Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 703

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

            Улсын яллагч Б.Энхбат,

            Шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Тд холбогдох 1808020560677 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 08 дугаар орцны 4-5 давхарын шатан дээр унтаж байсан иргэн Х.Дын “Ай фоне-7 пласс” загварын гар утсыг хулгайлж, 1.390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:  

            Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 08 дугаар орцны 4-5 давхарын шатан дээр унтаж байсан иргэн Х.Дын “Ай фоне-7 пласс” загварын гар утсыг хулгайлж, 1.390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

            - хохирогч Х.Дын мөрдөн байцаалтад өгсөн:...би 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 02 цаг 30 минутаас 03 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны 8 дугаар орцны 7 дүгээр давхрын шатан дээр хамгийн сүүлд найзтайгаа өөрийнхөө “Ай фоне-7 пласс” загварын гар утсаараа ярьж байгаад хэсэг зуур тасраад унтсан хойгуур гарт барьж байсан гар утас алга болсон байсан. Тухайн үедээ мэдээгүй байж байгаад сэрээд утсаа анзааралгүй 275 тоот гэрт хэсэг унтчихаад сэрээд маргааш өдөр утсаа санаад үзтэл байхгүй байхаар нь цагдаад хандсан. Би алдсан гэх гар утсаа 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Теди төвийн лангуунаас 2.250.000 төгрөгөөр худалдан авч байсан...гэх мэдүүлэг /хх-10-12/

            - эд зүйлийн үнэлгээ – 1.390.000 төгрөг /хх-66-68/

            - иргэний нэхэмжлэгч М.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн:...манай нөхөр Ц 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Ай фоне-7 пласс” загварын гар утас худалдан авч ирсэн ба би хэрэглээд 1 сар болж байхад цагдаагаас дуудаж хулгайн утас гээд хураан авсан. Дараа нь утсыг хулгайлж зарсан хүн Цын дансанд 1.450.000 төгрөгийг шилжүүлэн миний хохирлыг барагдуулсан. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлээг /хх-75-76/

            - гэрч Н.Эийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр үл таних 20 орчим насны залуу “гар утас авах уу” гэхээр нь харахад “Ай фоне-7 пласс” загварын улаан өнгөтэй гар утас байхаар нь өөрийн “apple id” кодоо гаргаад өгөх үү гэхэд кодоо гаргаад өгсөн. Тэр хүний мэдээлэл утсан дээр нь хадгалагдсан байсан болохоор өөрийнх нь утас байна гэж итгээд 1.350.000 төгрөг бэлэн өгөөд авсан. Маргааш нь нэг хүнд 1.450.000 төгрөгөөр худалдсан...гэх мэдүүлэг /хх-73-74/

            - шүүгдэгч Г.Тийн мөрдөн байцаалтад өгсөн:...би 2018 оны 03 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд 32 дугаар байрны 8 дугаар орцонд гэр лүүгээ орж явтал 4-5 давхрын хоорондох шатан дээр согтуу хүн унтаж байгаа байдалтай, ххажуу талын шатан дээр гар утас унасан байдалтай байсан. Би утсыг нь үзэхэд “I Phone-7 Plus” маркийн улаан гадартай гар утас байхаар нь аваад гэртээ орсон. Тэр согтуу хүн эрэгтэй, 40 орчим насны хүн шиг харагдсан. Тэр хүний утас ямар нэгэн кодгүй, шууд асаж байсан болохоор өөр дээрээ 10 гаруй хоног байлгаж байгаад парматлаад гар утас худалдааны төв дээр танихгүй эгчид 03 дугаар сарын 27-ны өдөр өөрийн иргэний үнэмлэхээр 1.200.000 төгрөгөөр зарсан. Би хохирлоо барагдуулсан. Миний буруу гэдгээ ойлгож байгаа..гэх мэдүүлэг /хх-62-63/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

            Иймд шүүгдэгч Г.Тийг бусдын 1.390.000 төгрөгийн эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.    

            Хохирогч өөрийн алдагдсан гар утсаа хүлээж авсан, гомдол саналгүй /хх-55/, иргэний нэхэмжлэгч гэмт хэргийн улмаас 1.450.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч 1.450.000 төгрөг /хх-36/ төлсөн, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзэв.  

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.  

Бусад асуудал   

Шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Тийг бусдын 1.390.000 төгрөгийн эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй..

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтанд хамрагдахыг шүүгдэгч Г.Тд үүрэг хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Г.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР