Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 679

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

           улсын яллагч Х.Анхцэцэг,

            өсвөр насны шүүгдэгч Т.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Т, тэдгээрийн өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Тд холбогдох 1808017640616 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:  

Өсвөр насны шүүгдэгч Т.Т нь 2018 оны 04 дүгээр сарын 04 ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын дугаар дунд сургуулийн гадна талбай дээр насанд хүрээгүй С.Нг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

            Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:  

            Өсвөр насны шүүгдэгч Т.Т нь 2018 оны 04 дүгээр сарын 04 ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын дугаар дунд сургуулийн гадна талбай дээр насанд хүрээгүй С.Нг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

            - насанд хүрээгүй хохирогч С.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн:...тухайн үеп Мгүйж ороод Т.Тд намайг зодох гээд байна гэж хов зөөснөөс болж...Т.Т намайг “чи яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм” гээд миний хацарт 2-3 удаа алгадаж, гараа атгаж байгаад 2-3 удаа нүдэнд цохисон...унагааж байгаад цээж рүү өшиглөсөн...гэх мэдүүлэг /х-8-9/,

            - гэрч Д.Тийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр манай хүү Т.Т доод ангийн хүүхэд болох Н гэдэг хүүхдийг зодсоноос 3-4 хоногийн дараа Т.Тын ангийн багш У дуудаж байна нь гэхээр нь очиж уулзтал зодооны талаар хэлсэн... гэх мэдүүлэг /хх-12-13/,  

            - гэрч С.Уийн мөрдөн байцаалтад өгсөн:...ангийн багшийн хувьд би Т.Ттай уулзахад доод ангийн дүү нарыг Н дээрэлхэж дарамтлаад байхаар нь хэдэн үг хэлсэн чинь намайг цохиод авахад нь би зөрүүлээд зодсон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-14-15/,  

            - шүүхийн шинжээчийн дүгнэлт...С.Нгийн биед зүүн чихний ар хэсэг, зүүн хацар, зүүн нүдний доод зовхи, хамрын хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-19/,

            - Т.Тын иргэний үнэмлэхний хуулбар /хх-32/,

            - Т.Тын сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-34-35/

             - Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 106 дугаар сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт /хх-49/,

            - өсвөр насны шүүгдэгч Т.Тын мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр доод ангийн таньдаг дүү Мболон найзууд нарыг нь Н гэдэг хүүхэд дээрэлхээд чатаар ална хядна гэж сүрдүүлсэн мэссэж бичсэн байсан...тэр өдөр Нг дуудаж, болсон асуудлын талаар хэлэхэд “тийм юм болоогүй гэж байснаа, чамд хамаагүй” гээд өөдөөс хэдэрлээд байхаар нь түүнтэй зодолдон, түүний нүүрэнд болон толгой орчимд цохисон...гэх мэдүүлэг /хх-27-28/, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

            Иймд өсвөр насны шүүгдэгч Т.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгчид холбогдох гэмт хэрэгт хамааралтай нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд тухайн нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч нар худал дүгнэлт гаргасан, мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.    

Шүүгдэгч нь хохирогчид 80.000 төгрөг төлсөн /хх-9/, хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:  

Шүүгдэгч нь насанд хүрээгүй буюу өсвөр насных байхаас гадна  гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

            Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.     

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасан үндэслэл, журмыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлэх нь зүйтэй гэж үзэв.     

Бусад асуудал 

            Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

             1. Өсвөр насны шүүгдэгч Т.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  өсвөр насны шүүгдэгч Т.Тд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг  тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.      

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Тд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.  

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг Д.Тд даалгасугай. 

5. Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Т.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР