Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 690

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, 

Иргэдийн төлөөлөгч Ө.Наранцэцэг,

Улсын яллагч Б.Энэрэл,

Шүүгдэгч Б.М түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох 1808018670645 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо ..... тоот хашааны гадна Э.Бтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж түүний нуруун тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

- хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-5/

- хохирогч Э.Бын мөрдөн байцаалтад өгсөн:...“Би багын найз Б.Мтэй цуг баруун салаанд машины мотор янзалж 2 хоночихоод 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө Б.Мийн гэрт ирээд байж байгаад гараад явсан. Б.М гэртээ үлдсэн...Би Б.Мийн гэрээс 12 цагийн үед ганцаараа гарч яваад хуучин  багын найз Бтай гудамжинд таараад хоёулаа 0.5 гр 1 шил архи авч хувааж ууж дуусгаад 15 цагийн үед Б.Мийнд очих гээд бид хоёр явж байх замдаа бас найз Отай таараад бид 3 Б.Мийн гэр лүү очиход гэрийнхээ үүдэнд Б.М зогсож байсан. Тэгээд бид 4 доош уруудаж дэлгүүр орж 0.75 гр 2 шил архи авч Хангайн 6 дугаар гудамжны үзүүр дээр авсан архиа хувааж ууцгааж байгаад би дэлгүүр орж ус авах гээд явж байтал гудамжны жаахан хүүхдүүд намайг өдөөд байхаар нь би тэр хүүхдүүдийг ална гээд хөөчихөөд буцаж ирээд Б.Мд дүүгийнхээ амыг татаарай гэж хэлсэн, тэгээд архиа ууж дуусгах үед 18-19 цаг болж байсан байх О, Б хоёр яваад өгсөн. Б.М бид хоёр хоорондоо барьцалдаж аваад би Б.Мийн нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохиод 1 удаа мөргөсөн. Тэгтэл Б.М зугтаагаад яваад өгсөн. Би ганцаараа явж байгаад найз Дыг дуудах гээд гэрийнх нь гадаа болох Хангайн 21-12 тоотын гадна очиж явтал Б.М хойноос дуудахаар нь эргээд хартал өөдөөс гүйгээд хүрээд ирсэн ба Б.Мийг хоёр гараараа тэврэхэд Б.М хоёр гараа миний гарны дээгүүр давуулаад зөрүүлээд тэврэх шиг болтол миний толгой эргэж ухаан балартаад хашаа налаад унасан, нэг мэдэхэд манай найз Сайн-Үйл, Д нар хүрээд ирчихсэн миний зүүн бөөрний ар хэсгээр нороод цус гоожиж байсан. Одоо надад гэмтэл зовиур байхгүй, хагалгаа хийлгэсэн шарх эдгэрсэн, Б.М миний хагалгааны зардлыг бүрэн барагдуулсан, надад нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-21-23/,

- гэрч А.Сийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 18:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо ..... тоотод буюу найз Дын хашаанд граш дотор Дтай хамт юм хийгээд байхад С, Э.Быг хүн цохичихлоо гээд орилохоор гараад хартал хашааны үүдэнд Э.Бын нуруунаас цус гарчихсан хэвтэж байхаар нь 103 дуудлага өгч явуулсан. Тэгээд СүхБс юу болсон талаар асуухад Э.Быг Б.М хутгалчих болсон гэж хэлээд гэртээ орсон... гэх мэдүүлэг /хх-21-23/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4651 дугаартай:...Э.Бын биед бүсэлхий хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд шингэн хуралдалт /100мл/, хэвлийн доторх гялтан хальсны ар хананд шарх, сарвуунд зүсэгдсэн шарх, зовхи, алимны салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-30/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4060 дугаартай:...шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн модон оруулгатай 11 см иштэй 22 см урттай хутга дээр цус илэрсэн. Бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй байна...гэх дүгнэлт /хх-37/

- эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-15-17/

- шүүгдэгч Б.Мийн мөрдөн байцаалтад өгсөн:.. 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр би гэртээ ганцаараа байж байтал гаднаас манай найз О, Э.Б хоёр орж ирсэн, тэд согтолттой байсан ба тэр хоёр намайг гаръя гарч нэг юм олж ууя гээд бид гурав манайхаас гараад урагшаа гудамжаар явж байгаад Д /Тук/, С хоёртой таараад бид 5 нийлж “Биндэр” гэх дэлгүүрийн гадна 1 шил архи авч хувааж ууцгаасан. Э.Б архи ууж байхдаа тамхи авчихаад ирье гээд хойд гудамжинд байх дэлгүүр рүү явахдаа дэлгүүрийн хажууд тоглож байсан хүүхдүүдтэй маргаад байсан ба тэр хүүхдүүд Э.Быг өдөөд  нөгөөх нь та нарыг ална гээд хөөгөөд байсан. Тэдгээр хүүхдүүд дотор манай нас барсан ахын хүүхэд байсан болохоор би Э.Б дээр очоод чи болиоч, жоохон хүүхдүүдтэй яах гэд байгаа юм ичээч  гэхэд өөдөөс чамд ямар хамаатай юм гээд бид хоёр хоорондоо маргалдаж Сийн гэрийн үүдэнд зодолдсон. Э.Б  миний хамар луу 1 удаа, нүүр лүү 1 удаа, мөргөсөн. Би зөрүүлж цохиж чадаагүй. Тэгэхэд Д бид хоёрыг салгасан, миний хамарнаас цус  гарсан байсан болохоор би  нүүрээ угаах гэж мөн хутга авах гэж гэр лүүгээ орсон. Гэрт байсан бор иштэй, самранд явахдаа авч явдаг байсан хутгыг аваад ирийг нь өөр лүүгээ харуулаад бариулаас нь бариад Дын гэрийн гадаа очиход Э.Б хашааны гадна гудамжинд ганцаараа зогсож байсан. Д С хоёр дотогшоо орчихсон байхаар нь би наанаас нь  очих замдаа “хөөе Балжаа, одоо би чамайг ална” гэтэл өөдөөс “чи чадахгүй, би чамайг өөрийг чинь ална” гэхээр нь би тулж очоод хутгатай гараараа далайгаад очтол Э.Б өөдөөс намайг цохих гэхээр нь би гарыг нь салгаад ар нуруугаар нь тэвэрч автал Э.Б сонин дугарахаар нь би хутга орчихлоо гэж бодоод хутгаа сугалтал Э.Б хойшоо хашаа налаад унасан, яг тэр үед  Д, С хоёр гарч ирээд яаж байгаа юм бэ гээд орилохоор нь би хутгаа аваад зугтаасан...хутгаа нуусан...Оын хамт цагдаагийн хэлтэс дээр цугтаа ирж хутга нуусан газраа зааж өгсөн... гэх мөрдөн байцаалт болон /хх-48-51/ шүүхийн хэлэлцүүэлгт өгсөн мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.М нь Соннгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо ..... тоот хашааны гадна Э.Бтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нуруун тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд  хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:    

- хохирогч Э.Бын мөрдөн байцаалтад өгсөн: ...тэр үед Б.М хойноос дуудахаар нь эргээд хартал өөдөөс гүйж ирсэн, түүнийг хоёр гараараа тэврэхэд Б.М хоёр гараа миний гарны дээгүүр давуулаад зөрүүлээд тэврэх шиг болтол миний толгой эргэж ухаан балартаад хашаа налаад унасан, нэг мэдэхэд манай найз Сайн-Үйл, Д нар хүрээд ирчихсэн, миний зүүн бөөрний ар хэсгээр нороод цус гоожиж байсан...хагалгаа хийлгэсэн шарх эдгэрсэн...гэх мэдүүлэг /хх-21-23/,

- гэрч А.Сийн мөрдөн байцаалтад өгсөн:...Э.Бын нуруунаас цус гарчихсан хэвтэж байсан. СүхБс юу болсон талаар асуухад Э.Быг Б.М хутгалчих шиг болсон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-21-23/,

- шүүхийн шинжилгээний дүгнэлт...Э.Бын биед бүсэлхий хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд шингэн хуралдалт /100мл/, хэвлийн доторх гялтан хальсны ар хананд шарх, сарвуунд зүсэгдсэн шарх, зовхи, алимны салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-30/,

- шүүгдэгч Б.Мийн мөрдөн байцаалтад өгсөн:.. Э.Б хүүхдүүдийг ална гэж хөөсөн, тэр хүүхдүүд дотор манай нас барсан ахын хүүхэд байсан болохоор чи болиоч, хүүхдүүдтэй яах гэд байгаа юм, ичээч гэхэд өөдөөс чамд ямар хамаатай юм гээд миний хамар, нүүр рүү цохисон, мөргөсөн...би гэрээсээ бор иштэй хутгыг аваад очих замдаа “хөөе Балжаа, би чамайг одоо ална” гэхэд өөдөөс “чи чадахгүй, би чамайг өөрийг чинь ална” гэхээр нь би тулж очоод хутгатай гараараа далайгаад очтол Э.Б өөдөөс намайг цохих гэхээр нь би гарыг нь салгаад ар нуруугаар нь тэврэхэд Э.Б сонин дугарахаар нь би хутга орчихлоо гэж бодоод хутгаа сугалсан, Э.Б хойшоо хашаа налаад унасан...гэх мэдүүлэг /хх-48-51/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.       

 

Иймд шүүгдэгч Б.Мийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.        

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:         

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр буюу хүч чадлаа дайчилсан хүсэл зориг, идэвхтэй үйлдэл ба хор уршгийн хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзнэ.   

Тус хэрэгт хутгыг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /х-15/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн холбогдох зарим хэсэгт  нийцээгүй байх хэдий ч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр шүүгдэгч тухайн гэмт хэргийг “зэвсэг” хэрэглэж үйлдсэн нь нотлогдсон байх тул эд мөрийн баримтаар тооцох тогтоол хуульд нийцээгүй гэх үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй болно.      

            Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардалд 480.000 төгрөгийг хохирогчид төлсөн /хх-14/, гомдол, нэхэмжлэх зүйлгүй болохоо хохирогч илэрхийлсэн байна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлэн, хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр тогтов.      

Уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн даавуу 1 ширхэг, хутга 1 ширхэг зэргийг зохих журмын дагуу устгуулахаар шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.М нь 2018.07.30-с /хх-118/ эхлэн 2018.08.10-ны өдрийн байдлаар 11 хоног цагдан хоригджээ.  

  

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч Б.Мийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Мийг 03 жил 06 сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мт оногдуулсан 03 жил 06 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Мийн цагдан хоригдсон 11 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

 5. Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн даавуу 1 ширхэг, хутга 1 ширхэг зэргийг зохих журмын дагуу устгасугай.      

7. Шүүгдэгч Б.Мийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.       

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР

 

                                                 ШҮҮГЧ                               Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                            Л.БААТАР