2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/10615

 

 

 

 

 

 

 

 

   2025             12              10                                            192/ШШ2025/10615

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ж.Соронзонболдод холбогдуулан************** улсын дугаартай Land cruiser 200 автомашиныг буцаан өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Г.******* нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Таван богд” ХХК-тай 16/914 дугаар бүхий “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Toyota Land cruiser 200 GX-R Diesel A/T8 загварын автомашиныг 157,500,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар “Хаан банк” ХК-тай 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 31 '201642885111 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, мөн өдөр ФГ201642885111 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/Фидуци/”-г тус тус байгуулж, өөрийн өмчлөлийн дээр дурдсан арлын дугаартай************** улсын дугаартай Land cruiser 200 авто машиныг барьцаалан 141,750,000 төгрөгийн зээл авсан. Дээр дурдсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/Фидуци/-ний 2 дугаар зүйлийн 2.2-т “Хөрөнгийн эзэмшил, ашиглалтад: Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил, ашиглалтад байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил, ашиглалтдаа байлгаж байсан. Ийнхүү Г.******* нь 2018 оны 08 дугаар сард гадаад улс руу зүрхний хагалгаанд орохоор болж удаан хугацаагаар буцаж ирэхгүй болсон тухай Ж.Соронзонболд нь олж мэдээд “...Хэд хоног машиныг чинь унаж багтаад буцаагаад өгье” гэж хэлээд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв орны хажууд************** улсын дугаартай Land cruiser 200 автомашиныг нь аваад явсан. Нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сард Монгол улсад буцаж ирээд автомашинаа буцааж авах гэтэл ямар нэгэн худал шалтгаан хэлж, өнөөдрийг хүртэл автомашиныг өгөхгүй зугтсаар байна. байгаа тул Хаан банкнаас авсан зээлээ ч төлж чадахгүйд хүрээд байгаа бөгөөд энэхүү асуудлаар тус шүүхэд “Хаан банк” ХК-ийн зүгээс нэхэмжлэгчид холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 152,299,967.27 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 19,500 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 152,389,667.27 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах ” нэхэмжлэл гаргаад байна. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно” гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж тус тус зохицуулсан байна. Иймд************** улсын дугаартай Land cruiser 200 автомашиныг буцаан хүлээлгэн өгөхийг Ж.Соронзонболдод даалгаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Ж.Соронзонболд нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.******* нь************** улсын дугаартай, Toyota Land cruiser 200 маркийн автомашиныг буцаан хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг надад холбогдуулан гаргасан байна. Уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой маргаан нь “Баруун баян транс” ХХК-тай шууд холбоотой бөгөөд анхнаасаа уг автомашиныг тус компанийн нэр дээр худалдан авахаар харилцан тохиролцсон байв. Гэвч нэхэмжлэгч нь компаниас холбогдох төлбөрийг гаргуулсан ч автомашиныг өөрийн нэр дээр бүртгүүлэн авсан байна. Энэ нь анхны тохиролцоог зөрчсөн үйлдэл юм. Мөн миний хамаарал бүхий “Баруун баян транс” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй,************** улсын дугаартай,  арлын дугаартай, Toyota Land cruiser 76 маркийн хар саарал өнгийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Г.******* нь компанид мэдэгдэлгүйгээр дур мэдэн авч явж, өөрийн хамаарал бүхий “Сэлэнгийн герефорд” ХХК-ийн үйл ажиллагаанд ашиглаж байна.************** улсын дугаартай, Toyota Land cruiser 76 маркийн тээврийн хэрэгслийг буцааж өгөөд************** улсын дугаартай, Toyota Land cruiser 200 маркийн автомашиныг авч болно. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, автомашин худалдах, худалдан авах гэрээ, зөвлөмж, хүлээлцэх акт, автомашины танилцуулга, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, барьцаат зээлийн гэрээ, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/08889 дугаар шийдвэр зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

            Хариуцагчаас баримт ирүүлээгүй байна.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ж.Соронзонболдод холбогдуулан, өөрийн өмчлөлийн 10-80******* улсын дугаартай Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг буцаан өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ж.Соронзонболд нь************** улсын дугаартай,******* улсын дугаартай, Toyota Land cruiser 200 маркийн автомашины үнийг компаниас төлсөн,************** улсын дугаартай, Toyota Land cruiser 76 маркийн тээврийн хэрэгслийг буцааж өгөөд************** улсын дугаартай, Toyota Land cruiser 200 маркийн автомашиныг авч болно гэж татгалзжээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч Г.******* нь “Таван богд” ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 16/914 дугаартай “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Toyota Land Cruiser 200 GX-R Diesel A/T загварын, хар өнгөтэй, арлын дугаартай тээврийн хэрэгслийг 157,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.(хавтаст хэргийн 5 – 7 дахь талд)

 

3.2. Нэхэмжлэгч Г.******* нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр арлын дугаартай, Toyota Land Cruiser 200 GX-R Diesel A/T загварын, хар өнгөтэй тээврийн хэрэгслийг хүлээн авсан.(хавтаст хэргийн 8 дахь талд)

 

3.3. Нэхэмжлэгч Г.*******, иргэн Ц.Батцэцэг нар нь “Хаан банк” ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ201642885111 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, 141,750,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон.(хавтаст хэргийн 12 – 15 дахь талд)

 

3.4. Нэхэмжлэгч Г.******* нь “Хаан банк” ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, Г.*******ийн өмчлөлийн 2016 оны 09 сард үйлдвэрлэгдсэн Toyota Land Cruiser 200 GX-R Diesel A/T загварын, хар өнгөтэй, арлын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “Хаан банк” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон.(хавтаст хэргийн 10 – 11 дахь талд)

 

3.5. 10-80******* улсын дугаартай, арлын дугаартай, Toyota Land Cruiser 200 GX-R Diesel A/T загварын, хар өнгөтэй тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Хаан банк ХХК бүртгэгдсэн.(хавтаст хэргийн 16 дахь талд)

 

3.6. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/08889 дугаартай шийдвэрээр зээлийн гэрээний дагуу 152,,389,667.27 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 10-80******* улсын дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдсэн Toyota Land Cruiser 200 GX маркийн арлын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн  гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.(хавтаст хэргийн дахь талд)

 

3.7. Зохигчид нь 10-80******* улсын дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдсэн Toyota Land Cruiser 200 GX маркийн  арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь хариуцагч Ж.Соронзонболдын хамаарал бүхий “Баруун баян транс” ХХК-ийн үйл ажиллагаанд хэрэглэж байгаа тухайд маргаангүй.

 

Харин Г.******* нь 10-80******* улсын дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдсэн Toyota Land Cruiser 200 GX маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн эсэх, Ж.Соронзонболдын эзэмшил хууль бус эсэхэд маргаантай.

 

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”,  93 дугаар зүйлийн 93.1. “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч Г.******* нь “Таван богд” ХХК-аас худалдан авсан байх тул уг тээврийн хэрэгслийг өмчлөгч байна.

 

Мөн тухайн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу Хаан банк ХК-д өмчлөх эрхийг шилжүүлсэн байх боловч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/08889 дугаартай шийдвэрээр зээлийн мөнгөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэж, фидуцын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор фидуцийн үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгч Г.******* нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн бүх эрхийг хэрэгжүүлэх эрхтэй.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

5. Хариуцагч Ж.Соронзонболд нь “уг автомашиныг тус компанийн нэр дээр худалдан авахаар харилцан тохиролцсон, компаниас зээлийн төлбөрийг нь төлсөн, миний хамаарал бүхий “Баруун баян транс” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй,************** улсын дугаартай, Toyota Land cruiser 76 маркийн тээврийн хэрэгслийг компанид мэдэгдэлгүйгээр дур мэдэн авч явж, өөрийн хамаарал бүхий “Сэлэнгийн герефорд” ХХК-ийн үйл ажиллагаанд ашиглаж байна.************** улсын дугаартай, Toyota Land cruiser 76 маркийн тээврийн хэрэгслийг буцааж өгөөд************** улсын дугаартай, Toyota Land cruiser 200 маркийн автомашиныг авч болно” гэх тайлбарыг гаргаж байх боловч маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн талаар, өөртөө туслах зорилгоор хууль ёсоор, шударгаар өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 10-80******* улсын дугаартай,  арлын дугаартай, Toyota Land Cruiser 200 GX-R Diesel A/T загварын, хар өнгөтэй, тээврийн хэрэгслийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж, буцаан өгөхийг хариуцагч Ж.Соронзонболдод даалгаж шийдвэрлэв.

 

6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, 10-80******* улсын дугаартай, арлын дугаартай, Toyota Land Cruiser 200 GX-R Diesel A/T загварын, хар өнгөтэй, тээврийн хэрэгслийг буцаан өгөхийг хариуцагч Ж.Соронзонболдод даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Соронзонболдоос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******ид  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.ОТГОНБАЯР