Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/62

 

 

 

 

  2025           10               01                                             2025/ДШМ/62                                  

 

Ж.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Анхжаргал,                

Шүүгдэгч Ж.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганзориг, А.Золжаргал, Н.Ганбадрах,

            Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/278 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч А.Ганзориг, Л.Золжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Эад холбогдох эрүүгийн 2402001100417 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол улсын иргэн, ..... оны .... дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс ......, ....... боловсролтой, ....... .., ам бүл-..., ...... хамт ....... үндсэн бүртгэлтэй, ...... түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ж.Э, регистрийн дугаар: **********.

 

  1. Шүүгдэгч Ж.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Турк Улсын Станбул хотоос “Туркиш Эйрлайнс” компанийн TK236/22JAN2024 дугаартай нислэгээр Монгол Улсад зорчин ирэхдээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад Метамфетамин /Methampetamine/ гэх нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар үйлдвэрлэхэд эд болгон ашигладаг, НҮБ-ын 1988 оны “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг” конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан Эфедрин (Ephedrine)-ийн агууламжтай, “Efedrin Hidroklorur 0.05g/1mL” гэсэн бичиглэлтэй бор өнгийн шилтэй, 500 ширхэг /тариа мэт/-ийг худалдаалах зорилгоор хууль бусаар тээвэрлэсэн, улмаар тухайн бодисоо Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис Хаан” Олон улсын нисэх буудалд буухдаа өөрийн үүрч явсан үүргэвчиндээ хадгалж, Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

3.Нийслэлийн Прокурорын газраас Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

4.Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар тээвэрлэн, хадгалж, улсын хилээр нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Ж.Эад 3 /гурав/ жил 7 /долоо/ сар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эад оногдуулсан 3 жил 7 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хэмжээ нь “Efedrin Hidroklorur 0.05а/1мл” 496 ширхэг тариа мэт сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,

Эрүүгийн 2402001100417 дугаар хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Эад урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэй болохыг,

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

5.Шүүгдэгч Ж.Эын давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Эмийн сангуудаар зарагддаг Монгол Улсын эмийн жагсаалтад багтсан эмчийн заавраар хэрэглэдэг тусгай жороор олгодог Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад орсон “Efedrin” гэх нэртэй тариаг тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий этгээд Улсын хилээр нэвтрүүлж, зарж борлуулдаг болохыг мэдэлгүй уг тариаг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэм буруугаа бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, маш их харамсаж, гэмшиж байна.

Миний бие уг тариаг нууцаар, эсхүл худал мэдүүлж хил нэвтрүүлээгүй. Эфедрин тариаг борлуулах, хууль бус эргэлтэд оруулах зорилгогүй байсан бөгөөд зөвхөн хурдан морины амьсгаа багтарсан үед амьсгаа задлах зорилгоор мал, малын эмчилгээнд хэрэглэх зорилгоор Улсын хилээр оруулж ирсэн болохоо мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах бодисын түүхий эд НҮБ-ын конвенцын жагсаалтад багтсан мансууруулах бодис болох  метамфетамины талаар ямар ч мэдлэг, мэдээлэл байхгүй, тэдгээрийг үүргэвчиндээ хадгалаагүй, Улсын хилээр нэвтрүүлээгүй Эфедрин гэх нэртэй тариаг худалдан авсан нь үнэн. Эфедрин гэх тарианаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетаминыг үйлдвэрийн аргаар гаргаж авах боломжтой талаар гэрч Б.С мэдүүлсэн байдаг. Миний бие Эфедрин гэх тарианаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ялган авах үйлдэл хэрэгжүүлээгүй, тэр талаар мэдэх зүйл байхгүй, надад тийм бодол зорилго байхгүй бөгөөд урьд нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй.

Би эхнэр болон 3 нас 9 сартай хүүхэдтэйгээ амьдардаг. Хүүхдийн маань эрх ашгийг харгалзан үзэж, мөн хүүхдийнхээ ирээдүйд маш их санаа зовж, ийм байдалд орсондоо үнэхээр их харамсаж гэмшиж байна. Байр, машин, хэрэглээний зээлтэй учир өр зээлийг маань харгалзан үзнэ үү.  Миний бие сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байгаагүй. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж үзээгүй. Урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү.” гэв.

 

6.Шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч А.Золжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүхээс Ж.Эад холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болно.

Нэг. Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Уг тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан гэрч С.О, Д.Г, Б.Б, Б.С, Ч.Л, М.Т, Д.Ч, шинжээч Д.З нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн 917 дугаар дүгнэлт, Хар тамхитай тэмцэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 196/838 дугаартай албан бичиг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 05/374 дугаартай албан бичиг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт болох "Efedrin Hidroklorur 0.05g/1ml" гэсэн бичиглэлтэй хүрэн өнгийн шилтэй 500 ширхэг тариа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан "Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар тээвэрлэж, хадгалан улсын хилээр нэвтрүүлэх" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээр дурдсан нотлох баримтуудын хувьд зөвхөн Ж.Эын "Efedrin Hidroklorur 0.05g/1ml" гэсэн бичиглэлтэй хүрэн өнгийн шилтэй 500 ширхэг тариаг хадгалж, тээвэрлэж, Улсын хилээр нэвтрүүлэх гэсэн үйлдлийг буюу хэргийн объектив шинжийг нотолсон баримтууд байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж заасан бөгөөд үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг болохын тухайд обьектив, субьектив шинжийн аль аль нь хангагдсан буюу үйлдэл, гэмт санаа зорилго харилцан нөхцөлдсөн тохиолдолд гэмт хэргийн шинж хангагдана. Ж.Эын хувьд хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилготой байсан гэдгийг, мөн тухайн тариаг сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд гэдгийг нь лавтай сайн мэдсэн, уг түүхий эдийг ашиглаж сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэх, гаргаж авах боломж нөхцөл байсан эсэх зэргийг шалгаж тогтоосон нэг ч баримт хэрэгт авагдаагүй буюу гэмт хэргийн субьектив шинжийг нотолж чадаагүй байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг обьектив шинжийг нотолсон баримтуудад үндэслэж тогтоогдож байгаа гэж дүгнэсэн нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Түүнчлэн шүүгдэгч Ж.Э нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ "Efedrin Hidroklorur 0.05g/1ml" гэсэн бичиглэлтэй хүрэн өнгийн шилтэй 500 ширхэг тариаг хурдан моринд амьсгаа задлах зорилгоор тарьдаг тул өөрийн мориндоо хийх, мөн уяачдад заримыг нь зарж борлуулах зорилготой байсан гэдгээ удаа дараа мэдүүлдэг.

 Улсын Дээд шүүхийн 2023 оны 16 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлгийн зарим зүйл хэсэг болох 16.3, 16.5 дугаар зүйлийг зөв хэрэглэх талаар тайлбарласан бөгөөд уг тогтоолын 1.2-т “яллагдагч, шүүгдэгчийг тодорхой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй явдалтай нь холбогдуулж байцаадгаас мэдүүлэг нь анхдагч нотлох баримт болдог онцлогтой тул мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн шалгасан байвал зохино” гэж заасан байна. Гэтэл шүүгдэгчийн дээрх мэдүүлэгт огт ач холбогдол өгөөгүй ба тухайн тариаг адуу малд хэрэглэдэг эсэхийг нь холбогдох мэргэжлийн байгууллагаас нь тодруулахгүйгээр ганцхан гэрч малын мэргэжилтэй Ч.Л-ы "...тухайн "Efedrin Hidroklorur" гэх тариаг Монгол Улс малын эмчилгээнд хэрэглэдэггүй...одоогоор Монгол Улсын малын эмийн жагсаалтад тухайн тариа бүртгэгдээгүй..." гэсэн илт худал мэдүүлгээр түүний адуунд тарих гэж байсан гэсэн мэдүүлгийг үгүйсгэж ялласан байна. Гэрч Ч.Л-ы мэдүүлгийг ямар учраас худал гэж үзэж байгаа гэхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн А/50 дугаартай тушаалаар батлагдсан "Мал эмнэлгийн зайлшгүй шаардлагатай эм болон эмнэлгийн хэрэгслийн жагсаалт"-ын 7-р зүйлд "Амьсгалын замын үйл ажиллагаанд нөлөөлөх эм"-ийн 4-т Ефедрин гидрохлорид /Ephedrine hydrochloridum/нунтаг, шахмал, тарилгын уусмал хэлбэрээр хэрэглэхээр орсон байна.

Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

 Ж.Эын биедээ авч явсан "Efedrin Hidroklorur 0.05g/1ml" гэсэн бичиглэлтэй хүрэн өнгийн шилтэй тариа нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 05/374 дугаартай албан бичиг болон эмийн зааварт дурдсанаар Эфедрин 50мг/мл тарилгын эмийг артерийн даралт буурсан, мэс ажилбарын үед даралт унах, нугасаар мэдээ алдуулах болон гэмтэл, цус алдалт, цусан үжил зэрэгт хэрэглэхээр буюу хүний эмчилгээнд зориулагдан үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн юм.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 917 дугаартай дүгнэлтээр " Ephedrine Hidroklorur 0.05g/1ml" нэртэй тарилгын шингэн эмээс "Ephedrine" илэрсэн гэж тогтоосон. Түүнээс уг тарилгын эм нь дангаараа “Ephedrine” мөн үү, хэрэв “Ephedrine” агууламж байгаа бол уг шингэний хэдэн хувьд нь агуулагдаж байгаа, тарилгын шингэнээс “Ephedrine”-ийг ялгаж гаргаж авах боломжтой эсэх, тарилгын шингэн эм хэлбэрээр нь уг бодисыг түүхий эдээр ашиглаж ямар төрлийн сэтгэцэд нөлөөт бодисыг хэрхэн, ямар арга замаар гаргаж авч болох зэрэг нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй.

Цахим хэлбэрээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэвтэрхий толь болох https://www.wikipedia.org/, https://www.encyclopedia.com/ зэрэг веб хуудаснаас үзэж судлахад "Ephedrin" нэршилтэй бодис нь "цагаан нунтаг" буюу хуурай хэлбэрээр байдаг гэсэн байна. НҮБ-ын1988 оны Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенцын 1 дүгээр жагсаалтад зөвхөн Эфедрин " Ephedrine " нэршилтэй бодис орсон болохоос биш " Ephedrine "-ийг тодорхой хэмжээгээр агуулсан "Efedrin Hidroklorur 0.05g/1ml" гэх нэртэй тарилгын эм уг жагсаалтад байхгүй болно. Хэрэв Ж.Э нь сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох "цагаан нунтаг буюу хуурай хэлбэртэй " Ephedrine " нэршилтэй бодисыг дангаар нь хадгалсан, тээвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд зааснаар хэргийг зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүйгээр хэт нэг талыг барьж Ж.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Ж.Эын авч явсан “Ephedrine Hidroklorur 0.05g/1ml” тарилгын эм нь хүний эмчилгээнд зориулагдсан ба артерийн даралт буурсан мэс ажилбарын үед даралт унах, нугасаар мэдээ алдуулах болон гэмтэл, цус алдалт, цусан үжил зэрэгт хэрэглэнэ.

Эфедрин тарилгын эмийн батлагдсан хэрэглэх зааварт мансууруулах дасал шунал, донтолт үүсгэх мэдээлэл байхгүй гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 05/374 тоот албан бичиг болон Эфедрин эмийн зааварт тусгагдсан байна. /1 хх-ийн 140-146/

 Гэрч Д.Г-ийн: “...тус тариаг даралт багассан үед ихэсгэх зорилгоор хэрэглэдэг, мөн нугасны мэдээгүйжүүлэлт хийх үед даралт огцом унахаас сэргийлж  хэрэглэдэг. Хүний эмчилгээнд зориулсан бүтээгдэхүүн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 63-64/

Гэрч Б.С-ийн: “...тус тариаг ихэвчлэн мэдээ алдалтын үед цусны даралт огцом унахаас урьдчилан сэргийлж ашигладаг. ...байнга хэрэглэх нь сэтгэцэд нөлөөлөхөөс илүүтэй тархи гэмтдэг. Олон Улсын судалгаанаас харахад 100 хүний 90 хувьд донтолт үүсээгүй, 10 хувь нь магадгүй...” гэх мэдүүлэг /2 хх/

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тэмдэглэл /1 хх-ийн 24/

Шинжээчийн 919 дугаар “...Ж.Эын шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /1 хх-ийн 75-76/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 478 дугаар “...Ж.Э нь мансууруулах сэтгэц идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй...” гэх дүгнэлт /1 хх-ийн 82-83/

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх лавлагаа /1 хх-ийн 136/

Хар тамхитай тэмцэх газрын “...Ж.Э E-Drug программд бүртгэлгүй гэх лавлагаа /1хх-ийн 138/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд Ж.Эын "Efedrin Hidroklorur 0.05g/1ml" тарилгын эмийг зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль, захиргааны хэм хэмжээний акт, Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон барааг буюу Монгол Улсын эмийн жагсаалтад бүртгэгдээгүй Турк улсад үйлдвэрлэсэн “Эфедрин Efedrin Hidroklorur 0.05g/1ml” тарилгын эмийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд гомдолд дурдсан дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

7.Шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Л.Ганзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага, ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь бүтцийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг юм. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь гэмт этгээдийн гэмт санаа бодлоо хэрэгжүүлсэн гэмт үйлдлийн эцэст хуульд заасан хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй. Уг гэмт хэргийн халдлагын зүйл нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах бодисын түүхий эд байдаг. Миний үйлчлүүлэгч болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлдэг бөгөөд хүн, малын эмчилгээнд хэрэглэдэг, эмийн сангуудаар зарагддаг, Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад байдаг, эмчийн заавраар хэрэглэдэг, тусгай жороор олгодог, Монгол Улсын хүн ам, малын эмчилгээнд хэрэглэх Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад орсон "Еfedrin" /эфедрин/ гэх нэртэй тариаг тусгай зөвшөөрөлгүй, эрхгүй этгээд атлаа Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон.

Миний үйлчлүүлэгч уг тариаг нууцаар, эсхүл худал мэдүүлж нэвтрүүлээгүй. Эфедринийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан мал, эмнэлгийн зайлшгүй шаардлагатай эм болон эмнэлгийн хэрэгслийн жагсаалтын 7-т амьсгалын замын үйл ажиллагаанд нөлөөлөх эмийн жагсаалтад орсон бөгөөд миний үйлчлүүлэгч Ж.Э нь хувиараа адууны эмээл, гөлөм, эмээлийн тоног зэргийг хийдэг бөгөөд малчид, адуу сонирхогчид уяачидтай ойр байдаг ба морьдод тарих зорилготойгоор худалдан авсан гэх мэдүүлгийг нарийвчлан шалган тогтоогоогүй бөгөөд өөрөө мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис огт хэрэглэж үзээгүй, тэр талаар мэдэх зүйл байхгүй талаар мөрдөн байцаалтын шатанд хувиралтгүйгээр мэдүүлж байсан, метамфетамин гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар үйлдвэрлэхэд түүхий эд болгон ашигладаг бодис Эфедринийг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг Улсын хилээр нэвтрүүлсэн гэж ялласан нь хэргийн бодит байдал гэмт хэргийн сэдэлт, зорилготой нийцэхгүй байна.

 Ж.Э нь Эфедрин тариаг борлуулах, хууль бус эргэлтэд оруулах зорилгогүй байсан бөгөөд зөвхөн хурдан морины амьсгаа багтарсан үед амьсгаа задлах зорилгоор мал, малын эмчилгээнд зориулах зорилгоор хилээр оруулж ирсэн нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах бодисын түүхий эд, НҮБ-ын жагсаалтад багтсан мансууруулах бодис болох метамфетамин-ыг үүргэвчиндээ хадгалаагүй, Улсын хилээр нэвтрүүлээгүй болно. Эфедрин гэх тарианаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетаминыг үйлдвэрийн аргаар гаргаж авах боломжтой талаар гэрч Б.С мэдүүлсэн. Миний үйлчлүүлэгч "Еfedrin" /эфедрин/ гэх нэртэй тарианаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ялган авах үйлдэл хэрэгжүүлээгүй тэр талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Эфедрин тарианаас метамфетаминыг гаргах боломжгүй.

 Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад байдаг, эмчийн заавраар хэрэглэдэг, тусгай жороор олгодог, Монгол Улсын хүн ам, мал эмнэлгийн эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад орсон "Еfedrin /эфедрин/ гэх нэртэй тарианаас /нэг ампул/ хэрвээ метамфетамин гэх бодисыг гарган авах боломжтой бол хэдий хэмжээний метамфетамин бодисыг гарган авах, тариа, шахмал эмийн аль нь сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох зэргийг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ" гэж зааснаар шүүхийн шатанд ч шаардлагатай бол шинжилгээ хийлгэж болно.

Анхан шатны шүүх дүгнэхдээ Эфедринийн агууламжтай бор өнгийн шилтэй 500 ширхэг тариа мэт хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн үүргэвчид хадгалан тээвэрлэсэн гэж дүгнэсэн нь өмгөөлөгч миний гомдлын үндэслэл болох хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх хуулийн шаардлагыг биелүүлээгүй эргэлзээтэйгээр тариа мэт гэж дүгнэсэн нь гомдлын үндэслэлтэй нийцэж байна. Уг тариаг эм ханган нийлүүлэх байгууллага болох "Монос" ХХК нь тусгай зөвшөөрлийн дагуу Монгол Улсад оруулж ирж худалдан борлуулдаг болно. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд гэж хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээнд заасан, тус улсад хяналтад байлгавал зохих мансууруулах үйлчилгээ бүхий ургамал болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, дахин боловсруулахад хэрэглэдэг бодисыг хэлнэ гэж томьёолсон ба "Еfedrin" гэх нэртэй тариа нь бодис биш юм. Ер нь сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис гэж тодорхой тоо чанарын шинжтэй материаллаг объект бөгөөд ийм бэлдмэл бодис болохыг эмнэлгийн байгууллагын мэргэжлийн шинжээчээр тогтоодог, харин уг бодис биш бол энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүн болохгүй гэж үзэж байна.

Миний үйлчлүүлэгч урьд нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэг, зөрчилд холбогдсон. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Миний үйлчлүүлэгч 3 нас 9 сартай бага насны хүүхэдтэй амьдардаг. Энэхүү гэмт хэргийн улмаас эцэг нь хоригдож нийгмээс тусгаарлагдсанаар тухайн хүүхдийн язгуур эрх болох хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох, хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх зэрэг эрх ашиг нь зөрчигдөн хохирч, давхар яллуулж байгаа онцгой нөхцөл байдал үүссэн байгааr анхаарч үзнэ үү. Шүүгдэгч нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй. Мансууруулах сэтгэц идэвхт эм, бодис хэрэглэж байгаагүй, хэрэглэдэггүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага ял халдаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана, шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан Хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлд заасан Гэм буруугийн зарчим, 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, 1.8 дугаар зүйлд заасан Хүний халдашгүй байх эрхийг хангах, 1.9 дүгээр зүйлд заасан Эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх, 1.12 дугаар зүйлд заасан Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх гэсэн зарчимд нийцүүлэн миний үйлчлүүлэгчийн хэрэгжүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйл болон холбогдох хуулийн заалтад холбогдуулан зүйлчилж түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү.” гэв.

 

8.Прокурор У.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “...Тухайн бодис нь шингэн болон хатуу хэлбэрээр гарч ирдэг. Энэ нь олон улсын ангиллаар синтетик /synthetic/ бодисын төрөлд хамаарах бөгөөд үйлдвэрлэхдээ өөр олон төрлийн химийн бодисын агууламж агуулдаг. “Efedrin Hidroklorur” нь НҮБ-ын 1988 оны Конвенцод хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодисын урвалж бодисын жагсаалтад багтсан бодис. Монгол Улс 1961, 1971, 1988 оны Конвенцод нэгдэн орсон тул энэ бодисын хэрэглээг хуульчилж хязгаарласан. Иймээс тухайн бодисыг Монгол Улсын хилээр оруулж ирсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн.

Гэрчийн мэдүүлгүүдэд тухайн бодисыг малын зориулалтаар хэрэглэдэг талаар дурдсан ч энэ нь малын эмийн жагсаалтад бүртгэлгүй болохыг гэрч н.Л тайлбарласан. Мөн шинжээч н.З дүгнэлтдээ бодисын шинж чанарыг тодорхой тайлбарласан. Шүүгдэгч энэ бодисыг Турк улсаас малд хэрэглэх зорилгоор оруулж ирсэн гэж мэдүүлдэг боловч өөрөө малын эмч биш, огт өөр мэргэжилтэй бөгөөд 500 ширхгийг буюу их хэмжээгээр оруулж ирсэн нь тухайн бодисыг зөвшөөрөлгүйгээр оруулж ирсэн үйлдэл юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

9.Шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтад үндэслэн тухайн этгээдийн гэм буруугийн талаар ярих ёстой. Хавтаст хэргийн 17-23 дугаар хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 56-57 дугаар хуудсанд авагдсан гэрч н.Б-ийн мэдүүлэг, 59-61 дүгээр хуудсанд авагдсан гэрч н.О-гийн мэдүүлэг, 63-64 дүгээр хуудсанд авагдсан гэрч н.Г-ийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Ж.Э нь Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүртгэгдсэн тариаг оруулж ирсэн болох нь тогтоогдож байна.

Уг тариа нь эмийн сангуудаар, эмчийн жороор олгогддог болохыг дээрх гэрч нарын мэдүүлгээр болон холбогдох баримтуудаар нотолсон. Миний үйлчлүүлэгчийн оруулж ирсэн эм бол “Efedrin Hidroklorur” нэртэй тариа бөгөөд одоогоор эмийн сангуудаар зарагдаж байна. Мөн бидний сайн мэдэх Эфедрин гэх хамрын дусаагуурыг амьсгалын замын эмгэгтэй иргэд өргөн хэрэглэдэг. Хавтаст хэргийн 137 дугаар хуудсанд Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тушаалын хавсралт, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн тушаал зэргээр “Efedrin Hidroklorur” тариа нь Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон болохыг нотолсон. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан хүн амын эмчилгээнд хэрэглэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно.

Миний үйлчлүүлэгч “Efedrin Hidroklorur” гэх тариа оруулж ирсэн. Гэтэл эх сурвалжийг нь тогтоогоогүй байж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж бичсэн. Хавтаст хэргийн 66-67 дугаар хуудсанд гэрч н.Л “Малын эм тарианы жагсаалтад тухайн тариа бүртгэгдээгүй” гэж мэдүүлсэн ч бодит байдал дээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 50 дугаар тушаалын хавсралтад малын амьсгалын замын өвчний үед хэрэглэхээр бүртгэгдсэн байна.

Яллах дүгнэлтийн 3-т гэрч н.Г малын эмчилгээнд ашиглахгүй гэсэн атлаа хүний эмчилгээнд зориулсан бүтээгдэхүүн гэж мэдүүлсэн байгаа. Хавтаст хэргийн 140-146 дугаар хуудсанд авагдсан баримтад “Efedrin Hidroklorur” тарилгын эмийн батлагдсан хэрэглэх зааварт “мансуурах, дасал болгох, донтолт үүсгэх мэдээлэл байхгүй” байна гэж бичигдсэн. Энэ нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль зүйн тодорхойлолттой нийцэхгүй байна. Мансууруулах бодис нь донтуулах, дасал болгох шинжийг агуулсан байх ёстой. Тус тарианд ийм нөлөөлөл байдаггүй.

Яллах дүгнэлтийн 7-т “methamphetamine” гэх нэршилтэй хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрийн аргаар, хууль бусаар гаргаж авахад түүхий эд болон ашигладаг Эфедрин (Ephedrine) гэх нэртэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд гэж бичигдсэн байна. Миний үйлчлүүлэгч түүхий эд оруулж ирээгүй, “methamphetamine” гэх нэршилтэй хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг оруулж ирээгүй, “Efedrin Hidroklorur” гэх тариа оруулж ирсэн. Мөн өмгөөлөгч бид нар энэ хэрэг дээр ажиллаад нийтэд илэрхий мэдээллийг үзэхээр “Efedrin Hidroklorur” гэх тариа нь эмчилгээний зориулалтаар түгээмэл хэрэглэгдэг, тариагаар болон шахмал хэлбэрээр байдгийг олж мэдсэн. Эмийн сангуудаар зарагддаг, эмчийн жороор эмчилгээнд хэрэглэгддэг.

Иймд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү. Ж.Э өмнө нь ямар нэгэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Түүнчлэн 3 нас 9 сартай хүүхэдтэй бөгөөд хорих ял оногдуулах нь хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх тул Хүүхэд хамгааллын тухай хууль болон шударга ёсны зарчмыг харгалзаж өгнө үү”. гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эад холбогдох эрүүгийн 2402001100417 дугаартай хэргийг шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Л.Ганзориг, А.Золжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлалгүй бүх ажиллагаа, шийдвэрийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүртээмжтэй байдал хангагдсан эсэхийг бүхэлд нь үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэх учиртай.

 

Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүгч хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн дүгнэлт хийх үндэслэл бүрдэх бөгөөд шүүхээс гарч буй шийдвэр эргэлзээгүй, ойлгомжтой бичигдсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий гэж үзнэ.

 

2. Шүүгдэгч Ж.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Турк Улсын Станбул хотоос “Туркиш Эйрлайнс” компанийн TK236/22JAN2024 дугаартай нислэгээр Монгол Улсад зорчин ирэхдээ Монгол Улсын хилээр Эфедрин (Ephedrine)-ийн агууламжтай, “Efedrin Hidroklorur 0.05g/1mL” гэсэн бичиглэлтэй бор өнгийн шилтэй, 500 ширхэг /тариа мэт/ эдийг худалдаалах зорилгоор, хууль бусаар хадгалж, үүрч явсан үүргэвчиндээ тээвэрлэн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис Хаан” Олон Улсын нисэх буудалд ирж Улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг "Чингис Хаан" Олон Улсын нисэх буудлын Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх албаны гаалийн Улсын байцаагч таслан зогсоож, зохих байгууллагад дуудлага өгсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байдаг. Үүнд:

Шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 917 дугаар дүгнэлтэд “ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Efedrin Hidroklorur 0.05g/1mL” гэсэн шошготой хүрэн өнгийн шилтэй шингэнээс Эфедрин (Ephedrine) илэрсэн...” гэжээ,

Мөн Эм зүйч мэргэжилтэй болон Химич мэргэжилтэй гэрчүүд “... Эфедрин гидрохлорид гэх нэршилтэй эм нь Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 68 тоот тушаалаар батлагдсан “Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалт”-ын сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтсан. Артерийн даралт буурсан /мэс ажилбарын үед даралт унах, нугасаар мэдээ алдуулах болон гэмтэл, цус алдалт, цусан унах-коллапс, шокод орсон/ үед хэрэглэнэ...” гэж эмийн хэрэглэх зааврын талаар мэдүүлсэн байх ба эмийн хэрэглэх заавар, Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 68 тоот тушаалын хавсралт зэргийг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна.

 

  1. Нийслэлийн Прокурорын газраас Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

  1. Монгол Улс нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг тухай” 1988 оны НҮБ-ын конвенцод нэгдсэн ба "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенц, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан эм, бодис болон түүний эдийг хууль бусаар ашигласан, улсын хилээр нэврүүлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлэх үндэслэл болохоор хуульчилсан.

                                                                  

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж Донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенц, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор хуулийн нэр томьёог тайлбарласан байдаг

 

Мөн Монгол Улсад хяналтад байлгавал зохих эмийн жагсаалтыг Монгол Улсын эрүүл мэнд, Спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан байх ба Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтын Б-ийн 29 дугаарт “Олон улсын нэршил Эфедрин, Химийн нэршил L-1-фенил-2 метиламинопропанол” орсон байх ба энэхүү жагсаалтад заагдсан нэршил бүхий бодисууд, түүний давснуудыг агуулсан эм, эмийн түүхий эдийн бүх тун хэмжээ, хэлбэр болон худалдааны нэршлийг хамруулж ойлгоно гэжээ.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Efedrin Hidroklorur 0.05g/1mL” гэсэн бичиглэлтэй бор өнгийн шилтэй, 500 ширхэг тариа гэх зүйлийн үйлчлэх бодис болох Эфедрин нь Монгол Улсад хяналтад байлгавал зохих эмийн жагсаалтыг баталсан Монгол Улсын эрүүл мэнд, Спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 29 дугаарт орсон байх ба уг тариа гэх эдийн найрлагад орсон гидрохолорид нь уг бодисыг усанд уусамтгай шингэн төлөвт оруулан эмчилгээнд хэрэглэх боломжтой болгож байгаа давсны уусмал байна.

 

6. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Эын холбогдсон гэмт үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй гэснээс өөр дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн яаж хангаж байгаа болон өрсөлдөх хэм хэмжээний талаар маргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тайлбарт хууль зүйн дүгнэлт хийлгүй шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй байгаа тул  шүүхийн шийдвэрийг хууль ёсны гэж үзэх боломжгүй.  

 

7.Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан.

 

Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал” зэргийг харгалзан хуульд заасны дагуу хөнгөрүүлж эсхүл ялаас чөлөөлж болох ч энэ нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой.

 

8.Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Э нь өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Тухайлбал, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “...Уг тариаг Монгол Улсдаа байнга амьсгааддаг уушги нь өвддөг ээждээ авсан... ...энэ тариаг хориотой болон мансууруулах төрлийн тариа гэдгийг мэдээгүй...” /1хх-ийн 31/ гэх,

-2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “...“Efetrin” гэх тариаг Монгол Улсад уралдаж байгаа адуу амьсгаа задлагч гээд тариа тарьж хэрэглэдэг. Тэр тариа нь морь болгонд таараад байдаггүй, энэ тариаг хийвэл амьсгаа нь задардаг гэж сонссон...” /1хх-88/ гэх,

-2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “...тухайн “Efetrin” гэх тариаг Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд байдаг мориндоо тарих зорилгоор л оруулж ирсэн. Бас тэр хавийн уяач нарт бас сонирхуулахаар аваад ирсэн... ...Туркчууд өөрсдөө 3 мл граммаар нэг моринд булчингаар хийхэд амьсгаа задардаг гэж хэлсэн. ...Турк улсад хүлээн зөвшөөрч байгаа юм чинь Монгол Улсад зөвшөөрч байгаа байх гэж бодсон...” /1хх-93/ гэх, 

-2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны шатанд “...Хэрэв хориотой байсан бол Турк Улсын хил дээр зогсоох байсан. Мөнгө өгөх гэж оролдсон нь паспортынхоо завсар Монгол мөнгөө хийчихсэн байсан, паспорт шалгах гэж байна гэж бодоод дотор нь мөнгө байгааг мартаад өгөх гэж байсан... /2хх-ийн 171/ гэж мэдүүлсэн байна. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр “...Зөвшөөрөлгүй хилээр эм оруулж ирснээ хүлээн зөвшөөрч байна...” гэснээс үзэхэд шүүгдэгч Ж.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            9.Гэтэл анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эад холбогдуулан ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа “...шүүгдэгч Ж.Эын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч, тухайн зүйл хэсэг нь 5-12 жилийн хорих ялтай, нэг төрлийн санкцтай байх бөгөөд шүүгдэгч Ж.Э нь бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хохирол, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн санкц мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тустай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах,” гэж заасанд хамаарч байх тул мөн зүйлд заасныг журамлан шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 3 жил 7 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй...” гэх дүгнэлт хийж шүүгдэгч Ж.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн түүнд хүлээлгэх ял шийтгэлийг хөнгөрүүлсэн байна гэж үзлээ.

 

10.Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг үндсэн агуулгаас нь зөрүүтэй ойлгон буруу хэрэглэсэн нөхцөл байдлыг зөвтгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Эад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдаж, шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Л.Ганзориг, А.Золжаргал нарын гаргасан давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/278 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭРЭНХАНД

ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ

З.ТҮВШИНТӨГС