Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 678

 

                            

 

 

 

 

 

 

 

                                                                                           

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Т.Нансалмаа,

Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч .О.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Cонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтанд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гт холбогдох 1708008130342 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Миний сүлжээ” хүнсний дэлгүүрт байрлах иргэн Х.Оийн эзэмшлийн гоо сайхны лангуунаас хайрцагтай 294 ширхэг уруулын будаг хулгайлж 823.200 төгрөг бүхий бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Миний сүлжээ” хүнсний дэлгүүрт байрлах иргэн Х.Оийн эзэмшлийн гоо сайхны лангуунаас хайрцагтай 294 ширхэг уруулын будаг хулгайлж 823.200 төгрөг бүхий бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол, мэдээдэл /хх-5-6/,    

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7/,

- хохирогч Х.Оийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро үйлчилгээний төвд байрлах “Миний Сүлжээ” дэлгүүрийн түрээсийн гоо сайхны лангуун дээр худалдагчаар ажиллаж байхад 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн үед хулгай орж ягаан өнгийн сагстай уруулын будаг алдагдсан. Тухайн үед би лангуун дээрээ байсан ба лангуун доороо бараагаа өрж байтал тэр үед лангуун дээр зарагдаж байсан 294 ширхэг уруулын будгийг хулгайлсан. Тэгээд тэр даруй “Минии сүлжээ” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 50 гаран насны их бохир хувцастай, нүүрэндээ их тод сорвитой, эрэгтэй хүн лангуун дээрээс уруулын будгийг хулгайлж байгаа нь бичигдсэн байсан. Би алдсан уруулын будгийн мөнгөө өөрөө төлсөн. Тиймээс хохирогчоор оролцож байна. Би тэр хулгай хийсэн хүнийг харвал сайн танина. Тэр хүн нүүрэндээ их тод сорвитой бөгөөд тэр хавиар явдаг гэсэн...гэх мэдүүлэг /хх-9-12/

... тухайн хэрэг болдог өдөр лангуун дээрээс сагстай 294 ширхэг уруулын будаг алдагдсан байсан, уруулын будагны хохирол үнэлгээгээр 823.200 төгрөг гэж тогтоогдсон. Хулгай хийсэн ахаас нэхэмжилж байна. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-13/

- эд зүйлийн үнэлгээ-823.200 төгрөг /хх19-20/

- гэрч Б.Аын мөрдөн байцаалтад өгсөн:...Би Саппоро үйлчилгээний төвийн “Миний сүлжээ” хүнсний дэлгүүрт камерын хянагч ажилтай бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр манай түрээсийн лангууг ажиллуулдаг эмэгтэй лангуун дээрээсээ хайрцагтай уруулын будгаа алдчихсан байсан ба камерын бичлэгийг манай нөгөө ээлжийнхэн шүүсэн байсан. 15 цагт ээлж авахаар ажил дээрээ иртэл нөгөө эмэгтэй надад ийм хүн хулгайлчихсан байна лээ гэж камерын бичлэгээ үзүүлсэн. Тухайн бичлэг дээрхи хүн өмнө манай дэлгүүрээс 2-3 удаа хулгай хийж байсан хүн байсан. Өмнө манай дэлгүүрээс архи хулгайлж байсан 40 гаран насны эрэгтэй хүн байсан. Овог нэрийг нь сайн мэдэхгүй байна. Саппоро орчмоор ихэвчлэн явж байдаг ба хэд хэдэн удаа тааралдаж байсан. Хар дугуй түлэгдсэн маягтай царайтай, хацар дээрээ сорвитой байсан...гэх мэдүүлэг /хх-14-15/

- шийтгэл тогтоолын хуулбарууд /хх-53-80/

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/

- шүүгдэгч Д.Гийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний сүлжээ” дэлгүүр лүү ортол үүдэн дээр байдаг шилэн лангуун дээр нэг хүүхэн бараагаа өрөөд цаашаа хараад зогсож байсан. Лангууны үзүүр хэсэгт улаан өнгийн сагсан дотор гоо сайхны хэрэгсэл байхаар нь сагсыг авч гарсан. Хархорин захын хойшоо очоод замын хүмүүст 500,  300 төгрөгөөр зарсан. Тухайн үед би 50 орчим мянган төгрөг олоод архи уусан. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн цагдаа нарт баригдсан. Би ганцаараа тухайн эд зүйлийг хулгайлж авсан. Харин олсон мөнгөөрөө хүмүүстэй архи уусан...гэх мэдүүлэг /хх-28-29/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирлоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Гийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.    

            Хохирогчид гэмт хэргийн улмаас 823.200 төгрөгийн /хх-19-20/ хохирол учирснаас шүүгдэгч төлж барагдуулаагүй байх тул уг хохирлыг 4 сарын хугацаанд шүүгдэгчид төлөхийг даалгаж шийдвэрлэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.  

Бусад асуудал  

            Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “Сиди”-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 1 хоног цагдан хоригдсон /хх-100/ болохыг тус тус дурдав.   

             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:  

 

            1. Шүүгдэгч Д.Гийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар хохирогчид гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах сургалтанд хамрагдахыг шүүгдэгч Д.Гт үүрэг хүлээлгэсүгэй.

 

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч Х.От учирсан хохирлын 823.200 төгрөгийг 4 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Гт үүрэг болгосугай.         

 

            5.  Уг хэрэг битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 1 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.    

 

            7. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “Сиди”-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

 

            8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

            9. Прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГАНБААТАР