| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2531000000187 |
| Дугаар | 2025/ДШМ/116 |
| Огноо | 2025-11-11 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Содномиший |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/116
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Б.Содномиший
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Г.*******т холбогдох эрүүгийн 2531000000187 дугаартай, 316/2025/0158/Э/208/2025/0086 индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, аав, 2 дүүгийн хамт, Сэлэнгэ аймгийн ******* сумын **** дугаар баг, ******* тосгон **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД:*******)
Шүүгдэгч Г.******* нь 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тосгоны нутаг дэвсгэр “Хонхор” гэх нэртэй газарт 12-23 СЭН улсын дугаартай “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3, 13.1, 3.46-д заасан заалтуудыг тус тус зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол гаргаж улмаар 12-23 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан хохирогч З.Амин-Эрдэнийн биед баруун, зүүн өвдөг, баруун гарын сарвуунд зулгаралт, баруун агтаал ясны зөрүүгүй, баруун шивнүүрийн 4 дүгээр хурууны 3 дугаар шивнүүр зөрүүтэй хугарал, баруун ухархайн доод хана цөмөрсөн хугарал, хоншоор духны сэрэнгийн зөрүүтэй хугарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Г.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхжаргал нь нотлох баримтаар нэхэмжилсэн 302,300 төгрөгийг шүүгдэгч Г.******* нөхөн төлснийг дурьдаж, түүний ажилгүй байсан хугацааны цалин болон насанд хүрээгүй хохирогчид эрүүл мэндэд цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нийт 2,899,702 төгрөгийг шүүгдэгч Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд нөхөн төлснийг дурьдан,
Иргэний нэхэмжлэгчийн зүгээс шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлснийг дурьдан,
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэн, ...шийдвэрийг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ:
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилсан.
Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж хуульчилсан байтал эрх хасах ялыг оногдуулж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн шаардлагыг тодорхойлсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр дээрх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Тодорхойлох хэсэг дээр бичигдсэн зүйл нь техникийн шинжтэй алдаа байх гэж харж байна. Прокурор зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлж байгаа бол эрх хасах ялыг өг л гээд байх шиг байна. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлж байгаа бол Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан агуулгын хүрээнд шийдээрэй гэж байгаа юм. Ялаас чөлөөл гээгүй, хариуцлагаас чөлөөл гэж байгаа. Ерөнхий агуулгаараа заавал зорчих эрх хязгаарлах ял оногдуулах шаардлага байхгүй. Шүүх хувийн байдал асуудалтай юм байна. Анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа юм байна. Өөрийнхөө машиныг унаж яваад ийм асуудалд орсон юм байна. Г.******* гэх хүүхэд тархины хагалгаанд орчихсон байсан хүүхэд. Уг нөхцөл байдлыг харгалзаж үзээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байх гэж харж байна. Биелүүлэхэд бэрхшээлтэй зүйл байхгүй. Хариуцлага хүлээлгэхгүй гэж байгаа юм. Нэг удаа төрийн энэрэнгүй ёсны зарчимд тулгуурлаж эрүүгийн хариуцлагаас чөлөөлчихье гэсэн санаатай байна гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-д зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Г.*******т холбогдох эрүүгийн 2531000000187 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэжээ.
4.Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд зохих дүгнэлт хийсэн боловч түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэмэгдэл ялыг хэрэглээгүй байх ба нэмэгдэл ял хэрэглээгүй талаараа ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.
5.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “…Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулахаар хуульчилсан.
Гэтэл шүүхээс шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж тухайн зүйл ангид заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах“ нэмэгдэл ялыг хэрэглээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэл болж байна.
6.Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангасугай.
3.Шүүхээс шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН