| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 2539001760134 |
| Дугаар | 2025/ДШМ/55 |
| Огноо | 2025-11-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/55
2025 11 11 2025/ДШМ/55
А.М-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Прокурор: Н.А,
Шүүгдэгч: А.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.М-н давж заалдах гомдлоор, түүнд холбогдох эрүүгийн 2539001760134 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч А.М нь 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн ... сумын 2 дугаар баг Өлзийтийн ... тоотод өөрийн төрсөн эх болох Д.Д-г мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас зүүн хөлийн шилбэн тус газар өшиглөж зодсон, мөн 2025 оны 02 дугаар сарын 04- ний өдөр дээрх газарт төрсөн эх Д.Д-г дахин мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас түлхэж унагах, тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадаж баруун, зүүн бугалга хэсгээс татаж, чангаах зэргээр биед нь халдаж цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн прокурорын газраас А.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-г 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие 3 хүүхэд нөхөртэйгөө амьдардаг. Нөхөр маань ихэнхдээ хөдөө малаа хараад байдаг. Би цэцэрлэгийн хүүхэд, 1 дүгээр ангийн хүүхэд хоёроо хардаг учраас одоохондоо ажил хийх боломжгүй байна. 500 цагийн нийтэд тустай ажлыг мөнгөн дүн рүү шилжүүлж өгнө үү. Манай ээж орон гаран ааштай, төрхийн алдаатай хүн байдаг. Тэгээд жоохон муудсан дээр худлаа, худлаа юм бичээд намайг цагдаад өгчихсөн. Энэ бүгдийг харгалзан үзээрэй...“ гэжээ.
Шүүгдэгч А.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдол дээрээ тодорхой бичсэн тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.М-д 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь А.М-н үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, өөрийнхөө төрсөн эхийн биед хохирол учруулсан байдал, тухайн шүүх хуралдааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугаа өөрийнхөө төрсөн эх рүү чихсэн байдал зэргийг харгалзаад тухайн ялыг оногдуулсан гэж үзэж байна. Өнөөдөр ч гэсэн гомдол гаргахдаа өөрийнхөө ээжийг орон гаран гэх мэтээр үл ойшоосон байдалтай гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр бас ийм л байдалтай байсан. Тийм учраас гэмт хэргийн шинж байдал, хохирогчийн насны байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-н гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч А.М нь 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн эх болох Д.Д-г мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас зүүн хөлийн шилбэн тус газар өшиглөж зодсон, мөн 2025 оны 02 дугаар сарын 04- ний өдөр дээрх газарт төрсөн эх Д.Д-г дахин мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар биед нь халдаж цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-Хохирогч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг түлхэж унагаагаад над руу уурлаад хашхичаад байсан. Тэрнээс 2 хоногийн өмнө буюу 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр миний зүүн хөл хэсэг рүү 1 удаа өшиглөж, миний хөлийг маш хөндүүр болгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/,
- Хохирогч Д.Д-н зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад өгсөн: “...мөнгө өгөхгүй бол ална гээд хэрүүл үүсгэсэн. Намайг ална гээд зодох гээд байхаар нь би гэрээсээ гараад гудманд гартал ор гээд намайг араас гараараа түлхэж газар унагаасан ...хэрүүл үүсгэж мөнгө өгсөнгүй гэж миний зүүн хөл рүү нэг удаа өшиглөж, миний хацар хэсэгт нэг удаа алгадсан. Миний зүүн хөлийн шилбэ хөхөрсөн миний хөл өвдөж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/,
-2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 127 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/,
-2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 234 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд болж өнгөрсөн үйл явдлыг бодитойгоор тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Түүнчлэн эрүүгийн хэргийг шалгаж, хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.М “...500 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү....” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ." гэж заасан.
Шүүхээс шүүгдэгч А.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хуульд нийцсэн, уг шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч А.М-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.М-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.