Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар  2025/ДШМ/58   

 

 

 

  2025            9                11                                            2025/ДШМ/58   

 

 

Ж.Ат холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.Лувсанцэрэн

Цагаатгагдсан этгээд Ж.Аын өмгөөлөгч Н.Баатардорж /цахимаар/,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/217 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Лувсанцэрэнгийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бичсэн эсэргүүцэлд үндэслэн Ж.Ат холбогдох эрүүгийн 2434005780400 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.Монгол Улсын иргэн, Ж.А, ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр ........ төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ...........тоотод оршин суух хаягтай, урьд нь

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 435 дугаартай шүүгчийн захирамжаар 10 сар, 26 хоногийн хорих ялыг тэнсэн харгалзаж суллагдсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар.

 

2.Цагаатгагдсан этгээд Ж.А нь 2024 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн нутаг 60-н даваа гэх газар иргэн З.Отай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь “...баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

3.Төв аймгийн прокурорын газраас Ж.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

4.Анхан шатны шүүх: Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах   дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Аыг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2434005780400 дугаартай /2 хавтас/ хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон З.Оын хохирол, хор уршигтай холбоотой хэсгийг орхиж,

Цагаатгагдсан этгээд Ж.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдаж,

Цагаатгагдсан этгээд Ж.А нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, мөн битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар тооцож, ирүүлсэн бичлэгийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

            5.Прокурор Б.Лувсанцэрэн эсэргүүцэлдээ болон тус шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Ж.Ат холбогдуулан 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 303 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Ж.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан "гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй" тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

  1. Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд хохирогч 3.З.Оыг шүүгдэгч Ж.Аыг тээврийн хэрэгсэл жолоодож явах үед хэрүүл маргаан үүсгэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй нөхцөл байдалд хүргэхэд аюулыг зайлуулах зорилгоор санаатай цохисон үйлдлийн улмаас хохирогчийн нүд хэсэг оногдож хохирол учрана гэж тооцоолоогүй буюу өөрөөр хэлбэл үйлдэлдээ санаатай боловч хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж үзсэний дагуу гэм буруугийн холимог хэлбэр байна гэж дүгнэж гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Ж.Аыг цагаатгаж шийдвэрлэсэн байна. Гэтэл хэргийн материалд авагдсан хохирогч 3.З.О, насанд хүрээгүй гэрч Н.А-ийн мэдүүлэг болон Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 558 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.А нь 2024 оны 9 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө хохирогч З.Оын эрүүл мэндэд "баруун нүдний зовхи, баруун хацарт, цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцралт" бүхий гэмтлийг санаатайгаар учруулсан буюу хохирогчийн нүүр хэсэгт 2 удаа санаатайгаар цохисон болох нь тогтоогдсон байдаг.

 Мөн Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хохирогч 3.З.О хэргийн талаар мэдүүлэг өгөхдөө "....жолооч Ж.Атай тухайн үед маргалдсан нь үнэн боловч жолоочийг замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл жолоодоход ямар нэгэн байдлаар саад учруулаагүй... Ж.А миний нүүр хэсэгт 2 удаа цохисон..." гэсэн мэдүүлэг, шинжээч И.Ганболорын шүүх хуралдаанд өгсөн "...Хохирогч 3.З.О биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг эсвэл хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тус хохирогчид учирсан гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч Ж.А нь хохирогч 3.З.Оын нүүр хэсэгт 2 буюу хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хангалттай тогтоогдсон байдаг бөгөөд дээрх нотлох баримтууд болон хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Шүүгдэгч Ж.А нь мөрдөн шалгах ажиллагаанд, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ "...хохирогч З.Оын нүүр хэсэгт нэг ч удаа цохисон үйлдэл гаргаагүй..." гэж мэдүүлэг өгсөн байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийн жолоочтой маргалдсан нь тус гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч З.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.2-т заасан "Хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, жолоодлогод саад болохыг хориглоно" гэсэн заалтад заасны дагуу жолоочийн жолоодлогод саад учруулах ямар үйлдэл хийсэн нь мөн тус үйлдлийг таслан зогсоохоор шүүгдэгч Ж.Аын зүгээс ямар үйлдэл хийсэн нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар хэрхэн тогтоогдсон талаар анхан шатны шүүхээс хангалттай үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Анхан шатны шүүхээс хохирогч 3.З.Оын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Ж.Аын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна гэж дүгнэсэн боловч хохирогч 3.З.Оын "...жолооч Ж.Атай тухайн үед маргалдсан нь үнэн боловч жолоочийг замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл жолоодоход ямар нэгэн байдлаар саад учруулаагүй... Ж.А миний нүүр хэсэгт 2 удаа цохисон..." гэх мэдүүлэг тайлбарыг ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байна. Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/217 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

6.Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Н.Баатардоржийн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “…Миний үйлчлүүлэгч тухайн үед 70–80 километр цагийн хурдтай, сөрөг хөдөлгөөнтэй замд явж байсан. Харин хохирогч жолоочтой маргалдаж жолоо барихад саад учруулсан тул түлхэх, салгах гэсэн үйлдэл хийсэн байх магадлалтай. Энэ нь санаатай биш, харин гурван хүний амь нас, эрүүл мэндийг хариуцаж байсан жолооч... гарцаагүй байдлын улмаас хор уршиг учруулсан гэж дүгнэх боломжтой. Мөн хохирогчийг автомашинаас буулгасны дараа тухайн нөхцөл байдалд автомашины хөдөлгөөнөөс үүдэж гэмтэл гарсан байх магадлалтай. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны шатанд үүнийг бүрэн шалгаж тогтоож чадаагүй. Хохирогчийн мэдүүлгийг дангаар нь нотлох баримтад тооцох боломжгүй. Улсын Дээд шүүхийн тогтоолд ч “хохирогчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримтын шинжийг хангахгүй, бусад баримтаар баталгаажих шаардлагатай” гэж заасан байдаг. Учир нь хохирогч хэрэгт хувийн сонирхолтой байж, мэдүүлгээ өөрт ашигтайгаар өгсөн байх боломжтой. Шинжээчийн мэдүүлэг ч дангаараа хангалтгүй, зөвхөн нэмэлт нотолгооны шинжтэй гэж үзсэн байдаг. ...Иймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Харин хууль хэрэглээний талаар хийсэн дүгнэлтийг зөвтгөн Цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хяналтын прокурор Б.Лувсанцэрэнгийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бичсэн 22 дугаар эсэргүүцлийг үндэслэн цагаатгагдсан этгээд Ж.Ат холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад цагаатгах тогтоолыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.  

            1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүртээмжтэй байдал хангагдсан эсэхийг бүхэлд нь үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэх учиртай.

 

Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүгч хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн дүгнэлт хийх үндэслэл бүрдэх бөгөөд шүүхээс гарч буй шийдвэр эргэлзээгүй, ойлгомжтой бичигдсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий байх зарчмыг хангасан гэж үзнэ.

 

 2.Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судлагдсан, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримтыг харьцуулан үзвэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.А “... 2024 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө найз У.Н-ийн эхнэр З.О, түүний хүү Н.А нарыг машиндаа суулган Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн нутаг 60-н даваа гэх газарт явахдаа З.Отай “...гэр бүлийн асуудалд хөндлөнгөөс оролцсон... хүүгийх нь талаар муу үг хэллээ...” гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “...баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан..” гэх гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон байх ба гэрч нар хэрэг учрал болсон цаг хугацаанд хохирогч З.Оын нүүр, нүд хөхөрсөн, хамраас цус гарсан байсан, хохирогч З.О эрүүл мэндэд нь хохирол учруулсан этгээдийг шууд нэрлэн заасан, Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 559 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч И.Ганболорын "...гэмтэл нь ...мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой..." гэх мэдүүлгүүд болон бусад хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий баримтууд авагдсан байна.

              3.Харин анхан шатны шүүх Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2434005780400 дугаартай хэргийн болж өнгөрсөн үйл баримтыг сэргээн тогтоон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Аыг цагаатгаж шийдвэрлэхдээ “...Ж.А нь 2024 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн нутаг 60-н даваа гэх газар иргэн З.Отай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь “...баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн болон шүүх хуралдааны оролцогч нарын өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ...” гэж дүгнэн, нотлох баримтыг үнэлсэн атлаа гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт хийхдээ “...хохирогч З.Оын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актаар хориглосон дүрмийг зөрчиж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хамт зорчигчдын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор гараараа цохисон үйлдэлдээ хүний эрүүл мэндэд гэмтэл учруулах зорилго агуулан хор уршгийг урьдчилан тооцож хүссэн гэж үзэх баримт тогтоогдоогүйн дээр, тухайн үйл явдал болсон нөхцөл байдлаас дүгнэхэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, халдлагыг зогсоохоор гараараа цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгчийн үйлдлийг “санаатай” буюу хохирол, хор уршигт зориуд хүргэхийг хүсч үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй...” гэж бодит байдлыг зөрүүтэй тогтоож, дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ.

 

         Мөн шүүх хохирогч З.Оын буруутай үйлдлийг Ж.А таслан зогсоох арга хэмжээ авах үедээ нүүрэн тус газар нь гараараа цохисон гэж үнэлэх болсон үйл баримт нь хэрэгт авагдсан ямар баримтаар нотлогдон тогтоогдож, бусад баримтыг үгүйсгэж, илүү итгэл үнэмшил төрүүлж байгаа талаар үнэлэлт дүгнэлт хийх ёстой байхад хэрэгт огт авагдаагүй, шүүх хуралдааны шатанд талуудын мэтгэлцээгүй үйл баримтын талаар төсөөлж, дээрх хийсвэр дүгнэлтийг хийсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.

4.Үүнээс гадна, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан энэ төрлийн гэмт хэргийн шинж нь: хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа байдаг бол,

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл болох хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрдэг.

 

Гэтэл анхан шатны шүүх Ж.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...хохирогч З.О нь Ж.Аыг тээврийн хэрэгсэл жолоодож явах үед хэрүүл маргаан үүсгэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй нөхцөл байдалд хүргэхэд аюулыг зайлуулах зорилгоор санаатай цохисон үйлдлийн улмаас хохирогчийн нүүр нүд хэсэг оногдож хохирол учирна гэж тооцоолоогүй буюу өөрөөр хэлбэл үйлдэлдээ санаатай боловч хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдаж, болгоомжгүйгээр хандсан гэм буруугийн холимог хэлбэртэй байна гэж үзэв.  Гэм буруугийн холимог хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцоогүй тул Ж.Ат холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдож байна...” гэх дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул цагаатгах тогтоолыг эрх зүйн ухамсарыг удирдлага болгосон хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх боломжгүй.

 

            5.Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2-т “эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж тус тус заасан үндэслэлүүд тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хяналтын прокурор Б.Лувсанцэрэнгийн бичсэн “Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/217 дугаартай цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хангаж, Ж.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/217 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хяналтын прокурор Б.Лувсанцэрэнгийн бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол Ж.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.МӨНХДАВАА

          ШҮҮГЧИД                                    А.ЦЭРЭНХАНД

                                                                                          З.ТҮВШИНТӨГС