Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/65

 

 

 

 

 

 

  2025           10            17                                                          2025/ДШМ/65                                  

 

Г.М, А.Т нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.Анхжаргал,

Шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч М.Ариунболд, Б.Дагиймаа,

Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч С.Уламбаяр, Г.Наранбаатар,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж, ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч М.Ариунболд, Б.Дагиймаа нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.М, А.Т нарт холбогдох эрүүгийн 2202002860258 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын ....-ны өдөр ............. төрсөн, ..... настай, эрэгтэй, яс үндэс ......, дээд боловсролтой, ................... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, А.Т регистрийн дугаар:.

 

Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ний өдөр ..... хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, яс үндэс ....., дээд боловсролтой, .............. оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, . Г.М, регистрийн дугаар:..

 

2.Шүүгдэгч А.Т нь 2022 оны 4 дүгээр сарын 01-14-ний өдрүүдийн хооронд Америкийн Нэгдсэн Улсад амьдарч буй Б.Б гэгчид 893.94 ам.долларыг валют арилжаа эрхлэгчээр дамжуулан шилжүүлж Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан "prime" гэсэн бичиглэлтэй, ягаан, ногоон өнгөтэй, нийт 13,4274 грамм цэвэр жинтэй Тенамфетамин /tenamfetamine/ (MDA) гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Г.Мтай үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан "prime" гэсэн бичиглэлтэй, ягаан, ногоон өнгөтэй, нийт 13,4274 грамм цэвэр жинтэй Тенамфетамин /tenamfetamine/ (MDA) гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсад авахын тулд Г.Маас нэр, оршин суух хаягийн мэдээллийг авч гэмт хэрэгт татан оруулж, Г.Мын нэрээр улс хоорондын шуудан илгээмж ашиглан 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Чингис хаан" олон улсын нисэх буудал боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдэхэд хатгагч, гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт,

Г.М нь А.Ттай үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан "prime" гэсэн бичиглэлтэй, ягаан, ногоон өнгөтэй, нийт 13,4274 грамм цэвэр жинтэй Тенамфетамин /tenamfetamine/ (MDA) гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсад авахын тулд өөрийн нэр, оршин суух хаягийн мэдээллийг өгч дэмжлэг үзүүлэн, улс хоорондын шуудан илгээмж ашиглан 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Чингис хаан" олон улсын нисэх буудал боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

3.Нийслэлийн Прокурорын газраас А.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар,

Г.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

4. Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч А.Тыг “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэлд хамтран оролцсон, гүйцэтгэж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэрэг,

Шүүгдэгч Г.Мыг “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэлд хамтран оролцсон, хамжигч буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч А.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, Г.М нарт оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мын цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг, шүүгдэгч А.Тын цагдан хоригдсон 152 /нэг зуун тавин хоёр/ хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, шүүгдэгч нарын хорих ял эдлэх хугацааг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тус тус тоолж,

Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 23340000000074 дугаартай хэрэгт Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх “Prime” гэх бичиглэлтэй, ягаан, ногоон өнгөтэй, бүтэн 32 ширхэг, тал 4 ширхэг, нийт 13,4274 грамм цэвэр жинтэй бодисыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгаж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газар болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцыг бэхжүүлсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалахыг Эрүүгийн хэргийн төв архивт хариуцуулж,

Эрүүгийн 23340000000074 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тооцон гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

5.Шүүгдэгч Г.М давж заалдах гомдлын агуулга болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Г.М миний бие нь Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолыг хүлээж аваад дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Шийтгэх тогтоолд “...Тухайн зүйлийг юу болох талаар өөрөөс нь асуухад Extasy гэх мансууруулах үйлчилгээтэй бодис гэв...” гэж бичсэн байсан. Харин энэ үйл явдлыг нотлох баримт нь хавтаст хэрэгт бичгээр, бичлэгээр байхгүй. Гэвч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэлт хэсэгт бичигдэн дүгнэгдсэн.

2.Гэрч Ц.А-н мэдүүлэгт “...Г.Маас очиж иргэний үнэмлэхийг нь авна гэж хэлж байсан. Ачаа нь А.Тын ачаа байсан...” /1 дүгээр хавтаст хэрэг 168-170/, Мөн илгээмжээр ирсэн зүйлийг хуулийн байгууллагын ажилтнууд хурааж аваагүй байсан бол А.Т авах байсан” /3 дугаар хавтаст хэрэг 243-274/ гэж тусгагдсан.

3.2022 оны 4 дүгээр сард А.Т надад хүнээс цамц, пүүз авах гэсэн юм нүүж суугаад бичиг баримтаа олохгүй байна. Бичиг баримтаа өгөөч гэж гуйхад, өөрийн бичиг баримтыг зураг хэлбэрээр өгсөн. Өөр ямар нэг санаа байгаагүй.

Гэтэл Америкийн Нэгдсэн Улсаас илгээмж явуулсан “B” гэдэг хүнийг танихгүй холбогдож байгаагүй. Энэ хэрэгтэй холбогдуулж байгаа үйлдэл холбогдол бүгд Монгол Улсад болсон байхад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хил нэвтрүүлж үйлдсэн гэж буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна.

4.Мөн миний ээж Б.А хүнд өвчтэй савны хорт хавдартай. Би өөрийн ээжтэй хоёулаа амьдардаг. Ээж минь өвчний улмаас өдөр бүр эмчилгээ хийлгэх, хүний асаргаанд байх шаардлагатай. Эмчилгээ хийлгээгүйн улмаас өвчин нь хүндэрч цаашид эмчлэгдэх боломжгүй болох магадлалтай. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Миний өвөө Б 90 настай надаас өөр асарч хандах ач, зээ, үр хүүхэдгүй. Би 2014-2024 оны хооронд ажил хийж, ар гэрээ тэжээж, нийгмийн даатгал тасралтгүй төлж байсан. Энэ хэрэгт холбогдохоос өмнө ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдох болон шалгагдаж байгаагүй зэрэг байдлыг харгалзан үзэж хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өгнө үү. Бусад оролцогчийн гаргасан давж заалдах гомдлын талаар хэлэх тайлбар байхгүй” гэв.

 

6.Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Г.Наранбаатарын давж заалдах гомдлын агуулга болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Мын өмгөөлөгчдийн зүгээс түүний гэм буруугийн асуудал дээр маргаагүй бөгөөд зүйлчлэлийг хөнгөрүүлэн, өөрчлүүлэх байр суурьтай эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон.

Хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд Г.Мын үйлдэлд зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан” гэж зүйлчилж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй юм. Үүнд:

1.Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Г.Мыг шууд санаатай үйлдлээр А.Ттай нэгдэж хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүй олж авсан, хамжигчаар оролцон улсын хилээр нэвтрүүлсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт нэрлэн заасан нотолгооны зүйлд хамаарах "гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилго, гэм буруугийн хэлбэр, цаг хугацаа"-г нарийвчлан тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасантай нийцээгүй гэж үзэж байна.

Г.Мын хувьд Америкийн Нэгдсэн Улсад амьдардаг Б гэгчийг танихгүй, түүнтэй урьд өмнө нь огт холбогдож байгаагүй бөгөөд тэрээр шүүгдэгч А.Тын найз тул энэ 2 холбогдож байсан. А.Т Б рүү мөнгө шилжүүлж улмаар Г.Мын иргэний бичиг баримтыг ашиглан илгээмжээр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан "prima" гэсэн бичиглэлтэй, ягаан ногоон өнгөтэй нийт 13.4 грамм цэвэр жинтэй тенамфетамин гэх бодисыг илгээмжээр 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр "Асралт Хөхий" ХХК-ийн Америкийн Нэгдсэн Улсад карго үйл ажиллагаа явуулдаг Чикаго хотод байдаг салбараас буюу Бс Г.Мын нэрээр А.Тд илгээж уг ачааг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улс руу илгээгдсэн байдаг. Илгээмж Улаанбаатар хот руу Монгол Улс, Улсын хилээр  илгээгдсэн талаар 2022 оны 4 дүгээр сарын 15-ны орчим мэдсэн байдаг ба уг илгээмж нь Улаанбаатар-Инчон чиглэлийн КЖ8116 дугаартай онгоцоор тээвэрлэгдэн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрсэн. Уг илгээмжийг Монгол Улс руу шуудан илгээмжээр илгээгдсэний дараа /уг илгээмж илгээгдсэнээс 1-3 хоног орчмын дараа/ А.Т, Г.М нарын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хоорондоо харилцан илгээсэн зурваст "...ингэж хийлгэсэн гээд зургийг нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр /1 дүгээр хх-70 дахь тал/ хийлгэсэн, “I think its pretty safe” гэж, хариуд нь “гайгүй ирчих байх өө найз, одоогоор мсж нтр ирээгүй л бна” /1 дүгээр хх-71 дэх тал/ гэх харилцан ярианы зурвасууд шүүгдэгч нар хоорондоо харилцан бие биедээ илгээж байсан мөн яллагдагч А.Тын өмгөөлөгчийн хамт өгсөн удаа дараагийн мэдүүлэгт "энэ бодисыг би өөрөө хэрэглэх гэж авсан Г.М надад найзын сэтгэлээр тусалсан" гэсэн мэдүүлгүүд болон бусад хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэж үзэхэд Г.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

2.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /өмгөөлөгчид гардуулсан 21 хуудас/ бүхий байх бөгөөд 2 дахь хуудас огт байхгүй байсан. Мөн тухайн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагаас товлогдсон товын дагуу хэлэлцэж эхэлсэн байхад 2025/ШЦТ/235 дугаартай шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “Г.М нарт холбогдох эрүүгийн 2202002860258 дугаартай 6 хавтас бүхий хэргийг 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв” гэж бичсэн зэргээс үзэхэд уг шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн" байх шаардлагыг зөрчсөн шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Г.Мын үйлдэл холбогдлыг урьд нь шийдвэрлэснээс хүндрүүлж шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй бөгөөд зүйлчлэлийг хөнгөрүүлэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/235 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Бусад оролцогчийн гомдлын хувьд тухайн каргоноос Г.М болон А.Тын найз Ариунзаяа нар мөнгийг төлж илгээмжийг авсан байдаг. Шүүх шинжилгээний газрын дүгнэлтээр Ас хар тамхи илэрсэн ч, прокурор яллагдагчаар татаагүй хэрэгсэхгүй болгосон. Г.Мын үйлдэлтэй яг адилхан нөхцөл байдалтай хүн гэрчээр явж байгаа ба тэгш бус байдал гэдгийг хэлмээр байна” гэв.

 

7.Шүүгдэгч А.Тын давж заалдах гомдлын агуулга болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би уг хэрэгт анхнаасаа санаатай оролцох, гэмт хэрэг үйлдэх зорилго агуулаагүй. Миний эрх зүйн мэдлэг байхгүй, тухайн үеийн үйл явдал, үр дагаврыг бүрэн ойлгоогүйгээс болж гэмт хэрэгт холбогдон шүүхээс ял сонссон. Энэ хэргийг анх Тагнуулын байгууллагын ажилтан ахмад нар Г.М, А бид гуравт дарамт шахалт үзүүлж, айлган сүрдүүлэн мэдүүлэг авч байсан. Мөн хэрэг шалгах явцад өмгөөлөгчийн зөвлөгөөнд үндэслэн бүх хэргийг хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгөх, мэдүүлгээсээ буцах, өөрчлөх зэрэг байдлаар явсан. ...энэ бүх нөхцөл байдал нь гол нотлох баримт болсонд гомдолтой байна. Миний зүгээс анхнаасаа санаатай гэмт хэрэг үйлдэх, бусдад хор хүргэх зорилго байгаагүй болно.

Учир нь тухайн бодисыг захиалсан гэх үйл явц, шуудан илгээмжид хийсэн, хүлээн авах ажиллагаа хилийн бүсээр нэвтрээгүй, илгээгч, хүлээн авагч нь танилууд гэх нөхцөл байдлыг огт шалгаагүй мөртлөө намайг энэ хэргийн гол гүйцэтгэгч гэж үзсэнд гомдолтой байна.

Миний зүгээс уг хэрэгт холбогдоод гурван жил гаруй өнгөрчээ. Энэ хугацаанд эрүүл мэндийн хувьд эвэрхийтэй болсон, түрүү булчирхай хүнд өвчилсөн, сэтгэл санаа, мөнгө санхүүгээрээ хохирч байна. Мөн анх удаа хэрэг зөрчилд холбогдсон байдал, гэмт хэргийн шалтгаан, хувийн нөхцөл байдлыг харгалзан, хамгийн хөнгөн буюу хорихоос өөр төрлийн ял, эсвэл хорих хугацааг багасгаж, өгөхийг хүсэж байна. Бусад оролцогчийн гаргасан гомдлын талаар хэлэх тайлбаргүй” гэв.

 

 8.Шүүгдэгч А.Тын өмгөөлөгч М.Ариунболд давж заалдах гомдлын агуулга болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч А.Тын үйлдэл холбогдлыг дүгнэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсон нь бодит байдалтай нийцэхгүй байна. Үүнд:

а. А.Т нь Монгол Улсын хилээр зорчоогүй, гаалийн хяналт шалгалтаар ороогүй, улс хоорондын шуудангийн илгээмж явуулаагүй, уг хэрэгт хураагдсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын барааны мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийгээгүй, А.Тын овог нэр, хаяг байхгүй болно.

b. Гаалийн тухай хуулийн 12 дугаар бүлэгт тусгай горим нэгдүгээр дэд бүлэгт "Улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг нэвтрүүлэх горим"-ийг хуульчлахдаа 215.1-т "Улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг нэвтрүүлэх горимын дагуу шаардагдах бичиг баримтыг үндэслэн тухайн аяллын үед зорчигч болон багийн гишүүдийн хэрэгцээнд, түүнчлэн тээврийн хэрэгслийн хэвийн ажиллагааг хангахад зориулагдсан барааг гаалийн хилээр нэвтрүүлнэ", 222 дугаар зүйлийн 222.1-т "Улс хоорондын шуудангийн илгээмж" гэдэгт Шуудангийн тухай хуульд тодорхойлсон захидал, боодол, илгээлтийн хэлбэртэй биет зүйлийг ойлгоно, 222.3-т "Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмыг гаалийн болон шуудангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална" гэж заасан.

с. Мөн Гаалийн тухай хуулийн 3.1.12.-т "гаалийн бүрдүүлэлт" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, ... гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг, 3.1.7.-д "гаалийн мэдүүлэг" гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг, 3.1.8.-д "мэдүүлэгч" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг улсын хилээр нэвтрүүлсэн гэж үзнэ.

d. Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 4.1-т "Илгээмжийг илгээгч, хүлээн авагч нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны талаар гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй", 4.3-т "Энэхүү журмын 4.2.1-4.2.5-д заасан бараанд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийнэ, 4.5-д "Гаалийн хяналт, бүрдүүлэлт хийх зорилгоор илгээмжийг задлах, боох, савлах, жигнэх, хадгалах, илгээгчээс нь хүлээн авах, хүлээн авагчид нь гардуулах үүргийг шуудангийн байгууллага хариуцан гүйцэтгэнэ" гэж заажээ. Эндээс дүгнэхэд улсын хилээр нэвтрүүлсэн зохих этгээдийг тодорхойлоход барааг улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн мэдүүлгийг илгээмжийг илгээгч, хүлээн авагчаар тодорхойлдог хууль, журамтай байна. Иймд А.Тыг улсын хилээр нэвтрүүлсэн гэм буруутай үйлдэл гаргасан гэж дүгнэх нь бодит байдалд нийцэхгүй.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчим, 2.1 дүгээр зүйлийн 1-т "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж заасны дагуу гэмт этгээдийн үйлдэл Эрүүгийн хуульд тусгагдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хууль нь хуульд тодорхой тусгагдаагүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг хориглодог (nullum crimen, nulla poena sine lege) зарчмыг баримталдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Т нь мансууруулах бодисыг олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан үйлдэл хийсэн болох нь тогтоогддоггүй. Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдсон үйлдэлд л ял оногдуулна гэж заасан, энэ нь гэм бурууг хуулиар тогтоох, хууль ёсны байдлыг хангах үндсэн зарчим болдог.

2.Гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн байхгүй тохиолдолд хүндрүүлэх боломжгүй бөгөөд түүнчлэн зөвхөн Эрүүгийн хуульд заасан үндэслэлээр аливаа ял шийтгэл хүндрэх учиртай. Гэтэл анхан шатны шүүх өрсөлдөх хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 хоёрыг өөр хоорондоо өрсөлдөх хэм хэмжээ хэмээн авч үзэж энэ тохиолдолд хүндрүүлэх хэм хэмжээг авч хэрэглэнэ гэж ялыг хүндрүүлж шийдвэрлэсэн нь шүүх хуульд тусгагдаагүй онолын үзэл баримтлал хэрэглэсэн, үүгээрээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулсан, хуулийн зөвшөөрсөн хэм хэмжээгээр ял оногдуулах зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, эрүүгийн эрх зүйд "өрсөлдөх хэм хэмжээ" гэдэг нь нэг үйлдэл эсхүл нөхцөл байдалд хэрэглэж болох хоёр буюу түүнээс олон хэм хэмжээний аль тохирохыг сонгох тухай асуудал байдаг. Тодруулбал, өөр өөр зүйл, заалтад туссан хэм хэмжээний хооронд л өрсөлдөөн үүсдэг болохоос нэг зүйл дэх хэсгүүд өөр хоорондоо өрсөлдөнө гэж үзэх нь онолын хувьд үндэслэлгүй.

3.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Эрүүгийн хуулийн 1.6 дугаар зүйлд "Эрүүгийн хууль Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна үйлчлэх", 1-т "Монгол Улсын иргэн, тус улсад байнга оршин суудаг харьяалалгүй хүн гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан. Ингэхээр А.Тыг гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, тухайн гэмт хэрэгтээ тухайн улсдаа эрүүгийн хариуцлага хүлээгээгүй гэж үзэж байгаа нь зүйд нийцэхгүй байна.

4.Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаа, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэлээр цуглуулж, бэхжүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар илэрхий байсан учраас хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтуудыг хасуулах тухай хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэг эхлэх үед гаргасан. Тухайн үед шүүх нотлох баримт үнэлээгүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй, хүсэлт гаргах эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 2025/ШЦТ/235 дугаартай шийтгэх тогтоолоос үзэхэд өмгөөлөгч миний хүсэлтийг тухайн үед яригдаж байснаас өөрөөр, бодит байдлаас зөрүүтэй шийдвэрлэсэн мэтээр тогтоолд бичжээ. Түүнчлэн хүсэлт шийдвэрлэсэн тогтоол нь давж заалдах гомдол гаргах үед хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Тын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах болгон өөрчилж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. Мөн бусад оролцогчийн давж заалдах гомдлын талаар тайлбар байхгүй” гэв.

 

9.Шүүгдэгч А.Тын өмгөөлөгч Б.Дагиймаа давж заалдах гомдлын агуулга болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Тус хэргийг урьд Төв аймгийн сум дундын анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцэхдээ тухайн хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа болон анхан шатны шүүх, прокурорын хууль зүйн дүгнэлтийг тогтоолыг хүчингүй болгон мөрдөн шалгах болон шүүх хуралдаанаар холбогдох ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн. Дээр дурьдсанаар тус эрүүгийн хэрэгт гурван яллах дүгнэлт үйлдэгдэн, анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлүүдээр 3 удаа прокурорт буцсан байхад шат шатны шүүхийн шийдвэрт дурьдсан ажиллагаа бүрэн хийгдээгүй. Учир нь шүүхээс удаа дараа прокурорт буцаан шийдвэрлэхдээ нотолбол зохих байдлыг бүрэн тогтоох, тус зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хэрхэн, яаж хангаж байгааг тодорхойлж ирүүлэхийг удаа дараа даалгасан атал хэрэг прокурорт буцсанаас хойш зөвхөн мэдүүлэг дахин авах, яллах дүгнэлт өөрчлөн шүүхэд хэргийг хүргүүлж байгаа нь хоёр шатны шүүхийн шийдвэрт дурьдсан ажиллагааг бүрэн хийгээгүй буюу бүрэн биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ" гэснийг зөрчсөн явдал юм.

2.Нөгөөтэйгүүр, тус хэрэг 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр анхан шатны шүүх хэрэг хүлээн авсны дараа өмгөөлөгч М.Ариунболдын урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг хүлээн авч захирамжид өөрчлөлт оруулан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлан улмаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэн гэм буруугийн хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зарласан. Гэм буруугийн хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэлгүйгээр өмгөөлөгчийн хэд хэдэн үндэслэлээр шүүх хурлыг 60 хүртэлх хоногоор хойшлуулах байр суурийг хүлээн авсан атлаа өмгөөлөгчийн хүсэлтэд дурьдсан бусад асуудалд огт дүгнэлт өгөлгүйгээр хурлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн хойшлуулан шийдвэрлэсэн. Уг хуулийн зохицуулалт нь шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хойшлуулахаар байхад шууд хуралдаан бүрэн явуулалгүйгээр буюу бүрэн хэлэлцүүлэлгүйгээр ийнхүү хойшлуулсан нь хэргийн бусад байдалд дүгнэлт хийх, санал гаргах боломжийг хязгаарласан явдал болсон. Түүнчлэн, хурлыг 60 хоногоор хойшлуулахдаа гэмт хэрэгт хамтран оролцох оролцоог шалган тогтоох мөн урьд урьдын шүүхээс даалгасан ажиллагаануудыг хийхээр хойшлуулсан атлаа хоёр шүүгдэгчээс нэг нэг удаа л мэдүүлэг авснаас өөр ажиллагаа огт хийгээгүй. Энэ нь шүүхийн тогтоол биелэгдсэн гэж үзэхэд эргэлзээтэй.

3.Анхан шатны шүүхээс удаа дараа тус гэмт хэргийн үндсэн шинжийг шалган тогтоох гэх агуулгаар хэргийг прокурорт буцааж байсан. Гэтэл 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн яллах дүгнэлт утга агуулга ойлгомжгүй, гэмт хэргийн үндсэн шинжийг хэрхэн, яаж хангаж байгааг тодорхойлж чадаагүй хэргийг шүүхэд хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэрэг болох мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдэхэд үндсэн гэмт хэргийн шинж болох хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан эдгээрийн алийг хэрхэн яаж хангаж байгаа нь яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрээс харагддаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасан тул яллах дүгнэлт нь утга агуулга, хэлбэрийн хувьд тавигдах хуулийн шаардлагыг хангасан байх ёстой атал мөн л хуулийн шаардлагыг хангаагүй. Үүнээс гадна, хурлыг 60 хоногоор хойшлуулснаас хойш хуулийн шаардлага хангуулан яллах дүгнэлт дахин үйлдэх болон гардуулах ажиллагаа хийгдээгүйг дурьдах нь зүйтэй.

4.Хоёр шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад дундаа нэг Ж.Төмөрхуяг гэх өмгөөлөгчтэй байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байхад уг асуудалд мөн дүгнэлт өгөөгүй. /2-р хавтаст хэргийн 73-74 дэх тал/

5.2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө М.Ариунболд өмгөөлөгч болон миний зүгээс нотлох баримтаар хасуулах хүсэлт гаргасан ч шийтгэх тогтоолын 13 дахь талд хүсэлтэд дараах дүгнэлтийг хийсэн гэсэн боловч өмгөөлөгчийн хүсэлтийн үндэслэлд нэг бүрчлэн дүгнэлт, няцаалт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэх хүрээнд дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасантай нийцээгүй. Өмгөөлөгчдийн зүгээс гомдол мэдээлэл хүлээн авахаас өмнө мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн нь хууль зөрчсөн гэж, мөн шаардлага хангаагүй гарын үсэггүй, хууль зөрчиж авсан мэдүүлгийг нотлох баримтаас тус тус хасуулах хүсэлт гаргасан.

6.Тагнуулын байгууллагын ажилтнуудаас 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Г.М болон Н.А нараас эд зүйлийг хураан аван биед үзлэг хийн мөн биологийн дээж авч шинжилгээнд хүргүүлсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр оролцогч нараас сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй гэх дүгнэлт гарсан боловч үзлэгийг бэхжүүлсэн хэрэгт авагдсан сидиг нотлох баримтаар шинжлэн судлахад Н.Ас сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн гэх үйл баримт байх тул мөрдөн шалгах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүдээс гадна тус хэргийг үнэн зөвөөр шалгаагүй гэх бодит хардлага үүсч байна. /1-р хавтаст хэргийн 7 дахь тал/

7.Тус гэмт хэрэг нь бүрэн төгссөн эсэхэд эргэлзээтэй. Учир нь Г.М болон А нар тухайн бодисыг авмагцаа Тагнуулын байгууллагын ажилтнуудад баригдан саатуулагдсан. Иймд тухайн бодисыг олж авсан гэхэд учир дутагдалтай. Нөгөөтэйгүүр, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалын хавсралтаар баталсан Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам болон улс хоорондын шуудан илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журамд зааснаар гаалийн байцаагч хориглосон бараа илрүүлсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэн гаалийн хяналтын бүсэд тухайн барааг хадгалах ёстой. Энэ талаар тус хэрэгт гэрчээр н.Б нь маш дэлгэрэнгүй тодорхой мэдүүлэг өгсөн. /1-р хавтаст хэргийн 199-200 дахь тал/

Гэтэл хориглосон барааг эрх бүхий албан тушаалтан илрүүлсэн атлаа илгээмжийг гадагш каргоны байгууллагад өгч явуулж гэмт хэргийг туйлд нь хүртэл төгсгөх санаатай үйлдлийг төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд гаргасныг онцлон хэлж байна.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарсан газрын шүүх хэргийг шийдвэрлэнэ. Тус хэргийн тухайд Г.М болон Н.А нар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Асралт Хөхий" ХХК-ийн байрнаас тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг хүлээн аван Тагнуулын байгууллагын ажилтнуудад тэр даруй саатуулагдсан байх тул гэмт хэрэг төгссөн газар буюу Чингэлтэй дүүргийн шүүх уг хэргийг харьяаллын дагуу шийдвэрлэх байсан гэж үзэж байна.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох, 1.15 дугаар зүйлд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх суурь зарчмуудыг үндэслэн Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/235 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болон эргэлзээтэй нөхцөл байдлыг арилгах, залруулах ийнхүү боломжгүй нөхцөлд дээр дурьдсан бүх нөхцөл байдлуудаас гадна миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж тогтоолд өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Бусад оролцогчийн гомдолд хэлэх тайлбаргүй” гэв.

10.Прокурор Б.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйлгүй. Нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогддог. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтыг хуульд заасны дагуу үнэлж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн. Өмгөөлөгч нарын зүгээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан боловч ямар ч ажиллагаа хийгээгүй гэж маргадаг. Хэрэгт авагдсан нотлох баримт дээр тулгуурлаж энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэдэг болохоос бусдын хүсээд байгаа зүйлсийг нэг бүрчлэн хийх боломжгүй.. ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх зүйлгүй тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.М, А.Т нарт холбогдох эрүүгийн 2202002860258 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч М.Ариунболд, Б.Дагиймаа нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүхээс гаргах шийдвэрийн хэлбэр, бүтцийн хувьд Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байх ба удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэх бөгөөд тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байхыг хуульчлан заасан.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талуудыг мэтгэлцүүлж, тэдний хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн дүгнэлт хийх үндэслэл бүрдэх бөгөөд шүүхээс гарч буй шийдвэр эргэлзээгүй, ойлгомжтой бичигдсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий байх зарчим хангагдсан гэж үзнэ.

2.Анхан шатны шүүх шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар...Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Т нь 2022 оны 4 дүгээр сарын 01-14-ний өдрүүдийн хооронд Америкийн Нэгдсэн Улсад амьдарч буй Б.Б-д 893.94 ам долларыг валют арилжаа эрхлэгчээр дамжуулан шилжүүлж Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан “Тенамфетамин MDA” гэх нэртэй 13.42730 грамм бодисыг Г.Мын иргэний үнэмлэх болон гар утасны 99060437 дугаарыг бичүүлсэн улс хоорондын агаарын тээврийн илгээмжийн /карго/ үйлчилгээг ашиглан 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсад нэвтрүүлж, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өөрийн найз охин Н.А-р илгээмжийн төлбөрийг төлүүлэн Г.М, Н.А нараар Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Асралт хөхий” гэх шуудангийн газраас авахуулсан, улмаар Г.М, Н.А нар нь уг илгээмжийн газрын үүдэнд Тагнуулын ерөнхий газрын ажилтанд саатуулагдсан үйл баримт нотлогдсон байна...

...Шүүгдэгч Г.М нь А.Тын сэтгэцэд нөлөөт бодисыг чихэр, гаа зэрэгт хольж, агаарын тээврийн илгээмж ашиглан Америкийн Нэгдсэн Улсаас орж ирсэн Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд өөрийн иргэний үнэмлэх, утасны дугаараа өгч уг гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон нь тогтоогдсон тул өмгөөлөгчийн "Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү" гэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзсэн" гэх дүгнэлт хийж гэм буруутайд тооцсон...

...Шүүгдэгч А.Т нь Г.Мтай урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан "Тенамфетамин MDA" гэх нэртэй Тенамфетамин MDA" гэх бодисыг олж, Монгол Улсын хилээр Г.Мын иргэний үнэмлэх, утасны дугаар, гэрийн хаягийг ашиглан нэвтрүүлж, илгээмжийн мөнгийг өөрийн найз охин Н.Ар төлүүлэн Г.М, Н.А нараар тухайн илгээмжийг олж авахуулсан гэмт хэргийн гүйцэтгэгчээр оролцсон нь тогтоогдсон...

Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн Г.А.Тд холбогдох хэргийн зүйлчлэлийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 нь Эрүүгийн хуулийн нэг зүйлийн янз бүрийн хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлын өрсөлдөх байдалд хамаарах тул шүүгдэгч А.Тд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар зөвтгөн зүйлчлэх нь зүйтэй...

...Мөн улсын яллагч шүүгдэгч А.Тд яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "гэмт хэргийн гүйцэтгэгч", мөн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг "гэмт хэргийн хатгагч"-т заасныг тус тус журамлажээ.

Гэмт хэргийн хамтран оролцохын хэлбэр гэдэг нь гэмт хэрэгт хамтран үйлдэгчдийн оролцооны шинж чанар, тэдний хоорондын тохиролцооны хэр хэмжээ, харилцан ажиллагааны аргыг өөртөө багтаасан ойлголт юм.

Иймд шүүгдэгч А.Тын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг "гэмт хэргийн хатгагч"-д заасныг журамлах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв...гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч А.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

3.Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тохиолдолд мөн хуулийн хүндрүүлэх шинжийг заасан зүйл ангиар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шударга ёсны зарчимд нийцэхээр байхад Нийслэлийн прокурорын газраас А.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхаас гадна шүүх уг зүйлчлэлийг зөвтгөн дүгнэлт хийхдээ өрсөлдөх хэм хэмжээ гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов.

 

4.Мөн шүүх мөрдөн шалгах ажиллагааны шатанд цуглуулж бэхжүүлсэн баримтаар шүүгдэгч нарын үйлдэл холбогдол тогтоогдсон гэж үзэн, гэм буруутайд тооцсон талаарх дүгнэлтийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт бичсэн атлаа шийтгэх тогтоолын “Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан заалтыг журамлан шүүгдэгч А.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөрүүтэй байдлыг бий болгож байна.

 

5.Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар "...Ханхар овогт Амгаланбаатарын А.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн атлаа 2 дахь заалтаар “Шүүгдэгч А.Тыг “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэлд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй, эргэлзээ төрүүлхүйц байдлыг үүсгэж байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Тын үйлдэл холбогдол нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй, хэрэгсэхгүй болсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй хууль зүйн үр дагавар үүсгэх юм.  

 

6.Үүнээс гадна шүүх шийтгэх тогтоолын “Тогтоох нь хэсэгт зөвхөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг удиртгал болгосон байх ба энэ хуулийн 36.1 гэх заалт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамааралгүй, мөн хуульд 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх хэсэг гэх зүйл, заалт байхгүй байгаа тул шүүх удирдлага болговол зохих хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэв.

 

7.Дээр дурдсан алдаа, зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлд хамаарч байх ба давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх хууль зүйн боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

8.Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуудас бүрэн байгаа ч шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Г.Наранбаатар, шүүгдэгч А.Тын өмгөөлөгч Б.Дагиймаа нар нь шүүхээс шуудангаар хүргүүлсэн шийтгэх тогтоолын 2 дугаартай хуудсыг дутуу гардуулсан талаарх үйл баримтыг давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд үзүүлсэн. Иймд энэ талаар анхан шатны шүүхэд анхааруулж тэмдэглэх нь зүйтэй.

 

9.Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас тус бүр гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй ба шүүгдэгч А.Т, Г.М нарт урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хуульд заасан үндэслэл  тогтоогдоогүй гэж үзэн хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэснийг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.Т, Г.М нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

   

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                           

                                      ШҮҮГЧИД                                                   А.ЦЭРЭНХАНД

 

                                                                                                  З.ТҮВШИНТӨГС