Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 737

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,                     

           улсын яллагч Т.Нансалмаа,

            шүүгдэгч Г.Э нарыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овогт Г-н  Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808034530957 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 16-наас 2018 оны 07 дугаар сарын 17-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд караоке баарны үүдэнд иргэн Н.Л-ыг “найз Б-тэй нь маргалдаа” гэх шалтгаанаар үснээс нь зулгаан газар унагаж өвдгөн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь баруун сарвуу, зүүн гуя, зүүн өвдөгний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Г.Э нь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 16-наас 2018 оны 07 дугаар сарын 17-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд караоке баарны үүдэнд иргэн Н.Л-ыг “найз Б-тэй нь маргалдаа” гэх шалтгаанаар үснээс нь зулгаан газар унагаж өвдгөн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь баруун сарвуу, зүүн гуя, зүүн өвдөгний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Н.Л-ын мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 07 дугаар сарын 17-ны шөнө 04 цагийн үед ажлаа хаагаад гараад ирэхэд үл таних хүн машинаар манай ажлын хашааг мөргөсөн. Дотор нь эмэгтэй хүн байсан. Тэгэхээр нь би 102-т дуудлага өгсөн. Цагдаа дуудсаныг мэдчихээд зугатаах гээд байсан. Тэгэхээр нь би утсаа гаргаж ирээд зургийг нь дарах гэтэл нэг хүүхэн машинаас гарч ирээд намайг хэл амаар доромжлоод хэрүүл хийгээд байсан. Тэгсэн цаанаас нь хашаа мөргөсөн машины жолооч бууж ирээд “миний үснээс зулгаагаад унагаасан”. Тэгээд дээрээс дэвсээд байсан. Намайг бичлэг хийлээ гээд маргалдсан. Тэр залуугийн цохилтын улмаас миний биед баруун сарвуу, зүүн гуя, зүүн өвдөгний цус хуралт зулгаралт бүхий гэмтэл учирсан...гэх мэдүүлэг /хх-6/,

- гэрч Б.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 07 дугаар сарын 16-ны орой 00 цагийн үед гаднаас үл таних 2 эрэгтэй, 2 эмэгтэй орж ирэхээр нь “манайх хаа” гэж байна гэхэд буцаад гарсан. Гадаа тамхи татаад зогсож байхад нэг согтуу эмэгтэй нь машин барих гээд байхаар нь би  очоод “болохгүй шүү дээ” гэхэд тэр эмэгтэй “би машин барихгүй” гэсэн. Тэгээд би буцаад караоке руугаа орсон. Удалгүй манай гадна талын хашааг машинаар мөргөсөн. Л машин дээр очоод түлхүүрийг нь авах гэтэл танихгүй залуу Лыг үсдээд чирээд байсан...гэх мэдүүлэг /хх-7/

- гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 07 дугаар сарын 16-ны орой Э болон манай нөхөр 2 архи уусан ба би пиво уусан. караоке орсон ба караокенээс гараад Э-ын эхнэр машин бариад явж чадна гээд байсан. Тэгсэн караокены эзэн бичлэг хийгээд байхаар нь би “боль” гээд түлхсэн. Намайг очиход Э хүнтэй маргалдаад байсан. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй. Э тэр эмэгтэйг өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-/   

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Л-ын биед баруун сарвуу, зүүн гуя, зүүн өвдөгний цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөлөхгүй...гэх дүгнэлт /хх-14/,

- ял шалгах хуудас /хх-40/

- иргэний үнэмлэхний лавлагаа, депозит дансны хуулга /хх-24, 31-34/

- шүүгдэгч Г.Энхтулгын мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2018 оны 07 дугаар сарын 16-ны орой найз Б, эхнэр Д, Д бид 4 Их нарангийн караокед орсон. Тэр караокед 1 шил архи, хэдэн шил пиво авч уусан. Би согтоод юу болсон талаар мэдээгүй. Би караокены эмэгтэйтэй муудалцаж зодолдсон байсан. Би найз Бийг өмөөрч муудалцаад зодолдсон байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Л-ын биед гарсан гэмтлүүдийг би учруулсан. Хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-22-23/ болон шүүхийн хэлэлцүүлэг мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол төлбөрт 200.000 төгрөг төлсөн, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-44/ гэжээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:      

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч Г.Э нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримт зэргээр тогтоогдох тул түүнд прокурорын саналын дагуу 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж, оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Бусад асуудал

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Т овогт Г-ийн Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.           

            7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.