| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/04166/И |
| Дугаар | 192/ШШ2025/10818 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Даалгавар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/10818
2025 12 16 192/ШШ2025/10818
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд холбогдуулан Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “А.******* миний бие*******ын удирдах зөвлөлийн 2025.01.10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон бөгөөд 2025.04.01-ний өдөр ажлаас хууль бусаар үндэслэлгүйгээр халагдсан байна. Мөн дээрх халагдсан тушаалыг хүчингүй болгуулахаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025.04.03-ны өдөр гомдол гаргасан боловч эвлэрэн хэлэлцэж чадаагүй бөгөөд хариуг 2025.04.30-ны өдөр гаргаж авсан байна. 2025.04.01-ний өдрийн А.*******ийг гүйцэтгэх захиралын албан тушаалаас чөлөөлөх тухай тушаал нь дараах хууль болон дүрэм зөрчиж байна. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 2 дугаар бүлэг 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх хэсэгт гүйцэтгэх захиралыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх эрх нь удирдах зөвлөлд байна гэж заасныг зөрчсөн. Иймд Танхимын ерөнхийлөгч Л.Төр-Од нь хууль болон дүрэмд заагаагүй эрх эдэлж гүйцэтгэх захирлыг хууль бус, үндэслэлгүйгээр халсан учир 2025.04.01-ний өдрийн 33 дугаар бүхий А.*******ийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан 2025 оны 04 сарын 01-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийг хүртэл хугацааны цалин 25,650,000 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилтийг хийлгэж зөрчигдсөн эрхийг сэргээж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Гүйцэтгэх захирал А.*******ийг танхимын дүрэм, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, танхимын Ерөнхийлөгчийн дүрмээр хүлээсэн гадаад, дотоодод төлөөлөх эрхэд шууд халдсан, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дур мэдэн танхимын байр суурийн эсрэг мэдээллийг хийсэн, танхимын хадгаламжийн дансыг эрх хэтрүүлж, шилжүүлэх үйлдэл хийсэн зэрэг ажил олгогчийн итгэлийг алдсан зөрчлийг удаа дараа гаргасан тул онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн албан тушаалаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй. Ажлаас чөлөөлөх эрх хэмжээг танхимын ерөнхийлөгчид дүрмээр эрх олгосон тул ажлаас чөлөөлөх тушаал гаргах эрхтэй. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Хан-Уул дүүргийн 3 талт хорооны 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 25/40 дугаартай тэмдэглэл, гүйцэтгэх захирал томилох тухай 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай тушаалын хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар, 0348 дугаартай итгэмжлэл, Өдрийн сонин 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №038(7650 дугаар), 02/277 дугаартай мэдэгдлийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтийг ирүүлсэн.
Хариуцагчаас шилжүүлэн томилон тухай тушаалын хуулбар, хөлсөөр ажиллах гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 02/560 дугаартай итгэмжлэл, орон тоо, албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай, бүтэц зохион байгуулалт, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, 2025 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 02/908 дугаартай итгэмжлэл, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 02/973 дугаартай итгэмжлэлийг ирүүлсэн.
Шүүхийн журмаар*******ын 2025.04.01-ний өдрийн 33 дугаар А.*******ийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалын хуулбарыг*******ын 10 дугаар их хурлын 2019.02.28-ны өдрийн 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан дүрэм,*******ын хөдөлмөрийн дотоод журам, гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчийг томилох тухай 17 дугаартай тушаалын хуулбар, гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай 01 дугаартай тушаалын хуулбарыг гаргуулан авсан.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч А.******* нь урьд эрхэлж байсан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирлын ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2025 оны 04 сарын 01-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийг хүртэл хугацааны цалин 25,650,000 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж татгалзжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлийн хурлын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн албан тушаалаас чөлөөлсөн.(хавтаст хэргийн 61 дэх тал)
3.2. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлийн хурлын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор А.*******ийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирлаар томилж, 14 хоногийн дотор гэрээ байгуулахыг*******-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одод даалгасан.(хавтаст хэргийн 9 дэх тал)
3.3. Нэхэмжлэгч А.******* нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Л.Төр-Одтой 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг дараагийн ээлжит их хурал товлогдон шинэ гүйцэтгэх захирал томилогдох хүртэл хугацаагаар байгуулсан.(хавтаст хэргийн 10 - 12 дахь тал)
3.4. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 33 дугаартай тушаалаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал А.*******ийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн.(хавтаст хэргийн 61 дэх тал)
3.5. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 25/40 дугаартай тэмдэглэл гарсан.(хавтаст хэргийн 5 – 8 дахь тал)
3.6. А.*******ийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирлын ажлын байранд ажиллаж байсан тухайд зохигчид маргаангүй. Харин А.*******ийг ажлаас чөлөөлсөн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 33 дугаартай дугаартай тушаал хууль бус эсэхэд маргаантай.
4. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 33 дугаартай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.4 дэх заалт, 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, 123.3 дахь хэсэг,*******-ын дүрмийн 9.2.3, 9.2.10 дахь заалт,*******-ын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.1.3 дахь заалт, А.*******тэй байгуулсан “Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Гүйцэтгэх захиралтай байгуулах Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ”-ний 2.2.5 дахь заалтыг тус тус үндэслэсэн байна.
5. Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 65 дугаар зүйлийн 65.4. “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 80 дугаар зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр ажил олгогч санаачлан цуцалж болно”, 65.4.4 “ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ажил олгогчийн итгэлийг алдсан, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг давтан, эсхүл ноцтой зөрчсөн”, 78.1. “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно”, 78.1.9. “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан”, 123.2. “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна”, 123.2.5. “ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах”, 123.3. “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана” гэж тус тус заасан.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.4-т заасныг үндэслэж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэх боловч нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, танхимын Ерөнхийлөгчийн дүрмээр хүлээсэн гадаад, дотоодод төлөөлөх эрхэд шууд халдсан, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дур мэдэн танхимын байр суурийн эсрэг мэдээллийг хийсэн, танхимын хадгаламжийн дансыг эрх хэтрүүлж, шилжүүлэх үйлдэл хийсэн зэрэг ажил олгогчийн итгэлийг алдсан зөрчлийг удаа дараа гаргасан, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг давтан эсхүл ноцтой зөрчлийг гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
6. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Гишүүнчлэлгүй төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.1.4 “гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх”, 11.2-т “Гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын дүрэмд өөрөөр заагаагүй бол түүний эрх барих байгууллага нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрх бүхий удирдах зөвлөл байна” гэж заасан.
Мөн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.10. “Удирдах зөвлөлийн эрх, үүрэг”, 7.10.9. “Гүйцэтгэх захирлыг Ерөнхийлөгч нэр дэвшигчдийн дундаас сонгон санал оруулж, нууц санал хураалтаар ердийн олонхиор сонгон батлах”, 9 дүгээр зүйлийн 9.1. “Танхимын Ерөнхийлөгч нь удирдах зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэнэ” , 9.2 “Ерөнхийлөгч нь дараах эрх үүрэгтэй байна”, 9.2.10. “Гүйцэтгэх захиралд нэр дэвшигчдээс сонгон удирдах зөвлөлд санал оруулан батлуулах, чөлөөлөх, эргүүлэн татах” гэж тус тус заасан байна.
“Бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай, тодорхой албан тушаалтанд хамаарах, зөвхөн тухайн албан тушаалд байгаа этгээд л эдлэх боломжтой, хэнтэй ч үл хуваалцах, хуулиар оногдуулж байгаа онцгой эрхийг илэрхийлэх бөгөөд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дүрмээр Удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлын чөлөөлөх бүрэн эрхийг танхимын Ерөнхийлөгчид шилжүүлсэн болох нь нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, Танхимын Ерөнхийлөгчийн эрх, үүрэг хэсэгт тусгагдсан “Гүйцэтгэх захиралд нэр дэвшигчдээс сонгон удирдах зөвлөлд санал оруулан батлуулах, чөлөөлөх, эргүүлэн татах” гэсэн заалтыг бүрэн эрх олгогдсон гэж үзэх боломжгүй юм.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 192/ШЗ2025/45917 дугаартай захирамжын дагуу хариуцагч талаас гаргуулан авсан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор “Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн байгаагаас үзэхэд гүйцэтгэх захирлын чөлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөл байна гэж шүүх үзлээ.
Мөн талуудын хооронд байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 4.4.-т “Ерөнхийлөгч энэхүү гэрээний биелэлт, үр дүнгийн саналаа жил бүрийн эхний улиралд Удирдах зөвлөлд танилцуулж дүгнүүлнэ” гэж заасныг зөрчиж дур мэдэн ажлаас чөлөөлсөн байна.
Иймд нэхэмжлэгч А.*******ийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Гүйцэтгэх захирлын ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1. “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан тул ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх 3 сарын дундаж цалин хөлснөөс тооцвол 2025 оны 04 сарын 01-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийг хүртэл 108 хоногийн олговорт 24,496,344 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч А.*******өд олгох нь зүйтэй.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй”, 43.2.7 дахь хэсэгт “Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж заасны дагуу нэхэмжлэгч А.*******ийн ажилгүй байсан хуагцааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим*******-д даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******ийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Гүйцэтгэх захирлын ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2025 оны 04 сарын 01-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийг хүртэл 108 хоногийн олговорт 24,496,344 төгрөгийг нэхэмжлэгч А.*******өд олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим*******-д даалгаж, үлдэх, 1,153,656 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 70.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,700 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим*******-аас 350,632 төгрөгийг гаргуулан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын 100200100941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР