Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/117

 

                                      Д.*******т холбогдох

                                       эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Н.Бадам /цахим/,

Цагаадсан этгээдийн өмгөөлөгч Л.Намнансүрэн /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайханы даргалж, шийдвэрлэн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Д.*******т холбогдох эрүүгийн 2533000000078 дугаартай, 150/2024/0075/Э/208/2025/0084 индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******гийн *******, Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум **** дугаар баг, ******* тосгонд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай (РД:*******)

Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний орой Сэлэнгэ аймгийн Сайхан сумын номгон 3 дугаар багийн нутаг фермер хороолол гэх газарт иргэн Б.*******ын гэрийн хаалганы цүүг эвдэж гэрт орж “Элко” брэндийн 32 инчийн зурагтыг хагалж 555,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Д.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон ******* овгийн *******гийн *******т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатган,

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдан,

Шүүгдэгч Д.*******т холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

Шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдан, ...гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадамын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дугаартай прокурорын эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

...Шүүх өөрийн томилсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ” гэсэн хохирлын хэмжээнд хүрэхгүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн дээрх шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих” гэж үзэж, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна.

1. Шүүхээс “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 07 дугаар зүйлийн 04-ний өдрийн “Элко брэндийн 32 инчийн зурагтыг 550,000 төгрөг” гэж үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, үндэслэлгүй гэж дүгнэж, өөрийн санаачилгаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн байна.

Учир нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1-д “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж тус тус хуульчилсан.

Гэтэл шүүх дээрх хуулийн заалтыг зөрчиж нэмэлт болон дахин шинжээч томилохгүйгээр “Ашид билгүүн” хөрөнгө үнэлгээний компаниар анхдагч дүгнэлт гаргуулан, уг компанийн 2025 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн “Элко” брэндийн 32 инчийн зурагт 200,000 төгрөг” гэсэн хууль бус дүгнэлтийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл шинжээчийн анхдагч дүгнэлт нь хууль зөрчсөн, үндэслэлгүй, эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд заавал нэмэлт эсхүл дахин дүгнэлт гаргуулахаар хуульчилсан ба шүүхээс дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүйгээр анхдагч хоёр шинжээчийн дүгнэлтээс шүүгдэгчид ашигтай дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна.

2. Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан тохиолдолд цагаатгах тогтоол гаргахаар хуульчилсан байхад шүүх шийтгэх тогтоол гаргаж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана”, 5 дахь хэсэгт “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэснийг,

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” тогтоолоор батлагдсан “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх (цагаатгах) тогтоол боловсруулах аргачлал”-ын 2.2-т Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэг “Энэ хэсэгт тухайн үйлдлийг шүүгдэгч хийгээгүй буюу хийсэн үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй гэдгийг үндэслэх шаардлагатай”, 3.1-т Тогтоолын тогтоох хэсэг “Тогтоолын бүх хэсэг нь хоорондоо харилцан уялдаа холбоотой тул тогтоох хэсэг нь удиртгал болон тодорхойлох хэсгийн үргэлжлэл юм. Тогтоох хэсэг нь удиртгал болон тодорхойлох хэсэгтэй зөрчилдвөл тогтоолыг үндэслэлгүй болсон гэж үзнэ” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.*******ийн үйлдлийг бүхэлд нь гэмт хэрэг биш гэж дүгнэсэн боловч шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тохиолдолд гарах эрх зүйн хэлбэр болох шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих” гэх эсэргүүцэл бичих үндэслэлд хамаарч байна.

Иймд Сэлэнгэ аймгийн сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/73 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн цагаатгасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.

Цагаадсан этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шинжээчийн дүгнэлттэй өөрөө хэргийн хохиролтой холбоотой, гэмт хэргийн шинжийг тодорхойлохтой холбоотой, гол хохирлын шинжтэй холбоотой шинжээчийн дүгнэлтийг мөрдөн байцаалтын  шатанд прокурор уг хэрэгт хяналт тавьж оролцож байхдаа уг хэргийн хохирлыг тогтоолгохтой холбоотой шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт нь ямар арга аргачлалаар ямар баримт дээр тулгуурлаж, ямар зах зээлийн аргаас хаана байгаа зах зээлийн үнэ дээр тулгуурлаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж тодорхойлж байгаа бодит хохирлын хэмжээг яаж үндэслэл бүхий эргэлзээгүй байдлаар тодорхойлсон бэ гэдэг асуудал нь “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт дээр уг асуудал үүссэн. ...Нэгэнт процесстой холбоотой прокурорын эсэргүүцлийг үгүйсгэх зүйл байхгүй. Шүүх эрх хэмжээний хүрээнд залруулга хийсэн учраас эсэргүүцлийн энэ хэсэг арилсан. Мөн дээр дурдсан шинжээчийн дүгнэлттэй холбоотой хууль буруу хэрэглэсэн зүйл байхгүй тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Д.*******т холбогдох эрүүгийн 2533000000078 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Прокуророос шүүгдэгч Тарвагатайхан овогт *******гийн *******ийг “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй буюу яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн зүйл ангид заасан бага хэмжээнээс доош хохирол учирсан буюу гэмт хэргийг шинжгүй  үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг цагаатгаж байгаа нөхцөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5, 36.3 дугаар зүйлийн 2.2, 36.9, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон Цагаатгах тогтоол гарах байтал дээрх хуулийн зүйл заалтуудыг баримтлан Шийтгэх тогтоол гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэж заасан байхад анхан шатны шүүхээс шүүгчийн захирамжаар залруулга хийж эрх зүйн баримт бичгийг сольж дахин цагаатгах тогтоолын хэвлэмэл хуудаст хэвлэн хэрэгт хавсаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой давтан зөрчил болно.

3.Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлээр аль алийг хянаж аль нэгийг нь хэвээр үлдээж нөгөөг нь хүчингүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэх эрхийн хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, үндэслэлээр шийтгэх тогтоолыг, мөн хууль зүйн үндэслэлгүйгээр залруулга хийсэн шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

4.Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул Прокурорын эсэргүүцэл болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5, 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1, 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоол, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЗ/189 тоот шүүгчийн захирамжийг тус тус  хүчингүй болгосугай.

2.Шүүгдэгч Д.*******т урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                            

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН                  

                            ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ

                  ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ