Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/74

 

 

 

 

                                                                    

 

 

 

 

 2025          11            06                                                           2025/ДШМ/74    

 

 

Б.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Мөнхтайван,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр, Ж.Нарантуяа,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Гансүх,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/403 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарын бичсэн давж заалдах гомдолд үндэслэн  шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн 2334002580447 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-ны өдөр ..... төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл .................... тоотод оршин суух хаягтай,

урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 691 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар шүүгчийн захирамжаар 2,700,000 төгрөгийн торгох ялаас биелүүлээгүй үлдсэн 2,300,000 төгрөгийн торгох ялыг 153 хоногийн хорих ялаар сольсон ял шийтгэлтэй, Б.Б, регистрийн дугаар:.

 

2.Б.Б нь 2023 оны 01, 02 дугаар сард Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр "Жаран нэг" гэх газарт иргэн Л.Цийн малчнаар ажиллах хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан 5 тооны адуу, өвс, овъёос, хивэг, мотоцикль, хашааны банз, нохой зэргийг хувьдаа завшин захиран зарцуулж, нийт 82,560,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

3.Төв аймгийн прокурорын газраас Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

4.Анхан шатны шүүх: “...Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан "бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Быг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бт оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн 2034000000373 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Баас 69,590,000 төгрөгийг гаргуулж хохирогч ...................Л.Цт олгож шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч Б.Бын давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга : “...Нэгт: Хохирогч Л.Ц нь 5 тооны адуу, өвс, хивэг, овъёос, хашааны банз, мотоцикл, нохой зэргийг нэхэмжилдэг. Нийт үнэлгээгээр 82,560,000 төгрөг гэж гардаг.

  1. Хээр зүсмийн 6 настай адуу
  2. Бор халзан зүсмийн 4 настай үрээ
  3. Хүрэн халзан зүсмийн даага
  4. Өсгий цагаан сартай хээр 5 настай үрээ
  5. Халзан зүсмийн 3 настай үрээ алдсан гэсэн.

Харин гэрч Н-ын мэдүүлэгт “...Хээр морь 6 настай, Хүрэн халзан үрээ 4 настай, Хул үрээг Б.Баас авсан гэж мэдүүлдэг.

Л.Ц гуай хүртэл өөрөө эргүүлж авсан гэдгээ нотолдог. Зүс, нас, тамга таардаг. Нэг адууны зүс буруу мэдүүлсэн байдаг. Д.Э-д хүрэн халзан зүсмийн шүдлэн үрээг 2023 оны 02 дугаар сард зарсан. Энэ даага 2022 онд даага байсан. Үрээ болоод зүс тамга таардаг. Л.Ц гуайд эргүүлж авч өгсөн хэргийн материалд байдаг. Энэ үрээ болон адуунуудыг үнэлгээнээс хасуулмаар байна.

Түүнчлэн Бор халзан үрээ, Халзан зүсмийн үрээний зүсийг буруу мэдүүлдэг. Энэ хоёр бол 2022 онд уяа морьд багтаагүй хотод үлдсэн адуу.

Харин Хар алаг морь, Халтар үрээ 4 настай өсгий цагаан зүс тамга таарна.

Мөрдөн байцаалтын шатанд энэ бүгдийг нотлолгүй, гэрчээс мэдүүлэг авалгүй хохирол төлбөрөөс хасдаггүй. Иймээс энэ бүгдийг үнэн зөвөөр шийдүүлэх хүсэлттэй байна.

Хоёрт: 800 боодол өвс нэхэмжилдэг. Би 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гачууртаас 10 адууг А гэдэг хүнээс хүлээж авсан. А Дорнод аймаг Булган сумаас ачиж ирсэн. Нэг адуу өдөрт 1 боодол өвс иднэ. 12 дугаар сарын 20-оос 01 дүгээр сарын 21 хүртэл нийт 32 хоног 32х10=320 боодол өвс иднэ.

Би 2023 оны 01 дүгээр сарын 22-ноос урд 61-ийн хашаанд 22 адуу тэр өдрөө биокомбинатаас хар алаг морь, халтар үрээ авчирсан. Нийт 25 толгой адуу байсан.

2023 оны 01 дүгээр сарын 22-оос 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 25 адууг өдрийн 25 боодлоор тэжээсэн нийт 42 хоног 42х25=1050 боодол өвс хэрэглэсэн. Үүн дээр 12 дугаар сарын 20-оос 10 адууг 01 дүгээр сарын 22 хүртэл 33 хоног болон 1050+320=1370 боодол өвс болно. Би 50, 50-иар нийт 100 боодол өвс хэрэглэсэн. Өвсний мөнгө гэж 3.0 сая төгрөг Л.Ц гуайд шилжүүлсэн. Нийт 1480 боодол өвс үлдсэн 100 гаруй боодолтой өвс тэр хэмжээний задгай өвс үлдсэн байсан гэж гэрч Б мэдүүлдэг. Энэ бүгдийг анхан шатны шүүхээс авч хэлэлцэхгүй нийт хохиролд оруулж тооцсон учир үүнийг шалгуулж үнэлгээнээс хасуулмаар байна.

Мөн 2022-2023 онд шууд 30 адуу 61-ийн хашаанд орж ирсэн гэж худал мэдүүлдэг. Харин насанд хүрээгүй гэрч Б, надаас адуу авсан гэрч Б нарын мэдүүлэгт байгаа. 20 гаран тооны адуу байсан гэж.

Үүнийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ачиж ирсэн А гэдэг хүн ачиж явуулсан Т буюу М нар нотолно.

2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр унаа хөлслөн явсан. Г жолооч, Г нар 10 адуу ачиж ирсэн тэжээл ачиж очсон. Гарал үүслийн бичиг, мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогдоно. Эрх зүйн байдлаа дордуулахгүйн тулд нотлох баримтуудыг шүүх болон цагдаад гаргаж өгмөөр байна.

Хашаанд хэдэн адуу байсныг Б, Дорнодоос хэдэн адуу ачиж явуулсныг адуучин байсан М, ачиж ирсэн Г, Г нар болон гарал үүслийн бичиг зураг баримтуудыг гарган өгч, мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлмээр байна.

Гуравт: Овъёос, хивэг 100, 100 боодлыг нэхэмжилдэг. Үүнийг шалгуулмаар байна.Тайлбар мэдүүлэгтээ дурдаад байхад шүүх авч хэлэлцэлгүй хохиролд оруулан тооцдог.

Дөрөвт: Хашааны банз өөртөө ашиглан захиран зарцуулаагүй мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдоогүй байхад хохиролд оруулж тооцсонд гомдолтой байна.” гэв.

 

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...шүүх Б.Быг 2023 оны 01, 02 дугаар сард Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Жаран нэг гэх газарт иргэн Л.Цийн малчнаар ажиллах хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан 5 тооны адуу, өвс, овъёос, хивэг, мотоцикль, хашааны банз, нохой зэргийг хувьдаа завшин захиран зарцуулж, 79,590,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно. Үүнд:

1.Гэмт хэрэг гарсан байдал, 1.5 гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлуудыг тогтоогоогүй.

Мөн хохирогч цагдаагийн байгууллагад анх гаргаж өгсөн өргөдөл, шүүхийн шатанд нэхэмжилж байгаа адууны зүс, нас зөрүүтэй. Хохирогчийн өргөдөлд дурьдсан 5 адууны дагуу шинжээчийн дүгнэлт гарсан хэдий ч, хохирогчийн мэдүүлэг дээрх 5 адуунаас зөрүүтэй байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчийн мэдүүлгээр нэр бүхий хүмүүст зарж борлуулсан 5 тооны адууг авч тэмдэглэл үйлдэн хохирогчид буцаан өгсөн байхад дээрх 5 адуунаас өөр 5 адуу авсан гэх үндэслэлээр гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй.

Шинжээчийн дүгнэлтээр адууг үнэлсэн үнэлгээ хэт өндөр гарсан. Хохирогч Л.Цийн өмнө нь айрагдаж түрүүлж байсан адуунуудын бичиг баримт хавтаст хэрэгт авагдсан болохоос дээрх адуунууд айрагдаж түрүүлсэн адуунууд биш. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

7.Хохирогчийн өмгөөлөгч Д.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...5 адуу, банз, өвс, овъёос, нохой, мотоциклийг Б.Б завшсан гэдэг нь тогтоогдсон гэж үзэж байгаа. Адууны хувьд зүс ойролцоо юм шиг харагддаг боловч тав биш арван тооны адуу яригддаг. Б.Быг Л.Цийн эд хөрөнгийг завшиж захиран зарцуулсан гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

8.Прокурор М.Мөнхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: “...Шүүгдэгч Б.Бын Э, Н нарт зарсан адуунуудын талаар хохирогч гомдол гаргаагүй. Шүүгдэгч хохирогчийн нийт 10 адууг завшисан. Хохирогч сүүлд алдсан 5 адууны талаар гомдол гаргасан. Иймд Э, Н нарыг иргэний нэхэмжлэгчээр татсан тогтоолоо хүчингүй болгуулах талаар шүүхэд хүсэлт гаргасан. Шүүхийн шатанд нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан. Иймд хохирогч, шүүгдэгч нараас дахин мэдүүлэг авч, шинжээч томилж хохирлын үнэлгээг дахин тогтоосон ба 5 адууны үнэлгээ 79,590,000 төгрөг болж багассан. Хэрэг гарсан цаг хугацааг тогтоосон, хэргийн газарт дахин үзлэг хийсэн ба задгай өвсийг тоолох боломжгүй байсан. Ингээд яллах дүгнэлт үйлдэж, дахин гардуулах ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн. Хохирогч 2 биш, 1 мотоцикл алдсан талаар гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх нь зүйтэй.” гэв.

 

  9.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийвэл зохих ёстой ажиллагаа бүрэн хийгдээгүй, нотолбол зохих байдал тогтоогдоогүй байна. Шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй тодорхой бус байна. Мөн хохирогч нь Б.Бт морь, өвс, тэжээл гэх эд зүйлсийг өөрөө итгэмжлэн хариуцуулсан гэх баримт байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол ойлгомжгүй, эргэлзээтэй байх тул хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн 2334002580447 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоосноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэх, эсхүл цагаатгах үндэслэл болдог.

Иймд мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүгч хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн дүгнэлт хийх үндэслэл бүрдэх бөгөөд шүүхээс гарч буй шийдвэр эргэлзээгүй, ойлгомжтой бичигдсэн байж хууль ёсны ба үндэслэл бүхий болох юм.

2.Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтаас үзвэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэг учрал болж өнгөрсөн үйл баримтын талаар хохирогч Л.Ц “...Б.Б гэх хүнтэй ямар нэгэн гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй. Б.Б нь манайд 2022 онд туслах адуучин хийж байсан. Надаас 2 мотоцикл авсан байгаа. Нэг нь морь уяна гээд 3,500,000 төгрөгөөр авсан мотоцикл, нэг нь морины байнд шинээр авсан мотоцикл байсан. Морины байнд авсан мотоцикльд эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн. Нөгөө мотоциклийг би 3,500,000 төгрөгөөр авсан. Үнэлгээ хийлгэхгүй. 3,500,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1хх-19-20/  

...Монгол Улсын аварга тайга нохойны гөлөг гээд би тухайн үед хүнээс 1 ширхэг даагаар сольж авч байсан. Тухайн нохойтой холбоотой бичиг баримт надад байхгүй. Нохой зарсан залууг одоо олохгүй байгаа...” гэх мэдүүлэг /1хх-204-205/,

Гэрч М.М 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “...Кросс загварын хятад улсад үйлдвэрлэсэн эвдэрхий асдаггүй мотор нь цоорчихсон, масло нь гойжчихсон, дугуйгүй бараг арам шахуу юм байсныг Б.Б зун адуу авч явахдаа хамт аваад явсан. Уг мотоциклийг Л.Ц Б.Бт янзал гэж хэлж байсан гээд аваад явсан би сайн мэдэхгүй...”

...Хэнтий аймгаас бэлгэнд Л.Цт авчирч байсан Тайга үүлдэрийн гөлөг анх ирж байсан. Манайд томроод сүүлдээ айлын хонь мал бариад байхаар нь Б.Быг өвөл нэг ирээд адуу ачиж явахад нь энд хонь мал бариад байна авч яваад хашаагаа мануул гэж хэлээд ачуулаад явсан байгаа. Тэрнээс хойш уг нохойг яасан талаар мэдэхгүй байна. Хонь бариад байсан болохоор нь ачаад яв гээд өгөөд явуулчихсан...” гэх мэдүүлэг /2хх-90-91/-үүдийг өгчээ.

Үүнээс дүгнэвэл шүүгдэгч Б.Б нь хохирогчийн шаардаж байгаа 3,500,000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг хэдэн оны зун, Тайга нохойг хэдэн оны өвөл авч явсан талаарх үйл баримт тодорхойгүй байхад гэмт хэрэг гарсан байдлыг зөвхөн адуу завшсан гэх үйл баримтаар тогтоосон нь хэрэг учрал болж өнгөрсөн хугацааг зөв тогтоогоогүй гэх үндэслэл болов.

3.“Завших” гэмт хэрэг нь шунахай сэдэлт зорилгоор, санаатай хэлбэрээр бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг хууль бусаар өөрийн өмчлөлд авч, өмлөгчийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан үйлдлээр илэрдэг ба материаллаг шинжийг агуулдаг тул Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн ангилалд хамаардаг болно.

 Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнээс шалтгаалж гэмт хэргийн шинж хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх үндэслэл болох тул шинжээчийн дүгнэлтүүд нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу гарсан, үндэслэл бүхий, эргэлзээгүй байх ёстой.

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тогтоолгох зорилгоор 3 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан байдаг.

 

3.1.Мөрдөгч 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулахдаа хохирогч Л.Цийн 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “...хүрэн халзан зүсмийн 6 настай Англи 37.5 хувийн цустай эр адуу...” гэх мэдүүлгийг үндэслэн асуулт тавьсан нь цаг хугацааны хувьд ойлгомжгүй. /1хх-43/

3.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилох”-оор заасан ба Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчиж томилохыг энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь заалтаар хориглосон. 

Гэтэл “Гарьд гүрү үнэлгээ” ХХК нь 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 07/134 дугаартай шинжээчийн дүгнэлтийг ямар эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн гаргасан нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна эрх бүхий этгээдийн тавьсан асуултанд шинжээч бүрэн дүүрэн хариулсан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.

 

3.3.Мөн хохирогч Л.Ц нэг морины нас зүсийг “...өсгийн цагаан зээр зүсмийн 5 настай засаа үрээ ...” гэж мэдүүлсэн.

Гэтэл “Гарьд гүрү үнэлгээ” ХХК  нь хурдан морины уралдаанд Л.Ц морьдоо уралдуулж 2000, 2005, 2006, 2009 онд авсан өргөмжлөлийг үнэлгээ гаргахдаа эх сурвалжаа болгосон байхаас гадна хэргийн оролцогчтой ярилцаад “...хүрэн халзан 6 настай 37,5 хувийн цустай эр адуу, хээр халзан өсгийн цагаан зүсмийн 4 настай Араб 50 хувийн цустай үрээ, хүрэн зүсмийн Англи 50 хувийн цустай 2 настай эр адуу, өсгийн цагаан хүрэн халзан зүсмийн Англи 50 хувийн цустай 3 настай эр адуу, хээр зүсмийн 6 настай адуу...” гэсэн адууны зах зээлийн үнэлгээг гаргасан дүгнэлт нь хэрэгт цуглуулж бэхжүүлсэн үйл баримтаас зөрүүтэй байгаа зэрэг эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Түүнчлэн хохирогч Л.Ц нь “...2022 онд туслах адуучин хийж байсан. Надаас 2 тооны мотоцикл авсан байгаа. Нэг нь морь уяна гээд 3,500,000 төгрөгөөр авсан мотоцикл, нэг нь морины байнд шинээр авсан мотоцикл байсан. Морины байнд авсан мотоцикльд эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн. Нөгөө мотоциклийг би 3,500,000 төгрөгөөр авсан. Үнэлгээ хийлгэхгүй. 3,500,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээс үзэхэд хохирогчид нийт 2 мотоциклийн хохирол учирсан эсэх, хэрэв 2 мотоциклийн хохирол учирсан бол яагаад 1 мотоциклийн үнэлгээ тогтоож, нөгөөг орхигдуулсан нь ойлгомжгүй байгаа тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг зөв тогтоогдсон гэж үзэхээргүй байна.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасан.

Төв аймгийн цагдаагийн газарт 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Л.Ц “...2023 оны 01 дүгээр сард Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Жаран нэг” гэх газарт туслах малчин хийж байсан Б гэх залуу улсад уядаг морьдоос халзан хавчиг 7 настай морь, бор халзан үрээ англи 50 хувийн цустай, хүрэн халзан даага англи 50 хувийн цустай, өсгий цагаан сартай үрээ англи 50 хувийн цустай, халзан шүдлэн үрээ арабын 50 хувийн цустай...” гэх гомдол /1хх-9/,

Л.Ц хохирогчоор тогтоогдсоны дараа 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “...туслах малчин Б нь хурдан удмын хээр зүсмийн 6 настай, зөв талын гуяндаа цагаан үсэн соёмбо тамгатай морь 1 толгой, мөн ижил тамгатай бор халзан зүсмийн 4 настай үрээ 1 толгой, хүрэн халзан зүсмийн даага 1 толгой, мөн ижил тамгатай /тамга далий дарагдсан байгаа/, Өсгий цагаан зартай зээр зүсмийн 5 настай засаа үрээ 1 толгой, Халзан зүсмийн 3 настай үрээ 1 толгой нийт 5 хурдан удмын адуу буюу 4 толгой цэвэр Англи азарга, 1 толгой цэвэр Араб азарганы 50 хувь эрлийз цустай үрээнүүд байсан...” гэх мэдүүлэг /1хх-15-17/,

2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “...Миний өөрийн эзэмшлийн хурдан удмын адууны төл байсан. Би өөрийн унаган адуугаа эрлийз гаднаас авч ирсэн адуутай нийлүүлж байгаад цус сайжруулж гаргаж авсан адуунууд байгаа юм...” гэх мэдүүлэг /1хх-204-205/,

2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр “...Б.Б нь Нд миний 3 адуу, Эд хүнд 1 адуу, Ц гэх хүнд 1 тооны адуу өгсөн гээд байгаа юм. Дээрх 5 адуунаас тусдаа Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах 61 гэх газарт байгаа манай зүчээн дээр Б.Б нь 2022-2023 он шилжих өвөл адуу харсан. Дорнод аймгаас шууд 30 орчим тооны адуутай ирсэн бөгөөд яг одоо тоог нь сайн санахгүй байна. Ямар нэгэн байдлаар тоог нь тэмдэглэж авсан зүйлгүй байгаа. ...Би бүх зүйлсээ өмнөх мэдүүлгээ харж байгаад хэлнэ...” гэх мэдүүлэг /2хх-82-83/,

2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “...Миний хувьд Б.Баас нэхэмжилж байгаа Хүрэн халзан зүсмийн 6 настай Англи 37,5 хувийн цустай эр адуу, хээр халзан өсгийн цагаан зүсмийн 4 настай Араб 50 хувийн цустай эр, хүрэн зүсмийн Англи 50 хувийн цустай 2 настай эр, өсгий цагаан хүрэн халзан зүсмийн Англи 50 хувийн цустай 3 настай эр, хээр зүсмийн 6 настай эр адуу гээд нийт 5 тооны адууг нэхэмжилж байгаа. ...Би дээрх 5 тооны адууг уяа морьдын хамт 2023 оны 01 дүгээр сард Дорнод аймгаас ачиж ирээд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах 61 гэх нэртэй газар, өөрийн зүчээн дээрээ хүлээлгэж өгсөн. Энэ адуунаас дутаасан. Тухайн үед нас зүсээр нь тулгаад 26 тооны адуу хүлээлгэж өгч байсан. Сар гаруйн дараа зүчээн дээрээ ирэхэд өвс байхгүй болсон, 5 адуу дутсан байхаар нь асуусан чинь хүнд уяулах гээд өгсөн. Мөн Өлзийт хороололд байгаа гэх зэргээр хэлж байсан. ...Би 2022 онд дутаасан 4 тооны адуу нийт 9 тооны адуунаас 2 тооны адууг цагдаагаас хүлээж авсан. 1 тооны адуу нь үхчихсэн гэж байсан. 1 тооны адууг нь Б.Баас худалдаж авсан гэх хүнд зарсан. Ингээд 4 тооны адууг нэхэмжлээгүй. Харин дутаад байгаа 5 тооны адуугаа нас, зүс, цусаар нь үнэлгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг /2хх-85-86/,

2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “...миний хувьд овъёос, хивэг өөрөө тарьж борлуулдаг бөгөөд өөрийнхөө адуунд өгөхдөө ямар нэгэн бүртгэл хөтлөөгүй машиных нь хэмжээгээр адуучны хэлснээр өгөөд явуулдаг. Надад албан ёсны гаргаж өгөх бүртгэл судалгаа байхгүй. Өөрийн шилжүүлсэн мөнгөө буцаан авах хүсэлтэй байна...” /2хх-88/ гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч С.Э-ын 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “...Б.Бт 5,0 сая төгрөг өгч зээрд халзан зүсмийн үрээг худалдаж авсан юм. Одоо мөнгө ч байхгүй, адуу ч байхгүй болчхоод байна. Б.Бт өгсөн 5 сая төгрөгөө буцаагаад авчихвал өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /1хх-26/ гэх мэдүүлэг /1хх-99 дүгээр хуудасны ар тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Н-ын “...2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б.Баас хээр зүсмийн соёолон үрээ 4 сая төгрөгөөр худалдаж аваад хул зүсмийн үрээг Б.Б надад бэлгэнд өгсөн. 2022 оны 8 дугаар сарын дундуур Б.Баас 4 сая төгрөгөөр хүрэн халзан зүсмийн морь худалдаж аваад нийт 3 тооны адуу авсан. 2023 оны 02, 03 дугаар сарын үеэр Б.Баас худалдаж авсан морьдыг тэжээгээд байж байтал Л.Ц гуай ирээд миний морь гээд хээр зүсмийн морио аваад явсан. 2023 оны 5 дугаар сард хүрэн халзан зүсмийн морио аваад явсан. Хул зүсмийн үрээ нь өвөл тэжээгдэж байгаад үхчихсэн. Л.Ц ахын авч явсан хүрэн халзан морийг нь Л.Ц ахаас өөрөөс нь 5 сая төгрөгөөр буцаан худалдаж авсан. Би ер нь бол Б.Бт 8 сая төгрөг өгсөн боловч ямар нэгэн адуу авч чадаагүй. Одоо Б.Б гэх хүнээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гомдолгүй...” гэх мэдүүлэг /1хх-23/-үүд хэрэгт авагдсан ба Д.Н, С.Э нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосон эрхийн акт хэрэгт авагдаагүй байдаг. 

Гэтэл прокурор хэргийн бодит байдлыг тогтоохдоо хохирогчийн өөр хоорондоо зөрүүтэй дээрх мэдүүлгүүдийн алийг бусад эх сурвалжаар тогтоогдсон гэж үнэлж “... иргэний нэхэмжлэгч Н-ын буцааж өгсөн 2 тооны адуу, хохирогчийн авалгүй үлдээсэн /үхсэн/ 1 тооны адуу, Эс хохирогч аваад буцааж түүнд зарсан гэх 1 тооны адууг хохирогч Л.Цийн өмнө алдаад олж авсан үйл баримттай холбоотой тул хэрэгт хамааралгүй...” гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

5.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Бын завшсан гэх 5 тооны адуу нь ямар нас, зүс, гарал угшилтай болохыг тогтоох зорилгоор хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримт /2хх-63-66/ нь гадаад хэл дээр байгаа тул хуульд заасан шаардлагыг хангуулах нь зүйтэй.

6.Иймээс дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдалд хамаарч байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

7.Анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 991 дугаар захирамжаар “...яллах дүгнэлт үндэслэл бүхий хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэн Б.Бт овъёос, тэжээлийг өгдөг байсан гэх үйлдвэрийн манаачийг гэрчээр тогтоож асуух, хэргийн газарт үзлэг хийх ажиллагааг хийх, гэмт хэргийн хор уршгийг зөв тогтоож, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах, хохирогчийн нохой хэзээ, хаана ямар уралдаан тэмцээнд орж байсан, ямар үүлдэрийнх болохыг тогтоож, холбогдох баримтыг хэрэгт хавсаргах, 5 тооны адуу ямар удам, угшилтай, хэзээ, хаана, ямар улсын чанартай уралдаанд оролцож, гавьяа шагнал хүртэж байсан баримтыг хэрэгт хавсаргах зэрэг ажиллагаа хийлгэхээр прокурор М.Мөнхтайванд даалгасан...” шийдвэрийн биелэлт хангагдаагүй, дээрх нотолбол зохих байдал  тогтоогдоогүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байхаас гадна иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрт тусгаж, шийдвэрлэлгүй орхигдуулсан нь ойлгомжгүй болжээ.

8.Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нотолбол зохих байдлыг тогтоогоогүй атлаа “…шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан "Бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завших" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ…" гэсэн нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт "эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн" гэх үндэслэлд хамаарч байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарын гаргасанхохирлыг хэрхэн тогтоосон, эд зүйлийг авч хэрэглэсэн эсэх нь эргэлзээтэй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үүгэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч хангаж шийдвэрлэлээ.

9.Шүүгдэгчид урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/403 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч хангасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ЦЭРЭНХАНД

                            ШҮҮГЧИД                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

       З.ТҮВШИНТӨГС