| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/04720/И |
| Дугаар | 192/ШШ2025/10923 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/10923
2025 12 18 192/ШШ2025/10923
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч С.Бадмаарагт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 73,807,836.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “С.Бадмаараг нь ******* ББСБ ХХК-тай 2024 оны 06 сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 59,200,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай автомашин барьцаалсан зээл авсан болно. Хариуцагч нь зээл аван өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгууллагыг хохироосоор байна. Иймд хариуцагч С.Бадмаарагаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 57,618,973.38 төгрөг, зээлийн хүү 15,708,504.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 468,857.99 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөг, нийт 73,807,836.1 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.Бадмаараг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “С.Бадмаараг миний бие 2024 оны 06 дугаар сард ******* банк бусаас 59,200,000 төгрөгийн зээл авсан. Сарын 2,8 хувийн хүүтэй, жилийн 33,6 хувийн хүүтэй, гэрээний хугацаа 24 сар, зээл дуусах хугацаа 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр. Эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй тохиолдолд зээлийн дүнгээс 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцхоор, 2013 онд үйлдэврлэгдсэн 2024 оны 03 дугаар сард орж ирсэн Тоёота Виллпайр 1889 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг баталгаа болгож фидуцийн гэрээ байгуулсан. Тус машиныг эхнэрийн ах эгч хоёр манай гэр бүлтэй хамтран Оросын Буриадаас жуулчин зөөх зориулалттай өрхийн бизнест хэрэглэхээр авч манай нэр дээр зээл ихтэй гарахгүй учраас миний нэр дээр авъя гэж гуйсан юм. Би өөрсдөө машин тэргээ олоод өөрсдөө банк бусаа олоод зээлээ өөрсдөө төлвөл тэгээ гэж хэлсэн. 06 дугаар сарын 22-нд банк бусаа олсон онлайнаар материалаа явуулчих гэхэд нь миний зүгээс бүх материалаа өгсөн. Вайбэр хаягаар явуулахад зээлийг нь гаргаад өгч болно 48 сараар авч болхоор юм байна гэж кибернетикийн Да хүрээ салбараас дуудсан. Намайг очиход ах эгч хоёр нь машинаа авч очоод банк бус нь машиныг нь 59,200,000 төгрөгөөр үнэлээд зээлийг маш хурдан өдөрт нь гаргаж өгсөн. Ингээд машинаа ах эгч хоёр маань аваад зээлийн графикаа хийх гэтэл эдийн засагч нь анх 48 сараар гэрээ хийнэ гэж байснаа шууд л 24 сарын график гаргасан 60 сая төгрөг бага сараар маш өндөр дүнтэй гарна. Сарын төлөлт нь 3,433,900 төгрөг гэхэд бид гайхаад яагаад ингэж гаргаад байгаа юм бэ гэхэд та нэр дээрээ үл хөдлөх ихтэй санхүүгийн өндөр чадамжтай тул бага сараар олгож байна гэсэн. Тухайн үед эхнэр маань уурлаж ах эгч хоёр машиных нь татвар даатгал бүх юмыг нь хийлгэчихээд ноймор зүүлгэчихээд хамгийн сүүлд гэрээ хийхдээ ингэдэг нь яаж байгаа юм бэ гээд маргаан үүссэн. Мэдээж жуулчан зөөгөөд сардаа тус машинаар багадаа 10,000,000 төгрөг олох боломжтой байсан учраас бид асуудлыг нь өнгөрөөсөн. Харин машинаа аваад зориулалтын дагуу Улаан үүдээс жуулчин зөөхөөр 06 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум Хиагтын хил дээр нэвтрэхээр очиход Оросын тал дээр машины гэрчилгээ Банк бусын нэрээр шүүгээд энэ банк бус нь 2022 оны 10 сард хилээр машин гаргаад оруулж ирээгүй учир машин гарах боломжгүй гэсэн. Ингээд бид 06 дугаар сарын 30-нд банк бусын эдийн засагт Тунгалагт хэлэхэд за би асуугаад хэлье гээд хариу өгөлгүй 7 сар болсон. Асуудлыг шийдэж өгөөч ээ өндөр төлөлтэй бага сартай дээр нь танай ББСБ-с болоод гарч чадахгүй байна яах вэ эсвэл зээлийн графикаа шинэчилмээр байна гэж удаа дараа мэдэгдсээр байхад шийдэлгүй 7 сар хүрсэн. Бидний хувьд тухайн сар бүрд нь мэдэгдээд арга хэмжээ авхуулах гэсэн боловч ББСБ-ийн зүгээс ямар ч арга хэмжээ аваагүй. 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр машиныг хураан авсан. 2024 оны 06 дугаар сарын 22-нд машин анх авсан. 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хилээр нэвтрэх гээд чадаагүй. 2024 оны 07 дугаар сарын 06-нд нэвтрэх гээд бас чадаагүй. 2024 оны 07 дугаар сард 3,400,000 төгрөгийн төлөлтийг төлсөн гэхдээ хил гаалийн асуудлыг удаа дараа мэдэгдсэн шийдэж өгнө за гээд, хэрвээ шийдэж өгөхгүй бол 8 сараас зээлээ бид төлж чадахгүй тийм болохоор графикаа шинэчилээд олон сараар бага төлөлттэй болгое гэхэд 8 сард эдийн засагч амарсан, 9 сарын сүүлээр ирхэд 10 сард эдийн засагч Тунгалаг нь манай ББСБ-ын захиралын найз машин гаргаад оруулж ирээгүй юм байнаа гэсэн. Тэгээд ББСБ маань та нарт болохоор хэвийн гарч байгаа учирсан төлбөрийг төлүүл гээд намайг дарамтлаад байна гэсэн мэдээлэл өгсөн. Тэгээд 1 сарын 23-нд ББСБ-ын захирал хуулийн хэлтсийн*******, эдийн засагч Тунгалаг нар машиныг нь үзье, үзлэг хийе гэсэн нэрээр эхнэрийг минь дуудаж машинаа ачиж авч явна гэж маргалдсаар байгаад шөнийн 01 цагт машиныг ачиж авч явсан. Тухайн үед телевизээс нисэх морингийн даваа хүртэл эхнэрийг маань үрүүлийн ард байхад нь хүчээр ачин авч яваад эзгүй хол хашаанд аваачиж хийсэн. Машин аваачсан газар машинаас буугаад эхнэр ББСБ-ын захиралтай уулзах гэтэл эхнэрийг маань машины бариулнаас барихад нь огцом машинаа асааж чирэн жалга руу унагааж аарцагт нь хөнгөн гэмтэл учруулж 4, 5 хоног эмнэлэгт хэвтэрт төрж чадалгүй хийсвэрээр төрсөн. Бидний хувьд тус ББСБ-ийн өөрсдөөс хамааралтай асуудлыг шийдэж өгөхгүй байсаар эхнэрийн маань эрүүл мэнд, миний санхүүгийн байдалд хохирол учруулж байгаад гомдолтой байгаа. Нэхэмжилсэн 73 сая төгрөгнөөс өөрсдийн хөрөнгө 59,200,000 төгрөгийн машинаа хурааж авчихаад дээр нь 01 сарын 23-наас хойш яагаад 13,4 сая төгрөгийн хүү алданги бодсоныг зөв бодсон уу. Бүх зүйл нь эргэлзээтэй байгаа учир үнэн зөвөөр шүүхээс шийдэж өгөхийг хүсч байна” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, гэрээ гэрчилсэн тэмдэглэл, зээлдэгчийн зээлийн дансны хуулга зэргийг ирүүлсэн байна.
Хариуцагчаас итгэмжлэл ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч С.Бадмаарагт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 73,807,836.1 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч С.Бадмаараг нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК болон хариуцагч С.Бадмаараг нар нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр №ЗГ1220130112000503 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 59,200,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 33.6 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохиролцон.(хавтаст хэргийн 11 – 13 дахь хуудас)
3.2. Нийслэлийн тойргийн нотариатч Б.Ганболор нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК болон хариуцагч С.Бадмаараг нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 59,200,000 төгрөгийн зээлийн фидуцийн гэрээг тус тус гэрчилж, 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тэмдэглэл үйлдсэн.(хавтаст хэргийн 14 дэх хуудасны ар талд)
3.3. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь 1889 УНЯ улсын дугаартай Toyota Velfire маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн.(хавтаст хэргийн 14 дэх тал)
3.4. Зохигчид нь зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, зээлийн гэрээний дагуу 59,200,000 төгрөгийг зээлж авсан эсэх, фидуцын гэрээ байгуулагдсан эсэх, фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн эсэх, тээврийн хэрэгслийг 2025 оны 01 сарын 24-ны өдөр нэхэмжлэгч нь эзэмшилдээ шилжүүлэн авсан эсэх, зээлийн төлбөрт нийт 3,434,000 төгрөгийг хариуцагч төлсөн эсэх, нэхэмжлэгч нь 11,500 төгрөгийн нотариатын зардал гаргасан эсэхэд маргаангүй.
Харин зээлийн гэрээний дагуу 57,618,973.38 төгрөг, зээлийн хүү 15,708,504.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 468,857.99 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөг, нийт 73,807,836.1 төгрөг гаргуулах тухайд маргаантай.
4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.“Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул нэхэмжлэгч нь зээлийн үндсэн төлбөрт 57,618,973.38 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
5. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1. “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 235.4. “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заасан.
Зохигчид 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор фидуцийн гэрээ байгуулж, 1889 УНЯ улсын дугаартай Toyota Velfire маркийн тээврийн хэрэгслийг ******* ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байх бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг бодитоор гаргуулан авсан байна.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь тээврийн хэрэгслийг бодитоор өөртөө авснаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасны дагуу фидуцийн гэрээ дуусгавар бол байх бөгөөд түүнтэй хамт 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 2025 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр дуусгавар болсон байна.
Тодруулбал, хавтаст хэргийн 15 дахь хуудаст авагдсан зээл хүүгийн тооцооллоос үзэхэд нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн байдлаар үндсэн зээл 57,618,973.38 төгрөг, зээлийн хүү 10,415,305.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155,535.2 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байсан боловч нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний дагуу эд хөрөнгийг шилжүүлэн авч үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэгжүүлсэн байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Бадмаарагаас 73,807,836.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 526,989 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Бадмаарагаас 73,807,836.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 526,989 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР