| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0687/Э |
| Дугаар | 701 |
| Огноо | 2018-08-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 701
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Г даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч А.Мөнхзул,
шүүгдэгч С.Унарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаарр шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Уд холбогдох 1808032230873 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.Унь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны тойргийн автобусны буудал дээр үл ялих зүйлээр шалтаглан иргэн Н.Нийн нүүр, гар, эрүүн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч С.Унь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны тойргийн автобусны буудал дээр үл ялих зүйлээр шалтаглан иргэн Н.Нийн нүүр, гар, эрүүн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- хохирогч Н.Нийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 07 дугаар сарын 02-ны өглөө нөхөр бид 2 гэрээсээ гараад 000 УНӨ улсын дугаартай микро автобусаар шугаманд явсан. Баянхошууны тойрог дээр очтол 99999 УБЗ улсын дугаартай микро автобус хүн ачаад зогсож байсан. Манай микро автобусны араас 2 хүн тойрч ирээд “явах юм уу” гэж надаас асуухаар нь би “явна” гээд тэр 2 хүнийг аваад хөдөлсөн. Арын микро автобус дараагийн зогсоол дээр гүйцэж ирээд машинаа дараад мөргүүлэх шахаад зогссон. Тэгээд 99999 УБЗ улсын дугаартай микроны жолооч манай нөхрийг машиндаа сууж байхад нь бууж ирээд шууд заамдаж аваад хэл амаар доромжлоод “би энэ Баянхошуунд арван хэдэн жил явж байна, чи намайг амжихгүй шүү” гэхээр нь би “чи одоо 2 хүний төлөө үхлээ юу, ямар арчаагүй зантай юм бэ” гээд машин дотроосоо хэлсэн. Тэгсэн эхнэр нь бууж ирээд манай машины шил арчигчийн нэгийг хугалсан. Тэгээд машин руугаа явах гэхээр нь би машинаасаа буугаад өөрийнх нь машины шил арчигчийнх нь нэгийг адилхан хугалчихсан. Тэгсэн эхнэр нь манай нөхрийн толгой руу гараараа цохихоор нь “чи одоо болиоч ээ” гээд нэг удаа баруун гараараа эхнэрийг нь зүүн хацар руу алгадсан. Тэгсэн өөдөөс үс толгой үсдээд алгадаж маажаад байсан. Уянга нь миний үснээс зулгаагаад миний нүүрэн хэсэгт 5-н газарт, 2 гараараа маажсан. Мөн уруулын дотор яз цохигдсон. Мөн хүзүү, цээжин хэсэгт тус бүр нэг удаа маажсан.... гэх мэдүүлэг /хх-12-13/
- гэрч Э.Гын мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр эхнэр С.У хамт Баянхошууны тойрог дээр өөрийн эзэмшлийн 99999 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ хүн ачих гээд зогсож байхад 000 УНӨ улсын дугаартай микро автобус манай машины хажууд зогсож байхад 2 хүн манай машины ард хэсгээр зам хөндпөн гарч ирээд манай машинд суусан. Тэгээд би машинаа хөдөлгөөд тэр микроны хажууд зогсоод манайх ачих гэж байна ш дээ гэхэд жолооч нь над руу салаавч гаргаад байхаар нь би хөдөлсөн. Тэгсэн тэр микро автобус цуг хөдлөөд манай машинтай шахцалдаад байсан. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод бууж очоод тэр залууг заамдаж аваад чи яаж яваад байгаа юм бэ гэж хэлчихээд машиндаа суухад манай эхнэр тэр микро автобусны шил арчигчийг хугалчихсан. Тэр шил арчигчных нь никел гангалаа нь уначихсан. Тэгтэл кондуктор нь манай машины шил арчигчийг хугалаад унагаачихсан. Тэгээд би хөдлөх гэтэл манай эхнэр би эдний шил арчигчийг хугалаагүй ш дээ гээд шил арчигчийг нь хугалах гээд очиход нөхөр нь хугалуулахгүй гээд манай эхнэрийг бариад байсан. Тэгсэн кондуктор нь бууж ирээд манай эхнэрийг нэг удаа нүүрэн хэсэгт нь цохисон. Тэгээд бие биенийхээ үсийг зулгаагаад байсан. Тэгэхээр нь бид 2 очиж боль гэж салгасан. Манай эхнэрийн нүүрийг маажсан байна лээ. Миний харж байснаар манай эхнэр 2 гараараа Н.Нийн нүүрэн хэсэгт цохиод байсан... гэх мэдүүлэг /хх-15-16/
- гэрч А.Лын мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 07 дугаар сарын 02-ны өглөө эхнэр Н.Н бид хоёр 000 УНӨ улсын дугаартай микро автобусаар шугаманд явсан. Энэ үед Баянхошууны тойргийн автобусны буудал дээр хүн ачаад зогсож байхаар нь ард талд нь очиж зогсоод хүн аваад автобусны буудал дээрээс түрүүлээд хөдөлсөн. 99999 УБЗ улсын дугаартай микро автобус араас давхиж дунд буудал дээр ирээд жолооч нь надад хандаж өөдөөс салаавч гаргаад манай микронд суух ёстой байсан 2 хүнийг танай микро аваад хөдөлчихлөө гэж уурлаж дайраад байхаар нь чи битгий 2 хүн дээр хачин зан гаргаад байгаач гэтэл машинаасаа бууж ирээд миний зүүн талын шанааны хэсэгт нэг удаа гараараа цохисон. Кондуктор эмэгтэй намайг нэг удаа алгадсан. Энэ үед манай эхнэр Н.Н уурлаад тэр эмэгтэйд чи яагаад хүний нөхөр алгадаж байгаа юм бэ гэж хэлээд нэг удаа алгадсан. Кондуктор эмэгтэй манай эхнэрийг үсдэж аваад нүүрийг нь маажчихсан. Г гэх залуу дугаарлаж байгаад хүнээ ачсангүй гэж уурлаад байж байхад манай эхнэр тэдний нөхрийг нэг удаа алгадтал Уянга гэх эмэгтэй манай эхнэрийг үсдэж аваад нүүрийг нь маажсан... гэх мэдүүлэг /хх-17-18/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 8282 дугаартай:...Н.Нийн биед уруулд шарх, хамар, дээд уруул, зүүн завьж, эрүү. цээж, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-29/
- шүүгдэгч С.С.У мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 07 дугаар сарын 02-ны өглөө 6 өнгөрөөгөөд Баянхошууны тойрог дзэр хүн ачих гээд 99999 УБЗ улсын дугаартай микро автобустай нөхөр Гын хамт зогсож байсан. Тэгтэл ардаас 000 УНӨ гэх улсын дугаартай микро автобус ирж зогссон. Тэгтэл Манай машиныг хөдлөх гэтэл замын цаанаас 2 хүн байжийгаарай сууя гээд гар өргөхөөр нь зогсоод авах гээд хүлээж байтал манай машины нилээн ард зогсож байсан 000 УНӨ гэх микро автобус манай машиний хажууд зорчих эгнээнд давхар зогсож байгаад тэр 2 хүнийг аваад явсан. Тэгэхээр нь манай нөхөр Г “чи одоо яаж яваад байгаа юм бэ” гэтэл салаавч өгөөд урагшаа хаазлаад явсан. Тэгэхээр нь бид 2 хөдлөж байсан болохоор буудлынхаа хүнийг алдахгүй гэж бодоод ардаас нь хөдөлсөн. Тэгтэл 000 УНӨ микро автобус урд зам хаагаад явуулахгүй байсан. Тэгэхээр нь буудал дээр зогсож хүнээ авах гээд би орилож байтал 000 УНӨ микро автобусны кондуктор давхар орилоод байсан. Тэгэхээр нь бид 2 дахиад явах гэтэл урд гарчаад машиныхаа хар утааг хаазлаж гаргаад байхаар нь манай нөхрийн уур нь хүрээд “чи одоо яаж яваад байгаа юм бэ” гэсэн. Тэгтэл манай нөхөр машинаасаа буугаад тэр залууг заамдаж аваад чам шиг хүн манай Баянхошуунд ингэж явдаггүй юм гэж хэрэлдсэн. Тэгээд байж байхаар нь би тэдний машин дээр очоод шил арчигчийг нь нугалсан чинь шил арчигч нь буцаад харвасан. Тэгсэн тэр эмэгтэй бууж ирээд манай машины шил арчигчийг хугалсан. Тэгээд манай нөхөр хөдлөх гэхэд нь би машиныхаа шил арчигчийг хартал манай машины шил арчигч хугарсан байсан. Тэгэхээр нь би нөхөртөө би эдний шил арчигчийг хуглаагүй ш дээ алив зогсож бай адилтай бол адилтай гээд буугаад тэдний шил арчигчийг хугалах гээд очтол нөхөр нь миний 2 гарыг барьчаад тавихгүй байсан. Тэгээд эхнэр нь машинаасаа бууж ирээд “та 2 манай нөхөр лүү дайрлаа” гээд миний цээжин хэсэг рүү гараараа 1 удаа цохихоор нь зөрүүлээд зодсон. Би тэр эмэгтэйн нүүр хэсэгт хоёр гараараа маажсан. Мөн цээжин хэсэгт нь гараараа цохисон. Тэгээд тэр эмэгтэйн нөхөр нь цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-54-56/ гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж мэдүүлэг өгөхгүй, гэм буруутайгаа маргахгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Уянгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч С.Унь хохирогчийн биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдож байна.
Шүүгдэгч С.Унь хохирогч Н.Нд эрүүл мэндийн хохирол, төлбөр гэж түүнд 450.000 төгрөг төлсөн /хх-64/-аар бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч С.Унь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримт зэргээр тогтоогдох тул түүнд прокурорын саналын дагуу 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудал
Шүүгдэгч С.С.У иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.У хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Унь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, С.Унь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.У авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР