| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 2535000000161 |
| Дугаар | 2025/ДШМ/58 |
| Огноо | 2025-11-14 |
| Зүйл хэсэг | 27.10-5, |
| Улсын яллагч |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/58
Д.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, тус шүүхийн шүүгч М.Нямбаяр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанд:
прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/185 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Д.А-д холбогдох, 2535000000161 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 9 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Д-н А.
1. Холбогдсон хэргийн талаар:
Д.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Х сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Haojue” загварын, улсын дугааргүй мотоцикл жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/185 шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Т ургийн овогт Д-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах, 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримлан шүүгдэгчид энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 23 (хорин гурав) хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн, нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 4 (дөрөв) жил 23 (хорин гурав) хоногоор тогтоож;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж;
- шүүгдэгчийг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч;
- шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Миний хувьд холбогдох хэргийн зүйл заалт, гэм буруугийн талд ямар нэгэн маргаан байхгүй. Мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж замын хөдөлгөөнд оролцсон талаар үгүйсгээгүй, болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлж, яллагдагчаар мэдүүлэг өгсөн. Надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ялаар сольж өгнө үү” гэжээ.
5. Шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Шүүгдэгч Д.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болох нь хянан шийдвэрлэх үйл ажиллагааны үе шатуудад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогддог.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2-т заасан ялын бүх төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заасан. Гэтэл анхан шатны шүүх хорих ялын төрлийг сонгож хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгоогүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн зохицуулалттай. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол хор уршиггүй, өндөр настай аав ээжийгээ асран мал маллаж амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, хорих ялыг өөрчилж өгнө үү” гэжээ.
6. Шүүгдэгч Д.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсондоо маш их гэмшиж байна. Өндөр настай аав ээжийгээ асран хамгаалдаг ганц хүн учир хүлээх хариуцлагын төрлийг минь өөрчилж өгнө үү” гэв.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийсэн байна.
Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасан ялын төрлөөс хамгийн хүнд төрлийн ял буюу хорих ялын дээд хэмжээгээр, нэмэгдэл ялын хэмжээг мөн дээд хэмжээ 3 жилээр хасаж эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч байгаа.
Хэргийн үйл баримт болон гэм буруугаа анхнаасаа маргахгүй, өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож ухамсарлаж оролцсон. Иймд гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна байгаа тул гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө” үү гэв.
8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-24тал/, хялбаршуулах /хх-ийн 27-р тал/ тухай хүсэлт зэрэг баримтуудаас үзэхэд гэм буруугийн маргаан байхгүй, эхнээсээ өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон байдаг.
Хавтаст хэргийн 64 дүгээр талд прокурорын тогтоолд хэргийг хялбаршуулах боломжтой гэж үзсэн. 2025 оны 8 сарын 25-ны өдрийн 485 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж гарсан. Захирамжид “прокурор хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэх тухай саналдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.11, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар ял нэгтгэснээр яллагдагчийн нийт эдлэх ялын төрөл хэмжээг яллагдагчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар заавал тусгах хууль зүйн шаардлагатай” гэж заасан байгаа. Прокурорын тогтоолд Д.А-ийн эрх хасах ялаас үлдсэн хоногуудыг хэрэгт оногдуулах нэмэгдэл ялын буюу эрх хасах ялд нэмж нэгтгээд, нийт хугацааг нь бичээгүй байсан ч шүүгч ялын тооцоонд үндэслэж шийдвэр гаргах боломжтой байхад хууль бус тогтоолд үндэслэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Миний үйлчлүүлэгчийн өөрийн буруутай үйлдлээс бус прокурорын хууль бус тогтоол, түүнийг үнэлж байгаа шүүгчийн шийдвэрээс шалтгаалж эрх зүйн байдал нь дордож, ердийн журмаар хэргийг шийдвэрлэсэн байна.
Ял оногдуулахдаа харгалзаж үзсэн хувийн байдал нь өмнө нь шүүгдэгч Д.А нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 сарын 27-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор шийтгүүлж байсныг дурдсан. Хавтаст хэргээс шийтгэх тогтоолыг нь уншаад үзэхээр Д.А мотоциклоо бариад эрүүл явж байхад нь согтуу хүн тааралдахаар нь гэрт нь хүргэж өгөх гэж явж байгаад замдаа унагаагаад тэр хүн нас барчихсан хэрэг байсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад тухайн хэрэг үйлдэгдсэн бол давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж хүндрүүлж үзэх боломжтой байсан ч түүнийг нь харгалзаж үзэхгүйгээр хувийн байдлыг нь хүндрүүлж үзсэн.
Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 27.10 дугаар зүйлийн гэмт хэрэг нь ялын сонгох санкцтай байсан ч хамгийн хүнд төрлийнх нь хамгийн дээд хэмжээгээр нь хариуцлага оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Хүнд хийсэн хэрэгт нь тохирсон ялыг өгөх ёстой. Прокуророос 3 сая 500 мянган төгрөгөөр торгох санал гаргасан байхад шүүх энэ саналыг яагаад хүлээж аваагүй талаараа шийтгэх тогтоолдоо тусгайлан тайлбарлаагүй.
Иймд шүүгдэгчид шүүхээс оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.
9. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн шүүхийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шүүгдэгч Д.А үйлдсэн болох нь хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон.
Шүүхээс шүүгдэгч Д.А-ийн урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, мөн 2,45%-ийн хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодсон, өмнө нь хэрэгт холбогдоод жолоодох эрхээ хасуулсан хүн дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, түүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлд нийцсэн гэж дүгнэж байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байх тул 2025 оны 9 сарын 10-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоол хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/185 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын давж заалдах гомдлыг үндэслэн Д.А-д холбогдох, 2535000000161 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Шүүгдэгч Д.А тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Х сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Haojue” загварын, улсын дугааргүй мотоцикл жолоодсон болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);
- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас);
- шүүгдэгчийн согтуурал шалгасан “амьсгал дахь спиртийн агууламж 2.45 (%0) промиль” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас);
- цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “...шүүгдэгч Д.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг шүүхийн шийдвэрээр 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хассан” гэх агуулгатай жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 33 дугаар хуудас);
- Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/159 дугаартай, Д.А-д холбогдох шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 47-50 дугаар хуудас);
- Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 01/1575 дугаартай, “Д.А-ийн ялын тооцоо” гэх албан бичиг (хавтаст хэргийн 66 дугаар тал)
- гэрч О.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өөрийн төрсөн охин Ш.У-ийн 3 хүүхдийг гэрт нь очиж харсан. Тэдний гэрийн цаад талд байх худаг дээр очиход хуурай ах З.Д, найз Х.Д нар автомашинтайгаа байсан. Тэд 0.5 литрийн Алфа нэртэй архи хувааж ууж байсан. Би тэр хүмүүстэй юм ярьж сууж байтал Д.А гэх хүн согтуу мотоцикл жолоодож ирсэн. Бид нарын ууж байсан архинаас 1-2 хундага уусан. Би Д.А-д хандаж “чи архи уусан үедээ мотоцикл жолоодож болохгүй” гэж хэлэхэд надад уурласан юм уу сайн мэдэхгүй гэнэт мотоциклоо жолоодоод сумын төв рүү явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас);
- гэрч Х.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр сумын төв рүү хүнд хонь оруулж өгөхөөр орж ирсэн. Тухайн хүндээ хонио өгчхөөд найз О.Ш, хуурай ах З.Д нартай уулзаж ойр зуурын юм ярилцаж 0.5 литрийн Альфа нэртэй 1 шил архи хувааж уусан. Бид хэд сумын худгийн хажууд архи хувааж ууж байхад Д.А бид нар дээр мотоцикл жолоодсон согтуу ирсэн. Бид хэдийн ууж байсан архинаас би Д.А-д 2 удаа хундагалж өгсөн. Тухайн архийг Д.А уусан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас);
- гэрч З.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Х сумын төвд байх худгаас өдрийн 15 цагийн үед ус авсан. Тухайн үед хуурай дүү болох О.Ш, Х.Д нар ирсэн. Бид хэд юм ярилцаж байхад Д.А гэх залуу согтуу мотоциклтой ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас);
- шүүгдэгч Д.А-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “...2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэртээ 1.5 литр орчим шимийн /нэрмэл/ архи уугаад өөрийн эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй хятад мотоциклыг жолоодож сумын төв рүү орсон. Сумын төв рүү орж дэлгүүрээс 2 архи авсан. Худгийн дэргэд танил хүмүүстэй тааралдаад 1 шил архийг тэдэнтэй хувааж уугаад мотоциклоо жолоодоод явж байгаад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрөөгүй байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.А-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
3.2. Хэрэгт авагдсан, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрвөн) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь тогтоогдож байна.
3.3. Шүүгдэгч Д.А-д Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор заасан бөгөөд тэрээр уг нэмэгдэл ялаа эдэлж байх үедээ буюу 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, түүний энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
5. Шүүгдэгч Д.А түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын давж заалдах шатны шүүхэд: “Шүүгдэгч Д.А-р нөхөн төлүүлэх хор уршиггүй, өндөр настай аав, ээжийгээ асран хамгаалж, мал маллаж амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан ба уг гомдлыг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
5.1. Шүүгдэгч Д.А-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ ...хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах”-аар заажээ.
5.2. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, гурван жил хорих ялаар шийтгэж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн нэг жил хорин гурав хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн, нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг дөрвөн жил хорин гурав хоногоор тогтоож шийдвэрлэсэн байна.
5.3. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан.
5.4. Шүүхээс шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, Эрүүгийн уулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь,
Д.А урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээвэрийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдэж байсан нь тогтоогдсон боловч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн санаатай үйлдлийн улмаас болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэр тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг санаатай гэмт хэрэг гэж үзэхгүй.
5.5. Шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч шүүгдэгч нь өмнө автотээвэрийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан атлаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрлүүдээс хорих ялыг сонгож оногдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5.6. Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрлүүдээс хорих ялыг сонгож оногдуулсан нь үндэслэлтэй боловч энэ зүйл, хэсэгт заасан хорих ялын хамгийн дээд хэмжээ буюу хорих ялын хэмжээг гурван жилээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзлээ. Учир нь,
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үндсэн болон нэмэгдэл ялын төрөл, хэмжээнээс хамаарч тухайн ялын дээд хэмжээгээр оногдуулах үндэслэл нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хэд хэдэн нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдэх, хохирлын хэр хэмжээ их байх, хүний амь нас хохироох зэрэг онц ноцтой хор уршиг учирсан байх зэрэг нь хамгийн хүнд төрлийн ялыг дээд хэмжээгээр оногдуулах үндэслэл болж болно.
Шүүгдэгч Д.А-ийн үйлдсэн гэмт хэрэгт дээрх нөхцөл байдлууд буюу хорих ялын дээд хэмжээг оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хорих ялын хамгийн дээд хэмжээг оногдуулж шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хэмжээ тохироогүй гэж дүгнэх үндэслэл болж байна.
5.7. Иймд шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, хэргийн үйл баримт, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялын хэмжээг 6 сар хорих болгон хөнгөрүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, шийтгэх тогтоолд ял хөнгөрүүлэн оногдуулсан өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
6. Мөн түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.А-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулаад эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд нэмж нэгтгэхдээ хуулийг буруу хэрэглэж, алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.
6.1. Шүүгдэгч Д.А нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлджээ.
6.2. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үйлдсэн ялыг энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял дээр нэмж нэгтгэхдээ, нэмэгдэл ял эдэлсэн хугацааг өмнөх шийтгэх тогтоол гарсан өдөр /2022 оны 9 сарын 27/-өөс эхлэн сүүлчийн шийтгэх тогтоол гарах өдөр хүртэлх хугацаагаар буюу 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон тооцож, эдлээгүй үлдсэн эрх хасах нэмэгдэл ялын хэмжээг 1 /нэг/ жил 23 /хорин гурван/ хоногоор тогтоосон нь хуульд нийцээгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр бүлэгт, эрх хасах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл журмыг, мөн бүлгийн 183 дугаар зүйлд эрх хасах ял эдлэх хугацааг тоолох журмыг тус тус тусгайлан зохицуулсан байх бөгөөд мөн зүйлийн 183.2-т: “Ялтан шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолохгүй” гэж заажээ.
Дээрх хуульд заасан эрх хасах нэмэгдэл ял эдлэх хугацаа тоолох журмаар бол шүүгдэгч Д.А-ийн сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа буюу 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөр түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын эдэлсэн хугацаа зогссон гэж үзнэ.
Тодруулбал, шүүгдэгч нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан шүүхийн хориглолтыг зөрчсөн өдрөөр түүний эрх хасах ял эдэлсэн хугацаа тоолохыг зогсоох үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.А нь өмнөх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас /2022 оны 9 сарын 27-ны өдрөөс 2025 оны 6 сарын 25-ны өдөр хүртэл/ нийт 2 жил 8 сар 8 хоногийн ял эдэлж, эдлээгүй 1 жил 3 сар 22 хоногийн ял үлдсэн байх тул сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд нэмж нэгтгэн, нийт ялын хугацааг 4 жил 3 сар 22 хоногоор тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.
6.3. Анхан шатны шүүх шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор оногдуулсан боловч, өмнөх тогтоолоор оногдуулаад эдлээгүй үлдсэн нэмэгдэл ялыг нэмж нэгтгэхдээ дээрх хуульд заасныг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой байх бөгөөд энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн болно.
7. Шүүгдэгч Д.А-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 71 /далан нэг/ хоногийг хорих эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/185 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “3 жилийн хугацаагаар хорих” гэснийг “6 сарын хугацаагаар хорих” гэж,
- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын: “1 жил 23 хоногийн хугацаагаар гэснийг “1 жил 3 сар 22 хоногийн хугацаагаар” гэж, мөн “4 жил 23 хоногоор” гэснийг “4 жил 3 сар 22 хоногоор” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Д.А-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 71 /далан нэг/ хоногийг хорих эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ