Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2019/00960

 

 

 

 

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2019/00960

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Бийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00707 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Б хариуцагч Д.Гд холбогдох О.Доржлхагвад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл, Сонгинохайрхан дүүргийн нотариатын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 064 тоот авлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч Д.Г нь 2012 оны 05 сарын 22-ны өдөр нас барсан Сонгинохайрхан дүүргийн иргэн О.Пүрэвдорж гэгчийн төрсөн дүү болох О.Доржпхагва гэгчид 2018 оны 04 сарын 27-ны өдөр 064 тоот өвлөх эрхийн гэрчилгээг гаргахдаа Иргэний хуулийн 528.2-т заасан энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал өвийг хүлээн авсан гэж үзнэ. Мөн хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч эд хөрөнгийг хүлээн аваагүй, хүлээн авах тухай хүсэлтийг зохих байгууллагад гаргаагүй бол түүнийг өвлөх эрхээс татгалзсан гэж үзнэ гэсэн хуулийн зохицуулалтыг алдагдуулсан.

Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч Д.Г нь талийгаач О.Пүрэвдоржийг 2012 оны 05 сарын 22-ны өдөр нас барсан байгааг мэдсээр байж 6 жилийн дараа 2018 оны 04 сарын 27-ны өдрийн 064 тоот өвлөх эрхийн гэрчилгээг О.Доржлхагва гэгчид өвлөх эрхийн гэрчилгээгээр газар олгосон байна. Энэ нь нэхэмжлэгч миний эзэмшиж байгаа газар дээр маргаан үүсгэх, миний газрын эрх ашиг хөндөгдөж байгаа тул Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч Д.Гийн өвлөх эрхийн гэрчилгээг О.Доржлхагва гэгчид 2018 оны 04 сарын 27-ны өдөр 064 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: 2018 оны 04 сарын 27-ны өдрийн 064 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, Мандал 1 гудамж, 126 тоот хаягт байрлах 651.10 м.кв талбайтай газар өмчлөх эрхийг өв хүлээн авагч О.Доржпхагвад өвлүүлсэн байна. О.Пүрэвдорж нь 2012 оны 05 сарын 22-ны өдөр нас барсан болох нь 05/007148 тоот нас барсны гэрчилгээгээр нотлогдсон байна. Өвлүүлэгч О.Пүрэвдорж нь гэр бүлгүй байсан болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2018 оны 04 сарын 26- ны өдрийн 05/007147 тоот лавлагаагаар нотлогдоно.

Өв хүлээн авагч О.Доржлхагва нь өвлүүлэгч төрсөн ах О.Пүрэвдоржтой нас барах хүртэл хамт амьдарч байсан болох нь 2018 оны 04 сарын 26-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны тодорхойлолтоор нотлогдоно. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т заасны дагуу бусад өвлөгчид нь өв хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллагуудад нь гаргаагүй учраас өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. О.Пүрэвдорж нь 2012 оны 05 сарын 22-ны өдөр нас барсан ба өвлөх эрхийг 2018 оны 04 сарын 27-ны өдөр нээх хүртэл аливаа нэгэн этгээдээс өвийн талаар ямар нэгэн хүсэлт огт гаргаж байгаагүй болно. Дээрх нотлох баримтуудаас үзэхэд Иргэний хуулийн 520.1.2-т заасны дагуу өв хүлээн авагч О.Доржпхагва нь 2-р зэргийн хууль ёсны өвлөгч мөн учраас хуулийн дагуу өвлөх эрх нээгдэн дээрх газар өмчлөх эрх нь хууль ёсны өвлөгчид өвлөгдсөн болно гэжээ.

           

Шүүх:  Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.3-т зааснаар Д.Гд холбогдох, О.Доржпхагвад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл, Сонгинохайрхан дүүргийн нотариатын 2018 оны 04 сарын 27-ны өдрийн 064 тоот “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г тус тус хүчингүй болгуулах тухай, Н.Бийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Бийн давж заалдах гомдолд: Шүүх хуралдаан болсон өдөр буюу 2019 оны 3 сарын 25-ны өдөр 08 цаг 40 минутанд шүүх хаалгаа нээсэн бөгөөд бид шүүх хуралд ирсэн тухайгаа хэлэхэд 2 дугаар зааланд хурал болж байгаа гэсэн боловч ямар ч хурал хийгээгүй байсан. Шүүгчийн туслах нь 2 дугаар зааланд болж байгаа тухай хэлсэнч энэ шүүх хурал нь хурлын танхимд болоогүй. Иймд зохигчдыг шүүх хуралд оролцуулаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж дүгнэсэн нь худал болно. Шүүхэд ирсэн бүх хүмүүс үүдэнд нь байсан ба хурал болоогүй байхад шүүгч нь хурал хийсэн мэтээр шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт хамааралтай хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй, Иргэний хуулийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасан хуулийн хэрэглээг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Д.Гд холбогдуулан О.Доржлхагвад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл, Сонгинохайрхан дүүргийн нотариатын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 064 тоот авлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгчийн “хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй байна.

Шүүгчийн туслах шүүх хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08 цаг 30 минутад товлогдсон талаар нэхэмжлэгч Н.Бийн 80218021 дугаарын утсанд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн мэдэгдэх хуудас хэргийн 45 дугаар талд байна. Шүүх хэргийг зохигчдын эзгүйд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгтэй нийцсэн. Нэхэмжлэгч хурал болсон өдөр 08 цаг 40 минутад шүүхийн байранд ирсэн гэх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байна.

Харин нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг шүүх зөв тодорхойлоогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй. 

Хэрэгт авагдсан баримтаар иргэн О.Доржлхагва нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн нотариатч Д.Гд  “... өөрийн ах О.Пүрэвдоржийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо Мандалын 1 дүгээр гудамж 12б тоот байршилтай Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжтай 651 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын өвлөх эрхийн гэрчилгээг авах” тухай хүсэлт гаргаж, уг хүсэлтийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр О.Доржлхагвад өвлөх эрхийн гэрчилгээг олгосон үйл баримт тогтоогдож байна./хх15, 17/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... нотариатч Д.Г нь нас барагч О.Пүрэвдоржийг 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нас барсныг мэдсээр байж 6 жилийн дараа буюу 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 064 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр О.Доржлхагвад газар олгосон нь миний эрх ашгийг хөндөж байна ...” гэж тайлбарладаг бөгөөд үүний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч шаардлагаа зөв тодорхойлсон эсэх нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлоогүй тохиолдолд талуудын  маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэх боломжгүй. Анхан шатны шүүх шаардлага, үндэслэл нь тодорхойгүй нэхэмжлэлийг хүлээж авч иргэний хэрэг үүсгэсэн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулан хариуцагчид тухайн маргааны талаар тайлбар гарган мэтгэлцэх боломж олгох талаар анхаараагүй, давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулах боломжгүй. /хх1/

 

Нэхэмжлэгч нь газар өмчлөх, газрыг эзэмшилдээ байлгах эрх нь зөрчигдсөнтэй холбоотой шаардлага гаргаж байна уу, эсхүл өвлөгчийн хувиар өвлөх эрхийн гэрчилгээ бусдад олгогдож өв хуваагдсантай холбоотойгоор эрх нь зөрчигдсөн гэсэн шаардлага гаргаж байгаа эсэхийг тодруулснаар маргааны жинхэнэ хариуцагч хэн болох нь тодорхой болж хариуцагч өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ гаргах боломж бүрдэнэ.    

 

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00707 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Бийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                            Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                      А.МӨНХЗУЛ