2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/10515

 

 

 

 

 

 

 

 

     2025             12              08                                            192/ШШ2025/10515

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Зээлийн 24-ийн 37а тоотод оршин суух Цэдэнбазар ургийн овогтой Даваахүүгийн ******* /РД:СФ90112810/-ын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 2Г байр 36 тоотод оршин суух Олонгуут ургийн овогтой Ганболдын******* /РД:УК95041027/-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Г.Азбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Г.Азбилэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Д.******* миний бие 2015 онд Г.Азбилэгтэй танилцан 2016 онд гэрлэлтээ Сонгинохайрхан дүүрэгт бүртгүүлж, гэрлэлтийн 1116990012 дугаартай гэрчилгээ авсан. Бидний охин М.Арина 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2021 оноос салж тусдаа амьдрах болсон. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө Эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Г.Азбилэгтэй амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлууж, охиноо өөрийн асрамжид авч, эхээс нь тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Охин М.Арина миний асрамжид байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Азбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Г.Азбилэг нь нэхэмжлэгч Д.*******тай 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамт амьдрах хугацаандаа 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр охин М.Аринаг төрүүлж байсан. 2021 оноос Д.*******тай хамтран амьдрах боломжгүй болж, охин аавынхаа асаргаанд, түүний байнгын оршин суугаа хаягт одоог хүртэл байдаг бөгөөд хүүхдийн амьдрал, боловсрол, өдөр тутмын хэрэгцээг нэхэмжлэгч тогтвортой хангаж ирсэн. Харин миний бие одоогоор жирэмсэний 5 сартай бөгөөд эмчийн эрүүл мэндийн хяналтад байдаг. Удахгүй ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болох мөн ойрын хугацаанд төрөхтэй холбоотойгоор орлогогүй болох нөхцөл байдал үүсээд байна. Эдийн засгийн хувьд бие даан амьдрах болон тогтмол орлого олох боломжгүй болсон тул хүүхдийн сар бүр тэтгэлэг өгөх санхүүгийн чадваргүй болж байна. Миний нөхцөл байдлыг харгалзан үзэж хүүхдийн тэтгэлэг төлөх үүргийг жирэмсэний болон төрсний дараах нөхцөл байдал, санхүүгийн орлогогүй болох зэргийг харгалзан тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү. Шүүх шаардлагатай гэж үзвэл миний төлбөрийн чадваргүй байдлыг үндэслэн хүүхдийн тэтгэлэг төлөх үүргээс бүрэн чөлөөлөхийг хүсье. Охин М.Аринатай тогтмол уулзаж чаддаггүй тул хүүхэдтэйгээ тогтмол уулзаж байх нь миний хувь нэн чухал тул чөлөөтэй уулзах асуудлыг саадгүй болгож өгөхийг хүсч байна. Тогтмол тэтгэмж төлөх боломжгүй, орлого бий болох үедээ хүүхдийнхээ хэрэгцээнд санхүүгийн болон бусад байдлаар туслах үүргээ биелүүлж байх болно” гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, хорооны тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, 134 дүгээр сургуулийн тодорхойлолт, Баянбигэр өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтыг ирүүлсэн.

 

Хариуцагчаас Их амгалан өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтыг ирүүлсэн.  

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Г.Азбилэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Г.Азбилэг хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөх хугацааг хойшлуулж, чөлөөлж өгөхийг шүүхээс хүсч, тайлбар гаргажээ. 

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч Д.******* болон хариуцагч Г.Азбилэг нар гэр бүл болсныг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.(хавтаст хэргийн 6 дахь тал)

 

3.2. Гэрлэгчдийн дундаас 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр охин М.Арина төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 7 дах тал)

 

3.3. Гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон. (Хавтаст хэргийн 10 дах тал) 

 

3.4. Зохигчид тусдаа амьдарч, охин М.Арина эцэг Д.*******тай хамт байгаа болон гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийн талаар талууд маргаангүй. Охин М.Аринаг эцэг Д.*******ын асрамжид үлдээхээр тохиролцсон.

 

4. Гэрлэгчид нь гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

5. Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Г.Азбилэг нар зан харилцааны таарамжгүй байдлаас болж таарч тохирохгүй байгаа, 2021 оноос хойш тусдаа амьдарч байгаа гэх тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэнийг хариуцагч зөвшөөрсөн, талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг дүгнэж Д.******* болон Г.Азбилэг нарын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.

 

6. Зохигчид охин М.Аринаг эцэг Д.*******ын асрамжид үлдээхээр тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д нийцнэ.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин М.Аринаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх Г.Азбилэгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”, 26.4. “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж заасан тул эх Г.Азбилэг нь охин М.Аринатай уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эцэг Д.*******д даалгав.

 

9. Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргаагүй болохыг  дурдах нь зүйтэй.

 

10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Цэдэнбазар ургийн овогтой Даваахүүгийн ******* болон Олонгуут ургийн овогтой Ганболдын******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин М.Аринаг эцэг Д.*******ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин М.Аринаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх Г.Азбилэгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.


            5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эх Г.Азбилэг нь охин М.Аринатай нартай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эцэг Д.*******д даалгасугай.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Азбилэгээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

7. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

 

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР