| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | О.Энхтуул |
| Хэргийн индекс | 309/2026/00060/И |
| Дугаар | 309/ШШ2026/00229 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 309/ШШ2026/00229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Энхтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогтой *******ын “Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.*******
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ховороо
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.******* нь тус шүүхэд үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие ******* овогтой ******* нь өөрийн өвөө болох Б.*******д 2004 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үрчлэгдсэн. Миний бие одоо 27 настай бөгөөд үрчлүүлсэн цагаасаа хойш өвөө, ээжтэйгээ хамт амьдарч байна. Би болон миний өвөө, ээж бид хоорондоо ярилцаад төрсөн ээжээрээ овоглох нь зөв гэж үзэж, цаашид өөрийн төрсөн ээжээрээ овоглох хүсэлтэй байгаа юм. Ерөнхийдөө манай нэг эгч гадаадад байдаг юм. Тэр эгч минь намайг гадагшаа ирээч гээд миний хувьд ч цаашид гадагшаа явж амьдарч магадгүй байгаа юм. Гэтэл овог өөр учраас болохгүй байна гэж эгч хэлсэн. Ингээд бид ярилцаад овгоо солиулъя гэж ярилцсан юм. Иймд 2004 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.
2.Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь 2005 онд өөрийн охин ******* гарсан хүү болох *******ыг өөрийн нэр дээр үрчилж авсан юм. Миний бие Ж.*******ыг миний охин буюу өөрийнхөө төрсөн эх цаашид овоглож явахад татгалзах зүйл байхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний гэрчилгээ, үрчлэлтийн гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбарууд, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийг шүүхэд бичгийн баримтаар өгсөн.
4. Шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.*******г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах ажиллагааг хийсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь өөрийн төрсөн эх ******* өвөө Б.*******д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…Миний бие өөрийн өвөө Б.*******д 2004 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үрчлэгдсэн. Миний бие одоо 27 настай бөгөөд үрчлүүлсэн цагаасаа хойш өвөө, ээжтэйгээ хамт амьдарч байна. Би болон миний өвөө, ээж бид бүгд хоорондоо ярилцаад төрсөн ээжээрээ овоглох нь зөв юм байна гэж үзсэн. Ингээд цаашид өөрийн төрсөн ээжээрээ овоглох хүсэлтэй байгаа учраас 2004 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үрчлэгдсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү” гэж тодорхойлсон.
Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Ж.******* нь 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрснийг эх нь овоглон иргэний гэр бүлийн байдалд 1998 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүртгэж төрсний №10 тоот гэрчилгээ олгосон, улмаар 1998 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өвөө Б.*******, эмээ нараар нь овоглон бүртгэж төрсний № 010/02 тоот гэрчилгээ олгосон, мөн тэрээр эх ******* өвөө Б.*******д 2004 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үрчлэгдсэнийг хүүхэд үрчилсний бүртгэлийн №02-т бүртгэж гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдлоо.
Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2-т “үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно, …шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох үндэслэлд эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа байдлууд хамаарахаас гадна бусад хүндэтгэн үзэх үндэслэл байх шаардлагатай юм.
Хуульд заасан дээрх үндэслэлүүдээс гадна үрчлэгдсэн буюу эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд нь хүүхэд байх шаардлагатай.
Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүүхэд” гэж 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэж, мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэлх эрхийг нь хангахад энэ хууль үйлчилнэ” гэж тус тус зааснаас үзэхэд ийнхүү 18 насанд хүрээгүй хүүхдийн эрх ашиг дээрх үндэслэлүүдээр хөндөгдсөн тохиолдолд үрчлэлтийг хүчингүйд тооцох эсэхийг шүүх шийдвэрлэхээр зохицуулжээ.
Түүнчлэн шүүх Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан үндэслэлээр үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг хамтад нь шийдвэрлэх учиртай.
Гэвч хүсэлт гаргагч буюу нэхэмжлэгч Ж.******* нь 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, одоо 28 настай буюу иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байх тул түүнийг “хүүхэд” гэж үзэхгүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “…шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно” гэж заасан боловч нэхэмжлэгчийн тайлбарлаж буй “овог солиулах” асуудал нь уг үндэслэлд хамаарахгүй юм.
Учир нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д иргэн өмнөх овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ сэргээлгэхээр өргөдөл гаргаж болно гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч гаргасан үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4-т зааснаар нэхэмжлэгч гаргасан үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэрийг хүчинтэй болсоноос хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЭНХТУУЛ