| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 101/2025/00150/И |
| Дугаар | 192/ШШ2025/10755 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/10755
2025 12 15 192/ШШ2025/10755
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.Анхбаярт холбогдуулан 2 хүүхдийн 2023-2024, 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр, нэмэлт сургалт болох дугуйлангийн төлбөр, бусад нэмэлт зардал болон эмчилгээний зардалд нийт 37,381,966 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Миний бие нь Э.Анхбаяртай 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамт амьдрах хугацаандаа 2009 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр охин А.Болордарь, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охин А.Номиндарь нарыг төрүүлсэн юм. Э.Анхбаяр бид хоёр хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2019 оны 2 дугаар сараас хойш тусдаа амьдарч, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00919 дугаар шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалж, охин А.Болордарь болон охин А.Номиндарь нарыг эх Б.******* миний асрамжид үлдээн, охин А.Болордарь болон охин А.Номиндарь нарт хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоон, сар бүр эцэг Э.Анхбаяраар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж, энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Миний бие 2022 оны 11 дүгээр сард Э.Анхбаярт холбогдуулан хоёр хүүхдийн сургуулийн сургалтын төлбөр /охин А.Болордарь - 2020-2021; 2021-2022 он хичээлийн жил; охин А.Номиндарь 2021-2022 оны хичээлиин жил/ болон нэмэлт зардлыг гаргуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Улмаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд миний бие гомдол гаргаж, эцэг Э.Анхбаяраас хоёр хүүхдийн сургалтын төлбөр болох 12,594,554 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүүхдийн тэтгэлэг болон сургалтын төлбөр, нэмэлт зардлыг төлбөр төлөгч Э.Анхбаяраас гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Охин А.Болордарь нь 2020 оны хичээлийн жилээс эхлэн 4 дэх хичээлийн жилдээ Ерөнхий боловсролын Логарифм сургуульд суралцаж байгаа. Одоо тус сургуулийн 10А ангид амжилттай суралцаж байна. Харин охин А.Номиндарь 2021 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын “Күнз” сургуульд суралцаж, тус сургуулийн 44 дүгээр ангид үргэлжлүүлэн суралцаж байна. Тусдаа амьдарснаас хойш миний бие охидоо асарч, халамжлах, эрүүл өсгөн бойжуулах, суралцах, хөгжүүлэх зэрэгт анхаарч, зөв хүн болгон хүмүүжих бүхий л нөхцөлийг хангахын тулд хичээн амьдарч, 2 охиныхоо сайн сайхны төлөө өөрийн амьдралаа зориулж байна. Э.Анхбаярт 2023-2024, 2024-2025 оны хичээлийн жил эхлэхэд 2 охиныхоо сургуулийн төлбөрийн талаар удаа дараа мэдэгдсэн хэдий ч Э.Анхбаяр нь ямар нэг хариу ирүүлээгүй. Би 2 охиныгоо сайн эрдэм, мэдлэгтэй, боловсролтой, эх орондоо хэрэгтэй иргэн болгохын тулд хувийн сургуульд суралцах боломжийг бий болгосон. Иймдээ ч хоёр охиныхоо сургалтын бүх төлбөр, хичээлээс гадуурх дугуйлан секц, хөтөлбөр, хэрэглээний зардлыг ганцаараа төлсөөр ирсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс сургалтын төлбөрийг Э.Анхбаяраас гаргуулах магадлал гарснаас хойш аль хэдийнэ 2 жил өнгөрсөн байх бөгөөд энэ хугацаанд миний бие дангаараа хоёр охиныхоо сургалтын төлбөр болон бусад нэмэлт зардлыг дараах байдлаар төлсөн байна. Үүнд:
| № |
Утга | Охин А.Болордарь | Охин А.Номиндарь | ||
| 2023-2024 он | 2024-2025 он | 2023-2024 он | 2024-2025 он | ||
| 1 | Сургалтын төлбөр | 9,910,200 | 7,500,000 | 7,500,000 | 8,500,000 |
| 2 | Дүрэмт хувцас | 393,000 | - | 420,000 | - |
| 3 | Ном, хичээлийн хэрэгсэл | 90,000 | 100,500 | ||
| 4 | Автобус | - | “ | 1,610,000 | 1,600,000 |
| 5 | Хоол | - |
| 974,000 | 1,058,000 |
| 6 | А. Лондон хотын өвлийн хөтөлбөр Б. Онгоцны тийз |
| 11,300,000
3,438,500 |
|
|
| 7 | Дугуйлан | - | - | 85,000 | - |
| 8 | Эмчилгээний зардал | 145,000 130,000 | 1,170,000 682,000 |
| 840,000 48,519 |
|
|
| 10,578,200 | 24,090,500 | 10,679,000 | 12,147,019 |
|
|
| 34,668,700 | 22,826,019 төгрөг | ||
| Нийт 57,494,719 төгрөг | |||||
Мөн бага охин А.Номиндарийг Сингапур улсад 2025 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 2025 оны 07 дугаар сарын 04-ны өдөр хүртэл зохион байгуулагдах Англи хэлний сургалтад хамруулахаар болсон бөгөөд сургалтын төлбөрт миний бие 3,400 ам.доллар төлсөн. Том охин А.Болордарийн сургуулийн оролцож буй Япон улсад 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан НҮБ-ын загварын мэтгэлцээний хуралд оролцоход нийт 5,100,000 төгрөгийг төлсөн. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасныг үндэслэн эцэг Э.Анхбаяраас охин А.Болордарь, охин А.Номиндарь нарын сургуулийн сургалтын төлбөр, нэмэлт сургалт, бусад нэмэлт зардал, хоёр охины эмчилгээний нийт зардлын 50 хувь буюу 37,381,966 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Э.Анхбаяр нь хариу тайлбартаа: “Миний бие нь нэхэмжлэгч Батсайхан овогтой *******аас 2022 оны 3 сарын 16-ны өдөр 102/ШШ/2022/00919 дугаартай шийдвэрээр гэрлэлтийг цуцлуулсан. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6.1.1-д зааснаар хүүхэд бага, суурь, бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмшинэ гэсэн байх бөгөөд энэ тухайгаа хэлж зөвлөлдсөн зүйл байхгүй, ямар нэгэн төлбөртэй сургуульд сургах тухайд дангаараа шийдвэр гаргасан тул нэхэмжлэгч Б.*******ы нэхэмжилсэн 28,747,360 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. Мөн гэр бүлийн тухай хуулийн 48-р зүйлийн 48.1-д заасан тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэхгүй байна. Миний бие хуульд заасны дагуу сар болгон 2 охиныхоо тэтгэлгийг мөн 2020-2021 болон 2021-2022 оны сургалтын төлбөр 12,594,554 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу манай ажлын газраас шууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар луу цалин хөлснөөс шууд шилжүүлж байгаа. Миний сар болгоны тэтгэлэг яг юунд зориулагдсан, юуны мөнгө вэ гэдгийг *******аас асуумаар байна. 2 охины төлбөрөөс гадна илүү зардал бичүүлж албаар шимэгчлэх, өс хонзонгийн сэдлээр энэхүү үйлдлийг хийж байна гэж үзэж байна. Гэвч миний бие нэхэмжилсэн мөнгийг төлөхийг зөвшөөрнө” гэжээ.
Хариуцагч Э.Анхбаяр нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Э.Анхбаяр миний бие Б.*******тай 2009 онд гэр бүл болж 2009 оны 11 сарын 21нд миний охин А.Болордарь, 2014 оны 11 сарын 26-нд миний охин А.Номиндарь нар төрсөн. Гэр бүлтэй байх хугацаанд 2019 онд Б.******* нь гэр бүлээс гадуурх харилцааг Батсайхан гэдэг хүнтэй үүсгэж тухайн хүнтэйгээ суусан болно. Миний 2 охины дараа 2 хүүхэд төрүүлсэн ба одоо 5 настай хүүхэдтэйгээс харахад Б.******* нь гэр бүл салахаас өмнө жирэмсэн болсон. Охидуудтайгаа уулзахад тэд Батсайханы 2 хүүхэдтэй нийт 6 уулаа амьдарч байгаа ба гэртээ байнга хүүхдийн хажууд тамхи татдаг, мөн 2 охинтой юм ярьдаггүй ба уулзах болгонд уйлаад байнга уулзах хүсэлт шүүхэд гаргаад өгөөч гэдэг болно. Мөн аавтайгаа амьдармаар байна гэж хааяа хэлдэг болно. Уулзаж байгаагаа ээжид мэдэгдмээргүй байна, ээж эмээ загнана тиймээс уулзаж байгаагаа хэлмээргүй байна гэдэг. 2 охинтойгоо уулзахад сэтгэл зүйн хувьд тогтвортой бус байдалтай байнга мэдрэгддэг болно. Иймд миний хүүхдүүд болох 2009 оны 11 сарын 21 нд миний охин А.Болордарь, 2014 оны 11 сарын 26нд миний охин А.Номиндарь нарын асрамжийг өөрчилж, миний асрамжинд үлдээж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* нь сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: “2019 оны 02 дугаар сараас эхлэн миний бие Э.Анхбаяраас тусдаа амьдарч. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 16-ны өдрийн Ю2/ШШ2022/00919 дугаар шийдвэрээр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж, 2 охины асрамжийг эх Б.*******д үлдээж шийдвэрлэсэн байдаг. Хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ охин А.Болордарийн санал, Э.Анхбаярын хүсэлтээр томилогдсон шинжээчийн дүгнэлт, миний хүсэлтээр томилогдсон шинжээчийн дүгнэлт, охин А.Болордарийн санал, шүүхийн санаачилгаар томилсон ЗГ-ын хэрэгжүүлэгч агент Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын 2021.01.25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтыг үндэслэн 2 охины асрамжийг эх Б.******* надад үлдээсэн. Энэхүү шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр байгаа болно. Миний 2 охины амьдрах нөхцөл байдал бидний гэрлэлт цуцлах тухай шүүхийн шийдвэр гарах үеэс хэд дахин илүү сайжирч, охид өөрсдийн тусдаа тохилог болж, сурч боловсрох орчин сайтай хувийн сургуульд сурч, сургуулиас гадна гадаад орон руу олон төрлийн сургалтад хамрагдаж, миний бие өөрийн зүгээс охидынхоо боловсрол, мэдлэг, эрүүл аюулгүй амьдрах орчинд дээд зэргээр анхаарч, халамжлан өсгөж байна. Гэтэл хүүхдийн нэмэлт зардлыг төлөхгүй байх зорилгоор санаатайгаар сөрөг нэхэмжлэл гаргаж буйд гомдолтой байна. 2023 онд Э.Анхбаярт холбогдуулан 2 хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хуучнаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 2 хүүхдэд сургалтын төлбөрийн 50 хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ үед Э.Анхбаяр мөн л ийнхүү шалтаг гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсныг дурдах нь зүйтэй. Э.Анхбаяр нь 2019 оноос хойш тусдаа амьдарсан үеэс хойш 2 охинтойгоо маш цөөхөн удаа уулзсан. Миний бие 2 охиноо аавтай нь уулзуулахгүй байх аливаа шалтгаан байхгүй. Хүүхдүүд аавтайгаа уулзаж байх нь хүмүүжил болон сэтгэхүйд нь маш нэмэртэй гэж би боддог. Хүүхдүүдтэйгээ уулзах хүсэлтийг гаргасан бол надад татгалзах зүйл огт байхгүй. Харин эсрэгээрээ Э.Анхбаяр нь хүүхдүүдтэйгээ уулзах, чанартай цаг өнгөрөөх талаар ямар ч санаачилга гаргадаггүй, надад огт мэдэгдэлгүйгээр хоёр охины хааяа нэг түрхэн зуур уулзсан байсан бөгөөд охидууд маань энэ тухай надад хэлж байсан. Гэтэл Э.Анхбаяр нь хүүхдүүдийн нэрийг барьж, огт үндэслэлгүй худал түүх зохиож байгаад харамсаж байна. Мөн түүнчлэн энэхүү сөрөг нэхэмжлэлд дурдсанчлан насанд хүрээгүй хүүхдүүд аавдаа “өөрийнхөө асрамжид авахаар шүүхэд хүсэлт гаргаад өгөөч” гэж хэлэх шүүх, хуулийн талаар мэдлэгтэй байна гэдэгт миний бие эргэлзэж байна. Үүнээс гадна Э.Анхбаяр нь охидуудтайгаа уулзах талаар ямар нэгэн санал гаргаж байгаагүй бөгөөд хэрэв Б.******* миний бие түүний хоёр охинтой уулзах эрхийг саатуулж, зориуд хориглон, уулзуулахгүй байсан нь үнэн байсан бол Э.Анхбаяр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж хүсэлт, гомдол гарган, эцэг хүний хувьд хүүхдүүдтэйгээ уулзах эрхээ эдлэх бүрэн боломжтой байсан. Гэсэн хэдий ч энэ хугацаанд Э.Анхбаяр нь надад болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нэг ч удаа хандан, хоёр охинтойгоо уулзах, эрхээ эдлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаагүй. Миний бие Э.Анхбаярын гаргасан сөрөг нэхэмжлэлийн хүрээнд 2 охинтойгоо ярилцахад “аавтайгаа амьдарна гэж нэг ч удаа хэлж байгаагүй, шүүхийн талаар ямар ч ойлголтгүй” тухайгаа хэлсэн. Гэтэл Э.Анхбаяр нь хоёр охинтойгоо уулзахдаа санаатайгаар “Батсайхан тамхи татдаг уу?” гэх зэргээр асууж, хариултыг нь мушгин гуйвуулж, үүгээр шалтаглан энэхүү үндэслэлгүй сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна гэж үзэж байна. Э.Анхбаяр нь өнөөдрийн байдлаар өөрийн байр, орон сууцтай, өөрийн гэр бүл, 2 хүүхэдтэй, Ланд круйзер 200 маркийн автомашин унадаг санхүүгийн боломжтой атал өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлах чадваргүй, хүүхдүүдийн сургуулийн төлбөр, нэмэлт сургалтын төлбөр болон эмчилгээний зардал зэрэг зайлшгүй төлбөл зохих төлбөрийн 50 хувийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа нь энэ хүний хандлага, ёс зүйн хэм хэмжээг харуулж байна. Иймд Э.Анхбаярын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, миний гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эмчийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, ерөнхий боловсролын Логарифм сургуулийн тодорхойлолт, сургалтын гэрээ, зарлагын баримт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн мэдээлэл,******* сургуулийн тодорхойлолт, сургуулийн захиргаа, суралцагчдын хооронд байгуулсан гэрээ, сурагчийн тодорхойлолт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, сургалт зуучлалын гэрээ, төлбөрийн баримт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 0792 дугаартай итгэмжлэл, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл,******* сургуулийн тодорхойлолт, эмчилгээний зардал төлсөн баримт, Логаформ сургуулийн тодорхойлолт, Лондон дахь сургалтын төлбөр, онгоцны тийз, сургалтын зуучлалын гэрээ, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, данс эзэмшигчийн тодорхойлолт, валютын ханшны талаарх мэдээлэл, Хурлын зардлын задаргаа, сурталчилгааны материалыг ирүүлсэн.
Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, фото зураг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00919 дугаартай шийдвэрийг ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ
2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.Анхбаярт холбогдуулан, хүүхдийн нэмэлт зардал гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрчээ.
3. Хариуцагч Э.Анхбаяр нь хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч нь бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1. Зохигчдын дундаас 2009 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр охин А.Болордарь, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охин А.Номиндарь нар төрсөн.(хавтаст хэргийн 10,11 дахь тал)
4.2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00919 дугаартай шийдвэрээр Б.******* болон Э.Анхбаяр нарын гэрлэлтийг цуцалж, охин А.Болордарь, А.Номиндарь нарыг эх Б.*******ы асрамжид үлдээж, эцэг Э.Анхбаяраас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн.(хавтаст хэргийн ….- ….. дахь тал)
4.3. Охин А.Болордарь нь Логарифм бүрэн дунд сургуулийн 10а ангид суралцдаг бөгөөд 2023-2024 оны хичээлийн жилийн төлбөрт 9,910,200 төгрөг, 2024-2025 оны хичээлийн жилийн төлбөрт 7,500,000 төгрөг, хувцас, ном, шинжилгээний зардалд 393,000 төгрөгийг тус тус төлсөн.(хавтаст хэргийн 13, 16, 17, 18 дахь тал)
4.4. Охин А.Номиндарь нь Ерөнхий боловсролын******* сургуулийн 4-ын 4 ангид суралцдаг бөгөөд 2023-2024 оны хичээлийн жилийн төлбөрт 7,500,000 төгрөг, 2024-2025 оны хичээлийн жилийн төлбөрт 8,500,000 төгрөг, дүрэмт хувцаст 420,000 төгрөг, ном сурах бичигт 190,500 төгрөг, хөгжимд 85,000 төгрөг, автобусны зардалд 3,210,000 төгрөг, Хоолны зардалд 2,032,000 төгрөгийг тус тус төлсөн.(хавтаст хэргийн 19 - 28 дахь тал)
4.5. Нэхэмжлэгч Б.******* нь “Дэлгэр Од Анд” ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Лондон хотын өвлийн аялалтай хөтөлбөр” сургалт зуучлалын гэрээ” байгуулсан.(хавтаст хэргийн 35 - 36 дахь тал)
4.6. “Лондон хотын өвлийн аялалтай хөтөлбөр”-ийн төлбөрт 11,300,000 төгрөгийг “Анхбаяр*******” гэсэн гүйлгээний утгатайгаар “Дэлгэр Од Анд” ХХК-д төлсөн.(хавтаст хэргийн 37, 38 дахь тал)
4.7. Нэхэмжлэгч Б.******* нь “Help Interenational” ХХК-тай 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдөр “Сургалт зуучлалын гэрээ” байгуулсан.(хавтаст хэргийн 111 - 112 дахь тал)
4.8. Нэхэмжлэгч Б.******* нь Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн тоот данснаас 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 3,400 ам.долларыг “Ankhbayar Nomindari” гэсэн гүйлгээний утгатайгаар тоот дансанд шилжүүлсэн.(хавтаст хэргийн 113 дахь тал)
4.9. Нэхэмжлэгч Б.******* нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн тоот данснаас 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдөр 5,100,000 төгрөгийг “ANKHBAYAR BOLORDARI JMMUN” гэсэн гүйлгээний утгатайгаар Голомт банк дахь Логарифм бүрэн дунд сургуулийн эзэмшлийн 436018442 тоот дансанд шилжүүлсэн.(хавтаст хэргийн 118 дахь тал)
4.10. Зохигчид охин А.Болордарь, А.Номиндарь нар эх Б.*******тай хамт байгаа тухайд, 2 хүүхдийн 2023-2024, 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр, нэмэлт сургалт болох дугуйлангийн төлбөр, бусад нэмэлт зардал болон эмчилгээний зардалд нийт 37,381,966 төгрөг гаргуулах тухайд маргаангүй.
Харин охин А.Болордарь, А.Номиндарь нарын асрамжийг өөрчлүүлэх тухайд маргаантай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6. “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00919 дугаартай шийдвэр гарснаас хойш эх Б.*******ы зүгээс охин А.Болордарь, А.Номиндарь нарын эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан, хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасан.
Нэхэмжлэгч Б.******* нь “охидоо асарч, халамжлах, эрүүл өсгөн бойжуулах, суралцах, хөгжүүлэх зэрэгт анхаарч, зөв хүн болгон хүмүүжих бүхий л нөхцөлийг хангахын тулд хичээн амьдарч, 2 охиныгоо сайн эрдэм, мэдлэгтэй, боловсролтой, эх орондоо хэрэгтэй иргэн болгохын тулд хувийн сургуульд суралцах боломжийг бий болгосон, сургалтын бүх төлбөр, хичээлээс гадуурх дугуйлан секц, хөтөлбөр, хэрэглээний зардал болон бусад нэмэлт зардлыг ганцаараа төлсөөр ирсэн” гэж тайлбарлаж, нэмэлт зардалд 37,381,966 төгрөгийг гаргуулахаар шаардсан байх ба хариуцагч Э.Анхбаяр нь шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа “нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрнө. Хүүхдийн нэмэлт зардлыг төлнө” гэх тайлбарыг гаргаж байх тул хариуцагчийн зөвшөөрлийн хүрээнд 37,381,966 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
7. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454,791 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 454,791 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3. 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Анхбаяраас 37,381,966 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай хариуцагч Э.Анхбаярын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454,791 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Анхбаяраас 454,791 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР