Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2018/0433

 

“Д с” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 19 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдах гомдлоор, “Д с” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс Дархан-Уул аймгийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 386 дугаар захирамжийн Э х сургуульд холбогдох хэсэг, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 184 дүгээр захирамжийн Ц хятад дунд сургуульд холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э давж заалдах гомдолдоо: “..."Д с" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 19 тоот шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э миний бие эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг 19 тоот шийдвэр хангаагүй буюу анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв үнэлэх үүргээ биелүүлээгүйгээс үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн гэж үзэж байгаа дараах үндэслэлүүд байна.

Шүүх шийдвэрийнхээ "Тогтоох " хэсэгт Газрын тухай хуулийн 21.3.2 дахь заалтыг баримталсан бөгөөд уг заалтад "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна" гэж заасан байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар болон хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 386 тоот захирамж гарсан 2006 онд газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө хийгдээгүй байсан, мөн уг газрыг харьяалах Дархан сумын Засаг даргын саналыг аваагүй нь нотлогдсон. Дархан-Уул аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21.3.2-т заасныг зөрчиж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг Дархан сумын Засаг даргын саналыг авалгүй хувийн сургуульд эзэмшүүлж хууль зөрчсөн байхад шүүх уг заалтыг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Маргааны зүйл болж байгаа газар нь 1978-1979 онд тухайн үед Дархан хотын бүтээн байгуулалтад оролцохоор хөдөө хотоос ирсэн илгээлтийн эзэн, ажилчин залуучуудыг амьдруулах зориулалтаар баригдсан нийтийн орон сууцны байшингийн гаднах талбайд хамаарах газар бөгөөд Газрын тухай хуулийн 3.1.9-д "Нийтийн эдэлбэр газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг" хэлнэ гэсэн заалтад хамаарах нийтийн эдэлбэр газар юм. Газрын тухай хуулийн 6.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт зохицуулалттайгаар нийтээр ашиглана" 6.2.2-т "Хот тосгон буюу суурины нийтийн эдэлбэрийн газар" гэж зааснаас үзвэл "Э х" сургуульд олгосон газар нь тухайн орон сууцны байшинд амьдарч байгаа 58 айл өрх, албан газар, аж ахуйн нэгжүүдийн нийтээрээ ашиглаж байгаа талбай болох нь тогтоогдож байна. Тухайн газрыг Газрын тухай хуулийн 6.4, 44.8, 56.8-д зааснаар Сууц өмчлөгчдийн холбоо гэрээгээр ашиглаж болохоор хуульчилсан байна. “Э х" сургуульд "ногоон байгууламж бий болгож, хүүхдийн амрах талбайг бий болгох" зориулалтаар газар эзэмших эрх олгосон Дархан-Уул аймгийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 386 тоот захирамж нь Газрын тухай хуулийн 3.1.9, 6.2 дугаар зүйлийн 6.2.2, 6.4, 12.2, 31.2, 31.3, 33.1.2, 33.4, 40.1.6, 56.8 дахь заалтуудыг зөрчиж олгогдсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад шүүх эдгээр баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй шийдвэрийнхээ "Үндэслэх" хэсэгт хариуцагч Газрын тухай хуулийг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт хийсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 33.1.2-т "Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад, зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3 -т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ" гэж зааснаас үзэхэд "Э х" сургууль нь төсөвт байгууллага биш хувийн хөрөнгө оруулалттай сургууль байх тул Газрын тухай хуулийн 33.1.1-д заасан "төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газар"-т тус сургуулийн эзэмшил газар нь хамаарахгүй байгаа тул дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар шийдвэрлэх ёстой байсан нь Засаг дарга 2006 онд "Э х" сургуульд газар эзэмших эрх олгосон 386 тоот захирамж гаргахдаа нийтийн эзэмшлийн газрыг хувийн сургууль д эзэмшүүлж Газрын тухай хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчсөн байгаад шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий газар нь нийтийн эдэлбэрийн газарт хамаарах газар гэж маргасан бөгөөд хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр маргаан бүхий газар нь нийтийн эдэлбэр газарт хамаарах газар мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байхад шүүх уг газар нь нийтийн эдэлбэр газар мөн эсэх талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна "Ц" сургууль нь өөрийн эзэмшлийн гэх газраа 8 жилийн турш гэрээнд заасан ногоон байгууламж бий болгох, хүүхдийн тоглоомын талбай байгуулах зориулалтаар ашиглаагүй хог новш дүүрсэн, архичид цуглардаг газар байсныг "Д с " ХХК арчилж тордон хашаалж хамгаалсан нь хууль зөрчөөгүй бөгөөд уг газар нь "Д с" ХХК-ний өмчлөлд байдаг тус байрны 1, 2 давхрын үл хөдлөх хөрөнгийн орох гарах гарц машин тавих талбай аж ахуйн өдөр тутмын үйл ажиллагаанд зайлшгүй ашиглагддаг газар болох нь баримтаар тогтоогдож байхад шүүх энэ байдалд дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. 386 тоот захирамж гарах үед буюу 2006 онд "Д с" ХХК тухайн эд хөрөнгийг худалдан аваад засвар хийж байсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан болно. Дархан-Уул аймгийн Засаг дарга нийтийн эдэлбэр газрыг хувийн сургуульд эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь "Д с” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байгаа одоо уг газрыг эзэмших эрхтэй байгаа "Ц" сургууль нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө бусдад худалдаж тухайн байранд үйл ажиллагаа явуулахаа больсон, тухайн байранд үйл ажиллагаа явуулдаг 58 иргэн аж ахуйн нэгжийн ашигладаг нийтийн эдэлбэр газар тул энэ газрыг аль нэг байгууллагад дангаар нь эзэмшүүлэх эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа түл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 386 дугаар захирамжаар “Э х” сургуульд 380 дугаар байрны сургуулийн өмнөх талбайн 415.1 м.кв газрыг “ногоог байгууламж бий болгож, хүүхдийн амрах талбай байгуулах” зориулалтаар 2 жилийн хугацаагаар эзэмших эрхийг олгож, улмаар аймгийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний 184 дүгээр захирамжаар “Э х” сургуулийн эзэмшиж байсан дээрх газрыг гуравдагч этгээд “Ц” сургуульд шилжүүлэн эзэмшүүлжээ.

Нэхэмжлэгч “Д с” ХХК нь дээрх Засаг даргын захирамжуудыг эс зөвшөөрч, “...газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулахгүйгээр “Э х” сургуульд хууль зөрчиж олгосон нь манай зочид буудлын орц, гарцыг хаасан, нийтийн эдэлбэр газрыг нэг байгууллагад эзэмшүүлсэн нь бусад оршин суугчдын эрхийг зөрчсөн, газар олгосон захирамж анхнаасаа илт хууль бус учир түүнийг үндэслэн гарсан захирамж мөн адил илт хууль бус...” гэх үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор маргажээ.

Захиргааны акт илт хууль бус байх эсхүл хууль зөрчсөн байх ойлголтууд нь ялгаатай бөгөөд хуульд заасан захиргааны актыг “илт хууль бус”-д тооцох үндэслэл нь тухайн актыг эрх зүйн чадамж бүхий ямар ч хүн харсан эрх зүйн илэрхий алдаатай байхыг ойлгоно.

Маргаан бүхий 386 дугаар захирамжийн хувьд хариуцагч нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсгийг үндэслэсэн байх бөгөөд энэ нь аймгийн Засаг даргын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх эрхийг олгосон хуульд заасан үндэслэл байх тул “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэхгүй. Харин хариуцагч нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалтад нийцүүлэн гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн эсэхийг тогтооход буюу маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянахад “...газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй нийтийн эдэлбэр газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулахгүйгээр нийтийн эдэлбэр газрыг “Э х” сургуульд олгосон” гэх асуудлыг шалгаж, дүгнэх бөгөөд энэ нь актын хууль бус байх шинжид хамаарахаас биш “илт хууль бус алдаа”-нд тооцогдохгүй.

Тодруулбал, “илт хууль бус захиргааны акт”-ын шинж нь тухайн актын алдаа нь ноцтой бөгөөд энэ нь нийтэд илэрхий байх юм. Харин энэ тохиолдолд Газрын тухай хуулиар аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх эрх Засаг даргад олгогдсон тул маргаан бүхий захирамжийг хэн ч харсан илэрхий, ноцтой алдаатай буюу “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэх үндэслэл болохгүй.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч “Д с” ХХК нь маргаан бүхий газрыг хашаалан, дотор нь авто машины граж барьж, өөрөө тухайн газрыг бодитойгоор ашиглаж байгаа атлаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...нэхэмжлэгчид газар олгосон захирамж нь бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Түүнчлэн маргаан бүхий актууд нь 2006, 2007 оны акт байхад нэхэмжлэгч “Д с” ХХК нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 /иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй/, 47.1.7 /түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй/-д заасныг үндэслэн маргажээ.

Гэтэл Захиргааны ерөнхий хууль 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн байх бөгөөд уг хууль хэрэгжихээс өмнө үүссэн харилцаанд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д заасныг баримтлаагүй нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт залруулсан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс Дархан-Уул аймгийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 386 дугаар захирамжийн “Э х” сургуульд холбогдох хэсэг, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184 дүгээр захирамжийн “Ц” хятад дунд сургуульд холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                               

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                 ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

            ШҮҮГЧ                                                                      Г.БИЛГҮҮН