| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0544/Э |
| Дугаар | 672 |
| Огноо | 2018-08-06 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 672
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Ж.Энх-Амгалан,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А,
шинжээч Ю.А,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2017 2601 1196 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Г нь “Ч” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.2.2, 17.4, 27 дугаар зүйлийн 27.3.5, 27.4, 28.1 дүгээр зүйлийн 28.1.3, 28.1.4, 28.1.8, 28.1.14 дэх хэсэг, Монгол Улсын MNS 4929-2000 “сургалт зохион байгуулалт” стандартын 3.16, “Ч” ХХК-ийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам”-ын 7.4.1 дэх хэсэгт заасан хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “ИМ” ХХК-ийн хашаан дотор туслах ажилтнаар ажиллаж байсан А.Днь хайрга бутлагч машинд засвар үйлчилгээ хийж байгаад моторын туузан дамжуулагчид орооцолдож амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх-4-7, 11-16/,
- цогцосны биед гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх-9, 17-18/
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Аийн мөрдөн байцаалтад өгсөн:... А.Д нь миний 4 дэх хүү байгаа юм. Хүү маань 1998 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн. Бага насаа Хөвсгөлд өнгөрөөсөн. 1-3 дугаар ангидаа Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1 дүгээр сургуульд суралцаж байгаад 3 дугаар ангиасаа Хөвсгөл аймгийн Хилийн цэргийн ангид үлээвэр хөгжмийн ангид суралцаж байгаад Сайдын тушаалаар хүүхдийн орон тоо байхгүй болсны дагуу гарсан. Тэгээд ахин сургуульд суралгүй байж байгаад түрүү жилээс Улаанбаатар хотод орж ирээд уг карьерт ажиллах болсон...гэх мэдүүлэг /1х, хх-166/
- гэрч Ш.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн:...тухайн үед өрөөндөө дөнгөж орж ирж байтал “уначихлаа" гээд станцаар П хэлсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад “П.Д уначихлаа” гээд байсан. Тэгээд би үйлдвэр дээр очтол П.Д доошоо харсан, төмөртэй орооцолдсон, толгойн хэсэг нь задарчихсан байдалтай байсан. Тэгээд манай нятлан цагдаад дуудлага өгсөн...Ажилд гарахаас өмнө хөдөлмөр хамгааллын талаар сануулж гарын үсэг зуруулахгүй байгаа. Учир нь манай үйлдвэрт хөдөлмөр хамгааллын инженер байхгүй. Өмнө жил байдаг байсан боловч энэ жил тийм хүн байгаагүй...гэх мэдүүлэг /1х, хх-19, 167-168/,
- гэрч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:...тэр өдөр хоолондоо орчихоод П, П.Д бид гурав үйлдвэр дээр ажиллаж байсан...16 цагийн үед би 12-ны цэвэр хайргаа цаашаа талбай руу зөөгөөд явж байтал манай үйлдвэрийн оператор Тулгаа станцаар “П.Д уначихлаа” гээд байсан. Тэгээд тухайн үедээ бол ухаан алдаад л унчихсан юм байх гэж бодоод үйлдвэр лүү ортол конвер дээр П.Д толгойгоороо газар цохизсон юм шиг байдалтай тархи нь задарсан хөл нь нэг төмөр дээр тогтчихсон байдалтай байсан. Тэгээд үйлдвэрийн дарга ирээд эмнэлэг цагдаа нар дуудсан. Ажилд гарахаас өмнө хөдөлмөр хамгааллын талаар сануулж гарын үсэг зуруулдаггүй...гэх мэдүүлэг /1х, хх-20/,
- гэрч Ц.П мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 06 дугаар сарын 23-нд...би ирсэн шороог үйлдвэр лүү оруулж байгаад угаахын завсраар юм хартал нэг хүний хөл конвер дээр дээшээ гараад гацчихсан юм шиг байхаар нь гүйж очоод хартал манай туслах ажилтан П.Д доошоо хараад хэвтчихсэн тархи нь задарчихсан байдалтай байсан. Тэгээд би сандраад шууд үйлдвэрийн даргад станцаар хэлсэн, цагдаа дуудсан...Ажилд гарахаас өмнө хөдөлмөр хамгааллын талаар сануулж гарын үсэг энэ жил зуруулахгүй байгаа. Талийгаач тухайн конверыг түлхүүрээр янзлах ёстой байсан юм. Тухайн үедээ талийгаач түлхүүр авч очоогүй, хүрзээр янзлах гэж л байсан байх. Тэгээд л ийм асуудал болсон гэж бодож байна...Одоохондоо бол хувцасны хангалт өгөөгүй, бүх ажилчид энгийн муу хувцастай ажил хийж байгаа...гэх мэдүүлэг /1х, хх-21/,
- гэрч А.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 06 дугаар сарын 23-нд ...би ирсэн шороог үйлдвэр рүү оруулж байгаад угаахын завсраар юм хартал нэг хүний хөл конвер дээр дээшээ гараад гацчихсан юм шиг байхаар нь гүйж очоод хартал манай туслах ажилтан П.Д доошоо хараад хэвтчихсэн тархи нь задарчихсан байдалтай байсан. Тэгээд би сандраад шууд үйлдвэрийн даргад станцаар хэлсэн тэгээд цагдаа дуудсан...Ажилд гарахаас өмнө хөдөлмөр хамгааллын талаар сануулж гарын үсэг зуруулахгүй байгаа. Талийгаач тухайн конверыг түлхүүрээр янзлах ёстой байсан юм. Тухайн үедээ талийгаач түлхүүр авч очоогүй, хүрзээр янзлах гэж л байсан байх. Тэгээд л ийм асуудал болсон гэж бодож байна...Одоохондоо бол хувцасны хангалт өгөөгүй, бүх ажилчид энгийн муу хувцастай ажил хийж байгаа...гэх мэдүүлэг /хх-22/
- гэрч Л.Оын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ...16 цаг 38 минутын үед үйлдвэр зогссон. Тухайн үед станцаар “С ахаа үйлдвэр дээр юм уначихлаа” гэж сонсогдож байсан. Тэгсэн С ах шууд гараад машинаа асаагаад үйлдвэр лүү явсан. Харин би ажилчдын байрандаа тооцоогоо хийгээд сууж байсан. Тэгээд удалгүй С ах буцаж ирээд “П.Д унчихлаа” гээд шоконд орчихсон байдалтай орж ирсэн. Тэгээд бид нар сандралдаад түргэн цагдаад дуудлага өгсөн юм...Ажилд гарахаас өмнө хөдөлмөр хамгааллын талаар сануулж гарын үсэг энэ жил зуруулахгүй байгаа...Одоохондоо бол хувцасны хангалт өгөөгүй...гэх мэдүүлэг /1х, хх-42/,
- Ч ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1х, хх-38/
- Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн үйл ажиллагаа зогсоох тухай акт,
- ИМ ХХК болон Ч ХХК-ийн хамтран ажиллах гэрээ /1х, хх-63-67/
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам /1х, хх-76-78/,
- “ИМ” ХХК Хайрганы үйлдвэрийн ажилчдын ажлын байрны тодорхойлолт /1х, 204-208/,
- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №2017/05 дүгнэлтэд :
2. Монгол Улсын MNS 4969-2000 “Сургалт зохион байгуулалт” стандартын 3.16-д “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэж заасны дагуу туслах ажилтан А.П.Дт өдөр тутмын зааварчилгаа бичгээр өгөгдөөгүй байна. Ажлын байран дах өдөр тутмын зааварчилгаа бичгээр өгөгдөж байсан тухай баримт хавтаст хэрэгт тусгагдаагүй байна.
З. Монгол улсын “Хөдөлмөрийн тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ”Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно”, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.2-д ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын лавлах”-ыг ажил олгогч гаргах үүрэгтэй.
Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.2-т ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын лавлах”-ыг ажил олгогч гаргах бөгөөд ажлын байрны тодорхойлолтонд А.П.Дын гүйцэтгэх ажил үүргийг тодорхой зааж өгөх ёстой, ажлын байрны тодорхойлолт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Гэхдээ “Ч” ХХК-ийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам”-ын 7.4.1-д “Тухайн машин механизм, тоног төхөөрөмж дээр ажиллах, засварлах ажлыг эрхийн үнэмлэх бүхий үндсэн ажилтан гүйцэтгэнэ. Ажиллах заавар аваагүй бол өөрийн дураар ажиллаж болохгүй” гэж заасан байна.
4. “Ч” ХХК-ийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар баталсан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам”- ын 7.4-т “Машин механизм, тоног төхөөрөмжийн ойролцоо ажиллах үед, түүнчлэн туршилт болон засвар үйлчилгээ хийхэд дараах шаардлагуудыг баримтлана”
Үүнд: а/.7.4.2-т “Машин механизм, тоног төхөөрөмжийн хөдөлж байгаа хэсгийн хаалт, хамгаалалтыг авах, тэдгээрийг ажиллаж байхад хөдөлж байгаа хэсэгт цэвэрлэгээ, тосолгоо үйлчилгээ, засвар хийхийг хориглоно”, 7.4.3-т “Эргэлдэх хэсгүүдтэй тоног төхөөрөмжийн /конвер/ хөдөлгөөний орчинд унаж болох багаж хэрэгсэл, эд зүйл орхих, ажиллагааны үед дээр нь гарах болон бусад үйлдэл хийхийг хатуу хориглоно” гэж заасан байна.
Тус журмын дээр дурьдсан заалтыг хэрэгжүүлэх үүргийг компанийн ажилчид даган мөрдөх бөгөөд хохирогчийн болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн байж болно.
5. Хавтаст хэрэгт авагдсан криминалистикийн шинжээчийн хэргийн газрын болон цогцосонд хийсэн үзлэгийн фото зургаас үзэхэд хохирогчид ажлын гутал, цамц, бээлий олгосон байна. Ажлын хувцас нь стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхийг тогтоох боломжгүй байна.
6. Монгол улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 9 дүгээр 9.1.3-т “Машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтанд оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх” гэсэн заалт болон Улсын Мэргэжлийн Хяналтын газрын /хуучин нэрээр/ 2003 оны 433 дугаар тушаалаар баталсан “Үйлдвэрлэлийн машин механизм, тоног төхөөрөмжид гэрчилгээ олгох журам”-ын шаардлагыг хангасан тул РД 5310601 дугаартай “ИМ” ХХК-ийн нэрээр улсын ахлах байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 02-06-064/48 тоот гэрчилгээ олгосон байна. Иймд тухайн тоног төхөөрөмжийг стандартын дагуу угсарсан гэж үзэж болно. /хх-60-61/
7. “ИМ болон “Ч” ХХК-ийн хооронд 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1-т “Холбогдох хууль тогтоомж, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам,стандарт, шаардлага болон энэхүү гэрээг дагаж мөрдөх” гэсэн заалтын дагуу гэрээний “Б” тал болох “Ч” ХХК хариуцана. Өөрөөр хэлбэл Монгол улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасны дагуу тус компанийн захирал хариуцна...гэх дүгнэлт /1х, хх-127-130/,
- шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ю.Аийн өгсөн:...“Ч” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журам, стандартыг зөрчсөн. Ажил олгогч жилд 2-с доошгүй сургалт хийж түүнийг баталгаажуулж, гарын үсэг зуруулсан ажилтанаар ажил үүрэг гүйцэтгүүлэх ёстой байсан. Энэ нь тус дүрмийн 17.1.1, 17.1.2, 17.1.4-р харагдаж байна. Мөн тухайн байгууллага ажил, үйлчилгээнд зориулсан тоног төхөөрмжтөй холбоотой эрсдлийн үнэлгээ хийгээгүй байна. Мөн 28.1.8 буюу сургалтад хамрагдсан ажилтнаар ажил гүйцэтгүүлэх ёстой байтал сургалтад хамруулаагүй иргэнийг ажиллуулсан байна. 28.1.14-т зааснаар ХАБ зардлыг төлөвлөгөөнд тусгаад зорилтын дагуу ашиглах ёстой байсан, үүнийг бас биелүүлээгүй, зөрчсөн байна...Энгийн компани буталбарын төхөөрөмжийг ажиллуулахад цахилгааны эх үүсвэр, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, тоног төхөөрөмжийн зөвшөөрөл авсан, сургалтууд хийсэн байх зэрэг шаардагдана. Мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авсан байх ёстой. Хөдөлмөр Аюулгүй байдлын инженер, боловсон хүчний талаарх шаардлага нь тухайн ажилтаныг болно гэж үзсэн, тушаал нь гарсан байхад болно. Цөөхөн ажилтантай бол инженер заавал байх шаардлагагүй, туслан гүйцэтгэгчээр орж болно. “ИМ” ХХК буруутай байна гэв.
- Амь хохирогч А.П.Дын “ИМ” ХХК-тай хийсэн хөдөлмөрийн гэрээний хуулбар /1х, 158-161/,
- Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2017/080 дугаартай дүгнэлтэд :
Мөн Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.Ерөнхий зүйл 4.1.Барилга угсралт, материалын үйлдвэрлэл, машин механизм, тоног төхөөрөмжөөр ханган үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагад энэхүү норм, дүрмийн шаардлагыг заавал дагаж мөрдөнө.
Дүрмийн 4.6. /Машин, төхөөрөмж, цахилгаан болон хийн ажиллагаат гар багаж, технологийн тоноглолын ашиглалтад тавигдах аюулгүй ажиллагааны талаар хүлээх үүрэг хариуцлагыг дараах байдлаар ангилна. Үүнд:
- Барилгын машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, технологийн тоноглол, түүний хамгаалах хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тухайн эд хөрөнгийг эзэмшигч байгууллага, харин тэдгээрийг түр хэрэглүүлэх (түрээс)-ээр шилжүүлсэн үед түрээслэгч байгууллага (хувь хүн) хариуцна.
Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг уг ажлыг гүйцэтгэж буй байгууллага хариуцна./ гэж заасны дагуу ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны шаардлагыг дээрх ажпыг гүйцэтгэж буй “Ч” ХХК бүрэн хариуцна.
Ч ХХК-ийн захирал Б.Г нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4./Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна./ гэж заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.
ИМ ХХК-ийн хайрганы үйлдвэрийн дарга Ш.С нь “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 5.5.Байгууллагын захиргааны тушаалаар, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах үүрэг бүхий ажилтанг эрхэлсэн ажлынх нь хүрээнд хариуцуулан томилно. Үүнд: ... Бүтцийн салбар нэгжид салбар нэгжийн удирдагчийг;
- Ажлын байранд менежер, хэсгийн инженер, ахлагчийг тус тус томилно. гэж заасны дагуу аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх эрхтэй бөгөөд амаар ззаварчилгаа өгсөн тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулсан байна.
Харин дээрхи тохиолдолд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг 3 төрөл хэлбэрээр өгч зааварчилгааны бүртгэлийн журналд тэмдэглэл хөтлөхөөр Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм” МNS-4969:2000-ийн 4.17-д заасан хавсралтаар баталсан хүснэгт, маягтын дагуу өгөгдөөгүй байна /1х, хх-222-224/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1258 дугаартай....Талийгаач А.П.Дын цогцост гавлын орой болон суурь яс, нүүр, эрүүний ясны бяцарсан ил хугарал, тархины няцрал, хүзүүний нэгдүгээр нугалам ба гавал ясны салсан хугарал, баруун талын 1-12 дугаар хавирганы хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн няцарч урагдсан шарх, цээжний баруун хөндийн цусан хураа, зүүн уушгины цус хуралт, дотор эрхтний доргилт, толгойн хуйхны няцарч урагдсан шарх, нүүр, цээж, хэвлий, баруун бугалга, шуу, сарвуунд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу том өргөн талбайтай зүйлд дарагдах, шахагдах үед үүсэх боломжтой. Талийгаач нь толгой, цээжний хавсарсан амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд спиртийн зүйл илэрсэнгүй...гэх дүгнэлт /1х, хх-177-178/,
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1х, хх-164/
- шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Тухайн үед манай байгууллагад хөдөлмөр хамгааллын инженер байдаггүй болохоор үйлдвэрийн дарга С амаар зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан байна лээ...Миний хувьд ИМ ХХК-ийн эзэмшлийн газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд манай 2 компани хамтарч ажиллаж байгаа юм. Яг уг үйлдвэрлэлийг нь хариуцаж байгаа хүн нь миний бие байгаа юм...гэх мэдүүлэг /1х, хх-148-149/ болон шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүгдэгч Б.Г нь “Ч” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.2.2, 17.4, 27 дугаар зүйлийн 27.3.5, 27.4, 28.1 дүгээр зүйлийн 28.1.3, 28.1.4, 28.1.8, 28.1.14 дэх хэсэг, Монгол Улсын MNS 4929-2000 “сургалт зохион байгуулалт” стандартын 3.16, “Ч” ХХК-ийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам”-ын 7.4.1 дэх хэсэгт заасан хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “ИМ” ХХК-ийн хашаан дотор туслах ажилтнаар ажиллаж байсан А.Дхайрга бутлагч машинд засвар үйлчилгээ хийж байгаад моторын туузан дамжуулагчид орооцолдон амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх-4-7, 11-16/
- цогцосны биед гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх-9, 17-18/
- гэрч Ш.Сгийн:...“П.Д уначихлаа” гэхлээр нь үйлдвэр дээр очтол П.Д доошоо харсан байдалтай, төмөртэй орооцолдсон байдалтай, толгойн хэсэг нь задарчихсан байдалтай байсан...Ажилд гарахаас өмнө хөдөлмөр хамгааллын талаар сануулж гарын үсэг зуруулаагүй...манай үйлдвэрт хөдөлмөр хамгааллын инженер байхгүй гэх мэдүүлэг /1х, хх-19, 167-168/,
- гэрч Б.Б, Ц.П, А.Д нарын мэдүүлэг :...харахад П.Д толгойгоороо газар цохисон юм шиг байдалтай тархи нь задарсан, хөл нь нэг төмөр дээр тогтчихсон байсан. Ажилд гарахаас өмнө хөдөлмөр хамгааллын талаар сануулж гарын үсэг зуруулдаггүй...гэх мэдүүлэг /1х, хх-20, 21, 22/,
- Гэрч Л.Оын мөрдөн байцаалтад өгсөн:...С ах буцаж ирээд “П.Д унчихлаа” гээд шоконд орчихсон байдалтай орж ирсэн. Тэгээд бид нар сандралдаад түргэн цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /1х, хх-42/,
- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №2017/05 дүгнэлтэд : Монгол Улсын MNS 4969-2000 “Сургалт зохион байгуулалт” стандартын 3.16-д “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэж заасны дагуу туслах ажилтан А.П.Дт өдөр тутмын зааварчилгаа бичгээр өгөгдөөгүй. Ажлын байран дах өдөр тутмын зааварчилгаа бичгээр өгөгдөж байсан тухай баримт хавтаст хэрэгт тусгагдаагүй байна.
“ИМ болон “Ч” ХХК-ийн хооронд 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1-т “Холдбогдох хууль тогтоомж, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам, стандарт, шаардлага болон энэхүү гэрээг дагаж мөрдөх” гэсэн заалтын дагуу гэрээний “Б” тал болох “Ч” ХХК хариуцана. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасны дагуу тус компанийн захирал хариуцна...гэх /1х, хх-127-130/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт...Талийгаач А.Днь толгой, цээжний хавсарсан амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд спиртийн зүйл илэрсэнгүй...гэх дүгнэлт /1х, хх-177-178/,
- шүүгдэгч Б.Гын:...Уг үйлдвэрлэлийг нь хариуцаж байгаа хүн нь миний бие. Хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруутайгаа маргахгүй...гэх мэдүүлэг /шүүхийн хэлэлцүүлэгт/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Иймд шүүгдэгч Б.Гыг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шүүхийн шинжилгээний шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй тул тус хэрэгт нэмж хийлгэх мөрдөн шалгах ажиллагаа, нотолбол зохих байдлын зарим дутуу асуудлыг тодотгон дүгнэх шаардлагагүй гэж үзэв.
Зарим улсын байцаагч нар өөрсдийн эрх хэмжээнд хамааралтай асуудал болох хөдөлмөр, аюулгүй ажиллагааны стандарт, шаардлага, дүрэм, журмын хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй, харин эсрэгээр хууль тогтоомжийн тодорхой заалт зэргийг дүгнэн тайлбарласан зэрэг зөрчил гаргасан байгааг тэмдэглэв.
Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ат оршуулгын зардалд 9.000.000 төгрөг төлсөн /шүүхийн хэлэлцүүлэгт/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “гомдол, саналгүй” тухайгаа мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн байдал, хохирогчийн төлөөлөгчийн санал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Бусад асуудал
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Гыг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар хохирогчоос нэхэмжлэл гаргасан тохиолдолд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн оршин суух газар, ажлаа өөрчилвөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгчид тус тус хүлээлгэсүгэй.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогчийн төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР