2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/10514

 

 

 

 

 

 

 

 

     2025             12              08                                            192/ШШ2025/10514

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Н.Сүхбүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “******* миний бие 2006 оноос Н.Сүхбүрэнтэй танилцаж, үерхэж эхэлсэн. Бид 2011 оны 10 сарын 14-нд БГД-ийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлсэн. Амьдрах хугацаанд 2 хүүхэдтэй болсон 2020 оноос хойш байнгын гэр бүлийн маргаантай амьдрах болсон. Цаашид гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлээд байна. Манай гэр бүлд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд хүүхдүүд эхийн асрамжинд үргэлжлүүлэн амьдрахаар тохиролцсон. Хүүхдүүд аавтайгаа дуртай цагтаа уулзаж, харилцах эрхтэй. Хариуцагч нь 18 нас хүртэл сар бүр тогтмол хүүхдийн тэтгэмж олгохоор тохиролцсон ба тэтгэмжийн дүнг МУ-ийн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу олгоно. Мөн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг дээд сургууль төгстөл нь бүрэн хариуцахаа хариуцагч нь зөвшөөрсөн болно. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Н.Сүхбүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Наранхүү овогтой******* миний бие гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Тэгш дүүрэн хүслэн өрхийн эмнэлэгийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны оршин суугаа газрын тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчаас баримт ирүүлээгүй байна.  

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Н.Сүхбүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н.Сүхбүрэн нь бүрэн хүлээн зөвшөөрч, тайлбар гаргажээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч Х.******* болон хариуцагч Н.Сүхбүрэн нар гэр бүл болсныг 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.(хавтаст хэргийн 3 дахь тал)

 

3.2. Гэрлэгчдийн дундаас 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүү С.Ананд, 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүү С.Сүнбэр нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 4-5 дах тал)

 

3.3. Гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон. (Хавтаст хэргийн 8 дах тал) 

 

3.4. Зохигчид тусдаа амьдарч, хүү С.Ананд, С.Сүнбэр нар эх Х.*******той хамт байгаа болон гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийн талаар талууд маргаангүй. Хүү С.Ананд, С.Сүнбэр нарыг эх Х.*******гийн асрамжид үлдээхээр тохиролцсон.

 

4. Гэрлэгчид нь гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

5. Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Н.Сүхбүрэн нар зан харилцааны таарамжгүй байдлаас болж, сүүлийн 5 жил хэрүүл маргаантай, таарч тохирохгүй байгаа, тусдаа амьдарч байгаа гэх тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэнийг хариуцагч зөвшөөрсөн, талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг дүгнэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Х.******* болон Н.Сүхбүрэн нарын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.

 

6. Зохигчид хүү С.Ананд, С.Сүнбэр нарыг эх Х.*******гийн асрамжид үлдээхээр тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д нийцнэ.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”, 26.4. “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж заасан тул эцэг Н.Сүхбүрэн нь хүү С.Ананд, С.Сүнбэр нартай уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Х.*******д даалгав.

 

8. Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргаагүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг  дурдах нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Их номгон ургийн овогтой Хундмаагийн ******* болон Монгол ургийн овогтой Наранхүүгийн******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү С.Ананд, 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү С.Сүнбэр нарыг эх Х.*******гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.


            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг Н.Сүхбүрэн нь хүү С.Ананд, С.Сүнбэр нартай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Х.*******д даалгасугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Сүхбүрэнгээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгосугай.

 

6. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

 

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР