Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/69

 

 

 

 

 

2025            10             30                                                          2025/ДШМ/69

 

Г.Э, Л.Б нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ж.Мөнхзул,

Яллагдагч Г.Э, Л.Б нарын өмгөөлөгч Т.Батцэцэг,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/1222 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Ж.Мөнхзулын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Г.Э, Л.Б нарт холбогдох эрүүгийн 2534000000277 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ....-ний өдөр ......төрсөн, .... настай, ....., ...... боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ....., .......... хамт ......... оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б овогт Л.Б, регистрийн дугаар: ***********.

Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын .....-ны өдөр ......... төрсөн, ..... настай, ......, ...... боловсролтой, .....мэргэжилтэй, мал малладаг, ам бүл ...., ..... хамт ....... тоотод оршин суудаг, Б овогт Г.Э, регистрийн дугаар: **********, урьд

Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 19 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болгосон байна.  

2.Яллагдагч Л.Б, Г.Э нар нь үгсэн тохирч, үйлдлээрээ санаатай нэгдэн 2025 оны 5 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутагт байрлах У.Бы эзэмшлийн тариалангийн талбайгаас 54,000 төгрөгийн үнэ бүхий 18 боодол ногоон тэжээлийг Бонго маркын цагаан өнгийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3.Төв аймгийн прокурорын газраас Л.Б, Г.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх: “...Хавтаст хэргийн 3-5 дугаар талд авагдсан 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс харахад бусдын эзэмшлийн тор татсан хашааны гаднаас 18 боодол /хохирогч 20 боодол гэх/ ногоон тэжээлийг ачиж дууссан харагддаг.

Үүнтэй холбоотойгоор хохирогч У.Бы эзэмшлийн талбай мөн эсэх талаарх баримтыг хэрэгт хавсаргах.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан шинжийг хангах эсэхийг шалган шийдвэрлэх.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...шүүхээс төгссөн гэмт хэрэг гэж үзэж байгаа бол гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд нотлох баримтаа шинжлэн судлаад шийдэх боломжтой гэж үзэж байгаа...” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1-д “Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” гэж, мөн хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1-д “Прокурор яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэж зааснаар яллагдагч нарын эрх зөрчигдөх бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх нь зүйтэй.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г.Э, Л.Б нарт холбогдох эрүүгийн 2534000000277 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, ...хэргийг прокурорт очтол яллагдагч Л.Б, Г.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн 2534000000277 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор Ж.Мөнхзул 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бичсэн 30 дугаар эсэргүүцэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэг.Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч У.Б, гэрч Ц.Баярхүү нарын мэдүүлэг, "Дамно" ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ТЦ25-50 дугаартай үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар яллагдагч Л.Б, Г.Э нар нь 2025 оны 5 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутагт байрлах У.Бы эзэмшлийн тариалангийн талбайгаас үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн ногоон тэжээлийг машинд ачиж байхад нь талбайн эзэн У.Б ирээд зогсоосон үйл баримт тогтоогддог. Энэ үед Г.Э, Л.Б нар "Бонго" маркын цагаан өнгийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан байсан 18 боодол ногоон тэжээлийг буцаагаад буулгасан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ...” гэж заасан. Өөрөөр хэлбэл хэн нэгэн этгээд гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн, бусдад хор, хохирол учруулахаар өөрөө болон бусадтай үгсэн тохиролцон бодож, төлөвлөн улмаар тэр үйлдлээ хийж эхэлсэн боловч гэмт этгээдүүдээс үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрч чадаагүй байх шинжийг илэрхийлдэг.

Тодруулбал, яллагдагч Г.Э, Л.Б нар У.Бы эзэмшлийн тариан талбайгаас ногоон тэжээлийг ачих явцад У.Б ирсэн тул тэдний үйлдэл таслан зогсоогдож гэмт хэрэг туйлдаа хүрээгүй буюу төгсөөгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан "Хулгайлах" гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан бол төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгоно.

Үүнээс дүгнэхэд, яллагдагч нар хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн тодорхой үйлдэл буюу "Бонго маркын тээврийн хэрэгсэлд ногоон тэжээлүүдийг ачсан боловч тэрээр зорилгодоо хүрээгүй нь дээр дурдсан хөндлөнгийн хүчин зүйлийн нөлөөтэй шууд холбоотой байх бөгөөд эдгээр нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдэхээр завдахын шинжүүдийг бүрнээ агуулсан байна.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон явуулах боломжтой.

Хохирогч У.Бы эзэмшлийн талбай, түүний эзэмшлийн ногоон тэжээл болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад хохирогч У.Бы талбай мөн эсэх талаарх баримтыг хэрэгт хавсаргах нь ямар нөхцөл байдлыг тодруулах, ингэснээр хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Гурав. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж тодорхойлон заасан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тодорхойлохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальж, яллах дүгнэлтэд дурьдагдаагүй асуудлаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хулгайлах гэмт хэргийг "хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч" үйлдсэн эсэхийг шалгаж тогтоох гэсэн нь ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгож байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1222 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

6.Яллагдагч нарын өмгөөлөгч Т.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Яллагдагч Г.Э, Л.Б нар У.Быг ирэхэд тухайн газраа зогсож байсан бөгөөд зайлсхийх нэг ч үйлдэл хийгээгүй. Боодол өвсийг худалдаж авах санаатай очсон боловч газар дээр нь хүн байгаагүй. Ингээд өвсийг авах үед У.Б ирчихсэн машиндаа сууж байсан. Тэгээд машины цонхоо хаагаад цагдаа дуудсан. Бодит нөхцөл байдал дээр ийм л зүйл болж өнгөрсөн. Иймд яллагдагч нарын үйлдэл хэнд ч хохирол учруулаагүй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор Ж.Мөнхзулын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хянан үзлээ.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоосноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэх, эсхүл цагаатгах үндэслэл болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

2.Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл, яллагдагч Г.Э, Л.Б нар нь үгсэн тохироогүй ч үйлдлээрээ санаатай нэгдэн 2025 оны 5 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутагт байрлах У.Бы эзэмшлийн тариалангийн талбайгаас 54,000 төгрөгийн үнэ бүхий 18 боодол ногоон тэжээлийг Бонго маркын цагаан өнгийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж байх үед У.Б ирээд цагдаад дуудлага өгсөн гомдол, мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байх ба Төв аймгийн прокурорын газраас Г.Э, Л.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3.Анхан шатны шүүх 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн санаачилгаар хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид “...Хавтаст хэргийн 3-5 дугаар талд авагдсан 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс харахад бусдын эзэмшлийн тор татсан хашааны гаднаас 18 боодол /хохирогч 20 боодол гэх/ ногоон тэжээлийг машиндаа ачиж дууссан харагддаг. Үүнтэй холбоотойгоор хохирогч У.Бы эзэмшлийн талбай мөн эсэх талаарх баримтыг хэрэгт хавсаргах. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан шинжийг хангах эсэхийг шалган шийдвэрлэх..." гэж заасан ажиллагаа нь нотолбол зохих байдалд хамаарч байгаа тул давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.Тодруулбал, шүүгч, прокурор, мөрдөгч нь гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогчоор тогтооно.

Хохирогч нь хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах эрхтэй этгээд юм.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг, тариалангийн талбайд байсан ногоон тэжээлийн эзэмшигч болон өмчлөгчийг тогтоох талаар ажиллагаа хийсэн зүйлгүй мөртлөө эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээдээр У.Быг шууд тогтоожээ.

 

4.1.Яллагдагч Г.Э, Л.Б нар хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаанд 18 боодол ногоон тэжээлийг машинд ачсан... буулгасан гэж, харин хохирогчоор тогтоогдсон У.Б талбайгаас өмнө нь 60-70 боодол ногоон тэжээл алдагдаж байсан, тухайн шөнө 20 боодол ногоон тэжээлийг ******* улсын дугаартай Хьюндэй портер маркын машинд ачиж байхад нь таарч цагдаад дуудлага өгсөн талаар тус тус мэдүүлсэн байна. Харин мөрдөн шалгах ажиллагааны шатанд бодит хохирлыг тогтоохдоо 18 боодол ногоон тэжээл гэж үзэн шинжээчээр үнэлгээ хийлгэсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бодитой тогтоосон эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдлыг бий болгож байна.

4.2.Мөн “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан шинжтэй, хүсэл зоригийн хувьд санаатай байх ба материаллаг шинжийг агуулж байдаг.

Иймд мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоох үүднээс яллагдагч Г.Э, Л.Б нар ногоон тэжээлийг *********улсын дугаартай Хьюндэй портер маркын машин руу зөөвөрлөн ачих үйлдлээ зогсоож, буулгах болсон шалтгаан нөхцөл нь тэдний хүсэл зоригоос үл хамаарсан, эсхүл сайн дураар татгалзсан, мөн уг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдхүй байгаа зэргийг шалгаж тогтоох нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөр байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5.Шүүх дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжид заасан ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, яллагдагч Г.Э, Л.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

6.Анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүгчийн захирамжид хэрэг хүлээж авсан огноог 2024 оны 8 дугаар сарын 26 гэж буруу бичсэн байгааг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/1222 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Мөнхзулын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар эсэргүүцлийг хангахаас татгалзсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Г.Э, Л.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЦЭРЭНХАНД

 

                                    ШҮҮГЧИД                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                                                                          З.ТҮВШИНТӨГС