2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/10573

 

 

 

 

 

 

 

 

   2025             12              09                                            192/ШШ2025/10573

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.Сэлэнгэд холбогдуулан 11,690,230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Иргэн Ганхуяг овогтой ******* миний бие 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэн Батдалай овогтой Сэлэнгийн хүсэлтээр 10,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 17 хоногийн хугацаатай зээлийн гэрээ байгуулаагүй зээлдүүлсэн. Иргэн Батдалайгийн******* нь 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр чатаар холбогдож мөнгө зээлэхийг хүссэн ба тухайн өдөр нь 10,000,000 төгрөгийг Хаан банкны 5212141117 тоот дансанд нь шилжүүлж өгсөн. Иргэн Батдалай овогтой******* нь 6 дугаар сарын 17-нд ашигласан хоногийн хүүг нэмэгдүүлэн буцаан шилжүүлэхээр тохиролцсон. Зээлдэгч нь 6 дугаар сарын 17-нд хугацаандаа төлбөрөө барагдуулаагүй бөгөөд 6 дугаар сарын 30-ны өдөр зээл нь 1 сарын хугацаа болсон тул буцаан шилжүүлж өгөхийг хүсэж чат бичсэн боловч хариу өгөөгүй. Мөн 99103218 дугаар луу нь залгахад утсаа аваагүй бөгөөд, фэйсбүүк чатаар бичсэн боловч хариу өгөөгүй. Удаа дараа холбоо барих гээд залгах үед утсаа авахгүй, чатандаа хариулахгүй байсан тул ээжийнх нь фэйсбүүкээр холбогдож хэлснээр 7 дугаар сарын 03 өдөр чатаар хариу ирсэн. Ирсэн чат нь ... Hi таг болсонд уучлаарай. Манай мөнгө бас орж ирэхгүй би нэхээстэй байсан юм. Чинийхийг өнөөдөр шийднэ. Бөөн асуудал болчихлоо уучлаарай хө. Шилжүүлээд хэлье... гэдаг чат бичсэн. Миний бие тухайн үгэнд нь итгээд ... аанза, окэй, ашгүй... гэж бичээд үлдээсэн. Гэтэл 7 дугаар сарын сарын 03-ны өдөр мөнгөө төлөөгүй бөгөөд тэр өдрөөс хойш залгахаар утсаа авахгүй, чат бичихээр хариу бичихгүй алга болсон. Миний бие хамаатан садан хүний хувьд түүнд итгээд ямар ч барьцаагүй мөнгө зээлдүүлсэн байхад миний итгэлийг алдсанд гомдолтой байна. Иймд анх зээлсэн үндсэн 10,000,000 төгрөг, зээлийн хүү 1 сар 15 хоногийн 750,000 төгрөг, нийт 10,750,000 төгрөгийг иргэн Б.Сэлэнгээс гаргуулж өгнө үү, Г.******* миний бие 2024 оны 11 сарын 12-ны өдөр товлогдсон Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх хуралд нэхэмжлэгчээр оролцохоор БНХАУ-ын Гуанжоу хотоос нислэг болон галт тэргээр дамжин 2024 оны 11 сарын 9-нд Улаанбаатар хотод ирсэн боловч хариуцагч тал шүүх хуралдааны товыг андуурсан гэдэг шалтгаанаар шүүх хуралдаа ирсэнгүй. Хариуцагч нь товлосон хугацаандаа шүүх хуралдаа ирээгүй шалтгааны улмаас шүүх хурал хойшилж байгаа нь нэхэмжлэгч миний хувьд гадаад орноос ирэх замын зардал болон цаг хугацааны хувьд ихээхэн хохиролтой байна. Иймд БНХАУ-ын Гуанжоу хотоос Улаанбаатар хотод ирсэн болон Улаанбаатар хотоос Гуанжоу хотруу буцах замын зардал галт тэрэг 233'300 төгрөг, Онгоцны тийз 1490 юань буюу 706'930 төгрөг, нийт 940,230 төгрөгийг гаргуулж өгнө үү, Нийт 11,690,230 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Сэлэнгэ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.Сэлэнгэ миний бие Г.*******аас харилцан тохиролцсоны үндсэн дээр 10,000,000 төгрөг зээлсэн бөгөөд 10,000,000 төгрөг, хүү 750,000 төгрөг, нийт 10,750,000 төгрөгийн зээлийг барагдуулахад бэлэн байна. Харин замын зардал 940,230 төгрөг нь харилцан тохиролцсон тохиролцоотой холбоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, фото зураг, итгэмжлэл, цахим нэхэмжлэхийн хуулбар, билет захиалгын баримт, цахим тасалбар, гадаад паспортын хуулбар, Хаан банк дахь шилжүүлгийн мэдээлэлийн баримт зэрэг баримтыг ирүүлсэн байна.

 

            Хариуцагчаас баримт ирүүлээгүй байна.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.Сэлэнгэд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 11,690,230 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Б.Сэлэнгэ нь зээлийн гэрээний дагуу 10,750,000 төгрөгийн төлөхийг зөвшөөрнө, замын зардал 940,230 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч Г.******* нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5070172233 тоот данснаас 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Б.Сэлэнгийн эзэмшлийн 5212141117 тоот дансанд 10,000,000 төгрөгийг “Ganbataas” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн.(хавтаст хэргийн 44 дэх тал)

 

3.2. Зохигчид нь нэхэмжлэгчийг 10,000,000 төгрөгийг 1 сар 15 хоногийн хугацаатай, 750,000 төгрөгийн хүүтэйгээр хариуцагчид шилжүүлсэн тухайд маргаангүй.

 

Харин гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор замын зардал 940,230 төгрөг гаргуулах шаардлагын хувьд маргаантай.

 

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282.4. “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.

 

Зохигчид нь зээлийн гэрээний харилцаа үүссэн тухайд маргаангүй байх ба хариуцагч Б.Сэлэнгэ  нь “10,000,000 төгрөг зээлсэн бөгөөд 10,000,000 төгрөг, хүү 750,000 төгрөг, нийт 10,750,000 төгрөгийн зээлийг барагдуулахад бэлэн байна” гэж тайлбар гаргаж байх тул хариуцагчийн зөвшөөрлийн хүрээнд Иргэний хуулийн 218 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 10,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

5. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Г.******* нь “тус маргааныг шийдвэрлэх 2024 оны 11 сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Гуанжоу хотоос нислэг болон галт тэргээр дамжин Улаанбаатар хотод ирсэн. Иймд БНХАУ-ын Гуанжоу хотоос Улаанбаатар хотод ирсэн болон Улаанбаатар хотоос Гуанжоу хот руу буцах замын зардал галт тэрэг 233'300 төгрөг, Онгоцны тийз 1490 юань буюу 706'930 төгрөг, нийт 940,230 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа тодорхойлсон боловч нэхэмжлэгчээс 940,230 төгрөгийг зардал гарсан болох нь, тухайн зардал нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ зөрчсөн зөрчилтэй шалтгаант холбоотой болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, хавтаст хэргийн 4 – 14, 36 – 39, 42 - 43 дахь талд авагдсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 186,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Сэлэнгээс 10,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******ад, олгож, үлдэх 940,230 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сэлэнгээс 186,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.ОТГОНБАЯР