Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/57

 

 

 

 

2025           9                11                                                 2025/ДШМ/57                                              

 

 

Г.Ж холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Лувсанцэрэн

Хохирогч Ш.М, түүний өмгөөлөгч Т.Батцэцэг,

Шүүгдэгч Г.Ж, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/266 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Г.Ж, түүний өмгөөлөгч С.О, хохирогч Ш.М нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Г.Ж-т холбогдох эрүүгийн 2434002610082 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, …. оны .. дугаар сарын ..-ны өдөр …………. аймгийн …………….. суманд төрсөн, ……… настай, ………., дээд боловсролтой, ……………. мэргэжилтэй, …………… ажил эрхэлдэг, ам бүл …., ….. хүүхдийн хамт …………………. оршин суух бүртгэлтэй, …………… оршин суух, урьд нь

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овгийн Г.Ж, регистрийн дугаар …………..

2.Шүүгдэгч Г.Ж нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий "………." ХХК-ийн лиценз бүхий талбайг 2020 онд худалдана гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.М-с 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд өөрийн нэр дээрх Хаан банкны ********** дугаартай дансаар нийт 196,940,000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт байрлах "...ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газрыг 600,000,000 төгрөгөөр хамтарч худалдаж авъя..." гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.М-аас 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд өөрийн Хаан банкны ************* дугаартай дансаар нийт 300,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний буюу нийт 496,940,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

3.Төв аймгийн прокурорын газраас Г.Ж-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Г.Ж-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр “Залилах” гэмт хэргийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт Г.Ж-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-ын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-аас 496,940,000 /дөрвөн зуун ерэн зургаан сая, есөн зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулж, Төв аймаг Заамар сум 2 дугаар баг, 1-2 тоотод оршин суух хохирогч Ш.М-д олгож, хохирогч Ш.М нь сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн “иргэний хариуцагчаар Д.Я-ыг татах тухай тогтоол”-ыг хүчингүй болгож,

Эрүүгийн 2334002610082 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ж-аас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгч Г.Ж давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тус шүүхэд гомдол гаргаж байгаа учир нь иргэний маргааныг эрүүгийн хэрэг болгон шүүж байгаад гомдолтой байна. Шүүх хэргийн үнэн бодит байдлыг тогтоохдоо Ш.М-ын талыг хэт барьж, шүүхийн хэлэлцүүлэг хийсэн. Ш.М нь бүх он, сар, өдөр мөн дансны хуулгыг зөрүүтэй гаргасан байтал шүүх эдгээрийг нотлох баримт гэж авч байгаад Г.Ж миний бие маш их гомдолтой байна. Миний гаргаж өгсөн нотлох баримтууд бүгд хууль ёсны тамга тэмдэг, дансны хуулга, гэрчтэй болно. Ш.М нь миний нөхрийг амьд байхад найзалж болоод л байсан. Манайхтай ойролцоо 3 гэртэй байдаг байсан. Гэтэл миний нөхөр 2018 онд нас барснаас хойш 2019 онд хүргэн ах З-р дамжуулан танилцаад 2020 оноос миний ажиллаж байсан “Нарлаг” гэх газар хамтран ажиллаж байгаад өдийг хүрсэн. Гэтэл өнөөдөр прокурортой нийлж миний бүх үнэн зүйлийг худлаа, байгаа зүйлийг байхгүй болгож, хавтаст хэргийг дураараа нэмж, хасаж байгаад үнэхээр их гомдолтой байна. Мөн прокурор, улсын өмгөөлөгч О, Ш.М нар нь үгсэн хуйвалдаж, амьдралын боломж нөхцөлтэй байж, төлбөрийн чадваргүй харагдуулж, улсыг залилж, улсын өмгөөлөгч авсан. Энэ бүгдээс харахад надтай найзалж байгаа гэж худлаа итгүүлж, миний газар, гэр орныг авах зорилготой гэдэг нь энэ бүгд үйл баримтаар нотлогдож байна. Үүнд, шийтгэх тогтоолын 5 дугаар талд Ш.М нь “Анх 2019 онд өөрөө намайг хайж ирэхдээ газар зарах тухайгаа ярьж байсан” гэж анхнаасаа л худлаа ярьж эхэлсэн. Шийтгэх тогтоолын 6 дугаар талд 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Би анх бол 200 саяар түүний 52 га газрыг худалдаж авна гэсэн бодол” гэж Ш.М өөрийнх нь бодол гэдэг нь батлагдаж байна. 2019 онд газар зарах талаар огт яригдаагүй. Бид хоёр 2020, 2021 онуудад хамтарч ажиллаж байсан. М-ын төрсөн дүү болох М, М нар хувиа авдаг байсан. Хамтарч ажиллаж байсныг нотлохын тулд тухайн үед ажиллаж байсан ажилчдаас мэдүүлэг аваад өгөөч гэхэд байцаагч, прокурор нар авч өгөөгүй. 2020, 2021 онд ажиллаж байсныг бид хоёрын дансны хуулга нотолно. /мөн гүйлгээний утга/

Ш.М нь “Том төхөөрөмж авахыг мэдээгүй” гэж хэлсэн боловч, шүүх хурал дээр 23 сая бас нэг хурал дээр 45 сая гэж хэлж байгаа нь төхөөрөмжийг огт мэдэхгүй хүн биш мэдээгүй юм шиг харагдуулах гэсэн үйлдэл. Мөн онцгой албан татвар нэмэгдэж байгаа. А өмгөөлөгч гэж гарч ирсэн. Энэ нь Ш.М-ын өмгөөлөгч. А лиценз сэргээхэд өмгөөлөгч хэрэгтэй бол миний өмгөөлөгчийг ав гэж М санал болгоод би А өмгөөлөгчийг авсан. Энэ нь мөн урьдаас төлөвлөгөөтэй миний бүх мэдээллийг авах зорилготой байсан байна лээ. Ш.М нь А өмгөөлөгчөөс мэдээлэл аваад А лиценз гарсан өдөр ашигт малтмал дээр авах гээд очиход нь эзэмшигчид нь өгнө гээд өгөөгүй байсан. Миний охин Я-ыг дуудаад авахуулсан байсан. Тухайн үедээ М нь гэр рүүгээ авч явна гэхэд нь манай охин өгөөгүй. Гэтэл өнгөтөөр канондоно гэж уурлаад байна гээд охин надад утсаар хэлсэн. Тэгэхэд би М-тай юу болоод байгаа талаар утсаар ярихад миний өмгөөлөгч А өмгөөлөл хийж авсан гээд бид хоёр маргалдсан.

Ш.М нь анх 2019 онд танилцахад Булганы цагдаа дээр хоёр асуудал үүссэн гэж байсан. Уг асуудлууд 2021-2023 оны асуудал. Булганы 2023 оны 8 дугаар сарын 15-нд шийдэгдсэн тогтоол нь Ш.М-аас болж 5 хүн хохирсон хэрэг. Миний бие Ш.М-ын хэргийг үүрч, ял авсан. Хохирол маш их гарсан.

Ш.М нь анх миний данс өргүй байсан гэж 2019 онд Төв аймаг Заамар суманд хүний хашаа, байшин барьцаанд тавиад мөнгө зээлж, зээлээ төлөөгүй гээд залилангаар шүүх дээр байгаа гээд өмгөөлөгчөөр нь А ажиллаж байсан.

Ш.М нь өвөлжөө авсан 50,000,000 төгрөг Ж-т хамаагүй гэж тэгвэл энэ өвөлжөөг хамтдаа авъя гээд 40,000,000 төгрөг М-аас зээлээд 50,000,000 болгоод би шилжүүлсэн. Тухайн үед өвөлжөө зарж байгаа хүнийг Э-ийн нэр дээр л шилжүүлнэ гээд байна. Э-ийн нэр дээр авчихлаа гэж байсан. Дараа нь асуухаар болохгүй байна бүртгэлгүй гээд байснаа одоо болохоор ажиллахад бэлэн миний нэр дээр бүх бичиг баримт нь байгаа гэж 2025 оны 6 дугаар сарын 05-ны хурал дээр хэлж байна.

Ш.М нь шийтгэх тогтоолын 6-р талд “Би нэг ч үг худал хэлэхгүй” гэж 350,000,000 төгрөгөөс газрын 50,000,000 төгрөгийг аваад 300,000,000 төгрөгийг бэлнээр өгч явуулсан” гэж худал хэлж байна. Дэрст хонхорыг “М” захирал Л-ын эхнэр бага нөөцтэй битгий ав гэж байна гээд буцаасан. Х-г 350,000,000 төгрөгөөр зарна, авах бол мөнгө хийчих шилжүүлээд өгье гэсэн бас л “Х” ХК-ийн геологич хоосон гэж байна болилоо гэхээр нь 2022 оны 10 дугаар сард М-тай гурвалсан гэрээгээр ажилласан. Тэгтэл алт гармаар болоод ирэхээр нь газрыг чинь авна гээд цагдаа, шүүх болоод эхэлсэн. Би болгох гэж их явсан. М, М, М бид дөрөв хотод уулзаад бөөн хэрүүл салсан.

Ш.М нь “Би энэ хүнээс болж өрөнд орж, хүний нүүр харах, утсаа ч асаах эрхгүй болсон” гэж байна. Энэ асуудал нь ковидоор “Т” сургуулийн багш нас барж, нөхөр нь 2 нялх хүүхэдтэй үлдээд сэтгэл санаагаар унаж архинд орсон үед нь Ш.М нь найз гэх А танилцуулж, шагналд нь авсан гээд М ногоон, А нь шар ноолууран пальто авсан байсан. Тухайн хүнээ согтуу байх үед нь 40 сая төгрөг зээлье гэж хэлж аваад өгөөгүйг ар гэр нь мэдээд цагдаад өгч, бүр сошиалд тавиулж байсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлж байгаа төлбөр. Энэ байдлыг мэдсээр байж өмгөөлөгч О 6 дугаар сарын 05-ны өдрийн хурал дээр надаас болоод өртэй мэтээр ярьж, мөн шийдвэр гүйцэтгэлд өртэй болохоор байн байн дугаараа солино гэж мөн шийтгэх тогтоол дээр өмгөөлөгч О-гийн үгийг засаж бичсэн байсан.

Шийтгэх тогтоолын 7 дугаар талд Ш.М нь “Г.Ж болон түүний хамаарал бүхий 3-5 данс руу шилжүүлж байсан” гэж энэ хамаарал бүхий гээд байгаа дансыг би огт мэдэхгүй, танихгүй хүний данс энэ хуулгыг шалгаад өгөөч гээд бүх шатанд хүсэлт өгсөн аваагүй.

Ш.М нь “Булган аймаг Бүрэгхангай суманд лицензтэй газар хамтарч авъя гэж худлаа хэлж итгэл үнэмшил төрүүлж” гэж байгааг ойлгохгүй байна. Булган аймаг Бүрэгхангай суманд Дэрст хонхор нэртэй А лиценз байна уу? байна. Авахаар хамтарч хайгуул хийсэн үү? хийсэн. Би жирэмсэн чи хайгуул хийчих л гэсэн. Өрөмдлөгийн талбай дээр төрсөн ах Б- нь сууцаа хово машинаар нь чирүүлээд хүргүүлж байсан. Мөн өрөмдлөг хийж байхад ахтайгаа **** гэсэн хүрэн Land 200-тай ирж байсан.

Гэрч Ч.Т-с орж ирсэн 125,000,000 төгрөг хэдэн оны хэдэн сард ямар гүйлгээний утгатай орж ирснийг харвал газрын төлбөр биш төхөөрөмжийн төлбөр болох нь тодорхой болно.

Гэрч Ч.А миний данс руу 2,000,000 төгрөг хийлгээд буцаагаад Ш.М нь данс руугаа шилжүүлж авсан байгаа. Энэ авсан мөнгөө дахин нэхэмжилсэн байгаа.

Гэрч Б.Б 16,000,000 төгрөг орж ирээд тухайн өдөрт нь М 15,000,000 төгрөг орж ирснийг мөн тухайн өдөрт нь өрөмдлөгийн компанийн захирал Д-д 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Энэ бүгд шилжүүлэг дансны хуулгаар нотлогдоно.

Шийтгэх тогтоолын 10 дугаар талд:

Төв аймгийн Заамар сумын мөрдөгч Г.М “Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн хөдөө газрыг зааж, 741 га газар 19 кг алттай өшөө ч алтны нөөц нь өсөх боломжтой гэж надад итгүүлж, ятгасаар байгаад” гэж байгаагаас харахад М нь тухайн газрыг мэдэхгүй гэж худлаа хэлж байгаа нь тодорхой байна. Ш.М нь уг газрыг Булган аймаг Бүрэгхангай сум 3 дугаар баг бүр газрын хэмжээ, алтны нөөцийг тодорхой мэдэж байгаа нь илт байна. Тухайн газрыг тодруулахын тулд мэргэжлийн хүн болон харьяа газрын байгаль орчны байцаагчаас тодруулж болох байсан. “Х” ХК-ийг 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн. 2023 оны 5 дугаар сарын 02-нд цагдаад гомдол гаргасан байсан. Нэгэнт худалдаж авахгүй, хамтарч ажиллахгүй нь тодорхой болохоор нь газраа зарсан.

Шийтгэх тогтоолын 11 дүгээр талд:

Төв аймгийн цагдаагийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ш.М-ын дансанд үзлэг хийсэн та дуудсан цагт дансны хуулгатайгаа ирээрэй дансанд үзлэг хийнэ гэсэн боловч дуудаагүй. 2024 оны 8 дугаар сард мөрдөгч дуудсан. Мөрдөгч дансанд үзлэг хийнэ гэж хэлсэн гэхэд үзлэг хийхгүй прокурорт шилжүүлнэ гээд прокурор дээр очиход ажиллагаа дутуу гээд буцаагдсан.

Шийтгэх тогтоолын 12 дугаар талд:

Миний өмгөөлөгч С.О-ийн гаргасан саналыг шүүх хүлээж аваагүй. 196,940,000 төгрөгийг тайлбарлах нь:

125,000,000 төгрөг 2022 оны 7 дугаар сар хамтарч ажиллах төхөөрөмж,

31,000,000 төгрөг 2022 оны 6 дугаар сар өрөмдлөг Д дансанд,

20,000,000 төгрөг 2022 оны 6 дугаар сар Дэрст хонхор бичиг баримт Б дансанд,

2,000,000 төгрөг 2022 оны 6 дугаар сард М дансанд шилжүүлсэн,

6,400,000 төгрөг 2022 оны 6 дугаар сард 2021 оны түлшний өр Ц дансанд бүгд тухайн өдрөө шилжүүлсэн.

12,540,000 төгрөг 2020 оны 11 дүгээр сард хамтарч ажиллаж байсан нь дансны хуулгаар нотлогдоно. Энэ хамтарч ажиллаж байсан үеийн шилжүүлгийг санаатайгаар худал хэлж, 2020 оноос хойш мөнгө шилжүүлсэн болж харагдуулж намайг 2020 оноос газрын төлбөр гэж авсан мэтээр залилан хийсэн гэж гүтгэж байна. Иймд Ш.М нь урьдаас төлөвлөж, хань ижлээ алдаж, ганцаардах, зовох үеийг ашиглаж, найзалж байгаагаар итгүүлж, миний дотоод амьдралыг мэдэж, танил тал, төрийн албанд ажилладаг ах дүүсгүйг ажиглаж, нөхрөөс үлдсэн газарт шунаж, одоо бүр гэр орон авах гэж элдэв башир арга хэрэглэж, их хэмжээний хохиролтой болгон харагдуулж, мөн хамт авсан алтны газраас хувь өгөхгүй гэж ял эдлүүлэх зорилготой нь тодорхой байна.

Шийтгэх тогтоолын 17 дугаар талд:

Шүүгдэгч Ж нь мөрдөгч, прокурорын дуудсан цагт ирдэггүй байсан гэж дуудсан цагт ирэхэд нь байцаалт авахгүй М-д хохирол төл гэж загнаж, хүлээж бай гэж өдөржин болгодог байсан. М-тай Заамар суманд 18 цаг орчимд таарахад 5 минут орчмын дараа мөрдөгч залгаж, маргааш өглөө 9 цагт Төв аймаг дээр ир гэсэн. За гэж хэлээд 19 цаг орчимд хот руу гарсан. Гэтэл 20 цаг 30 минут орчимд сүлжээ ороод Булган аймаг Бүрэгхангай суманд ажиллаж байсан газраас залгаж, Төв аймгийн Заамар сумын 2 цагдаа Ж-ыг баривчил гэсэн гээд фургон машинтай ирээд нэгжлэг хийгээд буцлаа гэж байсан. Маргааш нь өмгөөлөгч Баттөртэй очиход өрөөндөө байхгүй утсаа авахгүй байсан. 11 цаг орчимд өмгөөлөгч залгахад Б нь согтуу маргааш ир гэсэн. Бид хоёр маргааш нь та яагаад ир гэчхээд араар баривчил гэж явуулж байгаа юм гэхэд яадаг юм битгий олон юм яриад бай гэсэн. Тэгээд намайг тэнд 6 цаг хүртэл суу. Өмгөөлөгч нь явж болно гэсэн. Гэтэл өмгөөлөгч яасан гэж ингэж залхаан цээрлүүлж байгаа юм хуулиа гаргаад ир гэж маргалдсан. Надтай нэг иймэрхүү харьцдаг байсан.

Дэрст хонхор дээр өрөмдлөг хийгээгүй гэж байснаа шийтгэх тогтоол дээр тамга тэмдэггүй хүчингүй гэж байгааг ойлгохгүй байна.

Миний өмгөөлөгч Б нь нуруу нугасны хүнд хагалгаанд орсон эмчийн хяналтад байдаг. Олон хадаастай гэсэн. Гэтэл 2025 оны 3 дугаар сарын хуралд ирсэн боловч, нуруу нь татаад хяналтад байдаг эмчдээ очихоор явсан. Үнэн учраа хэлээд хурлаа хойшлуулъя гэхэд хохирогчийн өмгөөлөгч, прокурор, шүүгч нар нь өмгөөлөгчгүй оруулна гээд байсан учраас төлбөр төлсөн өмгөөлөгчөөсөө татгалзсан. Шүүгч тэр дор нь бичгээр бичиж өг гээд бичиж өгсөн. Хурал хойшилж 4 дүгээр сарын 03-ны өдөр болсон. Энэ хугацаанд улсын өмгөөлөгч авъя гэтэл тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг гээд авч чадаагүй. Хурал тулгаж өмгөөлөгчийг авсан. Хурал дээр Мөнхтулга өмгөөлөгч хэрэгтэй танилцах хугацаа хүссэн. 1 өдрийн хугацаа өгсөн. 4 дүгээр сарын 04-ний өдөр хурал дээр М нь өмгөөлөгч М-ыг дуугүй бай гэж загнаад өмгөөлөгч дахин юм хэлээгүй. Даралт нь ихэссэн гэсэн тэгээд бүгд дайраад байсан болохоор би сандраад хэл татсан. Олон өмгөөлөгч сольсон гээд 1 сар хоригдсон. Энэ хугацаанд ар гэрийнхэн С.Оюунцэцэг өмгөөлөгчийг авсан байсан. 28 хоноод 5 дугаар сарын 01-ний өдөр хурал болж, үндэслэлгүй гээд гарсан. Цагдан хорих байранд байхдаа бие өвдөөд хоёр удаа даралт 170 хүрээд 103 ирж тариа хийж, мөн бөөр, нойр булчирхай өвдөөд 64 кг-аас 58 кг болж эмчилгээний хоолонд орсон. Гэтэл Ш.М шүүхийн гарах шийдвэрийг мэдэж байсан байна лээ. Хоригдож байх хугацаанд хадмууд болох М, О, Н, Д хамтран амьдрагч байсан Х нартай холбогдож цаашид 4 жил хоригдоно гэж нэр дээр нь машин, байшин байна уу гэж асуусан байсан.

Шүүх хурал болох хугацаанд мөрдөгч, прокурорт гомдол гаргах байсан ч шүүхийг үнэн зөв шүүх байх гэж найдаж байсан.

Шийтгэх тогтоолын 18 дугаар талд:

Бас “Э” ХХК гараад ирлээ гэж бүх А лиценз дангаараа гардаггүй талаар Ц тодорхой хэлсэн байхад тэр талаар бичээгүй. О.Т гэдэг нь Б-ын дүү. Зарах талаар Б захирал нь мэддэг гэж Т-г, Б хоёулаа хэлсэн. Энэ талаар хэлэхэд миний дэргэд чанга яригч дээрээ тавиад утсаар залгахад Б нь дуудсан цагт очиж мэдүүлэг өгье гэж хэлсэн. Тэгэхэд дуудаж мэдүүлэг аваагүй байсан.

Шийтгэх тогтоолын 20 дугаар талд:

Нэмэлт мөрдөн байцаалт гэсэн чинь ямар ч хэрэгт ач холбогдолгүй өрх толгойлсон гээд байсан чинь нөхөр Э, хүү Б-гаас мэдүүлэг авсан. Миний мэдүүлэг аваад өгөөч гэсэн О, Б, Д, Б, О, Ш, Б, Э, Ц нараас мэдүүлэг аваагүй. Харин миний охин Я иргэний хариуцагч болгосон байх жишээтэй.

Би Ш.М-ын өмнөөс Булганд хэрэг үүрчхээд маш их хохирсон тэр хохирлыг яах вэ? Энэ хэргээс болж даралт ихсэх, хэл татах, нойргүй болох бүр хүүхдүүд минь нойргүй өвчтэй болсон.

Улсын яллагч нь хохирол нөхөн төлөөгүй байдал, урьд 2 удаагийн ял шийтгэл хувийн байдлыг дүгнээд гэсэн байна. Хохирол гээд байгааг үнэн зөв гаргах, гаргаж чадахгүй байгаа эсвэл гаргахыг хүсэхгүй байх шиг байна. Ийм учраас мэргэжлийн хүнээр гаргуулах хүсэлтэй байна. 2 удаагийн ял гэнэ. Энэ М-аас болж ял авч, сэтгэл санаа, эд материал, итгэл сэтгэл гаргаснаараа хохирсон. Прокурор удаа дараа гуйсан боловч шийдэгдсэн хэрэг хамаагүй гэж хэлсэн. Энэ нь нэгэнт хохирсон чинь хамаагүй гэсэн үг үү? Хувийн байдал гэнэ, энэ нь яг ямар учраас гээд ял өгөөд байгаа юм өрх толгойлсон өнчин олон хүүхэдтэй, өмссөн зүүсэнгүй, царай зүс ядруу гэж ийм ял өгч байгаа юм уу?

Прокурор нь 4 дүгээр сарын 04-ний өдрийн хурал дээр Ш.М-ыг өрх толгойлсон орлогогүй учраас улсын өмгөөлөгч авсан гэж хэлсэн. Ш.М нь нөхөртэй, нөхөр нь тэтгэвэр авдаг. Өөрөө говьд түрээсийн машин явуулдаг. 3 өрөө байртай. ****, **** улсын дугаартай Land-200 маркийн машинуудтай. Мөн өөрийнхөө нэр дээр алтны газартай хүн. Энэ байдлаас харахад прокурор, улсын өмгөөлөгч, Ш.М нар нь улсыг залилж байгаа нь харагдаж байна. Прокурор албан ажлаа хувийн амбицаар шүүж байгаад гомдолтой байна.

Прокурор нь хавтаст хэргээс материал дураараа нэмж хасдаг. 15 хуудас 1 дугтуйтай зүйлийг хассан. Тэр 15 хуудаснаас хойш бүгд дугааргүй байсан.

Шүүгч илт Ш.М-ын талд шийд гаргасан. Өөрийн үзэл бодол, зөв бурууг шүүх ямар ч сонирхолгүй. Улсын яллагчийн гаргасан шийдлийг тэр чигт нь шийдэж, мөн хуулж бичиж байна.

Мөн хар зах дээр наймаа хийж байгаа аятай хохирогч хэдийг нэхэмжиллээ гээд тэр нэхэмжлэлийг шууд гаргаж байна. Нэг хэрэг хайнга шийдлээ гээд ард нь хэдэн хүн хохирч, хэдэн хүүхэд, хэдэн ээж, аав нус нулимстайгаа шаналж, хэдэн гэр бүл амьжиргааны түвшин буурч байгааг бодох хэрэгтэй.

Шүүгч нь манай өмгөөлөгч Оюунцэцэг хурлын бичлэг үзнэ гэсэн хүсэлт өгсний дагуу урьдчилж тайлбар бичсэн байна. 6 дугаар сарын 02-ны өдрийн хурал дээр газрын төлбөрөө 9 жил төлөөгүй юм байна лээ гэж хэлсэн нь газрын төлбөрийг жил бүр 12 сард төлдөг төлөөгүй тохиолдолд цуцлагддаг.

Эндээс юу гэж дүгнэж байна гэхээр намайг төлбөр мөнгө төлдөггүй болгож харуулж байна. Ш.М нь хамтарч 50,000,000 төгрөгөөр авсан алтны газрыг 4 дүгээр сарын 04-ний өдөр үндэслэлгүй хориулаад өөрөө ажиллах бичиг баримт бүрдүүлж, өөрөө ажиллах болсонд маш их гомдолтой байна...” гэв.

 

6. Шүүгдэгч Г.Ж-ын өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.“Х” ХХК-ийн Г.Ж-ын нэр дээр тусгай зөвшөөрөл байхгүй байсан талаар хэлж байсан бөгөөд хохирогч Ш.М мэдэж байсан тул түүнд худал хэлж залилаагүй болох нь: Ш.М-ын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өгсөн “...Тухайн үед талийгаач нөхрийнх нь нэр дээрх газар нь талийгаачийн ах дүү нар болон Ж-ын хооронд газрыг өвлөх асуудлаар маргаантай байсан. Энэ үед өмгөөлөгчийн асуудлаар тусалж газрынх нь бичиг баримтыг нь цэгцэлж тус болж байсан..." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 30-31-р тал/

Хохирогчоор 2024 оны 8 дугаар сарын 29-нд өгсөн "2020 оны 4 дүгээр сарын эхээр утсаар ярьж байгаад манай гэрийн гадаа ирж уулзаад анх нүүр нүүрээ харж уулзаж танилцаад найз нөхдийн холбоотой болсон. Нөхрийнхөө нэр дээр байдаг "Х" ХХК-ийн лицензийг өөрийн болгомоор байна, нөхөр нас барснаас хойш лиценз цуцлагдаж хүчингүй болчхоод байгаа, би лицензээ сэргээж өөр дээрээ авмаар байна" гэж ярихаар нь сайн хуульч бий, түүнтэй уулзаад үзэх юм уу гэхэд тэгье гээд утасны дугаарыг нь авч холбоо тогтоогоод лицензээ авах ажлаа эхэлсэн юм. Энэ үедээ надад тус газраа өөр дээрээ шилжүүлээд авчихвал зарах гэж байгаа юм гэсэн. Шүүх хүртлээ яваад 2022 оны 5 сард ялалт байгуулж Г.Ж тус лицензийг өөрийн болон охин Д.Я-ын нэр дээр бүртгүүлсэн" гэх мэдүүлгээр Г.Ж бодит байдлыг нуугаагүй, нөхөр нь нас барсны дараа лиценз хүчингүй болсон, уг лицензийг өөрийн нэр дээр аваад зарна гэж Ш.М-д үнэн бодит байдлыг хэлж байсан нь нотлогддог. /1-р хавтаст хэргийн 38-р тал/

Уг мэдүүлгүүдээр Г.Ж-т 2022 оны 5 дугаар сард Г.Ж-ын нэр дээр лиценз шилжиж “...би М-тай 350 саяд зарна гэж тохирсон боловч мөнгөө бүрэн өгөхгүй, сүүлдээ авахаа болилоо гэснээс болж 1 жил гаруй хугацаа өнгөрсний дараа О-д А лицензээ зарсан...” гэх удаа дараагийн мэдүүлэг давхар нотлогддог болно. Гэтэл хохирогч Ш.М лиценз нь хүчингүй болсон байсныг мэдсэн, Г.Ж өөр дээрээ шилжүүлж байж зарна гэж хэлсэн хэмээн тодорхой мэдүүлсээр байхад шүүх шийтгэх тогтоолдоо хүчингүй лицензтэй газраа нууж, бодит байдлыг нуун төөрөгдүүлж, залилан мэхэлсэн гэж дүгнэлт хийж ял оногдуулсан нь яллах талыг хэт барьж, нэг талд үйлчилж шийдлээ гэж үзэхэд хүргэж байна.

2.Хохирогч Ш.М-аас 2020 оны 11 дүгээр сарын 03-аас 2022 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд "Х" ХХК-ийн лиценз бүхий талбайг худалдана гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 196,940,000 төгрөгийг залилан авсан үйлдэл хийсэн гэх нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлон тогтоож чадаагүй болох нь:

Г.Ж-ын нэр дээр "Х" ХХК-ийн А лиценз нь 2022 оны 5 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд огт шилжээгүй байсан нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 123 дугаартай магадлалаар ашиглалтын лиценз сэргээгдсэн гэх Г.Ж-ын мэдүүлэг болон уг магадлалын дагуу Тусгай зөвшөөрлийг сэргээж, 9 жилийн төлбөрийг хүлээн авах, хүчин төгөлдөр хугацааг 2044 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөр тооцохоор шийдвэрлэснийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 242 дугаартай шийдвэрээр бүртгэгдсэн баримтаар нотлогддог. /1-р хавтаст хэргийн 53, 56-57-р тал, 183-р талын 013-СЕ дугаарт/

Дээрх баримтаар Г.Ж 2022 оны 5 сараас хойш Ш.М-лын тавьсан хүсэлтийн дагуу 350 сая төгрөгт зарна гэж хэлсэн гэх мэдүүлэг болон Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Н.Э-ын албан бичгийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн лавлагаанд "...дахин гэрчилгээ" "Х" ХХК /РД:****************/ нь П.О гэдэг хүний нэр дээр 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шилжсэнийг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өөрчилснийг бүртгэгдэж" гэх баримтаар Ш.М-д зарна гэх үед буюу 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 7 дугаар сар хүртэлх 1 жил 2 сар гаран хугацаанд түүнийг хүлээж, бусдад лицензээ шилжүүлээгүй байсан гэдэг нь тогтоогддог.

3.Ш.М-н хохирогчоор өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд өөр хоорондоо эрс зөрүүтэй өгөгдсөн төдийгүй хэдэн төгрөгөөр яаж хохирсон гэдгийг нотолж чаддаггүй нь:

Хохирогчоор 2023 оны 6 дугаар сарын 08-нд "Ж-тай 2019 оноос найз болсон, газрыг 200,000,000 төгрөгөөр авахаар болж, 2022 оны 5 сараас мөнгө шилжүүлж эхэлсэн. Охин Я нь гэрчилгээн дээр миний нэр байгаа 100,000,000 төгрөг өгчих гэхээр нь газрын үнийг 300,000,000 болгосон. Энэ 52 га газарт 238,910,400 төгрөг шилжүүлсэн /1-р хавтаст хэргийн 30-р тал/

4.Хохирогчоор 2023 оны 10 дугаар сарын 23-нд "Ж-ын данс руу оруулсан 90,000,000 төгрөгийг тухайн үедээ мөнгөний хэрэгцээ гараад түүнээс хэсэгчлэн авч байсан тул нэхэмжлээгүй юм" /1-р хавтаст хэргийн 33, 34-р тал/ энэ мэдүүлэг нь шийтгэх тогтоолын 4 дүгээр талд буй Ж-ын "...Анх газар авна гэж эхлээгүй байхад газрын төлбөр гэж мөнгө шилжүүлээд байдаг байсан. Яагаад ийм утгатай мөнгө хийж байгаа талаар асуухад "...ингэж хийхгүй бол манай хэд надад шилжүүлэхгүй байна" гэсэн... Ойр зуур хэрэглэсэн юмаа дандаа газрын төлбөр гэж шилжүүлдэг байсан... 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр М гэх хүнээс 50,000,000 төгрөг газрын төлбөр гэж орж ирсэн. 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр бид хоёр газраа хэдэн төгрөгөөр зарахаа тохироогүй байсан. Тэгэхэд "Буцаан мөнгө авч хэрэглэхийн тулд чиний дансыг ашиглаж, дамжуулан газрын төлбөр гэж хийхгүй бол өгөхгүй байна" гэж хэлэхэд нь тухайн өдөртөө 41,000,000 төгрөгийг Ш.М-ын данс руу хийсэн... 40,000,000 төгрөгийг би 50,000,000 болгоод 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр буцаан шилжүүлсэн. Бид хоёр тухайн өдрөөс яриад “Төв аймгийн Заамар суманд Алтайн хүдэр компанийн лицензэд орсон өвөлжөөний газар авна гэж ярьсан" гэх шүүхийн хэлэлцүүлэгт болон удаа дараа өгсөн мэдүүлгүүд Ш.М, бэр дүү Ч.Т нараас мөнгө авч хэрэглэхийн тулд Ж-аас газар авах гэж байгаа хэмээн худал хэлж, Г.Ж-ын дансыг ашиглаж мөнгө авсан нь нотлогддог.

5.Г.Ж нь гэрчээр болон яллагдагчаар өгсөн бүх мэдүүлэгтээ Ш.М-ыг залилан мэхлэх үйлдэл хийгээгүй, 2020-2021 онд хамтран ажиллаж байсан, 2022 оны 5 дугаар сарын 20-нд 52,88 га газрын А лиценз гарсны дараа Ш.М-ын газраа надад зарчих гэсэн хүсэлтийн дагуу 350,000,000 төгрөгт худалдахаар тохирсон гэдгээ тогтвортой мэдүүлж ирсэн байдаг. Тухайлбал, Г.Ж-ын 2023 оны 6 дугаар сарын 21-нд "Х" ХХК-ийн газрыг зарна гэж хэлж, 2022 оны 5 дугаар сард газар зарах үнийг Ш.М-тай тохирч 350,000,000 төгрөгөөр зарахаар болж, 176,000,000 орчим төгрөг авсан. Би 2022 онд М-д "Үлдэгдэл мөнгөө хийчих, чамд газраа шилжүүлж өгье" гэсэн. Гэтэл "Хоту ХХК-ийн геологич наад газрыг чинь алтгүй гэж байна. Би авахаа болилоо" гэхээр нь бусдад зарсан байдаг. /1-р хавтаст хэргийн 53-54-р талд/

6.Хэрэгт өгөгдсөн "газрын төлбөр" гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн баримтууд нь дандаа бусдын буюу Ш.М, Ч.Т нарын дансаар 10 удаагийн гүйлгээгээр нийт 175,000,000 төгрөг шилжин орсон байдаг нь Г.Ж-ын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн гэрчийн, 2023 оны 6 дугаар сарын 21-ний мэдүүлэгт "...2022 оны 5 дугаар сард тухайн компаниа талийгаач нөхрийнхөө нэрээс өөр дээрээ шилжүүлж авсан юм. Би Ш.М-д уг газраа 350,000,000 төгрөгөөр зарахаар тохирсон байсан тул газрын урьдчилгаанд 179,000,000 орчим төгрөг дансаар авсан" гэх мэдүүлгээр давхар нотолдог. /1-р хавтаст хэргийн 50, 53-р талд/

Хоёр. Шийдвэрт “Үргэлжилсэн үйлдлээр Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багийн нутагт байрлах "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газрыг 600,000,000 төгрөгөөр хамтарч худалдаж авъя" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Ш.М-аас 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний хооронд ХААН банкны *********** дугаартай дансаар нийт 300,000,000 төгрөг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэл тогтоогдсон гэж дүгнэн ял оноосонд гомдолтой байна. Учир нь:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/224 дугаартай шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-т, 5 дугаар хавтаст хэргийн 144-145-т авагдсан гэрч О.Т, Э.Т, шүүгдэгч Н.Ц нарын мэдүүлэг, баримт зэргийг шийтгэх тогтоолд нотлох баримтаар тооцон оруулж, Г.Ж-ын яллах үндэслэл болгож буйг үндэслэлгүй гэж үзэн зөвшөөрөхгүй байна.

2.Залилангийн гэмт хэрэгт удаа дараа шийтгэгдсэн Н.Ц-ийг 2021 оны 8 дугаар сард урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Г.Ж-т алтны зөвшөөрөлтэй газар худалдана гэж хуурч, О.Т-ийн эзэмшлийн "Э ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий газрын ашигт малтмал ашиглалтын МѴ-021246 дугаартай тусгай зөвшөөрөл, ашиглалтын тусгай зөвшөөрлийн 1, 2 дугаар хавсралтыг үзүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Г.Ж-аас 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 53 минутад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сансар худалдааны төвд байрлах Хаан банкны салбараас шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******** дугаарын дансаар шилжүүлэн авч" залилсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, залилагч Н.Ц Эрүүгийн хуулийн 17.3-ын 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жил хорих ял авсан нь тогтоогдсон.

3.Г.Ж нь Н.Ц-д хууртагдаж залилуулсан учраас түүний үгээр Ш.М-д "Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Дэрст хонхор гэх газарт алтны зөвшөөрөлтэй газар байна, хамтран ажиллаад ашгаа 50, 50 хувиар авах уу?" гэснийг зөвшөөрч, тэд хамтран ажиллахаар тохирсон нь нотлогддог.

4.Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 01-нд дүү Ш.М-аас шилжүүлсэн 140 сая төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 04-нд Ш.М-аас шилжүүлсэн 170 сая төгрөгөөс тухайн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 04-нд ялтан М.Ц-ийн Хаан банкны ******** тоот дансанд 100,000,000 төгрөг шилжүүлсэн баримтаар Г.Ж залилуулсан болох нь нотлогддогийг шүүх огт анхаарч үзэж дүгнээгүйд гомдолтой байна.

 

5.Түүнчлэн алттай гэх Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст хонхрын газар дээр 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр "Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ"-г "М" ХХК-ийн захирал Л.Д-тэй байгуулсан байдаг. Гэтэл уг гэрээг мөнгө шилжүүлсэн үеэс 9 сар орчмын дараа үйлдэж, гэрээнд тамга тэмдэг дарагдаагүй байсан гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт авагдсан гэрч Г.Б, О.Х, Д.Б, Д.Я нарын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 86, 89, 91, 5-р хавтаст хэргийн 42-р талд/ болон Г.Ж-ын өгсөн удаа дараагийн мэдүүлэгт Ш.М-тай Булган аймгийн Бүрэгхангай сумын Нарлаг болон Дэрст хонхор гэх газруудад хамтран ажиллаж алт олборлосон, алтны нөөц шалгахаар өрөмдлөг хийсэн гэх баримтууд, "М" ХХК-ийн захирал Л.Д-ийн ******** тоот Хаан банкны дансанд 2022 оны 6 дугаар сарын 20-нд 30,000,000 төгрөгийг өрөмдлөгийн ажлын хөлсөнд шилжүүлсэн баримтыг шүүх яагаад үнэлж дүгнээгүй, ямар үндэслэлээр няцаасан талаараа Шийтгэх Тогтоолд огт дурдаагүйд гомдолтой байна. /1-р хавтаст хэргийн 86, 89, 91, 210-239 тал, 3-р хавтаст хэргийн 92-р тал, 5-р хавтаст хэргийн 42-р талд/

 6.Г.Ж, Ш.М нар Булган аймгийн Бүрэгхангай сумын Нарлаг гэх газарт 2020 оны 11 дүгээр сарын 03-аас хамтран ажиллаж, алт олборлож, ашгийн хувь Г.Ж-т өгч байсан нь Ш.М нь өөрийн Хаан банк дахь ********** тоот данснаас "х, ж, ж" гэх утгатайгаар 2020 оны 11 дүгээр сарын 03-аас 2022 оны 05 дугаар сарын 30-ыг хүртэл хугацаанд Г.Ж-ын Хаан банк дахь ********* тоот данс руу 11 удаагийн гүйлгээгээр: 1 дүгээрт: 2020 оны 11 сарын 03, 11 сарын 09, 11 сарын 16-ны өдөр 5554102982 тоот данс руу нийт 13,000,000 төгрөгийг "Ж" гэх гүйлгээний утгатай 4 дугаарт: 2020 оны 12 сарын 20-ны өдөр Г.Ж-ын Хаан банкны *********** тоот данс руу 3,000,000 төгрөг "Баярлалаа ж" гэх гүйлгээний утгатай 5 дугаарт: 2021 оны 09 сарын 26-ны өдөр Г.Ж-ын нэр дээрх Хаан банкны ************ тоот данс руу 2,000,000 төгрөг "Жаак" гэх гүйлгээний утгатай 6 дугаарт: 2021 оны 11 сарын 06-ны өдөр Г.Ж-ын нэр дээрх Хаан банкны ************ тоот данс руу 100,000 "Ж" гэх гүйлгээний утгатай 7 дугаарт: 2021 оны 11 сарын 11-ний өдөр Г.Ж-ын нэр дээрх Хаан банкны ********** тоот данс руу 2,400,000 "Хув" гэх гүйлгээний утгатай 8 дугаарт: 2021 оны 11 сарын 13-ны өдөр Г.Ж-ын Хаан банкны *********** тоот данс руу 1,000,000 төгрөгийг "Ж" гэх гүйлгээний утгатай 9 дугаарт: 2021 оны 11 сарын 14-ний өдөр Г.Ж-ын нэр дээрх Хаан банкны *********** тоот данс руу 2,000,000 төгрөгийг "Ж" гэх утгатай 10 дугаарт: 2021 оны 11 сарын 16-ны өдөр Г.Ж-ын Хаан банкны ************ тоот данс руу 100,000 төгрөг "Ж" гэх гүйлгээний утгатай 11 дүгээрт: 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Г.Ж-ын Хаан банкны ********** тоот данс руу 1,000,000 төгрөг "Ж" гэх гүйлгээний утгатай нийт 24,600,000 төгрөг шилжүүлж өгсөн баримтаар батлагддаг. /1-р хавтаст хэргийн 40-р тал, 2-р хавтаст хэргийн 170-172-р талд/

7.Ш.М-ын төрсөн хүү Б.Б 2023 оны 10 дугаар сарын 07-нд “...Манай ээж М нь Ж-тай ажил хэргийн холбоотой байдаг байсан" гэх /1-р хавтаст хэргийн 82-р тал/ мэдүүлэг зэрэг баримтаар тэдний хамтран ажиллаж байсан нь нотлогддог.

8.Шийтгэх Тогтоолын 1.4-ийн Эрх зүйн дүгнэлтийн "Тодруулбал" гэх хэсгийн "Г.Ж нь Н.Ц-н Хаан банкны *********** дугаарын дансанд 2021 оны 10 дугаар сарын 04-нд 100,000,000 төгрөг шилжүүлсэн боловч Н.Ц-д шилжүүлсэн газрын байршил нь хохирогч Ш.М-д зарна гэж итгүүлэн үзүүлсэн газраас өөр байршилд байсан бөгөөд Г.Ж нь Н.Ц-д залилуулсан энэ хэрэгт хамааралгүй бөгөөд Н.Ц-д залилуулсан талаар Ш.М-д хэлээгүй, шүүхийн шатанд Ш.М мэдүүлдэг бөгөөд түүний мэдүүлгийг шүүгдэгч Г.Ж нь үгүйсгэж, няцаагаагүй болно" гэж дүгнэснийг ойлгохгүй байна. Шүүх нь шийтгэх тогтоолд Н.Ц-д холбогдох эрүүгийн хэрэгт Г.Ж-ыг хохирогчоор тогтоосон. Г.Ж-ыг яагаад хэрэгт хамааралгүй, хохирогч Ш.М-д залилуулснаа хэлээгүй гэдгийг ямар нотлох баримтаар нотлов, Г.Ж-аас Н.Ц-д шилжүүлсэн газар гэж огт байхгүй атал ямар газрыг "шилжүүлсэн газар" гэж нотлов гэдэг нь огт ойлгогдсонгүй.

9.Эрүүгийн хэрэгт авагдсан "Мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2024 оны 9 сарын 22-ны өдрийн тэмдэглэл"-д мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч, хохирогч Ш.М-ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийжээ. Тэмдэглэлд "Г.Ж-ын араас хөөцөлдөж байгаад уг газрыг 2022 оны 5 дугаар сард заалгаж авсан. Ж уг газрыг олоход амархан, Мобикомын антентай уулын цаад талд жижигхэн толгодын баруун тал тэр чигээрээ гэж зааж байсан. Би уг газрыг ойролцоох цахилгааны шонгийн мод, туул голоор барагцаалдаж мэдэж байна" гэснийг өөрөөр нь заалгахад GARMIN GPSmap-aap 276CX, GPS төхөөрөмж байршуулахад №48°13'13'8" Е104°16'20'0" солбилцолыг зааж байв" гэсэн баримтыг шүүх ямар баримттай харьцуулан үнэлж дүгнэн "Н.Ц-н заасан газраас өөр байршилд байна" гэснийг хэргээс олж хараагүй болно. М 2022 оны 5 дугаар сард ганц удаа харсан газраа бүтэн 2 жил 4 сарын дараа Ж-ын хэлсэн Мобикомын антентай уул, цаад талын жижиг толгодын баруун талын газрыг дурдалгүй цахилгааны шон Туул голоор барагцаалан заасныг байршил нь өөр газар байна, солбицол нь яаж зөрөв гэдгийг эргэлзээгүй нотлогдсон баримт гэж шийтгэх тогтоолд дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. /3-р хавтаст хэргийн 50-р тал/

Уг нь Г.Ж-ын өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгах, эсвэл Г.Ж-ыг оролцуулан шалгасан бол хэргийн бодит байдал тогтоогдох байсан атал зөвхөн яллах талыг барьж хэргийг шалгаж, арга ядсан мөрдөн шалгах ажиллагаа явуулж ирсэн нь тогтоогддог болно.

Гурав. Хохирогч Ш.М-д 196,940,000 төгрөгийн болон 300,000,000 төгрөгийн нийт 496,940,000 төгрөгийн хохирлыг залилан мэхлэх аргаар учруулсан гэх байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.5-д "Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг" нотолж чадаагүй. Тухайлбал, Хохирогч Ш.М нь дор дурдсан байдлаар мэдүүлгүүдээ илтэд зөрүүтэй өгч ирсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь "Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй" гэх заалтаар мэдүүлгийнхээ эх сурвалжаа зааж чадахгүй байгаа нь:

Хохирогчоор "2023 оны 6 дугаар сарын 08-нд газрыг 200,000,000-д авахаар болж, 2022 оны 5 сараас мөнгө шилжүүлж эхэлсэн. Охин Я нь гэрчилгээ дээр миний нэр байгаа 100,000,000 төгрөг өгчих гэхээр нь газрын үнийг 300,000,000 болгосон. Энэ 52 га газарт 238,910,400 төгрөг шилжүүлсэн" /1-р хавтаст хэргийн 30-р тал уг мэдүүлэгт лиценз Г.Ж-ын нэр дээр гарсан үед буюу 2022 оны 5 дугаар сараас мөнгө шилжүүлж эхэлсэн гэдгээ үнэн зөвөөр мэдүүлсэн атлаа дараагаас нь 2020 онд авахаар болсон мэтээр худал мэдүүлж ирсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан "Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх" үүргээ зөрчиж ирсэн.

Эрүүгийн хэрэгт авагдсан "Банкны дансны хуулгад үзлэг хийсэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны тэмдэглэл"-д нийт 611,500,000 төгрөг шилжүүлсэн. Харин Г.Ж нь Ш.М руу 114,560,000 төгрөг шилжүүлсэн. Ш.М нь Г.Ж-аас 496,940,000 төгрөг буцааж аваагүй нөхцөл байдал тогтоогдож байна" гэж тэмдэглэснийг үндэслэн 496,940,000 төгрөгийн хохирол учруулсан гэснийг зөвшөөрөх боломжгүй байна. Яагаад гэвэл:

Ш.М-ын Хаан банкны ********* тоот данснаас 2021 оны 9 дүгээр сарын 01-нд 140,000,000 төгрөг "газрын төлбөр" гэх гүйлгээний утгатай орж ирснээс тухайн 2021 оны 9 дүгээр сарын 01-нд Ш.М өөрийн Хаан банкны *********** тоот дансанд 21,000,000 төгрөгийг Г.Ж-ын Хаан банкны *********** тоот дансаар "Ж" гэх утгаар буцаан авсан. Ш.М-аас 2021 оны 9 дүгээр сарын 20-нд Хаан банкны ************ тоот данснаас 40,000,000 төгрөг "газрын төлбөр" гэж орж ирсэн ба үүнээс 2021 оны 9 дүгээр сарын 21-нд Ш.М өөрийн Хаан банкны ********** тоот дансанд 50,000,000 төгрөг болгоод буцааж авсан байдаг. /1-р хавтаст хэргийн 5-р талын Ш.М-ын дансны гүйлгээний баримтаар нотлогддог/

Ш.М-аас 2021 оны 10 дугаар сарын 04-нд "газрын төлбөр" гэх гүйлгээний утгатай 170,000,000 төгрөг Г.Ж-ын Хаан банкны ********** тоот дансанд шилжин орсон. Дээрх 3 баримтаар 279,000,000 Ж-т үлдсэнээс Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст хонхор гэх ашиглалтын лицензийг шилжүүлэн авахаар Н.Ц-ийн Хаан банкны *********** тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 04-нд 100,000,000 төгрөг Ж өөрийн данснаас шилжүүлж залилуулсан. /ХУД-н Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны №2023/ШЦТ/224 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогддог/

Хэрэгт баримтаар Төв аймгийн Заамар сумын "Х " ХХК МАК-ийн ашиглаж үлдээсэн овоолготой шороон дээр Ш.М-тай 2022 оны 4 дүгээр сард ажиллахаар тохиролцсоны дагуу алтыг 98% барьдаг төхөөрөмжийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас оруулж ирэх зорилгоор 125,000,000 төгрөгийг Ч.Т-с 2022 оны 6 дугаар сарын 14-ний 7 удаагийн гүйлгээгээр орж ирсний маргааш өдөрт нь буюу 2022 оны 6 дугаар сарын 15-нд төхөөрөмж худалдан авалтын зуучлагч Д.Л-ын Голомт банкны 1409136122 тоот дансанд 123,350,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. /3-р хавтаст хэргийн 84-р тал/ Ж хувиасаа гаалийн татвар, тээврийн зардал зэрэгт нэмж 51,000,000 төгрөг гаргаж, Төв аймгийн Заамар суманд авчирсан ба Ж-ын данс нь энэ үед хаагдсан байсан тул 2022 оны 10 дугаар сарын 28-нд О.Х-ын дансаар төлсөн нь дансны гүйлгээний баримтаар нотлогддог. Дээрх төхөөрөмж огт хэрэглэгдээгүй. Шинээрээ байгаа тул Ш.М-д өгье гэхэд аваагүй.

Г.Ж залилах санаа бодолтой байсан бол 174,350,000 сая төгрөг зарцуулан төхөөрөмж авах шаардлага байсан уу? гэдгийг үнэлж дүгнээгүй, анхаарч үзэлгүй залилан мэхэлсэн хэмээн ял оноосонд гомдолтой байна.

Түүнчлэн алтны нөөцийг тогтоохоор хүн хүч, техник тоног төхөөрөмж ашиглан Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст хонхор гэх газарт өрөмдлөг хийж, "М" ХХК-ийн захирал Л.Д-д 2022 оны 6 дугаар сарын 20-нд шилжүүлсэн 30,000,000 төгрөг, "Э" ХХК-ийн захирал Базарын Хаан банк дахь ********* тоот дансанд 2022 оны 6 дугаар сарын 22-нд Дэрст хонхорын газрын бичиг баримт бүрдүүлэхэд зарцуулж 20,000,000 төгрөг "газрын төлбөр" гэж шилжүүлсэн. Мөн 2022 оны 6 дугаар сарын 22-нд Ш.М-с 1,000,000 төгрөг дээр 355,207 төгрөг нэмж 1,355,207 төгрөг болгон ашигт малтмалын газраас өрөмдлөг хийх зөвшөөрөл авахаар Төрийн банкны *************** тоот данс руу "............../...... Г.Ж" гэх утгатай шилжүүлсэн зэрэг 295,350,000 төгрөг нь баримтаар эргэлзээгүй нотлогддог төдийгүй түүний залилан мэхлэх үйлдэл хийгээгүйг харуулж буйг анхаарч үзнэ үү. Иймд, Ш.М-ын хохирсон гэх 496,940,000 төгрөгөөс Н.Ц-д залилуулж алдсан 100,000,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 01-нд шилжин орсон 140,000,000 төгрөгөөс тухайн өдрөө Ш.М өөрийн Хаан банкны ************** тоот дансанд 21,000,000 төгрөгийг "Ж" гэх утгатай буцаан авсан, алтыг 98% барьдаг конденсатор төхөөрөмж авсан 123,350,000 төгрөг, өрөмдлөгийн 30,000,000 төгрөгийг буюу нийт 295,350,000 төгрөгийг хохирлоос хасахгүй залилсан гэж буйг зөвшөөрөхгүй.

Дөрөв.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор, хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэх заалтын дагуу хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүйд гомдолтой байна.

1.Мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх үүднээс гэрч асуулгах, Ш.М-ын данс руу Г.Ж шилжүүлсэн мөнгөний талаар дэлгэрэнгүй хүснэгт хийгээд мөрдөгч, прокурор нарт хандахад аль нь ч аваагүй байдаг.

2.Хэрэгт холбогдолтой буюу Булган аймгийн Бүрэгхангай сумын Нарлаг гэх газарт алт олборлон Ш.М-тай хамтран ажилласан, ашгаа хувааж хувь авдаг байсан, ажилчдын цалин, машины бензин, ажилчдын хоол хүнсэнд мөнгө төгрөг зарцуулсан талаар шалгуулах, гэрчээр Нарлагт 2020, 2021 онд ажиллаж байсан Э, Д, Б, З, Ж, Ж, С, О, Ш нараас мэдүүлэг авахуулах, "Э " ХХК-ийн захирал Б, "М" ХХК-ийн захирал Л.Д-ээс мэдүүлэг авахуулах зэрэг хүсэлтийг хүлээж аваагүй нь яллах талыг барьж, яллагдагчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлтэй.

Тав. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Ж-ыг мөрдөгч, прокурор нар цагдан хорино гэж айлган сүрдүүлэх, дарамтлах, хохирогч Ш.М-ын хохирлыг төл гэж тулган шаардах, удаа дараа цагдан хорих санал шүүхэд гаргаж байсан төдийгүй өмгөөлөгч нь ирээгүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад болж байна, оргон зайлж байна, гэрийн хаягаа мэдэгдсэн байтал хаяган дээр байгаагүй гэж гүтгэн, цагдан хориулах саналтай гэх прокурорын хүсэлтийн шалтгаанаар 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 552 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх заалтаар авсан зэрэг нь оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөнд гомдолтой байна. Учир нь:

1.Эдгээр байдал нь шүүх хуралдааны тэмдэглэлүүд, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний 2024/ЦХШЗ/102 дугаартай "Яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах прокурорын саналыг шийдвэрлэх тухай" захирамжид "Хяналтын прокурорын Г.Ж-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан оргон зайлсан гэх үндэслэлээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн санал хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй гэж хүлээн авахаас татгалзсан баримтаар нотлогддог. /3-р хавтаст хэргийн 72-р тал/

2.Г.Ж-ыг мөрдөгч "маргааш 9 цагт ир" гээд очихоор явж байхад нь гэр оронд нь 2 цагдаа явуулан нэгжлэг хийж, маргааш нь дуудсан цагт нь очиход өмгөөлөгч Б.Баттөрийн хамт удаан хүлээлгэж, "өнөөдөр уулзахгүй, маргааш өглөө 9 цагт бэлэн байхгүй бол цагдан хорино" гээд уулзаагүй буцааж байсан. /3-р хавтаст хэргийн 60, 69, 70, 74, 75 талд/

3.Дуудсан хугацаанд ирэхгүй бол хорьж мөрдөх тогтоол гарах гээд байна, заасан хугацаанд ирэхгүй бол цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах санд оргодлоор эрэн сурвалжлахыг мэдэгдэж байна" гэх утгатай мөрдөгчөөс явуулсан мессежнүүд зэрэг баримтаар тогтоогддог. /3-р хавтаст хэргийн 60-р тал/

Зургаа. Г.Ж нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй болох нь, залилан мэхлэх гэмт хэрэг нь зөвхөн санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй гэсэн санаа зорилго нь гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа гэрээний эрх зүйн маргаанаас ялгагддаг. Гэтэл Г.Ж нь 114,000,000 төгрөг буцаан өгч, хамтран ажилласан үйл ажиллагаандаа 295,300,000 төгрөг зарцуулсан баримт хэрэгт авагдсан. Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах буюу олон жил танил дотно байсан, хамтран бизнес эрхэлж байсан, итгэлийг урвуулах зэрэг хэлбэртэй байдаг атал Ш.М 2020 оны 04 сард танилцаад 2020, 2021 онд хамтран ажилласан хугацааг "олон жил танил байсан, бизнес эрхэлсэн" гэх үндэслэлгүй. Зохиомол байдлыг зориудаар бий болгох гэдэгт хууран мэхлэх, төөрөгдүүлэх үүднээс зохиомол байдлыг зориудаар бий болгох буюу өөрийгөө хөрөнгө чинээтэй баян, үл хөдлөх эд хөрөнгө, газартай гэх мэтээр идэвхтэй үйлдэл хийхийг ойлгоно. Бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах гэж үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, хөрөнгө оруулалт байхгүй, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл байхгүй зэргээ нуух, хуурамч бичиг баримтыг ашиглах зэргээр бусдыг төөрөгдүүлж, эд хөрөнгө, өмчлөх эрхийг шилжүүлэн авахыг ойлгодог. Гэтэл залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй дээр дурдагдсан үйлдлүүдийг хийсэн гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддоггүй. "Х " ХХК-ийн А лиценз 2022 оны 5 дугаар сарын 20-нд Г.Ж-т шилжин, бичиг баримтын зөрчилгүй байсан. Булган аймгийн Дэрст хонхор гэх газрын хувьд Н.Ц-д залилуулснаа мэдэхгүй үйл ажиллагаа явуулж, мөнгө төгрөг зарцуулсан нөхцөл байдал тогтоогддог. Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны 2025/ШЦТ/266 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

 

7.Хохирогч Ш.М давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би иргэн Г.Ж-т холбогдуулан "Х” ХХК-ний А лицензтэй газар зарна, хамтарч Дэрст хонхор гэх А лицензтэй газар худалдан авч хамтран ажиллана гээд миний мөнгийг авч залилсан" гэх өргөдлийг 2023 оны 6 дугаар сард цагдаагийн байгууллагад өгч шалгуулж эхэлсэн. Энэ хэрэгт шалгагдах хугацаанд мөрдөгч нь бүтэн нэг жил хэрэгт ямар ч ажиллагаа хийгээгүй, хадгалж байгаад ажлаа хаяад явсан. Энэ хугацаанд Г.Ж нь өөрийн нэр дээрх эд хөрөнгийг насанд хүрсэн хүүхдийнхээ нэр дээр болгож, хамтран амьдрагч О.Х-ын нэр дээр Ланд круйзер-200 маркийн ****** улсын дугаартай автомашиныг шилжүүлэх зэргээр хохирол төлөхгүй байх бүхий л аргыг хэрэглэж байсан. Мөн хэрэг шалгагдах явцад Г.Ж нь "Х” ХХК-ийн А лицензтэй MV016752 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Л.М, Ч, Э.М нарт зарна гэж давхар мөнгө авч байсан байдал тогтоогдсон бөгөөд эдгээр хүмүүс нь ямар нэг байдлаар хуулийн байгууллагад өргөдөл, гомдол гаргалгүй ямар байдлаар хохирлоо барагдуулсан эсэх нь тодорхойгүй байдлаар асуудал нь замхарсан. Хэрэгт авагдсан материалд бол Г.Ж нь Л.М, Ч, Э.М нараас мөнгө авсан гэдгээ хэлсэн байдаг. Г.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад дуудсан цагт ирэхгүй, таслан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан бөгөөд цагдан хоригдох асуудал нь тавигдаж, эрэн сурвалжлах мэдээлэлд тавигдсаныхаа дараа л хуулийн байгууллагад ирдэг байсан. Үүнээс гадна Г.Ж нь Дэрст хонхор А лицензтэй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөгөөр хамтран авч ажиллах тохиролцоо хийгээд надаас 300,000,000 /гурван зуун сая/ төгрөг аваад, тэр мөнгөнөөсөө 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг Ц гэх хүнд урьдчилгаа болгож өгөөд, ажил нь бүтэхгүй болонгуут Г.Ж нь Ц-г Хан уул дүүргийн цагдаагийн хэлтэст залилангаар эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж, Ц нь Хан уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШТЦ/224 шийтгэх тогтоолоор шийтгэгдэж, хохирлын 45,100,000 /дөчин таван сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол төлөөд, 2023 оны 4 дүгээр сарын 05-аас 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хоригдох ял эдлээд гарсан байдлыг анх удаа мэдсэн, энэ талаар би мэдээд Ц гэж хүн 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг залилаад 3 жилийн ял авч байгаа бол Г.Ж бол намайг хохироосон гэх 496,000,000 /дөрвөн зуун ерэн зургаан сая/ төгрөгийн хохиролд тохирсон ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан 8 жилийн хоригдох ял сонсох боломж байгаа юм байна, хэрэв хохирол мөнгөө төлбөл би ч нэг их Г.Ж-т заавал ял өгүүлэх гээд ч яах вэ гэж бодож байлаа. Гэтэл шүүх хурал дээр улсын яллагч Л нь Г.Ж-т 4 жилийн хорих ял оногдуулах санал оруулж ирэхэд үнэндээ хуулийг тэгш зарчмаар үйлчилдэггүй юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Залилан хийсэн жинхэнэ этгээд болох Г.Ж нь шүүх хуралд "Би хэрэг үйлдсэн, би чиний өмнөөс ял авсан гэх зэргээр хэрэгт гүтгэнэ, шүүх хуралдааны хохирсон, өрх толгойлсон эмэгтэй" гэж орилж хашхирна, намайг байгаль орчны гэмт ажиллагаа удаашруулж болох бүхий л хуульд заагдсан аргуудыг ашиглаж, өмгөөлөгчөө солино, өвчтэй гэж хэлнэ ер нь л шүүх ажиллагааг удаашруулж болох бүх зүйлийг хийсэн гэж надад харагдсан. Уг нь Г.Ж-т Монгол Улсын шүүхээс эхний удаад тэнсэн харгалзах ял, дараагийн удаа нь торгох ял оногдуулж Монгол Улсын шүүх энэрэнгүй байдаг гэдгийг харуулсан, гэсэн хэдий ч Г.Ж-ын хувьд залилангийн гэмт хэрэг хийсэн гэдгээ ухамсарлах ухамсар байсангүй, 4 жилийн хоригдох ял шүүхээс сонсоод, инээмсэглэж байгаа төрх байдал нь хэн ч харсан эгдүүцэх сэтгэгдэл төрүүлэхээр байсан. Энэ байдал илтэд ажиглагдсаар байхад 4 жилийн хорих ял оногдуулахаар улсын яллагчийн санал болгосон үндэслэл нь хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэсэн саналтай санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл Г.Ж нэг төгрөгийн хохирол төлсөнгүй, гэм буруугаа хүлээх нь байтугай намайг гэмт хэрэгт гүтгэж байна, надаас авсан мөнгөө бусдад буюу Ц гэж хүнд өгөөд, өөрөө залилуулсан мэт авирлаж, энэ хэрэгтээ хохирогчоор оролцож цаад хүн нь хохирлынхоо 50 хувийг төлсөн байж хоригдох ял эдлээд байгааг олж хараагүй байна гэж баймааргүй юм. Г.Ж нь энэ залилангийн гэмт хэргийг үнэхээр төгс үйлдэж байгаа байдал илтэд байхад 4 жилийн хорих ял оноож байгаа нь цаашид нийгэмд буруу жишиг тогтож байгаа мэт санагдаж байна. Иймд яллагдагч Г.Ж-т хорих ялын хугацааг нэмэгдүүлэх, хохирол нөхөн төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү” гэв.

 

8.Хохирогчийн өмгөөлөгч Т.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Шүүгдэгч Г.Ж нь гэрч М болон М нарт газраа зарна гэж мөнгийг нь шилжүүлж авсан байхдаа Ш.Мд уг газраа давхар зарсан. Лиценз гарсан өдрөөс хойш алга болж, утсаа авахаа больсон. Дээрээс нь хохирогч  350,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 100,000,000 төгрөгийг нь Ц гэх хүнд залилуулж алдсан талаар нь хохирогч мэдээгүй. Шүүх хуралдааны үеэр л 100,000,000 төгрөгөө алдсан талаар мэдсэн. Ц гэх хүн нь шүүгдэгч Г.Жт 45,000,000 төгрөгийг эргүүлэн өгсөн байхад Ш.Мд мэдэгдээгүй нь нуун далдалж, залилсан үйлдэл гэж үзэх үндэслэл. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 6,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоол нь энэ хэрэгтэй хамааралгүй. Мөн шүүгдэгч өөрийн хэлж байгаагаар хохирогчоос шилжүүлсэн мөнгийг хамтын ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарлаж байгаа ч хамтран ажилласан үйлдэл биш юм...” гэв.

9.Прокурор Б.Лувсанцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс гарсан шийдвэрийн үйл баримтыг дүгнэхэд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай гэж тооцож, хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй, шударга ёсны зарчимд нийцсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үүгэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Жт холбогдох эрүүгийн 2334002610082 дугаартай хэргийг хүлээн авч шүүгдэгч Г.Ж, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, хохирогч Ш.М нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүртээмжтэй байдал хангагдсан эсэхийг бүхэлд нь үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.

Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүгч хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн дүгнэлт хийх үндэслэл бүрдэх бөгөөд шүүхээс гарч буй шийдвэр эргэлзээгүй, ойлгомжтой бичигдсэн байж хууль ёсны ба үндэслэл бүхий болох юм.

2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан баримтыг харьцуулан үзвэл, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Ж... нарыг тус бүр 6,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,400,000 /зургаан сая дөрвөн зуу мянга/ төгрөгийн торгох ял оногдуулсан, хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр хавтаст хэрэгт авагдсан байна. /3хх-108-114/

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан.

 

            4.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Ж дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг биелүүлсэн гэж байгаа ч  мөрдөгч, прокурор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон эсэхийг шалгаж тогтоосон зүйлгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн анхан шатны шүүх уг асуудлыг тодруулж, нөхөн гүйцэтгүүлэх боломжтой байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх ба хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг шүүгдэгч Г.Жт хэрхэн эдлүүлэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь ойлгомжгүй болжээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов.

            Тодруулбал, давж заалдах шатны шүүх ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ял хөнгөрүүлэхтэй холбоотой баримтыг хүлээн авч үнэлэхээс бусад баримт буюу хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй үйл баримтыг шийдвэрийн үндэслэл болгох зорилгоор нөхөн гүйцэтгэж үнэлэхгүй.

            Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ж-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

5.Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Г.Жт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Жын “...иргэд хооронд үүссэн маргааныг эрүүгийн маргаан болгон шүүж байгаад гомдолтой байна...” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэх, хохирогч Ш.Мын “...бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байхад Г.Жт 4 жилийн хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна...” гэх агуулга бүхий үйл баримттай холбогдуулан гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/266 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Жт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        М.МӨНХДАВАА

 

                         ШҮҮГЧИД                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                        

      З.ТҮВШИНТӨГС