Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 732

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, 

Улсын яллагч М.Сансарсайхан,

Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овогт С-н А-д холбогдох 1808 0335 30900 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.А нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэртээ хамтран амьдрагч Д.О-г “пиво уулаа” гэх шалтгаанаар маргалдан, зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч С.А нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэртээ “пиво уулаа” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Д.О-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, 2 хацар, дух, доод уруул, баруун буглага, доод уруулын дотор салст, зүүн нүдний доод зовхи, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөг, нуруунд зулгаралт, 2 хацар, дух, доод уруул, баруун буглаганы зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- хохирогч Д.О-ий мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр өөрийн төрсөн эгч болон нөхөр А-гийн дүү нартай хамт пиво ууж байгаад машиндаа ороод унтчихсан байсан. Тэгтэл А хүрч ирээд “гэрлүүгээ орж унт” гэхээр нь би “үгүй” гээд маргаан болсон. Тэгээд А намайг зодсон юм шиг байна лээ би санахгүй байгаа, манай ээж цагдаа дуудсан ...гэх мэдүүлэг /хх-4-6/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №8718 дугаартай:...Д.О-ий биед тархи доргилт, 2 хацар, дух, доод уруул, баруун буглага, доод уруулын дотор салст, зүүн нүдний доод зовхи, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөг, нуруунд зулгаралт, 2 хацар,дух, доод уруул, баруун бугалагны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид еранхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь 2018 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт /хх-12/

- шүүгдэгч С.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018 оны 07 дугаар сарын 13-ны орой 23 цагийн орчимд манай гэрт ах дүү нар ирээд О жоохон уусан тэрнээс болж бид 2 хэрэлдэж маргалдсан тэгсэн хадам ээж голоор ороод О-г өмөөрөөд хэрүүл хийхээр нь миний уур хүрээд О-ий нүүр лүү гарынхаа араар 2 удаа алгадаад үсдээд дарчихсан, тэгтэл хадам ээж дундуур орж ирээд О-ий үс нь зулгаагдсан. ... гэх мэдүүлэг /хх-18-20/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна

 

            Иймд шүүгдэгч С.А-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол төлбөрт 1.200.000 төгрөг төлсөн, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-52/ гэжээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:      

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч С.А нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримт зэргээр тогтоогдох тул түүнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж, оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудал

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч С овогт С А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, С.А нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

           

            7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.