| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2016/0653/З |
| Дугаар | 1014 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 1014
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадолгор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Учрал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, Б.Зулбаяр нарыг оролцуулан иргэн Л.Батбаярын нэхэмжлэлтэй Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадолгор шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Иргэн Л.Батбаяраас “иргэн Ц.Алтандуулгад 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон 2014/527 тоот Архитектур төлөвлөлтийн даалгаварыг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэдэг үндэслэлийг даган Л.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадолгор миний бие нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Энэхүү захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Б.Шижирбаатар/176 дугаар/-ын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 570 дугаар бүртгэлтэй итгэмжлэлд олгосон эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадолгороос “иргэн Ц.Алтандуулгад 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон 2014/527 тоот Архитектур төлөвлөлтийн даалгаварыг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүрэн татгалзсан тухайгаа 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Батбаяр “иргэн Ц.Алтандуулгад 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон 2014/527 тоот Архитектур төлөвлөлтийн даалгаварыг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР