| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/05418/И |
| Дугаар | 192/ШШ2025/10436 |
| Огноо | 2025-12-04 |
| Маргааны төрөл | Даалгавар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/10436
2025 12 04 192/ШШ2025/10436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Энхцэцэг нь хариуцагч Монгол-Орос хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төм зам нийгэмлэгт холбогдуулан Тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Д.Энхцэцэг миний бие “Улаанбаатар төмөр зам”-ын худалдааны албаны салбар болох Сайншанд худалдааны төвийн даргаар 2022 оны 10 сард томилогдож ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа нийгэмлэгийн даргын өгсөн үүрэг даалгаварыг болон Худалдааны төвийн дүрэмд заасны дагуу зорилго, зорилтыг хангаж өөрийн эрх, үүргийн хүрээнд хөрөнгө санхүүгийн үйл ажиллагаа, орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах ажпыг тогтмол зохион байгуулж, удирдлага арга зүйгээр хангах, төмөр замчдад тав тухтай түргэн шуурхай найдвартай, аюулгүй үйлчилгээг үзүүлэхээр зорьж ажиллаж байсан. Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболд шуурхай хурал зарлаж хуралдсан. Тус хурлаар надад өөрөө хүсэлтээ өг эсвэл албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулна гэж тулгасан. Ингээд*******-ын даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б-2-16 дугаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал хүлээлгэснийг маргааш нь буюу 02 дугаар сарын 05-ны өдөр Эйбл цахим хаягаар ирүүлсэн байсан. Би энэхүү албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөөгүй. Дотоод аудитын хяналт шалгалтын албанаас надад үндсэн хөрөнгөөр хүлээлгэж өгөөгүй хөрөнгийг актлах талаар мэдэгдсэн. Энэхүү үндсэн хөрөнгө нь намайг тухайн ажлыг хүлээн авахаас 10-20 жилийн өмнө хөрөнгийн бүртгэлтэй байсан боловч хөрөнгө нь биетээр байхгүй асуудал тулгарсан. Тухайн үед ажиллаж байсан ерөнхий нягтлан нь актлах хөрөнгийн хавтас материал бүрдүүлэн актлуулахаар хүргүүлсэн боловч анхан шатны баримтын шаардлага хангахгүй хэмээн буцаагдсан юм. Үүнээс хойш тус ажпыг хариуцаж байсан ерөнхий нягтлан солигдсон. Дараагийн ерөнхий нягтлан ажпаа хүлээн аваад удаагүй байхад НВА-ын шалгалт орж ирсэн. Тус шалгалтаар нэр бүхий гурван хөрөнгийг актлах үүрэг даалгаварыг өгсөн. Энэхүү гурван хөрөнгийг актлахаар судалж үзэхэд үндсэн хөрөнгө нь биетээр байхгүй байсан бөгөөд анхан шатны ямар ч материалгүй, холбогдох бүрдүүлбэргүй тул актлах ажлыг хийх ямарч боломжгүй байсан. Миний зүгээс тус хөрөнгийг актлахтай холбогдсон асуудлыг хариуцсан ажилтанд удирдан зохион байгуулахыг удаа дараа сануулж байсан. Гэтэл энэ нөхцөл байдлуудыг судалж үзэлгүйгээр надад хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг удаа дараа биелүүлээгүй гэж ногдуулсан байна.. Намайг хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх хэсэгт зааснаар албан тушаал бууруулсан боловч ямар албан тушаалд бууруулж ажиллуулж байгаа талаар шийдвэр байхгүй. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан боловч хуралдаан зарлагдахгүй цаг хугацаа алдаж, улмаар 04 дүгээр сарын 17-ны өдөр хуралдсан. Хуралдаанаар намайг Улаанбаатар худалдааны төв буюу төвийн хэсэглэл дээр гадаад худалдаа импорт хариуцсан мэргэжилтэн эсвэл Дархан худалдааны төв дээр маркетинг борлуулалт хариуцсан мэргэжилтний ажпыг санал болгоход би зөвшөөрөөгүй тул тохиролцоонд хүрээгүй. Учир нь надад ногдуулсан сахилгын шийтгэлийг хууль бус гэж үзэж байна. Ингээд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах комиссын тэмдэглэлийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээж авсан. Ажил олгогчтой харилцан тохиролцоонд хүрээгүй тул маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандахад тохиролцоонд хүрээгүй тул дараагийн шатны байгууллага болох шүүхэд хандаж байгаа болно. Иймд*******-ын даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б-2-16 дугаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Сайншанд худалдааны төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх хүсэлтэй” гэжээ.
Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн******* нийгэмлэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас Сайншанд худалдааны төвд төлөвлөгөөт шалгалт хийсэн. Уг санхүүгийн шалгалтаар Сайншанд худалдааны төвд үндсэн үзүүлэлт, санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд нь тогтмол буурч, үйл ажиллагаа нь үр ашиггүй, байнгын алдагдалтай явагдаж ирсэн нь тогтоогдсон. Худалдааны байгууллагын үндсэн зорилго, зорилт болох ашигтай ажиллах, төмөр замчдад худалдаа үйлчилгээний чиглэлээр үйлчилгээ үзүүлэх үүгээрээ ашигтай ажиллах мөн төмөр замд орлого нэмэх гэсэн зорилготой ажиллах ёстой байтал үндсэн үзүүлэлтүүд үргэлж буурч, байнга алдагдалтай ажиллаж ирсэн. Нэхэмжлэгчийн хувьд Сайншанд худалдааны төвийн удирдлагын үүргээ бүрэн биелүүлээгүй, үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг сайжруулах талаар зохих арга хэмжээг авч ажиллаагүйгээс алдагдал жилээс жилд өсөж, үзүүлэлтүүд улам дордсон нь тухайн байгууллагын удирдлагын үүргээ зохих түвшинд биелүүлээгүйг илтгэнэ. Байгууллагын даргын үндсэн үүрэг нь тухайн байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулж, эдийн засгийн үзүүлэлтүүдийг сайжруулах, төсөв зардлыг хэмнэж ашигтай ажиллуулах, мөн төмөр замын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгддэг бөгөөд энэ нь түүний хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүрэг юм. Сайншанд худалдааны төвийн даргын хувьд хөдөлмөрийн гэрээ болон ажпын байрны тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргээ биелүүлээгүй, өмнөх онуудад санхүүгийн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгах талаар дорвитой арга хэмжээ аваагүй, улмаар эдгээр зөрчил давтагдаж, санхүүгийн буурсан үзүүлэлт нь он дамнаж, бүр ихсэж байсан учраас тухайн ажпын байранд тохирохгүй байна гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулан албан тушаал бууруулсан нь үндэслэлтэй. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах хорооны хурлын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/I/507 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн Б/II/16 дугаартай Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар, *******ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/20 дугаартай тэмдэглэлийн хуулбар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,*******-ын хөдөлмөрийн эрхийн комисст гаргасан гомдол, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ,
Хариуцагчаас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажлын байрны тодорхойлолтын хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар, Сайншанд худалдааны төвийн дүрмийн хуулбар, Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, Сайншанд худалдааны төвд хийсэн дотоод аудитын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шалгалтын тайлан, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 03 тоот тэмдэглэл,*******-н Сайншанд худалдааны төвийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б-156 тушаалын хуулбар, Д.Энхцэцэгт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар, Сайншанд худалдааны төвд хийсэн төлөвлөгөөт шалгалтын 2025 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн тайлангийн хуулбар, Сайншанд худалдааны төвд хийсэн төлөвлөгөөт шалгалтын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тайлангийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны 55 тоот тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн эрх олгох тухай тушаалын хуулбар, Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн гэрчилгээний хуулбар, дүрмийн хуулбар, Сайншанд худалдааны төвд ревиз шалгалт хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тайлангийн хуулбар, Сайншанд худалдааны төвд ревиз шалгалт хийсэн тухай 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн актийн хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хурлын 22 тоот тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 66 тоот тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар, Сайншанд худалдааны төвд ревиз шалгалтын давтан үзлэг хийсэн тухай тайлангийн хуулбар, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хурлын 24/06 тоот тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 17/193 тоот албан бичгийн хуулбар, Сайншанд худалдааны төвд хийсэн дотоод аудитын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Т-63/04/49 дугаартай шалгалтын тайлангийн хуулбар, эрх шилжүүлэх итгэмжлэл, эмчийн магадлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Д.Энхцэцэг нь урьд эрхэлж байсан Монгол-Оросын хувь нийлүүлсэн******* нийгэмлэгийн Сайншанд худалдааны төвийн даргын ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, албан тушаал бууруулсан тушаал үндэслэлтэй гэж тайлбар гаргажээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Монгол-Оросын хувь нийлүүлсэн******* нийгэмлэгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/I/507 дугаартай тушаалаар Д.Энхцэцэгийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Сайншанд худалдааны төвийн даргаар ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн.(хавтаст хэргийн 7 дахь тал)
3.2. Нэхэмжлэгч Д.Энхцэцэг нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн******* нийгэмлэгийн дарга Х.Хэрлэнтэй 2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан.(хавтаст хэргийн 38 - 52 дахь тал)
3.3. Нэхэмжлэгч Д.Энхцэцэг нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн******* нийгэмлэгийн дарга Х.Хэрлэнтэй 2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Эд хөрөнгийн бүрэн хариуцагын гэрээ байгуулсан.(хавтаст хэргийн 53 – 54 дахь тал)
3.4. Монгол-Оросын хувь нийлүүлсэн******* нийгэмлэгийн даргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/II/189 дугаартай тушаалаар Д.Энхцэцэгт үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. (хавтаст хэргийн ... дахь тал)
3.5. Монгол-Оросын хувь нийлүүлсэн******* нийгэмлэгийн даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн Б/II/16 дугаартай тушаалаар Д.Энхцэцэгт албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.(хавтаст хэргийн 9 дэх тал)
3.6. Монгол-Оросын хувь нийлүүлсэн******* нийгэмлэгийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/20 дугаартай тэмдэглэл гарсан.(хавтаст хэргийн 11 – 14 дэх тал)
3.7. Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай тэмдэглэл гарсан.(хавтаст хэргийн 3 – 5 дахь тал)
3.8.*******ын Сайншанд худалдааны төвийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б - 156 дугаартай “Д.Энхцэцэгийг ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалаар Д.Энхцэцэгийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Сайншанд хэсгийн худалдагчаар ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн.(хавтаст хэргийн …. дахь тал)
3.9. Д.Энхцэцэгийг 2025 оны 02 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл хугацаанд Монгол-Оросын хувь нийлүүлсэн******* нийгэмлэгийн Сайншанд худалдааны төвийн даргын ажлын байранд ажиллаж байсан тухайд зохигчид маргаангүй. Харин Д.Энхцэцэгт албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан Монгол-Оросын хувь нийлүүлсэн******* нийгэмлэгийн даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн Б/II/16 дугаартай тушаал хууль бус эсэхэд маргаантай.
4. Монгол-Оросын хувь нийлүүлсэн******* нийгэмлэгийн даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн Б/II/16 дугаартай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, Монгол-Оросын хувь нийлүүлсэн******* нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “и” заалт, 24 дүгээр зүйл, Монгол-Оросын хувь нийлүүлсэн******* нийгэмлэгийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2.4, Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболдын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэсэн байна.
5. Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 123 дугаар зүйлийн 123.1. “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно”, 123.2. “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” 123.2.4. “албан тушаал бууруулах” гэж заасан.
"Албан тушаал бууруулах" гэдэг нь нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд томилох, ингэхдээ албан тушаалын ангилал, зэрэглэлийн хувьд бууруулан өөр албан тушаалд шилжүүлэх агуулгыг илэрхийлнэ.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгохгүйгээр өөр ажлын байранд нэхэмжлэгч Д.Энхцэцэгийг шилжүүлэн ажиллуулах ёстой.
Хариуцагч нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн******* нийгэмлэгийн даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн Б/II/16 дугаартай тушаалыг гаргахдаа хөдөлмөрийн гэрээг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр цуцалсан, Д.Энхцэцэгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн******* нийгэмлэгийн Сайншанд худалдааны төвийн даргын албан тушаалаас бууруулж, ямар албан тушаалд томилж байгаа талаар шийдвэрлээгүй орхисон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх хэсэгт заасанд нийцээгүй байна.
Маргаан бүхий 2025 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн Б/II/16 дугаартай тушаал гарснаас хойш 9 сарын дараа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад*******ын Сайншанд худалдааны төвийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б - 156 дугаартай тушаалаар Д.Энхцэцэгийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Сайншанд хэсгийн худалдагчаар ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн байгаа нь Д.Энхцэцэгийг өөр ажлын байранд шилжүүлэн ажиллуулсан гэж үзэхгүй.
Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн******* нийгэмлэгийн даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн Б/II/16 дугаартай тушаал нь Д.Энхцэцэгтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шинжтэй тушаал байх тул шүүх уг тушаалыг хүчингүй болгож, Д.Энхцэцэгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн******* нийгэмлэгийн Сайншанд худалдааны төвийн даргын ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1. “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан тул ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх 3 сарын дундаж цалин хөлснөөс тооцвол олговорт /253,294+3,662,374.4+3,825,161.3/3/21*209хоног=23,519,920/ 23,519,920 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Д.Энхцэцэгт олгох нь зүйтэй.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй”, 43.2.7 дахь хэсэгт “Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Энхцэцэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн******* нийгэмлэгт даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Энхцэцэгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн******* нийгэмлэгийн Сайншанд худалдааны төвийн даргын ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 23,591,920 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Энхцэцэгт олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн******* нийгэмлэгт даалгасугай.
.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн******* нийгэмлэгээс 346,110 төгрөгийг гаргуулан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын 100200100941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР