| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 2134002690329 |
| Дугаар | 2025/ДШМ/72 |
| Огноо | 2025-11-06 |
| Зүйл хэсэг | 24.2.1., 24.2.3., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/72
2025 11 06 2025/ДШМ/72
В.Б, У.У, “Б” ХХК-д
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Мөнхтайван,
Яллагдагч В.Б,
Яллагдагч В.Б, “Б” ХХК, У.У нарын өмгөөлөгч Ж.Баяржавхлан,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/1265 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор М.Мөнхтайвангийн бичсэн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 31 дугаар эсэргүүцлийг үндэслэн яллагдагч В.Б, У.У, “Б” ХХК нарт холбогдох эрүүгийн 2134002690329 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын ....-ны өдөр ...... төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн инженер мэргэжилтэй, “Б” ХХК-д уурхайн дарга ажилтай, ам бүл ....... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, В.Б, ........... регистрийн дугаартай,
Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын .....-ний өдөр ....... төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Архитектор мэргэжилтэй, “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл ........... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, У.У, ...........регистрийн дугаартай,
Хуулийн этгээд, 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 01 дугаартай шийдвэрээр үүсгэн байгуулагдсан, Улсын бүртгэлийн гэрчилгээ ........ дугаартай, Ашигт малтмалын ашиглалт, гадаад худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй, .............. тоотод байрлах албан ёсны хаягтай, "Б" ХХК, ...... регистрийн дугаартай.
Яллагдагч У.У нь "Б" ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа уурхайн дарга В.Бтай урьдчилан үгсэн тохиролцож 2021 оны 4 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Баянголын эх" гэх газарт МV-021523 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайгаас хэтрүүлж, тусгай зөвшөөрөлгүйгээр орон нутгийн тусгай хэрэгцээний 7,18га талбайд техник хэрэгсэл ашиглан ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 1,681,952,669 төгрөгийн хохирол учруулсан,
"Б" ХХК-ийн нэрийн өмнөөс ашиг сонирхлын төлөө MV-021523 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайгаас хэтрүүлж, 2021 оны 4 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Баянголын эх" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр орон нутгийн тусгай хэрэгцээний 7,18га талбайд техник хэрэгсэл ашиглан ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдаж, байгаль орчинд 1,681,952,669 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3.Төв аймгийн прокурорын газраас В.Б, У.У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
“Б” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх “65-00 ТТА” улсын дугаартай “САТ77ЗЕ” маркийн өөрөө буулгагч автосамосвал, “41-56 УБ” улсын дугаартай “Lingong-LG953” маркийн авто ачигч, “63-00 ТТА” улсын дугаартай “САТ77ЗЕ” маркийн өөрөө буулгагч автосамосвал, “62-14 ТТА” улсын дугаартай “Hitachi EX1200-6” маркийн эксковатор, “97-81 УН” улсын дугаартай “Hitachi EX1200-6” маркийн эксковатор, “12-90 ТТА” улсын дугаартай “САТ77ЗЕ” маркийн өөрөө буулгагч автосамосвал, “01-37 УБ” улсын дугаартай “САТD9” маркийн бульдозер, “29-20 ТТА” улсын дугаартай “САТ77ЗЕ” маркийн өөрөө буулгагч автосамосвал, “29-21 ТТА” улсын дугаартай “САТ77ЗЕ” маркийн өөрөө буулгагч автосамосвал, “12-87 ТТА” улсын дугаартай “САТ77ЗD” маркийн өөрөө буулгагч автосамосвал зэрэг тээврийн хэрэгслүүдийн жолооч нарыг хэрэгт гэрчээр асуух,
-2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөгч байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг гаргуулахаар “Сайхан Ариун Дэлхий” ХХК-ийг томилжээ. /1-хх-143/
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4-т “мэргэжлийн байгууллага “ гэж тухайн хэрэг, маргаанд хамааралгүй салбар яам, агентлаг, тусгай чиг үүрэг бүхий байгууллага, эсхүл эрх бүхий байгууллагаас мэргэжлийн байгууллагын эрх авсан хуулийн этгээдийг ойлгохоор хуульчилсан байна.
2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...интернэт цахимаас авах боломжтой...” гэж тайлбарласныг шүүх хууль ёсны үндэслэлгүй гэж үзсэн байхад шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №05/4629 дугаартай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны албан бичгээр “Сайхан ариун дэлхий” ХХК нь байгаль орчны үнэлгээ хийх эрх бүхий байгууллага мөн” /8-р хх-ийн 213 тал/ гэх тайлбар гаргасан нь мөн л үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ”, 8.2 дугаар зүйлийн 8.2.2-т “энэ хуулийн 11.1-д заасны дагуу шинжилгээ хийх эрх авсан шинжээч” гэж,
Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.7-д заасан тусгай зөвшөөрлийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 5-д заасан шаардлагыг хангасан Монгол Улсын аж ахуйн нэгжид байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж, 12.5 дахь хэсэгт “Аж ахуйн нэгжид байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр гурван жилийн хугацаатай олгоно” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №05/4629 дугаартай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны албан бичгээр “Сайхан ариун дэлхий” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй гэж үзэх боломжгүй.
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ" болох нотолбол зохих байдлыг тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно” гэж, мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ”, 3 дахь хэсэгт “Эд хөрөнгийг битүүмжлэхдээ эд хөрөнгөө бусдад шилжүүлэх, устгах, өөрчлөх, захиран зарцуулах, хөдөлгөхийг хориглож, өөрт нь, эсхүл бусад боломжтой хүнд хадгалах, хамгаалах үүрэг хүлээлгэнэ” гэж заасан,
-яллагдагч У.У, В.Б, “Б” ХХК нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “65-00 ТТА” улсын дугаартай “САТ77ЗЕ” маркийн “эзэмшигч нь тодорхойгүй” 902.704.922 төгрөг /6-р хх-ийн 246-249 тал/-ийн үнэлгээ бүхий өөрөө буулгагч автосамосвал,
“41-56 УБ” улсын дугаартай “Lingong-LG953” маркийн “Б” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 106.059.375 төгрөг /6-р хх-ийн 250-с 7-р хх-ийн 1-3 тал/-ийн үнэлгээ бүхий авто ачигч,
“63-00 ТТА” улсын дугаартай “САТ77ЗЕ” маркийн “эзэмшигч нь тодорхойгүй” 1.023.328.125 төгрөг /7-р хх-ийн 4-7 тал/ ийн үнэлгээ бүхий өөрөө буулгагч автосамосвал,
“62-14 ТТА” улсын дугаартай “Hitachi EX1200-6” маркийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 1.038.997.125 төгрөг /7-р хх-ийн 9-14 тал/-ийн үнэлгээ бүхий эксковатор,
“97-81 УН” улсын дугаартай “Hitachi EX1200-6” маркийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 1.125.580.219 төгрөг /7-р хх-ийн 15-20 тал/-ийн үнэлгээ бүхий эксковатор,
“12-90 ТТА” улсын дугаартай “САТ77ЗЕ” маркийн “Тээвэр хөгжлийн банк” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 840.206.953 төгрөг /7-р хх-ийн 21-26 тал/-ийн үнэлгээ бүхий өөрөө буулгагч автосамосвал,
“01-37 УБ” улсын дугаартай “САТD9” маркийн “Кредит банк” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 963.000.000 төгрөг /7-р хх-ийн 27-32 тал/-ийн үнэлгээ бүхий бульдозер,
“29-20 ТТА” улсын дугаартай “САТ77ЗЕ” маркийн “Тээвэр хөгжлийн банк” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 861.777.344 төгрөг /33-37 тал/-ийн үнэлгээ бүхий өөрөө буулгагч автосамосвал,
“29-21 ТТА” улсын дугаартай “САТ77ЗЕ” маркийн “Тээвэр хөгжлийн банк” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 902.390.625 төгрөг /7-р хх-ийн 38-42 тал/-ийн үнэлгээ бүхий өөрөө буулгагч автосамосвал,
“12-87 ТТА” улсын дугаартай “САТ77ЗD” маркийн “Тээвэр хөгжлийн банк” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 886.885.117 төгрөг /7-р хх-ийн 43-48 тал/-ийн үнэлгээ бүхий өөрөө буулгагч автосамосвал зэрэг тээврийн хэрэгслийг огт битүүмжлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгч болон прокурорын тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцуулах тухай прокурорын тогтоол хэрэгт авагдаагүй,
-Мөн тухайн “01-37 УБ” улсын дугаартай “САТD9” маркийн “Кредит банк” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, “65-00 ТТА” улсын дугаартай “САТ77ЗЕ” маркийн өөрөө буулгагч автосамосвал, “63-00 ТТА” улсын дугаартай “САТ77ЗЕ” маркийн бүхий өөрөө буулгагч автосамосвал зэрэг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тодорхойгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хуулийн этгээдүүдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, мэдүүлэг аваагүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсгүүдэд заасан шаардлагыг хангаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадахгүй тул зайлшгүй хийж гүйцэтгэх.
-Түүнчлэн 1-р хх-ийн 89 дүгээр хуудсанд Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №07/815 дугаартай албан бичгээр “...солбилцлыг зурагт оруулан шалгаж үзэхэд Заамар сумын нутаг дэвсгэрт нийт 10.58 га талбай байгаагаас 9.29 га талбайн MV-021523 дугаартай “Б” ХХК талбайд, 0.82 га талбайн MV-017499 дугаартай “Ньюхаппи” ХХК-ийн талбайд... хамаарч байна” гэх баримт авагдсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж зааснаар хохирогч байгууллагын эрх хөндөгдсөн эсэхийг шалгах,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан бөгөөд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа 1-р хх-ийн 7-8, 10-12, 23-22, 94-139, 212, 224-227, 238-244, 246-250 тал/, 2-р хх-ийн 1-19, 21, 23, 25-37, 68, 72 дугар хуудас дахь “Хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай” мөрдөгчийн тогтоол, 77-80 тал, 4-р хх-ийн 5, 11, 61 дэх хуудас дахь “Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай” мөрдөгчийн тогтоол, 65-222 тал дахь харилцах дансны хуулга, 226-227 тал дахь шалгалт хийсэн тухай тэмдэглэл, 5-р хх-ийн 21 дүгээр хуудас дахь “Хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай” мөрдөгчийн тогтоол, 23 дугаар талаас 6-р хх-ийн 211 тал, 6-р хх-ийн 230 дугаар хуудас дахь “Хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай” мөрдөгчийн тогтоол, зэрэг нотлох баримтууд болон мөрдөгчийн тогтоол нь хуулбар хувь /хуулбар үнэн тэмдэг дарсан ч эрх бүхий этгээдийн гарын үсэг, он, сар, өдөр байхгүй/ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 1-т “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно” гэж, 3-т “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж, 4-т “ Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэж тус тус заасантай нийцэхгүй байх тул хуульд заасан шаардлагыг хангуулах нь зүйтэй байна.
Иймд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч В.Б, У.У, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Б” ХХК-д тус тус холбогдох эрүүгийн 2134002690329 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, прокурорт очтол яллагдагч В.Б, У.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн 2134002690329 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “CD”, “нууц” гэсэн дугтуйтай 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Н/09” дугаартай албан тоотын хамт 1 хавтас, 13 хуудас материалыг хэргийн хамт Төв аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгаж, иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5. Прокурор М.Мөнхтайван 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 31 дугаар эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна." гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Үүнд:
Өмнө нь тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 487 дугаартай захирамжид заагдсан мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дүүрэн хийгдэж хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
1. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх "65-00 ТТА" улсын дугаартай "САТ773E" маркийн өөрөө буулгагч автосамосвал, "41-56 УБ" улсын дугаартай "Lingong-LG953" маркийн авто ачигч, "63-00 ТТА" улсын дугаартай "САТ773Е" маркийн өөрөө буулгагч автосамосвал, "62-14 ТТА" улсын дугаартай "Hitachi EX1200-6" маркийн эксковатор, "97-81 УН" улсын дугаартай "Hitachi EX1200-6" маркийн экскаватор, "12- 90 ТТА" улсын дугаартай "САТ773E" маркийн өөрөө буулгагч автосамосвал, "01-37 УБ" улсын дугаартай "CATD9" маркийн бульдозер, "29-20 ТТА" улсын дугаартай "САТ773Е" маркийн өөрөө буулгагч автосамосвал, "29-21 ТТА" улсын дугаартай "САТ773Е" маркийн өөрөө буулгагч автосамосвал, "12-87 ТТА" улсын дугаартай "САТ773D" маркийн өөрөө буулгагч автосамосвал зэрэг тээврийн хэрэгслүүдийн жолооч нарыг хэрэгт гэрчээр асуух гэсэн мөрдөн шалгах ажиллагааг явуулах боломжгүй байна. Учир нь дээрх тээврийн хэрэгслүүдийн жолооч нар нь одоо хаана байгаа оршин суугаа газар, ямар ажил хөдөлмөр эрхэлж байгаа эсэхийг тогтоох боломжгүй, “Б" ХХК-д албан ёсны хөдөлмөрийн гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээ огт байгуулаагүй байдаг. Хэрэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх тээврийн хэрэгслүүдийн жолооч Ж.Т, Ж.Б нараас гэрчээр мэдүүлэг авсан байдаг.
Гэрч Ж.Т "... Би энэ хугацаанд "САТ773Е" маркийн дамп л унаж ашиглаж байсан. Яг аль дугаартайг нь унаж ашиглаж байсан талаараа мэдэхгүй байна, эвдрэл, засварын асуудал гарахаар тухайн үед уна гэж өгсөн техникийг сольж унаад явдаг байсан болохоор хэзээ нь алийг нь унаж ашиглаж байсан гэдгээ нарийн хэлж мэдэхгүй байна. "Б" ХХК-д намайг ажилд орохоос өмнө уг талбайд нуралт болж эгц өндөр хана үүссэн байсан бөгөөд уг ханыг дахин нурахаас урьдчилан сэргийлж аюулгүй болгох зорилгоор налуу болж засаж байсан бөгөөд 2021 оны 4 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд налуу болгож засаж байгаа хананаас гарсан шороог дээрх техникүүдээр зөөж шороон овоолго буюу отвол руу зөөдөг байсан..." гэсэн мэдүүлэг 9 дүгээр хавтаст хэргийн 113-115 дугаар хуудаст, гэрч Ж.Бгийн "... Осол болсон талбай дээр дахиж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй, осол болоод үйл ажиллагааг бүрэн зогсоосон, харин дараа нь 2021 онд ослын улмаас карьерын хана нурж эгц налуу үүссэн, үүссэн эгц налуу нь дахиж нурах аюултай байсан тул аюулгүй болгохын тулд ханыг өргөсгөж аюулгүй болгосон юм. Энэ үед зөвхөн шороо тээвэрлэх ажил хийгдсэнээс ашигт малтмал олборлох ажил хийгдээгүй юм. Шороо зөөж байсан тээврийн хэрэгслийн жолооч нар том оврын машинтай ажиллаж байсан, жолооч нарыг нь одоо хаана байгаа талаар мэдэхгүй одоо холбоо байхгүй, танихгүй, компанийн үйл ажиллагаа зогссон болохоор мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг 9 дүгээр хавтаст хэргийн 118-119 дугаар хуудаст тус тус авагдсан байна. Тухайн үед ашиглаж байсан гэх тээврийн хэрэгслүүдийн жолооч нараас гэрчээр мэдүүлэг авах шаардлагагүй бусад байдлаараа нотлогдсон болно.
2. 8 дугаар хавтаст хэргийн 213 дугаар хуудаст авагдсан Монгол Улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 05/4629 дугаартай албан бичигт "Сайхан ариун дэлхий" ХХК нь тусгай зөвшөөрөлтэй зөвшөөрлийн хүчинтэй хугацааг 2027 онд дуусна гэсэн албан бичиг хэрэгт авагдсан ба "Сайхан ариун дэлхий" ХХК нь тусгай зөвшөөрөлтэй гэж үзнэ.
3. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх "65-00 ТТА" улсын дугаартай "САТ773Е" маркийн өөрөө буулгагч автосамосвал, "63-00 ТТА" улсын дугаартай "САТ773Е" маркийн өөрөө буулгагч автосамосвал зэрэг тээврийн хэрэгслүүдийн эзэмшигчийг тогтоох талаар урьд гарсан тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 487 дугаартай захирамжид заагдаагүй байсан тул дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгээгүй болно.
4. Ньюхаппи ХХК-ийн захирал Ц.Т "...Манай компанийн зүгээс “Б” ХХК-ийн гаргасан асуудалтай холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг өгсөн нь хэрэгт авагдсан байдаг. Үүнээс харахад “Ньюхаппи” ХХК нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан энэ гэмт хэргийн хохирогч биш байна.
5. Шүүгчийн захирамжид заасан нотлох баримтуудад бүгдэд нь хуулбар үнэн тэмдгийг дарж баталгаажуулсан байдаг ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан "Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ." гэсэн хуулийн шаардлагад нийцэж байна гэж дүгнэв.
Дээр дурдагдсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нотлох баримтуудыг хууль ёсны гэж үзлээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна." гэж хуульчилсан байхад шүүгчийн захирамжид заасан хэргийг прокурорт буцааж буй үндэслэлүүд нь ойлгомжгүй хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/Ш3/1265 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн", 1.3-т заасан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн" гэх үндэслэлүүдээр хүчингүй болгож өгнө үү.” гэв.
6. Яллагдагч В.Бийн тайлбарын агуулга “...Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна...” гэв.
7.Яллагдагч В.Б, У.У болон “Б” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Б ХХК”-ийн зүгээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх тээврийн хэрэгслүүдийн жолооч нарын мэдээллийг гаргаж өгөх боломжгүй. Жолооч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас компанид тэдний хувийн мэдээлэл байхгүй учраас энэ талаар бусад ажиллагааг явуулах боломжгүй. Харин шүүгчийн захирамжид заасан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор орхигдуулсан нь үнэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх яллагдагч В.Б, У.У болон “Б” ХХК нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор М.Мөнхтайвангийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн бүхэлд нь хянан үзлээ.
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоосноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэх, эсхүл цагаатгах үндэслэл болдог тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг хүлээнэ.
2.Анхан шатны шүүх яллагдагч В.Б, У.У болон “Б” ХХК-д холбогдох эрүүгийн 2134002690329 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, яллагдагч В.Б, У.У болон “Б ХХК-ийн өмгөөлөгч Б.Баяржавхлангийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулж, 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/1265 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй тул хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
3.Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаас дүгнэвэл, "Б" ХХК-ийн гүйцэтгэх захирал У.У, Уурхайн олборлолтыг хариуцан ажиллаж байсан уурхайн дарга В.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцож, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс ашиг сонирхлын төлөө MV-021523 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайгаас хэтрүүлэн 2021 оны 4 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд Төв аймаг Заамар сум Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянголын эх” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр орон нутгийн тусгай хэрэгцээний 7.18 га талбайд техник хэрэгсэл ашиглан ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар, хууль бусаар газрын хэвлийд халдаж, байгаль орчинд 1.681.952.669 төгрөгийн хохирол учруулсан эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс “Б" ХХК, гүйцэтгэх захирал У.У, Уурхайн олборлолтыг хариуцан ажиллаж байсан уурхайн дарга В.Б нарыг яллагдагчаар татан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг шалгасан байгаа ч хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй буюу хүртээмжтэй байдал хангагдаагүй байна.
3.1.Өөрөөр хэлбэл, мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолын дагуу “Сайхан Ариун Дэлхий” ХХК нь байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг гаргасан байгаа ч хуульд заасан эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан эсэх нь тодорхойгүй, Капитрон банкнаас ирүүлсэн “Б” ХХК компанийн эзэмшдэг MN430030003055007356 тоот дансны гүйлгээний хуулга нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй хэрэгт авагдсан, “Ньюхаппи” ХХК одоо үйл ажиллагаа явуулдаг, эрх ашиг нь хөндөгдөж байгаа эсэхийг шалгаж тогтоосон зүйлгүй байхаас гадна гэмт хэрэг үйлдэхэд ашигласан арван тээврийн хэрэгслүүдийг битүүмжлэх болон 65-00ТТА, 63-00TTA улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийг тогтоох ажиллагааг хийгээгүй нь шүүх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх нөхцөл үүссэн тохиолдолд сөргөөр нөлөөлөх үр дагавар үүсэх, хуулийн этгээд болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1-д заасан хохирогч, энэ хуулийн 8.5 дугаар зүйлд заасан иргэний нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдөх магадлалыг бий болгож байна.
3.2.Түүнчлэн прокурорын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 59 дугаар тогтоолоор яллагдагч "Б" ХХК-ийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс ашиг сонирхлын төлөө MV-021523 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайгаас хэтрүүлэн 2021 оны 4 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд Төв аймаг Заамар сум Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянголын эх” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр орон нутгийн тусгай хэрэгцээний 7.18 га талбайд техник хэрэгсэл ашиглан ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдаж, байгаль орчинд 1.681.952.669 төгрөгийн хохирол учруулсан гэж,
Уурхайн олборлолтыг хариуцан ажиллаж байсан уурхайн дарга В.Бийг "Б" ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Утай урьдчилан үгсэн тохиролцож MV-021523 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайгаас хэтрүүлэн 2021 оны 4 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд Төв аймаг Заамар сум Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянголын эх” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр орон нутгийн тусгай хэрэгцээний 7.18 га талбайд техник хэрэгсэл ашиглан ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдаж, байгаль орчинд 1.681.952.669 төгрөгийн хохирол учруулсан гэж үйл баримт болон гэмт хэрэгт хамтран оролцсон байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу журамлан өөрчлөлт оруулан 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн мөртлөө У.Уыг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн прокурорын тогтоолд өөрчлөлт оруулаагүй нь яллагдагч ямар гэмт хэрэгт татагдан, яллагдах гэж байгаа хуулийн зүйл заалтыг мэдэх, улмаар гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болно.
3.3.Мөн 8 дугаар хавтаст хэргийн 155 дугаар хуудсанд авагдсан мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг харьяаллын бус мөрдөн шалгах байгууллагаар хийлгэх тухай” тогтоолд заасан даалгаврын дагуу Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Шарын гол сумын сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч ахмад гэрч Г.Б-аас авсан мэдүүлэг, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Экологийн асуудал хариуцсан байцаагч, дэслэгч С.Б-ийн гэрч М.Б-аас авсан мэдүүлгүүд нь хуулбар байх ба гэрч Г.Б-ын мэдүүлэг уншигдах боломжгүй байна. Шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй уг баримтыг хэрэгт ач холбогдолтой ямар үйл баримтыг мэдэж гэрчилсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байдлыг үүсгэж байна.
4.Харин мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгчийн гаргасан “Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан тухай” тогтоол хуулбар хувь байгаа нь хэрэгт авагдсан баримтыг үнэлэхэд болон хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт сөргөөр нөлөөлөх ноцтой нөхцөл байдлыг шууд үүсгэхээргүй байгаа ч мөрдөгч, прокурор нь цаашид анхаарах нь зүйтэй.
4.1.Мөн Экологийн цагдаагийн газар нь яллагдагч "Б" ХХК 2021 оны 4 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд Төв аймаг Заамар сум Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянголын эх” гэх газрын хэвлийд хууль бусаар халдах үед ашиглаж байсан тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллаж байсан хүмүүсээс хэргийн үйл баримтыг тодруулах зорилгоор тэдний нэр, оршин суугаа хаягийн талаарх мэдээллийг авах ажиллагааг хийсэн боловч хөдөлмөрийн харилцаатай холбоотой баримт ажил олгогч компанид байхгүй талаарх баримт 9 дүгээр хавтаст хэргийн 120 дахь хуудсанд авагдсан. Мөрдөгч 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр тэмдэглэл үйлдэж “Шалгалт хийсэн тухай тэмдэглэл”-ийг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан байна.
Иймд шүүгчийн захирамжаас зарим хэсгийг үндэслэлгүй гэж үзэх, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үйл баримт тогтоогдсон гэж үзэхээр байна.
5.Гэхдээ давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг хийж гүйцэтгэх хугацаа зааж, прокурорт даалгах боломжгүй, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дугаар зүйлд заасан эрх хэмжээг гагцхүү анхан шатны шүүх хэрэгжүүлж нэмэлт ажиллагаа явуулах боломжтой байхад энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал гэж үзэж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж заасан үндэслэлд хамаарч байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлээс “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгох...” хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
6.Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч В.Б, У.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/1265 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор М.Мөнхтайвангийн бичсэн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 31 дугаар эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч В.Б, У.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ
З.ТҮВШИНТӨГС