлэг хийснийг харуулдаг. Учир нь альфард машины явж байсан урсгалд байсан дээрх дараалсан 2 нүх нь машинууд заавал тойрч гарахаас аргагүй гүнзгий, том нүхнүүд байсан бөгөөд ийнхүү тойрох тохиолдолд машины зүүн талын 2 дугуй замын голын цагаан шугамыг давж эсрэг урсгал ордог. Хэрвээ нүхнүүдийг тойрохгүй дайрч гарсан тохиолдолд машины жолоодлого алдагдах, дугуй хагарах хэмжээний том нүхнүүд байсан. Энэхүү үйл баримтаар альфард маркийн жолооч Ө.*******д дээрх 2 нүхийг тойрч эсрэг урсгалд орох шаардлага байсан бол Хариер маркийн машины жолооч Н.*******ын явж байсан эгнээнд замын эвдрэл гэмтэл байгаагүй тул эсрэг урсгал руу орох шаардлага байгаагүй болох нь тогтоогдсон.
Дээрх байдлаар Альфард маркийн тээврийн хэрэгсэл цагаан зураас давж орж ирсэн, Хариер маркийн тээврийн хэрэгсэл эгнээ байрандаа явж байсан гэх С.*******, Н.*******, Б. нарын гэрч, хохирогчоор өгсөн тогтвортой мэдүүлгүүд нь хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэлээр давхар нотлогдсон.
Гэтэл Альфард маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ө.*******, түүний нөхөр М. нар нь анхны мэдүүлэгтээ зам дээр нүх байсан талаар мэдүүлээгүй байх ба өөдөөс ирсэн жолооч мөргөсөн гэж “бодож байна” гэж ослын талаар өөрсдийн бодол, төсөөллийг ярьсан байдаг уг бодол төсөөллийг үндэслэн “А” цэгийг тогтоосон байдаг.
Хоёр. Шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй талаар:
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Цэндсүрэн, М.Сүхбат, Г.Мядагмаа нарын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2400 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Toyota Alphard маркийн 88-85 СББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ....зүүн урд хажуу хэсгээр шүргэлцэн мөргөлдсөн байх үндэслэлтэй”, 4-д “...2 тээврийн хэрэгслүүд зүүн урд хэсгээр шүргэлцэн мөргөлдсөн байх үндэслэлтэй байна. 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөх үеийн байрлалыг зураг №17-д тоймлож харуулсан” гээд зураг №17-д 2 тээврийн хэрэгсэл өөд өөдөөсөө эгцээрээ тус тусын зүүн урд булангаараа мөргөлдсөн мэт зураг үйлдсэн нь эргэлзээтэй гэж үзэх доорхи үндэслэлүүд байна. Үүнд:
2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн гэрэл зураг 18,19,21-д Тоёото Хариер маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд талын их гэрэл хоногоосоо гарсан боловч хагараагүй бүтнээрээ байсныг бэхжүүлсэн байдаг. /1-р ХХ-12,/
2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаартай шинжээч О.Бямбажавын Шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн №11, 17-д зүүн урд талын их гэрэл бүтнээрээ байгааг бэхжүүлсэн байна. Нүүрэн талын зүүн буланд зүүн хажуугийн урд хэсэгт байршдаг тул хэрвээ Хариер маркийн ******* ******* дугаартай тээврийн хэрэгсэл зүүн урд талаараа мөргөлдсөн бол хамгийн түрүүнд зүүн урд их гэрлээрээ тулж их гэрэл болон нэмэлт гэрэл хагарах ёстой байтал хагараагүй байх ба зөвхөн доргилтын улмаас хоногоосоо мултарч гарсан байна. /1-р ХX-184/
Гэтэл 2024 оны 6 сарын 17-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...зүүн урд гупер зүүн талын нэмэлт гэрлээсээ мултарч салж үгүй болсон мөн тухайн хэсгийн нэмэлт гэрэл хоногноосоо салж зүүн кирлан хэсгийн дотор талд байрших бөгөөд мөн л тухайн автомашины ослын дараахи бодит хагарч цуурсан зүйлгүй” гэсэн нь байдалтай нийцээгүй байдаг.
Зүүн урд талын их гэрэл, нэмэлт гэрлүүд хагараагүй бүтэн үлдсэн дээрх нотлох баримтаар Тоёото Хариер маркийн тээврийн хэрэгсэл урд талаараа буюу тодруулбал зүүн урд хэсгээрээ мөргөлдөөгүй, харин зүүн урд гэрлийн хойхно хэсэгт буюу зүүн крыло болон дугуй хэсэгт зүүн урд хажуу талаасаа мөргүүлсэн нь тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл зөвхөн урагшаа явдаг болохоос хажуу талаараа явдаггүй тул Альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөгүй, харин хажуу талаасаа мөргүүлсэн үйл баримт тогтоогдсон.
Иймд 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн №2400 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалын нотлох баримтуудад үндэслэн зам тээврийн осол хэрэгт 2 тээврийн хэрэгслүүд зүүн урд хэсгээр шүргэлцэн мөргөлдсөн байх үндэслэлтэй байна. 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөх үеийн байрлалыг зураг №17 тоймлож харуулсан” зураг нь алдаатай зураг болох нь тогтоогддог. /1-р ХХ-237/
Мөн Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээч С.Дарханбаатарын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ЕГ0225/126 дугаар шинжээчийн дүгнэлтийн Toyata Alpard маркийн 88-85 СББ дугаартай автомашины “Air dag sensor”-ыг уншуулахад “жолооны хүрд 1,5 градусаас 0,35 секундэд -3 градус, 0 буюу мөргөлт авах үед -22,5 градус буюу зүүн дарсан мэдээлэл нь мөргөлдөх үед дугуйнд урдаас хойш шахагдах үед жолооны хүрд дарагдсан байх үндэслэлтэй мэдээлэлтэй байна” гэжээ.
Гэтэл Тоёото Хариер маркийн ******* ******* дугаартай тээврийн хэрэгслийн аюулгүйн дэрний удирдлагын хэрэгслийг BOSH CDR-900 төхөөрөмжид залган уншуулсан хүснэгтэд харуулсан өгөгдлийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128 дугаартай шинжээч Г.Мядагмаагийн дүгнэлтэд Шинжээчийн дүгнэлтэд “Хугацаа (секунд) автомашины аюулгүйн хийн дэрний компьютер нь ослын өмнөх 5 секундийн хугацааны үйл явдлыг бичиж хадгалдаг бөгөөд энэ тохиолдолд 4,7 секундээс бичиж эхэлсэн ба 1 секундийн үечлэлтэй үйл явдлыг тэмдэглэж үзүүлсэн байна. "0" цэг буюу (осол) гэх цэгт мөргөлдөх үйл явц эхэлсэн гэж ойлгоно” гэжээ.
Дээрх хоёр шинжээчийн дүгнэлтийг харьцуулан үзэхэд мөргөлдсөн гэх “0” секундээс өмнө тээврийн хэрэгслийн аюулгүйн дэрний удирдлагын хэрэгслийг уншуулсан мэдээлэл авагдсан гэж шинжээч Г.Мядагмаа үзсэн бол шинжээч С.Дарханбаатар нь мөргөлдсөн гэх “0” секундээс хойшхи мэдээлэл хадгалагдсан гэж зөрүүтэй дүгнэлт, тайлбар гаргаж байгаа нь шинжээчийн дүгнэлтүүдэд эргэлзээ үүсгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл төхөөрөмжөөр уншуулсан өгөгдөлд эргэлзэхгүй байж болох боловч уг өгөгдлийг яг эсрэгээр нь тайлбарлаж дүгнэлт гаргаж шинжээчдийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэхээс өөр арга байхгүй.
Гэтэл анхан шатны шүүх шинжээч С.Дарханбаатарын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ЕГ0225/126 дугаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч Н.*******ыг гэм буруутай гэж дүгнэхдээ өмгөөлөгчийн зүгээс “0” цэг буюу (осол) гэх цэгт мөргөлдсөнөөс хойшхи мэдээлэл хадгалагдахгүй, зөвхөн өмнөх мэдээлэл хадгалагдах боломжтой, энэ агуулгаар Alpard маркийн 88-85 СББ дугаартай автомашины жолооны хүрдний байрлал -22,5 градус буюу зүүн гар тийш 22,5 градус дарагдсан гэх мэдээлэл нь мөргөлдөхөөс өмнө уг машин замын цагаан зураасыг давж, эсрэг урсгалд орчихсон байсныг илтгэж байна гэж мэтгэлцсэнийг хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байна.
Түүнчлэн Toyata Alpard маркийн 88-85 СББ дугаартай автомашин зүүн урд дугуй хэсгээрээ Хариер маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйны хажуу талаас мөргөсөн байх ба энэ тохиолдолд мөргөлдсөн чиглэлийн эсрэг чиглэлд буюу баруун тийш дугуй дарагдах ёстой байтал машины дугуй мөргөлтийн улмаас зүүн тийш дарагдсан гэх шинжээчийн дүгнэлт нь физикийн хуультай зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл мөргөлдсөн чиглэлийн эсрэг чиглэлд дугуй дарагдах боломжтой болохоос мөргөлдсөний дагуу дугуй дарагдах боломжгүй болох нь техникийн мэдлэггүй хүнд ч ойлгомжтой байна.
Мөн шинжээч С.Дарханбаатарын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ЕГ0225/126 дугаар шинжээчийн дүгнэлтийн CDR-900 системийн мэдээллийн дата мэдээллийг харуулсан хүснэгт зураг №5 Steering input-ийн мэдээллээс гадна Yaw rate-ийн мэдээлэл авагдсан байхад Yaw rate-ийн мэдээллийг орхигдуулсан нь уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх бас нэг үндэслэл болдог. /2-р ХХ-161/ Учир нь:
Steering input нь жолооны хүрдний байрлалыг заах ба жолооны хүрдийг баруун тийш эргүүлбэл (+), зүүн тийш эргүүлбэл (-) утгыг заадаг.
Yaw rate нь тээврийн хэрэгслийн урд дугуйны эргэлтийн хурд бөгөөд градус/секундээр хэмжигддэг. Хэрвээ yaw rate нь 0-д ойр байвал, тээврийн хэрэгсэл нь шулуун замаар явж байна гэсэн үг. Хэрвээ энэ утга эерэг (+) байвал, тээврийн хэрэгсэл нь баруун тийш эргэж байгааг, харин сөрөг (-) утга байвал зүүн тийш эргэж байгааг илтгэдэг.
Yaw rate /урд дугуйны эргэлтийн өнцөг/ болон Steering input /жолооны хүрдний байрлал/ хооронд шууд хамааралтай ба steering input нь тээврийн хэрэгслийн yaw rate-ийг тодорхойлох гол хүчин зүйлсийн нэг юм. Жолоочийн хүрдийг эргүүлэх өнцөг (steering input) хэр их байх тусам тээврийн хэрэгсэл эргэлт хийх үед yaw rate нэмэгдэх бөгөөд энэ нь тээврийн хэрэгслийн тогтвортой байдлыг хангах болон аюулгүй байдалд нөлөөлдөг.
Шинжээчийн дүгнэлтийн зураг №5 хүснэгтээс харахад Yaw rate нь мөргөлдөхөөс өмнө -0,85 секундэд -0,98 градус /сек, 0,35 секундэд 1,95 градус/ сек, мөргөлдөх агшинд буюу 0 секундэд 4,39 градус/сек утгатай байх ба эдгээр өөрчлөлтүүд нь тухайн тээврийн хэрэгсэл зүүн тийш маневр хийх явцад урд дугуйны эргэлийн хурд маш эрчтэй өөрчлөгдөж, эсвэл тээврийн хэрэгсэлд тогтворгүй байдал үүссэнийг харуулж харуулдаг.
Иймд Yaw rate болон Steering input-ийн аль аль мэдээлэл уншигдсан байхад шинжээч нь зөвхөн Steering input-ийн мэдээллээр мөргөлдөхөөс өмнө 1 секундээс бага хугацаанд автомашины чигээрээ явж байсан, мөргөлдсөний дараа жолооны хүрд дарагдсан байна гэж дүгнэсэн нь шинжлэх ухаанч биш хэт нэг талыг барьсан эргэлзээтэй, бүрэн бус дүгнэлт болжээ.
Өөрөөр хэлбэл Steering input /жолооны хүрдний байрлал/ болон Yaw rate тээврийн хэрэгслийн урд дугуйны баруун зүүн тийш эргэх байрлал/ нь шууд харилцан хамааралтай байх ба аль алиных нь мэдээлэл төхөөрөмжид уншигдсан байхад нэг мэдээллийг нь орхигдуулж дүгнэлт гаргаж байгаа нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт болсноос гадна шинжээч дүгнэлт гаргахдаа тоног төхөөрөмжид уншигдсан мэдээллийг шинжээчдийн дүгнэлтэдээ тусгадаггүй орхигдуулдаг буруу практик тогтоож байна. Иймд дээрх шинжээчийн дүгнэлт илт эргэлзээтэй байхад шинжээчийн дүгнэлт гаргуулахгүйгээр гэм буруугийн талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний хувьд анх А цэгийг тогтоохдоо буруу тогтоочихсон гэх гомдолтой байгаа. Мөргөлдсөн гэх цэг дээр шороон замын уулзвар байдаг. Шороон замын уулзвар дээр машин дандаа орж гардаг. Орж гарсан машинаас шороо унаж таараа. Жоохон шороо байсан тэр дээр чиний машинаас унасан шороо гэж үзэж А цэгийг тогтоосон. Өмгөөлөгчийн саналыг дэмжиж оролцож байна гэв.
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
...Шинжээчийн дүгнэлт болон дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага дээр бодолцох зүйл байна гэж үзэж байна. Шүүгдэгчид Сайхан сумын нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрх хязгаарлах ялыг 8 сарын хугацаатай эдлүүлж байна. Гэтэл өнөөдөр зорчих эрх хязгаарлах ял оногдуулахдаа тодорхой баримттай байх ёстой. Нүхний тухай асуудал тодорхой хугацааны дараа өөрсдийнх нь хүсэлтээр 3 сарын дараа хийгдсэн. Уг хэрэг дээр нүхний тухай асуудал яригдахгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
...Анх мөргөлдсөн цагаас эхлээд Н.******* миний буруу, хоёулаа очоод төлбөрөө төлөөд үзье гэж ирсэн. Намайг хохироож байгаад гомдолтой байна гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтайгаар шүүх хуралдаанд оролцож байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, харьцуулан дүгнэсэн. Ингээд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Н.*******д холбогдох эрүүгийн 2531001640236 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
Прокуророос шүүгдэгч Монгол овогт ын *******ыг “Тээврийн хэрэгслийн жолооч, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үнэлж шийдвэрийн үндэслэл болгохгүй баримтуудаа дурьдан, бусад баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
3.Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг А0402 дугаартай авто замын тужийн нарсны хэсэгт Тоёота харриер маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдол эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас Ө.*******гийн жолоодож явсан Тоёота альфард маркийн 88-85 СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч С.*******гийн эрүүл мэндэд зүүн 2,4,5,7 дугаар хавирганы хугарал, цээж, хэвлий, зүүн ташаа, хоёр гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Н.*******ын эрүүл мэндэд зүүн 5,6 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн хажууд талд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өгсөн: “...Тухайн үед би Сүхбаатар чиглэл рүү явж байсан эсрэг урсгалаас хар өнгийн машин алсаас харагдаж байсан. Цагаан шугам руу ороод гараад явж харагдсан. Нөгөө машин эгнээ байраа засаад ирсэн ойртож ирээд гэнэт зам шахаад огцом шахаж манай машиныг мөргөсөн. Альфард явж байсан урсгалд 2 дараалсан нүх байсан тэр нүхийг дарж тойроод мөргөлдсөн. Миний явж байсан урсгалд янз бүрийн саад байгаагүй...” гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч өгсөн: “...Би арын суудалд сууж явсан учраас урдаас машин урсгал сөрж орж ирээд хамаад явсан мэдрэмж төрөөд урдаас хар машин орж ирж байсан ямар аймар шахаж орж ирдэг машин бэ гэж бодсон согтуу жолоочтой машин урсгал сөрж орж ирээд дайрчихлаа гэж бодсон...” гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний нэхэмжлэгч: “...Явж байтал 2 машин хөөцөлдөөд урдаас ирж байсан 1 замын наашаа гараад ороод явсан нөгөө машин ирээд мөргөсөн. Манай өвгөн мөргөчихлөө гэж хэлсэн. А цэг хаана байдаг юм тэр шороо хаана байдаг юм ойлгоогүй эгчээ яанаа уучлаарай гэж жолооч нь хэлсэн. Машинаас буухад би өвгөний дээрээс дарсан гарч чадахгүй мацаж байхад жижиг тэрэг ирсэн, тосол гоожиж байсан учраас гарах хэрэгтэй гэж бодсон....” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Г.Мядагмаа: “...А цэгийг тогтоохдоо гэрэл зургийн үзүүлэлт, зорчих хэсэгт байх шороон мөрийг тулгуурлан тогтоосон. А цэгийг тогтооход тооцооллын арга зүй ашиглах үндэслэл байхгүй. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд тулгуурлан тусгай мэдлэг болон ажиглалтын аргыг ашигласан” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч С.Дарханбаатар: “...1 градусаас 3 градус гэдэг бол огцом өөрчлөлт биш. 22 бол арай илүү огцом дарсан байдалтай ч юм уу би дүгнэлтдээ бичсэн байгаа л даа. Мөргөлдөх үед зүүн талаараа мөргөлдсөн, дугуйнд урдаасаа хүч үйлчлэх үед дугуй урдаасаа хойш шахагдаж зүүн тийшээ огцом дарагдсан, мөргөлт авах үед үрүүл дарагдсан мэдээлэл хамт бичигдсэн байгаа юм...” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.*******ын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Тэгээд Сэлэнгэ аймгийн нутаг Дэвсгэрт ороод 11 цагийн үед явж байтал эсрэг урсгалаас гэнэт хар Альфард загварын Миний бидний зорчиж байсан эгнээ рүү шахаад ороод ирсэн. Тэгээд энэ чинь одоо солиотой, согтуу юм биш vv гээд хэлэхийн завдалгүй ослын дэр дэлгэгдээд зам тээврийн осол гарсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-р тал/,
Хохирогч С.*******гийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд Сэлэнгэ аймаг орж байх замдаа Тужийн нарс гэх газрыг өнгөрч яваад эсрэг урсгалаас нэг хар тентэй хар өнгийн Альфард загварын зам руу шахаад ороод ирсэн тэгэхэд би дотроо ямар аймар зам шахаж орж ирдэг юм бэ гээд дотроо бодтол түр тар гээл мөргөлдөөд зам тээврийн осол гарсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-р тал/,
Иргэний нэхэмжлэгч Ө.*******гийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би осолд орсон машинаа орж ирснээр нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б. гэх хүнээс 76,000,000 төгрөгөөр худалдан авсан. ... Би яллагдагч талаар шинэ машин авхуулмаар байна. Би маш их сэтгэл санаагаар унаж байна. Сэтгэл санааны хохирол гаргуулах хүсэлтэй байна..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-р тал/,
Иргэний нэхэмжлэгч М.ын 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл Неткапитал ББСБ-ийн нэр дээр байдаг бөгөөд одоогоор тухайн тээврийн хэрэгсэл нь зээлийн үлдэгдэл гэж 8,030,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм аа тэр мөнгийг нэхэмжилж байна. Зээлтэй холбоотой баримтыг мэдүүлгийг ард хавсаргуулах болно. Би бол эмчилгээ хийлгээгүй. Зээлийн үлдэгдэл төлбөрийг төлүүлэх болно өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-р тал/,
Гэрч М.ын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...12 цагийн үед Сүхбаатар сумаас Дархан-Уул аймаг чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр Хайрган толгой гэх газрын ойролцоо явж байтал эсрэг урсгалаас 2 машин ирж явсан бөгөөд хойно нь явж байсан машин урд явж байсан машинаа гүйцэт түрүүлээд яваад өгсөн бөгөөд ард нь үлдсэн усан цэнхэр өнгийн Toyota harrier загварын хэрэгсэл өөрийн урсгалын зорчих хэсгээрээ явж байгаад манай машины явж байсан зорчих хэсгийн цагаан зураасыг гэнэт давж орж ирээд манай машины баруун талыг мөргөөд тухайн талын толь, гупер зэргийг хамаад аваад явсан. Уг мөргөлтийн улмаас манай машины дугуй хагараад жолоодлого алдаад явж байсан урсгалын эсрэг талын урсгалын замын хөвөө хэсэг рүү ороод хайлаас мод мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-100-р тал/,
Гэрч Ө.*******гийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би тус өдрийн 09 цагийн үед өөрийн эзэмшлийн Toyota alphard загварын 88-85 СББ улсын дугаартай, хар өнгийн тээврийн хэрэгслийг жолоодоод нөхрийн хамтаар Сүхбаатар сумаас Ерөө сум чиглэлтэй явсан юм. Тухайн үед манай нөхөр урд талын зорчигчийн суудалд сууж явсан. Барагцаагаар 10 цагийн үед Сүхбаатар сумаас Дархан-Уул аймаг чиглэлийн хатуу хучилттай асфальтан замаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нарсан дунд явж байтал Дархан-Уул аймгаас Сүхбаатар сум чиглэлийн замаар өөдөөс 2 тээврийн хэрэгсэл ирж яваа харагдсан. Урд явсан тээврийн хэрэгсэл нь манай машинтай зөрөөд дараагийн машин нь өөрийн урсгалаар явж өнгөрөх биш манай машины явж байсан замын урсгал руу цагаан зураас давж орж ирээд миний машины жолоочийн эсрэг тал буюу зүүн тал хэсэг рүү гэнэт түк гэх чимээ гаргаад мөргөөд ороод ирсэн. Уг мөргөлтийн улмаас жолоодлого алдагдаад манай машин өөрийн зорчиж явсан урсгалын эсрэг талын урсгал руу буюу Дархан-Уул аймгаас Сүхбаатар чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын хөвөө хэсэг рүү ороод мод мөргөөд зогссон Мөргөлтийн улмаас жолоодлого алдагдаад миний ухаан балартсан бөгөөд яаж яваад эсрэг талын урсгал руу орсон талаараа ч одоо мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-106-р тал/,
Гэрч Ц.гийн 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тус өдрийн 10 цагийн үед би нөхөр ын хамтаар Сүхбаатар сумаас Улаанбаатар хот явж байсан. Шаамар сумын нарсан дунд явж байтал 2 машин осолдож байгаа харагдсан бөгөөд Дархан- Сүхбаатар чиглэлийн замд хамар нь урд зүг рүү харсан байдалтай тод мөргөөд зогссон хар өнгийн альфард загварын баруун талаас буюу жолооч талаас нь хүн гарах гээд хаалгаа нээж чадахгүй байхаар нь хаалгыг нь нээж өгөхөд дотроос нь махлаг бүдүүн эмэгтэй сууж байсан бөгөөд зорчигч талд нь нэг эрэгтэй суудлын бүстэйгээ сууж байсан. Тухайн хүмүүс бид нарыг ирэхэд дөнгөж осолдоод дууссан юм шиг байна лээ. Жолооны хүрдтэй талд махлаг эмэгтэй сууж явсан. Тэгэхээр тэр эмэгтэй л жолоодож явсан байна. нөгөө эрэгтэй хүн нь жолоочийн эсрэг талд сууж явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-р тал/,
Гэрч О.ын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн эхнэр Ц.гийн хамтаар 96-96 СЭА улсын дугаартай приүс 41 загварын тээврийн хэрэгсэлтэй 10 цаг өнгөрч байхад Сүхбаатар сумаас Улаанбаатар чиглэлд хатуу хучилттай замаар Шаамар сумын нарсан дунд явж байхад цэнхэр өнгийг харрер загварын тээврийн хэрэгсэл осолд орсон байдалтай миний зорчиж явсан замын урсгал руу эсрэг зүг рүү буюу өөдөөс харсан зогсож байсан. Тэгээд цааш явахад хар өнгийн альфард загварын машин Дархан- Сүхбаатар замын хэсэгт ертөнцийн зүгээр урагш хамар хэсэг нь харсан байдалтай мод мөргөөд зогсож байхаар нь машинаа зогсоогоод туслах гээд очиход тухайн машины жолооч талаас махлаг бүдүүн эмэгтэй гарч ирэх гээд чадахгүй болохоор нь хаалгыг нь татаж онгойлгоод тухайн эмэгтэйг гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх 110-11-р тал/,
Гэрч Ж.гийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Осол болсон газар анх очоод анх мөргөлдсөн гэх цэгийг жолооч *******, ******* нараар заалгахад ******* нь зорчих хэсгийн баруун буюу Сүхбаатар сумаас Дархан-Уул аймаг чиглэлийн замыг заасан харин жолооч ******* нь замын голын тасархай зураас хэсэгт заасан. Жолооч нарын заасан цэг нь зөрсөн тул осол болсон газрыг шинжээч Мөнх-Эрдэнийн хамт нягталж үзэхэд тээврийн хэрэгслийн эвдэрсэн хэсгийн зорчих хэсэг дээр үүссэн хэлтэрхий, тээврийн хэрэгслийн доод хэсэгт тогтож наалдсан байсан шороо унасан байгаа байдал, 2 тээврийн хэрэгслийн дугуйн мөрний замд үүссэн ул мөр зэргийг үндэслэж анх мөргөлдсөн “А” цэгийн тогтоосон. Ослын зураг дээр зурсан байгаа дугуй мөр нь “А” цэгээс үүсээд замын нөгөө урсгалд орсон байгаа юм. Мөн тухайн дугуйн мөрийг шинжээчийн гэрэл зургийн үзүүлэлтээс харж болно. Тухайн мөр нь Toyota harrier загварын тээврийн хэрэгслийн мөр байгаа юм. “А” цэгээр заасан хэсэгт осол гаргаад тухайн зорчих хэсгээс гарч явж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-р тал/,
Монгол улсын зөвлөх инженер Ч.Жамбалнямбуугийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №48 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 123-124-р тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 132-133-р тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №4655 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 137-138-р тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №4653 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 144-145-р тал/,
Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №125 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 153-161-р тал/,
Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №644 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 163-166-р тал/,
Алтан жолоо ХХК-ийн шинжээч Ш.Бямбажавын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №27 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 176-180-р тал/,
Алтан жолоо ХХК-ийн шинжээч Ш.Бямбажавын 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №28 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 183-186-р тал/,
Дархан-Уул аймгийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн шинжээч С.Саруулболд, Д.Ягаан, Б.Мөнх-Эрдэнэ нарын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №150 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 206-р тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №2400 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 226-237-р тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №128 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 хх-ийн 147-148-р тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №ЕГ0225/126 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 хх-ийн 158-159-р тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183 дугаартай: гэх шинжээчийн дүгнэлт /2 хх-ийн 212-р тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 158 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 хх-ийн 217-р тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 157 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 хх-ийн 223-224-р тал/,
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /1 хх-ийн 06-р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 07-20-р тал/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1 хх-ийн 21-27-р тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1 хх-ийн 28-34-р тал/,
Осол болсон газрын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1 хх-ийн 35-38-р тал/,
Иргэний нэхэмжлэгч Ө.*******гийн мэдүүлгийг харуулсан зураглал /2 хх-ийн 108-110-р тал/,
Хохирогч Н.*******ын мэдүүлгийг харуулсан зураглал /2 хх-ийн 111-112-р тал/,
Хохирогч С.*******гийн мэдүүлгийг харуулсан зураглал /2 хх-ийн 113-114-р тал/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тухай /2-р хх-ийн 119-121-р тал/ зэрэг шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
4.Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид хуульд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 08 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.
5.Анхан шатны шүүхээс улсын яллагчийн зүгээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал оруулсан, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон, түүнийг давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
6.Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс “...шүүгдэгч Н.*******ын тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан 3 зорчигч өөдөөс ирж явсан альфард тээврийн хэрэгсэл өөрийн зорчиж явсан эгнээнээс эсрэг талын урсгал руу цагаан зураас давж орж ирж шүүгдэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байхад анхан шатны шүүх нотлох баримтуудыг буруу үнэлсэн” гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч энэ нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг болон бусад баримтуудаар нотлогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.
7.Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ