2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2026/00098

 

 

 

 

 

 

 

 

   2025             12              24                                            192/ШШ2026/00098

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.Ганхуягт холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 205,928,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  “Б.******* миний бие “Мөнхийн номхон далай” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч А.Ганхуягаас 2022 оны 12 сарын 12-ын өдөр “Мөнхийн номхон далай” ХХК-ийг 160,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, гэрээ байгуулан өөрийн нэр дээр шилжүүлэн авахдаа компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний үнэ болох 160,000,000 төгрөгийг төлөхдөө А.Ганхуягийн Голомт банкны дугаарын данс руу өөрийн ХААН банкны данснаас 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 60,000,000 төгрөгт Toyota C-HR-AX50 маркийн 2018 онд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслийг, iphone 14-promax маркийн шинэ гар утас өгч төлбөрийг бүрэн барагдуулсан. Энэ компанийн эзэмшилд М\/-021303 Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Баянхонгор аймгийн газарт байрлах 1092.77 гектар талбай бүхий 901108911 тоот гэрчилгээтэй, 58,22 кг алтны цэвэр нөөцтэй орд газрын лиценз дагалдан шилжсэн юм. Компанийн лицензийн холбогдох баримтууд үзүүлэх үед цас орсон байсан болохоор хавар цас хайлахаар газраа мэргэжлийн хүмүүсээр үзүүлээд олборлолт хийж болно гэж хэлээд баримт материал өгч, намайг хэн гэж бодоод байна би залилагч хулгайч биш гээд байхаар нь итгэсэн. Мөн А.Ганхуяг нь уул уурхай, ашигт малтмалын талаар мэдлэгтэй, худал хэлэхээргуй хүн харагдсан. Гэтэл 2023 оны хавар мэргэжпийн хүнтэй газар дээр нь очиход тухайн алтны ордтой газар ашиглагдсан, одоо ашиглах олборлох нөөцгүй гэдгийг мэдсэн. Тэрнээс хойш А.Ганхуяггай уулзаж наймаа буцах, мөнгөө буцаан авах талаар ярихаар явсан боловч утсаа авахгуй, олдохгүй уулзаж чадаагүй. Үүнээс гадна компанийг худалдах үедээ улсад болон бусдад төлөх өр төлбөргүй гэж хэлээд би залилангийн хулгайч биш, чи хэнтэй ярьж байна гэж бодоов гэх мэт зүйл хэлээд байхаар нь итгэж гэрээг байгуулсан боловч 2019, 2020 оны цалин тэтгэмж түүнтэй адилтгах орлогоос ногдох татвар 444,283 төгрөг, газрын төлбөр 28,271,102 төгрөг нийт 28,715,385 төгрөгийн татварын өр төлбөртэй болохыг 2024 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс ярьж, дуудаж уулзахад би мэдсэн. Татварын өр төлбөр байгааг огт мэдээгүй байхдаа буюу 2023 оны 03 сард газрын татварт би 15,309,610) төгрөг төлсөн. Хууран мэхлэх гэрээнээс үүдэлтэй дахин хохирч байна. Иймд А.******* нь 2022 оны 12 сарын 12-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх 2742 дугаартай гэрээг, 2022 оны 12 сарын 12-ны өдрийн худалдах, худалдан авах 2743 дугаартай гэрээнүүдийг байгуулахдаа худалдан авагч талдаа үнэн зөв мэдээлэл өгөөгүй, зориуд хууран мэхэлсэн, нэхэмжлэгч тал ноцтой төөрөгдсөн байх тул дээрх хоёр гэрээнүүд буюу хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, А.Ганхуягаас үндэслэлгүй хөрөнгөжиж олсон 160,000,000 төгрөгийг гаргуулан авах, хууль бус хууран мэхэлж хийсэн гэрээ хэлцлийн тусгай зөвшөөрлийн төлбөрт 2023, 2024, 2025 онд төлсөн жил бүр 15,309,610 төгрөг 3 жилийн хугацаанд 45.928.830 төгрөгийн татварт төлсөн мөнгө нийт 205.928.830 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч А.Ганхуяг нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, хариу мэдэгдэх хуудсын хуулбар,  улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн хуулбар, Компанийн дүрмийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн баримтын хуулбар,*******ны банк хоорондын шилжүүлгийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,*******ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 0894 дугаартай итгэмжлэл, аж ахуй нэгж, байгуулалтын тодорхойлолт, татвар төлөгчийн мэдээлэл, татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамжийн хуулбар, татварын өрийн мэдээлэл, дансны хуулга, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолт, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн тодорхойлолт,*******ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны тогтоолын хуулбар зэрэг баримтыг ирүүлсэн байна.

 

            Хариуцагч А.Ганхуягаас нотлох баримт ирүүлээгүй.

                       

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.Ганхуягт холбогдуулан, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2742 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2743 дугаартай Худалдах худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаварт 205,928,830 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч А.Ганхуяг нь нэхэмжлэлд хариу тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэлийг гардаж авахаас татгалзсан байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1-р баг Улаан сайр, Хөх блгийн хөндий хаягт байрлах нэгж талбарын 6417002506 дугаартай, уул уурхайн үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалт бүхий 7.2 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг “Мөнхийн номхон далай” ХХК-д олгож, 000003738 дугаартай гэрчилгээ олгосон.(хавтаст хэргийн 15 дахь тал)

 

3.2. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх блгийн хөндийн адаг нэртэй газар байрлах 1092,77 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах эрх олгож, MV-021303 дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг  2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Мөнхийн номхон далай” ХХК-д олгосон.(хавтаст хэргийн 15 дахь тал)

 

3.3. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.Ганхуягтай 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Компанийн эрх шилжүүлэх гэрээ" байгуулж, “Мөнхийн номхон далай” ХХК-ийн эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон.(хавтаст хэргийн 9 дэх тал)

 

3.4. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.Ганхуягтай 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Мөнхийн номхон далай” ХХК-ийн 100 хувийн хувьцаа болох нэг бүрийн үнэ 10,000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг 160,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.(хавтаст хэргийн 8 дахь тал)

 

3.5. Нэхэмжлэгч Б.******* нь******* дахь өөрийн эзэмшлийн тоот данснаас 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдөр 10,000,000 төгрөгийг “uurhai uridchilgaa” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөгийг тоот дансанд “Уурхай” гэсэн гүйлгээний утгатайгаар 4 удаа, 10,000,000 төгрөгийг “Уурхай” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн.(хавтаст хэргийн 89 – 91 дэх тал)

 

3.6. Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн эзэмшлийн Toyota c-hr маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулах, гэрээнд гарын үсэг зурах, төлбөрийг хүлээн авах эрхийг олгосон итгэмжлэлийг  хариуцагч А.Ганхуягт олгосон.(хавтаст хэргийн 29 дэх тал)

 

3.7. “Мөнхийн номхон далай” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр нэхэмжлэгч Б.******* нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүртгэгдсэн. (хавтаст хэргийн 12 – 13, 19 дэх тал)

 

3.8. “Мөнхийн номхон далай” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар нэхэмжлэгч Б.******* нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүртгэгдсэн.(хавтаст хэргийн 14, 19 дэх тал)

 

3.9. Нэхэмжлэгч Б.******* нь******* дахь өөрийн эзэмшлийн 5123080888 тоот данснаас 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 15,307,610 төгрөгийг “Мөнхийн номхон далай ХХК, тусгай зөвшөөрлийн дугаар MV-021303” гэсэн утгатайгаар Төрийн сангийн дансанд төлсөн.(хавтаст хэргийн 18 дахь тал)

 

3.10. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1119 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн 2025/ДШМ/1006 дугаартай Магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн  хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 803 дугаартай тогтоол гарсан.(хавтаст хэргийн 96 – 121, …-… дахь тал)

 

3.11. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2742 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2743 дугаартай Худалдах худалдах авах гэрээ байгуулсан эсэх, гэрээний төлбөр 160,000,000 төгрөг төлөгдсөн эсэх, тусгай зөвшөөрлийн төлбөрт 45,928,830 төгрөг төлөгдсөн эсэхэд зохигчид маргаангүй.

 

Харин 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2742 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2743 дугаартай Худалдах худалдах авах гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргаантай. Хариуцагч А.Ганхуяг нь нэхэмжлэлийг гардаж авахаас татгалзсан тул нэхэмжлэллийн шаардлагын тухайд маргаантай гэж үзнэ.

 

4. Нэхэмжлэгч тал нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл тул 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2742 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2743 дугаартай Худалдах худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.Ганхуягтай 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, хариуцагч нь эрхийн зөрчилгүй, өмчлөлийн маргаангүй “Мөнхийн номхон далай” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэх, нэхэмжлэгч нь 160,000,000 төгрөг төлөх үүргийг, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2742 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр нэхэмжлэгч нь компаний эрхийг шилжүүлэн авах үүргийг тус тус хүлээсэн байна.

 

5. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1. “Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” 58.2. “Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзнэ”, 58.2.1. “хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн” 58.2.2. “хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн”, 58.3. “Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзэж болно” 58.3.1. “хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн”, 58.3.2. “хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн”, 58.3.3. “хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн”, 58.3.4. “тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч Б.******* нь “Мөнхийн номхон далай” ХХК-ийн 100 хувийн хувьцааг буюу компанийн эрхийг өөртөө шилжүүлэн авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн байх уг уг хэлцлээр хүлээсэн үүрэг биелэгдэж, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Мөнхийн номхон далай” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2742 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2743 дугаартай Худалдах худалдах авах гэрээнд тухайн компанийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, 58,22 кг алтны цэвэр нөөцтэй орд газрын лиценз дагалдан шилжих талаар тохиролцоо тусгагдаагүй, уурхайн үйл ажиллагаа эрхлэх, алтны олборлолт хийх зорилгоор “Мөнхийн номхон далай” ХХК-г худалдан авах хүсэл зоригтой байсан болохыг, гэрээ байгуулах тухайн цаг мөчид нэхэмжлэлд дурдсан тухайн алтны ордын нөөц дууссан байсан болохыг нэхэмжлэгч нь баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийг ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэл  тогтоогдохгүй байна.

 

Мөн тусгай зөвшөөрлийн төлбөрт 2024, 2025 онд төлсөн жил бүр 15,309,610 төгрөг төлсөн болохоо нотлоогүй, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 15,309,610 төгрөг төлсөн нь 2023.03.07 – 2024.03.07-ны хүртэл хугацаанд хамаарах тухай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөр байх тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

Иймд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаварт 205,928,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Оюундарийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Хариуцагч А.Ганхуяг нь нэхэмжлэлд хариу тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэлийг гардаж авахаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.7-д заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.

 

7. Хавтаст хэргийн 4 – 5, 32 – 44 дэх талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

8. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,190,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаварт 205,928,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Оюундарийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,190,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР