Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 685

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

           улсын яллагч Ц.Ариунтуяа,

            шүүгдэгч Б.Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Үд холбогдох 1808023860711 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Ү нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан Дүүргийн 26 дугаар хороо, ..... тоотод иргэн Б.Гтай маргалдсаны улмаас түүнийг цохиж зодож эрүүл мэндэд нь 3 шүдний сулрал, доод уруулын дотор салстын дунд хэсэгт язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи баруун хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

 Шүүгдэгч Б.Ү нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан Дүүргийн 26 дугаар хороо, ..... тоотод иргэн Б.Гтай маргалдсаны улмаас түүнийг цохиж зодож эрүүл мэндэд нь 3 шүдний сулрал, доод уруулын дотор салстын дунд хэсэгт язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи баруун хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Б.Гийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 05 дугаар сарын 03-ны орой Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо .....тоотод манай гэрт Б.Ү ирсэн. Удалгүй нөхөр А араас нь орж ирсэн. Намайг хоолоо хийх гэж байхад Б.Ү 0.5 литрийн архи гаргаж ирээд ахдаа өгсөн ба бид 3 тэр архийг нь хувааж уусан. Б.Ү дахиад нэг архи ууя гэсэн, манай нөхөр А надаа мөнгө байхгүй мөнгө байвал авчих, би цалингаа буухаар өгье гэсэн. Б.Ү надаа мөнгө байгаа гээд А гараад 0.75 литрийн архи авчирсан. Тэр архийг бид 3 хувааж ууж байхад хадам дүү Б.Ү “та манай ахыг хуурдаг” гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед би согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна, нэг мэдэхэд Б.Ү миний дээр гараад миний нүүр лүү цохисон. Манай нөхөр босч ирээд салгахад “та цаашаа бай” гээд түлхсэн. Тэгээд  гараад явсан. Би доошоо хараад уйлж байгаад унтсан, өглөө босоход миний нүүр хавдаж цус гараад хатсан байсан. Миний нүүр хавдаж хөхөрсөн нүдэнд цус хурсан урд талын 3 шүд хөдөлсөн. Одоо миний биеийн байдал зүгээр болсон байгаа. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-15-16/,

- гэрч Б.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би нилээн согтуу байсан. Нэг мэдэхэд дүү Б.Ү нь эхнэр Гийн дээр мордчихсон нүүр лүү нь гараараа цохиж байсан. Хэдэн удаа гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Би болиулах гэтэл намайг түлхсэн. Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл үүсээгүй...гэх мэдүүлэг /хх-6-7/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийнн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №6304 дугаартай:...Б.Гийн биед 3 шүдний сулрал, доод уруулын дотор салстын дунд хэсэгт язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-11/,

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-17/,

- шүүгдэгч Б.Үын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-18-19/,

- шүүгдэгч Б.Үын мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоо 30-29 тоотод ах Агийн гэрт Б.Г, ах А нартай эхлээд 0.5 литр архи уусан ба дахиад 0.75 литр архи хувааж уусан. Би Гт хандаж “ахыг гэртээ ирэхэд хоолыг нь хийж өгч байгаач” гэхэд намайг хэл амаар доромжлоод байсан. Б.Гийг нүүр лүү нэг удаа алгадаад газар хэвтэж байхад нь нүүр лүү 2 удаа гараараа цохисон. Дээрх гэмтлийг би учруулсан...гэх мэдүүлэг /хх-29-30/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

            Иймд шүүгдэгч Б.Үыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

           Шүүгдэгч Б.Ү нь хохирогч Б.Гийн биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон байна.

Хохирогч Б.Г нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:  

            Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Бусад асуудал 

            Шүүгдэгч Б.Үын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Б.Үыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Үыг 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Үд оногдуулсан 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Ү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, Б.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.           

            7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Үд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Г.ГАНБААТАР